Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0210

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Н-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс А.Н-г өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн 45.857.952 төгрөгийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүү олгохыг хариуцагчид даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0105/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Н гаас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс А.Н г өндөрс насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн 45.857.952 төгрөгийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүү олгохыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.4, 47 дугаар зүйлийн 47.9, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 12 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монгол Улсын иргэн А.Н гаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 45.857.952 /дөчин таван сая найман зуун тавин долоон мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг Шүүхийн ерөнхийн зөвлөлд даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан “тэтгэмжийн зөрүү гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг гаргахдаа дурдсан үндэслэлийг эс зөвшөөрөх үндэслэл нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин...” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй. Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог.

3.3. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин...” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

3.4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-аар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл, Улсын Их Хурлын 04 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар шүүн таслах ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл, Улсын Их Хурлын 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус баталсан. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

3.5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...авч байсан сарын дундаж цалин ...” нь Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм.

3.6. Иймд 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “...сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй байна.

3.7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 000 дугаар зарлигаар “Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны хязгаарт хүрсэн” үндэслэлээр А-н Н-г С аймгийн С сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгчийн тус албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 97.200.000 төгрөгийг С аймгийн С сум дахь Шүүхийн тамгын газрын дансанд шилжүүлснийг нэхэмжлэгчид олгожээ.

2.2. Нэхэмжлэгч А.Н гаас “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс А.Н г өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн 45.857.952 төгрөгийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүү олгохыг хариуцагчид даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Хариуцагч нь надад 36 сарын дундаж цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг шүүгчийн үндсэн цалинд тооцож олгосон нь хууль бус, Шүүхийн тухай хуулийг зөрчсөн … Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан. Уг зохицуулалтад ийм байдлаар буюу үндсэн цалингийн дунджаас хэмээн тодотгож өгөөгүй. Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж олгохдоо түүний авч байсан сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож олгох үндэслэлтэй” хэмээн тайлбарлан маргасан байна.

2.3. Анхан шатны шүүх “... Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ... сарын дундаж цалингийн хэмжээгээр ... гэснийг тодорхойлохдоо сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр гэж агуулгын хувьд ойлгох нь хууль болон зарчимд нийцэхээр байна. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна ... гэх мэтчилэн үндсэн цалингийн дунджаас гэж тодорхой байдлаар тодотгож өгчээ. Харин Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт ийм байдлаар буюу үндсэн цалингийн дунджаас хэмээн тодотгож өгөөгүй. Иймд шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж олгохдоо түүний авч байсан сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож олгох нь үндэслэлтэй...” гэх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2.4. Учир нь Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг түүний сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож олгохоор заасан байхад хуулийг буруу тайлбарлан Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор баталсан шүүгчийн үндсэн цалингийн хэмжээгээр тооцсон, тэтгэмжийн зөрүүг олголгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна.

2.5. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж хуульчилсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-д “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” байхаар нарийвчлан зохицуулжээ.

2.6. Өөрөөр хэлбэл, өндөр насны тэтгэвэрт гарч буй шүүгч нь сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр буюу сарын албан тушаалын цалин болон холбогдох нэмэгдлийн дунджаар тооцуулан нэг удаагийн тэтгэмжийг өндөр насны тэтгэвэрт гарахдаа авах эрхтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

2.7.  Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж  хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                О.ОЮУНГЭРЭЛ