| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2017/0082/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/56 |
| Огноо | 2017-06-23 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2017/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж
Улсын яллагч Б.Батсайхан
Шүүгдэгч Ү.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Үын *******ид холбогдох 29 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкийн механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ******* сумын 04 дүгээр баг ******* 10-01 тоотод оршин суух, /иргэний үнэмлэхийн лавлагаагаар Архангай аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* 4а тоотод оршин суух/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар зарлигаар “Энхийн төлөө” медалиар шагнагдсан, ял шийтгэгдэж байгаагүй, Ш овгийн Үын ******* /РД:Ж000000/
Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Яллагдагч Ш овгийн Үын ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр Архангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* 59-41 тоотод оршин суух иргэн Ж.*******ийн хувийн байшинд хууль бусаар нэвтэрч саарал өнгийн 32 инчийн телевизор, гуулин данх 2 ширхгийг тус тус хулгайлан авч, Ж.*******т 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* 59-14 тоотод оршин суух иргэн Ж.*******ийн хувийн байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 40 инчийн телевизор, гурил 10 кг, сонгино 3 кг зэргийг хулгайлан авч, түүнд 515.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан ба бусдад нийт 765.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Ж.*******ийн мэдүүлсэн: ...Би Улаанбаатар хот руу хүүхдийнхээрээ очих гээд 11 сард Архангай аймгаас өөрийн гэрээс явсан. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Тэгэхэд манай гэр болох Архангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* 59-14 тоотод хулгай орсон гэмээр манай гэр цоожгүй болсон байсан. Би гэрээ онгойлгоод орсон чинь манай гэрийг эмх замбараагүй байдалтай болгосон, хувцас хунарыг ийш, тийш нь шидэлсэн, том өрөөнд байх авдрын тагийг дундуур нь хугалсан байсан. Түүн дотор байсан 40 инчийн нимгэн дэлгэцтэй зурагтыг хулгайлсан байсан. Мөн том өрөөнд ил байсан саарал өнгийн 32 инчийн том зурагтыг хулгайлсан байсан бөгөөд авдар дээр байсан бурхныг ширээн дээр аваачаад тавьсан байсан. Үүдний өрөөний сервант дээр ил байсан 2 ширхэг данх, мөн 3 кг сонгино, 10 кг гурил хулгайлсан байсан. Манай гэрийн цоожийг эвдсэн байсан. Манай гэрээс доорх эд зүйлс алдагдсан. 1. 40 инчийн LCD зурагт –хар өнгийн нимгэн дэлгэцтэй зурагт 800.000 төгрөгөөр 2016 онд худалдаж авч байсан. Одоо хэдэн төгрөгөөр үнэлэхээ сайн мэдэхгүй байна. Содон шинж гэвэл наранд дэлгэцний доод хэсэг нь улаан харагддаг. 2. 32 инчийн саарал өнгийн зурагт -1999 онд авч байсан байх, сайн санахгүй байна. Би хэдэн төгрөгөөр авч байсан болон хэдэн төгрөгөөр үнэлэхээ сайн мэдэхгүй байна. 3. Сонгино-зэрлэг сонгино 3 килограммыг захаас авч байсан. 4. Гурил-Улаанбаатар гэх гурил 10 кг. 5.Авдрын нүүр – эвдэрсэн голоор нь хугалсан байсан. Шинэ нүүр авч тавих шаардлагатай бөгөөд хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. 6. Данх 2 ширхэг – Нэг данх нь тагтай арай том, нэг нь таггүй, арай жижиг байсан. Дээр үеийнх болохоор хэдэн төгрөгөөр үнэлэхээ сайн мэдэхгүй байна, гуулин данх байсан. 7. Цоожийг эвдэж орсон байсан бөгөөд 3 өргөстэй монгол цоож байсан. Дээр үеийнх бөгөөд манай аавын үеийн зүйл байгаа юм, хэдэн төгрөгөөр үнэлэхээ сайн мэдэхгүй байна, 100.000 төгрөг орчим болно гэж бодож байна. ...Өөр эд зүйл алдагдаагүй байна. Манай гэрийг манадаг болон хардаг хүн, нохой байхгүй. Би Ү.*******ийг сэжиглэж байсан. Надад гомдол санал байна, алдагдсан эд зүйлээ олж авмаар байна...Эдгээр эд зүйл миний эд зүйл байна. Зурагт доогуураа нарны туяанд ийм улаан хүрээтэй гэмээр харагддаг, би таньж байна. 2 ширхэг данх нь дээр үеийн гуулин данх байгаа, нэг нь таггүй байсан, нэг нь тагтай байсан, жаахан хуучирсан байгаа. Саарал өнгийн зурагтыг би олон жил хэрэглэж байсан болохоор шууд таньж байна. Ү.******* гуулин данх зарна гэж ярьж байсан, тэгэхээр нь би сэжиглэж байсан юм. Авдар засуулсан мөнгийг авчихвал гомдолгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 хуу/
Гэрч Н.*******ын мэдүүлсэн: ...2017 оны 01 дүгээр сард буюу өдрийг нь сайн санахгүй байна, нэг өдөр намайг Архангай аймгийн ******* сумын Цэнгэл хорооллын гэрийнхээ тэнд явж байхад ******* гэх залуу надтай таараад энэ данхыг авах уу гээд ногоон өнгийн үүрдэг гэмээр цүнхэнд хийж байсан бөгөөд тэрийгээ ухаад гаргаад ирсэн, 20.000 төгрөгөөр авчих, надад мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэгээд би хэнийх вэ гэтэл манай аав, ээж хоёрын данх байгаа гэсэн болохоор би авсан. Би хулгайн эд зүйл болохыг мэдээгүй, ээж аавынх гэхээр нь авсан. Хулгай хийх хүн биш гэж бодсон, цэргийн ангид ажил хийдэг байсан гэх залуу. ...Би хулгай хий хэмээн захиалга өгөөгүй. Энэ хэрэгт би ямар нэгэн байдлаар оролцоогүй. Би данхыг Давхраа гэдэг ламд 40.000 төгрөгөөр зарсан байснаа буцааж аваад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа *******ид өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Гэрч Н.******* мэдүүлсэн: ...2017 оны 01 дүгээр сарын 10-ны орчим байх, хугацааг нь би сайн мэдэхгүй байна, Ү.******* манай гэрт ирээд танайх жижиг зурагттай юм байна гээд намайг манайхаас зурагт авах уу гэхээр нь 10.000 төгрөг байна гэсэн чинь намайг ав гээд гэрт нь 18 цаг гэж очоод гаднаа хураалгаатай байсан гэрийг сөхөөд нэг том 32 инчийн зурагтыг авсан. Тэгээд үүнийг ав манайх хэрэглэхээ больсон, хуучин юм байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би аваад тэврээд гэр рүүгээ явсан бөгөөд гэрт ороод тавихад зурагт нь муу юм байна лээ, дэлгэц нь улайгаад байсан. Би хулгайн эд зүйл болохыг мэдээгүй байсан, одоо мэдсэн. Би ямар нэгэн байдлаар энэ хэрэгт оролцоогүй. Зурагт одоо хаана байгааг мэдэхгүй байгаа бөгөөд сүүлд нь өөрөө ирээд аваад явсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Гэрч Ж. мэдүүлсэн: ...Миний санаж байгаагаар 2017 оны 01 дүгээр сарын үед өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Н.******* гэх залуугаас энэ 2 ширхэг гуулин данхыг худалдан авсан. Нэг ширхэг жижгэвтэр гуулин данх нь таггүй байсан. Тэгээд би энэ чинь яасан, хулгайн эд зүйл биш биз дээ гэтэл үгүй хулгайн эд зүйл биш ээ, үүнийг зарах гэсэн юм, авах уу гэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах юм гэхэд 40.000 төгрөг гэхээр нь би түүнд 40.000 /дөчин мянга/ төгрөгөө бэлнээр өгөөд авсан юм. Би ганданд хурал номын үеэр цай уувал зүгээр, сайхан харагдах болов уу гэж бодсон юм. Хулгайн эд зүйл гэж би бодоогүй. Мөн хулгайн эд зүйл биш биз гэж асуухад ******* үгүй гэсэн. Энэ хоёр ширхэг данх нь гуулин данх байсан. Нэг нь нөгөөгөөсөө арай том хэмжээтэй, хуучны данх байсан, жижгэвтэр данх нь таггүй байсан. Энэ хоёр ширхэг гуулин данх нь хуучирсан, хиртэй юм шиг харагдаж байсан. Би *******ийг хулгай хий хэмээн захиалга өгөөгүй, би хулгай хийхэд ямар нэгэн байдлаар оролцоогүй. Би хулгай хийх хүн биш ээ. Надаас ******* ирээд 40.000 төгрөг өгөөд худалдаж авсан данхаа авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/
Гэрч П. мэдүүлсэн: ... 2017 оны 01 дүгээр сарын 10-ны үед гэртээ 3 кг гэмээр сонгино болон 10 кг орчим гурил хүн өгсөн гээд шөнө оруулж ирсэн байсан. Энэ үед манай нөхөр хулгай хийсэн байсан байна. ...Би хулгайн эд зүйл болохыг мэдээгүй, хүн өгсөн гэж хэлсэн. Энэ гурил сонгино байхгүй, хэрэглээд дууссан. Би ******* гэж хүнийг танина, өмнө нь манайх тэдний хашаанд байсан. Гэхдээ энэ хүн хашаандаа байдаггүй хот явчихдаг. Хашаа болон байшинг нь ямар байдалтай байдаг талаар би болон манай нөхөр мэднэ. Манай нөхөр 1986 онд төрсөн, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ хүний үгнээс гардаггүй, даруу төлөв зантай, өмнө нь цэргийн байгууллагад ажиллаж байсан, нэр хүнд сайтай байсан, архи уухаараа агсан, өөр илүү дутуу зан байхгүй. Би нөхөртэйгээ хуримаа хийгээд 9 жил болсон бөгөөд манай 3 хүүхдийн том нь 9 настай, дунд нь 5 настай, бага нь 2 настай. Энэ өрх гэрийн амьдралыг ******* авч явж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Гэрч М. мэдүүлсэн: ...Би танина, энэ хүн манай төрсөн хүү байгаа юм. Би мэднэ, манай хүү хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Манай гэрт хулгайн эд зүйл болох зурагтыг аваачиж тавьсан байж байгаад баригдсан байна лээ. Манай гэрт байх зурагтыг ******* хар өнгийн LCD зурагтаар сольсон. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны үед буюу өдрийг нь сайн санахгүй байна, цалингийн оронд мөнгөндөө би зурагт авсан юм, ээжээ солих уу хэмээн хүү ******* маань авч ирсэн юм. Хүнээс мөнгө авах байсан оронд нь энэ телевизорыг авсан юм, энэ телевизор суурьгүй юм байна, манай хүүхдүүд суурьгүй болохоор нь татаад унагаачих байх гээд манай Нэкст гэх нэртэй нимгэн дэлгэцтэй зурагтыг солиод аваад явсан юм. Тэр зурагт нь хулгайн зурагт байсан. Манай хүү ганцаараа зурагтаа тэврээд очсон бөгөөд ямар нэгэн хүнтэй хамт байгаагүй. Би хүүхдээ хулгай хийхийг захиалах хүн биш. Манай хүү хулгай хийхдээ ганцаараа байсан гэсэн. Манай хүү ******* маань айлын 3 дахь хүү болон Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн. Бага насандаа хүү маань Дорнод аймагт өссөн. Архангай аймагт ирж 3 дугаар 10 жилийн дунд сургуульд 8 насандаа орж дунд зэргийн сурлагатай байсан. Сургууль төгсөөд Батлан хамгаалах яамны ахлагчийн сургуульд орсон. Тэгээд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, аавынх нь бие тааруу, эхнэр хүүхэд нь Архангай аймагт байдаг болохоор Архангай аймагт ирж ажлаасаа гарсан. Миний хүү даруу төлөв зантай, зөөлөн сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Манай хүү төрөөс авсан гавъяа шагнал болон ял шийтгэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/
Ү.*******ийн сэжигтнээр мэдүүлсэн: ...Би 2017 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 02 цагийн үед Архангай аймгийн 4 дүгээр баг Бортолгой хороололд байх /хаягийг нь сайн санахгүй байна/ ******* гэх айлын байшинд хулгай хийх санаа зорилгоор орсон. Би уг айлын монгол цоожийг өөрийн ноосон бээлийтэй гараараа холхиулж байгаад хаалганы цүүг нь шууд хугалсан. Тэгээд би гэрт нэвтрэн орсон. Миний орсон байшин маань гал тогоо болон том өрөө гэх 2 тасалгаатай байсан. Уг байшингийн том өрөөний цонхон талын орны дээд талд газар байсан саарал өнгийн 32 инчийн зурагтыг тэвэрч аваад 2 ширхэг шаргал өнгийн данхыг нь тогооны авдар дотроос аваад зүүн гараараа барин өөртөө байсан хар өнгийн үүргэвчиндээ хийсэн. Тэгээд би саарал өнгийн зурагтыг юмаар боолгүй урдаа тэврээд гарсан, гэрээс нь гарахдаа би хаалгыг нь хаагаад цоожоор нь цоожлоогүй гарсан. Би 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагт очиж ******* ахаас хуучны индүү байгаа юу гэж асуух гэсэн чинь хаалга нь монгол цоожоор цоожилсон байдалтай цоожтой байсан. Хашааных нь хаалга мөн цоожтой байсан. Уг хашааны хаалганы цоожийг би гараа хийгээд онгойдог болохыг мэддэг. Би өмнө энэ хашаанд нь нэг жил түр оршин сууж байсан. Тэгээд нээрээ энэ ******* өвлийн улиралд гэрээ эзгүй орхиод явчихдаг. Тиймээс шөнө ирж хулгай хийж болох юм байна гэсэн санаа төрсөн, шөнө очиж хулгай хийе гэж бодоод явсан. Мөн би 2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой 12 цагт очиж өмнө нь цоожтой байсан авдар дотор эд зүйл байж магадгүй гээд дахин хулгай хийх санаа төрөөд очсон. Тэгээд би очоод цоожтой авдрыг сүхээр тагийг нь хөшөөд онгойлготол 40 инчийн хар өнгийн LCD зурагт байсан бөгөөд тэгэхээр нь би түүнийг аваад юмаар ороож боолгүй аваад гарсан, гарахдаа тогооны авдар дотор байсан гурил /цагаан өнгийн уутанд ойролцоогоор 10 кг орчим/ зэргийг үүргэвчиндээ хийсэн. Мөн бор хүрэн өнгийн тогооны авдар дотор сонгино задгай байхаар нь үүргэвчиндээ хийгээд гараад явсан. Би хулгай хийхдээ тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Энэ хулгай хийсэн айлаас манай гэр ертөнцийн зүгээр баруун тийш 800 м орчим байгаа, надад тээврийн хэрэгсэл ашиглах шаардлага байгаагүй. Би өөрийн гэрийн хашаанд хулгай хийсэн эд зүйлсээ оруулж хураалгаатай гэрийн хажууд нуусан. Гэртээ би эхнэр, 3 хүүхдийн хамтаар амьдардаг, миний хүүхдүүд болон эхнэр энэ талаар мэдээгүй. Надтай хулгай хийхэд хэн нэгэн хүн хамт байгаагүй. Захиалагч байхгүй, би өөрөө хулгай хийсэн. Хулгай хийсэн эд зүйлс болох 2 ширхэг данхыг би өөрийн баз болох Нгийн *******т 20.000 төгрөгөөр зарсан. 32 инчийн саарал зурагтыг гэх хүнд буюу зах дээр тэрэг түрдэг залууд 10.000 төгрөгөөр зарсан. 40 инчийн зурагтыг би өөрийн аав, ээжийн зурагтаар нь сольж тавьсан. Би ээж Энхбатад цалингийнхаа оронд авсан гэж хэлээд зурагтаар чинь солъё гэж хэлээд сольж тавьсан. Сонгино, гурилыг гэртээ хэрэглэсэн. Энэ талаар манай эхнэр Мөнхцэцэг мэдэж байгаа. Миний хулгай хийх гэсэн санаа зорилго нь өөрийн гэсэн зүйлүүдтэй болъё гэж бодсон. Өөр ямар нэгэн санаа зорилго агуулж хулгай хийгээгүй. Би одоохондоо эрхэлсэн тодорхой ажилгүй, гэрт зурагт байхгүй, зурагттай болмоор байсан. Би энэ газруудыг зааж өгч чадна...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03, 16 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-05, 17 хуу/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 08, 11-12, 14-15 хуу/
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18 хуу/
2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 62-63 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 65 хуу/
Хохирол барагдуулсан тухай баримт /хх-ийн 70 хуу/
Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-68-69 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 91 хуу/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Ү.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* 59-41 тоотод оршин суух иргэн Ж.*******ийн хувийн байшинд нэвтэрч саарал өнгийн 32 инчийн телевизор, гуулин данх 2 ширхгийг тус тус хулгайлан авч, Ж.*******т 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* 59-14 тоотод оршин суух иргэн Ж.*******ийн хувийн байшинд нэвтэрч Самсунг маркийн 40 инчийн телевизор, гурил 10 кг, сонгино 3 кг зэргийг хулгайлан авч 515.500 төгрөгийн, нийт 765.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ж.*******, гэрч Н.*******, Н.Болд, Ж.Давхарбаяр П.Мөнхцэцэг, М.Энхбат, сэжигтэн Ү.*******ийн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар Ү.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ү.*******ид холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульзүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Шүүгдэгч Шаз овгийн Үнэнбатын *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь үндэслэлтэй байна.
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудаснаас үзэхэд шүүгдэгч Ү.******* нь ял шийтгүүлж байгаагүй нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ү.*******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Ү.******* анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Ү.******* нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжтой, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүх 1 ширхэг, шар өнгийн үүргэвч 1 ширхэг зэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ү.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Үын *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.*******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.*******ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ү.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ишгүй сүх 1 ширхэг, шар өнгийн үүргэвч 1 ширхэг зэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.*******ид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ