Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2018/01334

 

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2018/01334

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, шүүгч Б.Баярмаа, Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Т,

Нэхэмжлэгч: : Т.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Н-д холбогдох,

Гэм хорын хохиролд 1.492.160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, шинжээч Д.Г, иргэдийн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Т, Т.Гнар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Гболон Л.Т нар нь Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо ..... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчид юм. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 03.00 цагийн орчим дээд талын айл болох Н-аас гэнэт ус их хэмжээгээр алдаж манай байрны дотоод заслыг их хэмжээгээр гэмтээж, гэм хорын хохирол учруулсан юм. Энэ ус алдалтын улмаас том өрөөний таазны 3.46х5.24мкв хэсгийн замаска, эмульс хуурсан, шалны 3.46х5.24мкв хэсгийн паркетан шал гөвийж зай завсар гарсан, үүдний өрөөний таазны 1.64х4.55мкв+1.02х2.68мкв аэсгүүдийн паркетан шал гөвийж, зай завсар гарсан, таацны 10.2мкв хэсгийн замаска, эмульс хуурсан, ханын 4.55х2.64+1.02х0.53мкв+2.68х2.64мкв хэсгүүдийн обой хуурсан юм. Мөн гал тогооны өрөөний шалны 2.84х2.67мкв хэсгийн паркетан шал гөвийж зай завсар гарсан байдалтай болсон. Бид А ХХК-иар хохирлоо үнэлүүлэхэд 1.300.160 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Түүнчлэн А ХХК-иар үнэлгээ хийлгэхдээ 62.000 төгрөгийн ажлын хөлс төлсөн, хивсээ цэвэрлүүлэхэд 130.000 төгрөгийн зардал гарсан тул нийт 1.492.160 төгрөгийг хариуцагч Н.Наас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Н болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Н миний бие өвөө Чулуунхүүгийн өөд болохдоо амьдарч байсан байр болох Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хороо, .......... тоот 1 өрөө байранд цалингийн зээл авч засвар хийж, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш амьдарч эхэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө унтаж бахад том өрөөний цонхон талын пар гэнэт задарч, өндөр даралттай халуун усаар шүршиж эхэлсэн. Шөнө дунд байсан болохоор нэн даруй тусламж авч чадаагүй бөгөөд доод давхрын айл болох Г, Т нарын байрны том өрөө, гал тогооны өрөө залгагдсан дундын хана дагаж ус алдсан. Миний бие гэм хорын хохиролд буруутай боловч А ХХК-ийн үнэлгээнд дурдсан бүрэн засвар хийх хэмжээний хохирол учруулаагүй. Том өрөө, гал тогооны өрөөний дунд хана болон цонхны талын хэсгээр ус алдаж таазны замаска, обой, паркетан шалны хэсэг норсон. Үүдний өрөөний таасан хэсэг өмнө нь замаска нь хууларч унжсан байдалтай байсан бөгөөд үүнийгээ манай дээд давхрын айлаас буюу 49 тоотын айлаас ус алдсанаас үүссэн гэж тухайн үед ус алдаад ус шавхахаар орох үед тайлбарлаж байсан. Уг байранд засвар хийхэд би зохих ёсны хохирлыг барагдуулах ёстой болохоос иж бүрэн засвар хийх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа учир хохирлыг бодитой тогтоож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудын шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нийтийн зориулалттай орон сууцны дээд давхрын айлаас, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ус алдаж, эд хөрөнгийн хохирол учирсан гэх үндэслэлээр засварын зардалд 1.300.160 төгрөг, хохирлыг үнэлүүлэхэд гарсан гэх зардалд 62.000 төгрөг, хивс цэвэрлүүлэхэд гарсан гэх зардалд 130.000 төгрөг, нийт 1.492.160 төгрөгийг нэхэмжлэгч Л.Т, Т.Гнар нь хариуцагч Н.Наас нэхэмжилжээ.

Хариуцагч Н.Н нь нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгахыг хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжилсэн зардлыг хэт өндөр гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг /хүсэлтийн шатанд шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 998.080 төгрөгийг, хэлэлцүүлгийн шатанд 838,040 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн/ эс зөвшөөрснөөр талуудын хооронд маргаан үүссэн байна.

1.    Гэм хорын хариуцлага хүлээх үндэслэл

Хариуцагч Н.Н нь гэм буруугийн талаар маргаагүй, нэхэмжлэгч талд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгахыг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар, Н.Ныг, нэхэмжилж буй гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд мөн болох нь тогтоогдсон гэж үзнэ. Энэ тохиолдолд тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу , мөн хулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан аргаар нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

2.    Нотлох баримтаар тогтоогдсон хохирол

Ариун цэврийн өрөөний хэсгийг оруулж тооцохгүйгээр, нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцны нийт талбай нь 35.7 м.кв хэмжээтэй, уг орон сууц нь том өрөөний хэсэг, гал тогооны хэсэг, үүдний хэсгээс бүрддэг талаар зохигчид маргаагүй.

Зохигчдын тайлбар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ийн дүгнэлт, фото зураг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бичмэл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцны том өрөө, гал тогоо, үүдний хэсгийн тааз болон шал, том өрөөний ханын тодорхой хэсэгт хохирол учирсан байна.

Нэхэмжлэгч нь орон сууцны нийт тааз болон шалыг, мөн том өрөөний ханыг бүхэлд нь засварлах шаардлагатай гэж, харин хариуцагчийн зүгээс таазыг бүхэлд нь засварлахыг хүлээн зөвшөөрч, харин том өрөөний хананы тодорхой хэсэг болон шалны гэмтлийн 70 хувиар буюу зөвхөн гэмтсэн хэсгээр нь засварлах зардлыг хариуцна хэмээн өөрсдийн шаардлага, татгалзлаа үндэслэжээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байдаг.

Хохирол учирхаас өмнө нэхэмжлэгч нарын орон сууцны таазанд зориулалтын шингэн түрхэц /эмульс/ түрхэгдсэн, ханыг нэг өнгийн ханын цаас/обой/-аар өнгөлсөн, шалыг зориулалтын хавтан/паркет/-аар жигд хучсан байжээ. Шингэн түрхэц буюу эмульсийг зөвхөн эвдрэл бүхий газар түрхсэнээр өнгөний хувьд ялгарал үүсэх, ханын цаас болон шал өнгөлгөөний хавтан /паркет/-ийн зөвхөн норсон хэсгийг буюу эвдрэл бүхий хэсгийг шинээр нөхсөнөөр өнгөлгөөний хувьд жигд бус болж, үзэгдэх чанарын хувьд өмнө байсан байдлаасаа өөр болохоор байна. Өөрөөр хэлбэл орон сууцны дотоод заслын үзэгдэх чанар байдал нь тухайн эд хөрөнгийн үнэлгээнд нөлөөлдөг тул үзэгдэх байдлын чанар нь хэрэглээний чанартай шууд холбоотой гэж үзнэ.

Иймд, нэхэмжлэгч нарын хөрөнгийг өмнө байсан байдалд нь сэргээхийн тулд буюу өнгө, өнгөлгөөний хувьд жигд болгохын тулд гэмтэл бүхий хэсгийг хэсэгчилж бус, үзэгдэх байдлын хувьд бүхэлд нь засварлах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн ба өөрөөр өмнө байсан байдалд нь сэргээх боломжгүй болох нь хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, фото зураг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч талаас өөрт учирсан хохирлоо нотлож, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан бичмэл нотлох баримт мөн юм.

Харин хариуцагч талаас татгалзлаа нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан, хариуцагчийн хүсэлт, шүүгчийн захирамжаар томилогдсон Хөрөнгө А ХХК-ийн үнэлгээчин Д.Г-ын шүүхэд ирүүлсэн үнэлгээний тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шинжээчийн дүгнэлтэд тооцогдох юм.

Дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасны дагуу хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, ижил хүчинтэй нотлогооны хэрэгслүүд болно.

Энэ тохиолдолд, хариуцагч талын бүрдүүлсэн баримт болох шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч талын бүрдүүлсэн баримт болох А ХХК-ийн үнэлгээний тайлангаас, талуудын нотлох үүргийн хуваарилалт болон эдгээр баримтад туссан мэдээллийн үнэн зөвийг шалгуур болгож, дор дурдсан хэмжээгээр зардлын тооцоог гаргах нь зүйтэй гэж үзлээ.

2.1  Тааз засварлах зардал

Таазны зардлыг тооцохдоо шинжээчийн дүгнэлтийг суурь болгож, тооцооллыг зөвтгөх замаар зардлыг тогтоох нь зөв гэж үзлээ. Учир нь, шинжээчийн дүгнэлт нь хариуцагч талын бүрдүүлсэн нотлох баримт бөгөөд нэхэмжлэгч тал уг баримтаас зөвхөн зардал тооцсон талбайн хэмжээний талаар маргасан.

Шинжээч дүгнэлтээ гаргахдаа таазыг бүхэлд нь бус /35.7 мкв/, зөвхөн ил харагдах хэсэг /28.2м.кв/-ийг засварлах шаардлагатай гэж үзэж /тавилгаар далдлагдсан хэсгийг засварлах шаардлагагүй гэж үзсэн/, улмаар материалын зардалд 78.000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 98.700 төгрөг төсөвлөсөн нь буруу байна. Иймд уг тооцоог залруулж, материалын зардлыг 98.744 төгрөг /78.000*35.7мкв/28.2мкв/-өөр, засварын ажлын хөлсийг 124.950 төгрөг /98.700*35.7мкв/28.2мкв/-өөр, нийт тааз засварлах зардлыг 223.694 төгрөгөөр тооцно.

2.2 Хана засварлах зардал

Шинжээч нь хана засварлах зардлыг бүхэлд нь бус, зөвхөн норсон хэсэг /17.6 м.кв/-ээр тооцож 188.100 төгрөгийн зардлын тооцоо гаргасан нь мөн буруу байна. Улмаар нийт ханын хэмжээг дүгнэлтдээ тусгаагүй тул нэхэмжлэгчийн, шаардлагаа нотлосон баримт болох А ХХК-ийн үнэлгээний тайлангийн тухайлсан хэсгийг үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

А ХХК-ийн үнэлгээний тайланд хана засварлахад гарах зардлыг 207.000 төгрөгөөр тооцсон байх тул ханыг бүхэлд нь засварлах зардал энэ хэмжээнд тогтоогдсон гэж үзнэ.

2.3 Шал засварлах зардал

Хариуцагч талын бүрдүүлсэн баримт болох шинжээчийн дүгнэлтээр шалыг бүхэлд нь засварлах шаардлагатай гэж үзсэнийг буруутгах боломжгүй, шинжээчийн тогтоосон уг зардлын талаар нэхэмжлэгч маргаагүй тул шинжээчийн тогтоосон хэмжээ болох 536.442 төгрөгийн хэмжээгээр шал засварлах зардлыг тооцно.

2.4 Туслах материалын зардал

Засварлах шаардлагатай талбайн хэмжээг шинжээчийн дүгнэлтэд бичгдсэнээс нэмэгдүүлж тооцох нь зүйтэй гэж үзсэн тул бусад туслах материал болох өнхрүүш, ханын цаасны цавуу, түрхэгч зэргийн зардал зохих хувиар нэмэгдэх ёстой. Шинжээчийн дүгнэлтэд үндэслэн туслах материалын зардлыг нэмэгдүүлж тооцох боломжгүй тул нэхэмжлэгчийн шаардлагаа нотлосон хэмжээгээр буюу А ХХК-ийн үнэлгээний тайланд тусгагдсан туслах материалын зардал болох 100.000 төгрөгөөр уг зардлыг тооцох нь зүйтэй юм.

2.5 Бусад зардал

Хариуцагчаас бүрдүүлсэн баримт болох шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан цэвэрлэгээний болон тээврийн зардлыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул шинжээчийн дүгнэлтэд дурдсан эдгээр зардал болох 35.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Нэхэмжлэгчээс А ХХК-д үнэлгээ хийлгэхдээ төлсөн 62.000 төгрөгийг төлөхийг хариуцагч зөвшөөрч байгаа тул уг . зардлыг гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д нийцэх юм.

Харин хавтаст хэргийн 51-р талд авагдсан, огноо бичигдээгүй Зарлагын баримт-ыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр ус алдсаны улмаас нэхэмжлэгч хивсээ цэвэрлүүлсэн, улмаар нэхэмжлэгчээс 130.000 төгрөгийн зардал гарсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

А ХХК-ийн үнэлгээний тайланд бусад шууд зардал гэх зардал байхгүй байхад шинжээчийн дүгнэлтэнд бусад шууд бус зардал-ажлын хөлсний 10% буюу 34.939 төгрөг гэсэн зардал туссан нь эргэлзээтэй, ойлгомжгүй байх тул уг зардлыг мөн гаргаж шийдвэрлэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 1.164.136 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 328.024 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Н.Наас 1.164.136 төгрөгийг гаргуулан Л.Т, Т.Гнарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 328.024 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Наас 32.489 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Т, Т.Гнарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ХИШИГБААТАР

 

                        ШҮҮГЧ                                   Б.БАЯРМАА

 

                                                                        Л.ОЮУНЦЭЦЭГ