Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2016/0116/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
Улсын яллагч:                 Ц.Цэен-Ойдов,
Нарийн бичгийн дарга:             А.Цэрэндулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:         Д.Гангантөгс,
Шүүгдэгч:                 Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ган-Эрдэнэд холбогдох  201623000215 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харъяат, 1991 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Жаст-Ойл шатахуун түгээх газарт түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 5-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Ганболдын Ган-Эрдэнэ,  /РД: СТ91091115/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Жаст-Ойл шатахуун түгээх газрын гадна талбайд иргэн С.Балжиннямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар шатахуун түгээх газрын түгээгүүрийн цементэн давцан дээрээс татаж унагааж С.Балжиннямын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг холбогдсон.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   
Хохирогч С.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 07 сарын 12-ны өдөр 18 цагийн үед Хэрлэн сумын 2-р багт байдаг Жаст-ойл шатахуун түгээх газар луу өөрийн саарал өнгийн Harrier маркийн автомашинтай бензин авахаар очсон юм. Тэгсэн түгээгчээр нь 2016 оны 06 сард бинзен хийж өгөөд миний банкны тагыг сул орхиод хаяуулсан залуу байсан. Би тэр залуутай урьд нь 2-3 удаа ирж уулзаж банкны тагаа нэхэж байсан юм. Тэгээд би тэр залууд 40.000 төгрөг өгөөд машиндаа бензин хийлгүүлсэн, бензин хийж байхад нь би тэр залууд банкны таг 10.000 төгрөгөөр шинээр авсан талаараа хэлж, оронд нь бензин нэмээд хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу би төлөх алба байхгүй энэ тэр гээд хэрэлдээд байсан. Би юу гэж хэлснээ санахгүй байна. ... тэгээд тэр залууг өөрийнхөө бурууг хүлээхгүй өөдөөс хэрэлдээд байхаар нь миний уур хүрээд машинаасаа бууж очоод нөгөө залууг түгээгүүрийн тавцан дээр зогсож байхад нь заамдаад авсан, тэгээд барьцалдаад би түгээгүүрийн тавцан дээр гартал намайг тэр залуу баруун гар талруугаа мушгиад унагаасан,
D:\2016 Мөнхномин\шийтгэх тогтоол\шийтгэх тогтоол 98.1  Ган-Эрдэнэ.docx
би тавцан дээрээс зүүн талаараа унахдаа зүүн хөлөө шилбээр нь хугалсан. Тэгээд намайг газар унасан хойно миний толгой руу мөн гараараа цохисон, хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд тэр залууд хөл хугарчихлаа гэж хэлсэн боловч намайг тавихгүй зуураад байсан, тэгээд манай ээж машинаас бууж ирээд тэр залууг салгасан, мөн тэр залуугийн эхнэр бололтой эмэгтэй хүн гарч ирж салгасан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
Гэрч М.Ундаргын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай нөхөр тэр залууд 40.000 төгрөг өгөөд машиндаа бензин хийлгүүлсэн. Тэгээд тэр залууд машиндаа шинэ таг 10.000 төгрөгөөр авсан, чи оронд нь бензин нэмээд өгчих гэж хэлж байсан. Тэгсэн түгээгч залуу чадахгүй, би төлөх албагүй, заргалдах гээд байгаа юм бол манай даргад хэл гээд манай нөхөртэй хэрэлдээд байсан, яг юу юу гэж хэрэлдэж маргалдсан гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй байна. ... тэгсэн тэр түгээгч залууг түгээгүүрийнхээ давцан дээр хойд талын баганын тэнд зогсож байхад манай нөхөр машинаасаа буугаад очоод заамдаад авсан, тэгтэл нөгөө залуу манай нөхрийг цаашаа татаад унагаачихсан. ... тэгээд дөнгөж газар унаад манай нөхөр хөл хугарчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
Гэрч Э.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Балжинням бол цохиж зодсон юм байхгүй, Ган-Эрдэнийг заамдаад автал Ган-Эрдэнэ цааш нь мушгиад унагаачихсан. Харин Ган-Эрдэнэ унагаасан хойноо Балжиннямын толгой руу цохиод байх шиг байсан. Тэгээд Балжинням хөл хугарчихлаа гэж хэлээд байхад тоохгүй чирээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 тал/,
Гэрч П.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд манай нөхөр өгсөн 40.000 төгрөгөнд нь машинд нь бензин хийж өгсөн, тэгсэн тэр жолооч уурлаад чи ямар сонин юм бэ 50.000 төгрөгөнд бензин хий гэж хэлж байхад даргад чинь хэлнэ гээд уурласан, манай нөхөр тэр жолоочид одоо чадахгүй дараа мөнгийг чинь өгье, даргад хэлж болно гэж тэр жолоочид хэлсэн чинь нөгөө жолооч ах чи муу гөлөг хоолноосоо сална биздээ гэж хэлсэн. Мөн тэр машинд сууж байсан нөгөө жолооч ахын эхнэр болон ээж 2 нь хажуунаас манай нөхрийг загнаад хэл амаар доромжлоод янз бүрээр хэлээд байсан. Тэр үед өөр нэг машинд бинзен авах гээд ирчихсэн байсан, тэгээд манай нөхөр та холд, би дараагийн машинд бензин хийе гэсэн чинь нөгөө ах машинаас чи муу юу гээд байгаа юм бэ ална шүү гээд машинаасаа бууж ирээд манай нөхрийг түгээгүүрийн тавцан дээр зогсож байхад заамдаад боосон, тэгсэн манай нөхөр болон тэр жолооч ах хоёуулаа газар унасан, газар унаад нөгөө ах хөл хугарчихлаа гэж хэлж байсан тэгээд ээж нь бууж ирээд салгаад эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
Шүүхийн шинжилгээний албаны  2016.160 дугаартай дүгнэлтэнд: 1. С.Балжиннямын биед зүүн хөлийн шилбэний шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу зөрүүтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зүүн хөлийн шилбэний шаант ясны доод 1/3 хэсгийн  мушгирсэн ташуу зөрүүтэй хугарал үүссэн байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх зүүн хөлийн шилбэний шаант ясны доод 1/3 хэсгийн мушгирсан зөрүүтэй хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6.Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ /хх-ийн 35 тал/,   
Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-15 хуудас/,
Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 54-59 тал/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Жаст-Ойл шатахуун түгээх газрын гадна талбайд иргэн С.Балжиннямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар шатахуун түгээх газрын түгээгүүрийн цементэн давцан дээрээс татаж унагаснаас С.Балжиннямын зүүн хөлний шилбэний яс хугарсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймээс шүүх шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь хохирогч С.Балжиннямд эмчилгээний зардал 1,000,000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзах зүйтэй болно.  
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын Ган-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын Ган-Эрдэнийг 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан зүйлгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Ган-Эрдэнэ нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл, ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцон сольж болохыг дурьдсугай.

6. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Ган-Эрдэнэд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.УЯНГА