Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/шш2021/0203

 

 

 

 

 

  2

 

 

 

 

2021 оны 3 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0203

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  “С” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...Тус компанийн хууль ёсоор эзэмшиж байсан ХҮ-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, уг талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу эрдсийн хуримтлал бүхий талбайг дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Н шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай “С ” ХХК нь Баян-Өлгий аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах нэртэй газар нийт 8175.97 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ХV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан.

Тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн буюу 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу бүрэн биелүүлж ирсэн.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн ******* дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан нэртэй газартай давхцалтай байгаа учраас бид XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Тиймээс бид Ашигт малтмал, газрын тосны газарт хандан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан ашигт малтмалын “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх тусгай хэрэгсэлд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасны дагуу манай компанийн XV-02 ******* дугаартай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн талбай олгох"-ыг хүссэн албан бичгээ 2020 оны 9 дүгээр сарын 21 болон мөн оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус гаргасан.

Гэвч "Танай компаниас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна" гэсэн хариуг бидэнд орсон тул ийнхүү шүүхэд нэхэмжил гаргаж байна.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоол нь Байгалийн бүс, бүс бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхгүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах зорилгоор гарсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан ашигт малтмалын ашигт малтмалын “” ... ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах ..." гэж хуульчилсантай бүрэн нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…С ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын даргад нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. “С” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан ХҮ******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох. “С” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан ХҮ******* дугаартай ашигт малтмалын талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1.19 дэх хэсэгт заасны дагуу эрдсийн үнэ бүхий талбай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгах бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“С” ХХК нь Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд 8157.97 гектор га талбайг хамарсан ашигт малтмалын газар байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь ХҮ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан.

Бид тусгай зөвшөөрлийн хуулийн этгээдийн төлбөрөө төлснөөр 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлж барагдуулаад сунгалтаа хийлгээд үйл ажиллагаагаа явуулж байсан.

Байгууллагын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаатай байх үед Монгол Улсын Их хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор байгалын тусгай хамгаалалттай цогцолбор газраар авсан. Ачит пүрэв эмнэлгийн газартай давхцалтай байгаа учраас манай ХҮ******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар анх удаа олж мэдээд тухайн үед ажлын хэсгийн н.Энхтайван гээд Ашигт малтмал газрын тосны газрын хуулийн ахлах мэргэжилтэн ахалж байсан. Ингээд ажлын хэсгийн ахлагчид нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу дүйцүүлэн талбай олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч хуульд заасан хугацааны дагуу хариу тайлбар ирүүлээгүй. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/08 дугаартай албан бичгээр дахин Ашигт малтмал газрын тосны газрын дарга н.Х*******д энэ асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1.19 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч энэ асуудлыг шийдвэрлэж өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Монгол Улсын Их хурлын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоол буюу зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоол нь өөрөө байгалын бүслүүрийн онцлог хив шинж. Гурван төрөлд байгалын өвөрмөц хэв шиж тогтоц, түүх соёл, шинжлэх ухаан танин мэдэхүйн экологийн хувьд онцгой ач холбогдолтой зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах зорилгоор гарсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэг заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн эрх мэдэлд шилжүүлэх авах гэж бүрэн нийцэж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд авах гурван үндэслэлийг зааж өгсөн байгаа. Үүнд үндэсний аюулгүй байдлыг ханган, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор гэж байгаа. Улсын Их хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай тогтоолыг авч үзэхээр энэ тогтоол нь өөрөө Баян-Өлгийн аймгийн Ногоон нуур суманд байрлах газарт байгалын бүслүүрийн онцлог хив шинж. Гурван төрөлд байгалын өвөрмөц хэв шинж тогтоц, түүх соёл, шинжлэх ухаан танин мэдэхүйн экологийн хувьд онцгой ач холбогдолтой зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна гэж зааснаар, зарим газар нутгийг тусгай хэрэгцээнд авах зорилгоор гарсан учраас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэг заасан төрийн эрх мэдэлд шилжүүлэн авах гурван үндэслэлийн хоёрыг нь бүрэн хангаж байна гэж үзэж байгаа учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу манай компани эзэмшиж байсан ХҮ******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрыг төрийн мэдэлд шилжүүлэн авсан нь Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор тогтоогдож байгаа учраас ийм эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгэнт “С” ХХК-ийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан ТҮ******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрын төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа учраас хуульд заасны дагуу манай компанид дүйцүүлэн олгох хууль зүйн үндэслэл байна. Тийм учраас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1.19 дэх хэсэгт заасны дагуу эрдсийн үнэ бүхий талбайг дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон компани үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр төсвийн хөрөнгөөр хийсэн геологийн судалгааны явцад тогтоогдсон эрдсийн хөрөнгө бүхий талбай болон энэ хуулийн 26.9 дэх хэсэгт заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж хуульчлаад заасан байгаа учраас тусгай хэрэгцээнд авах зорилгоор гэдэгт нь тусгай хэрэгцээнд авч байгаа нь бүрэн хамаарч байгаа. Тийм учраас хариуцагчийг гаргаж байгаа хариу тайлбар үгүйсгэгдэж байна. Шүүх хуралдаанд нэмэлтээр гаргаж байгаа тайлбарт манайх 8175.97 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлөөд үйл ажиллагаагаа явуулж байсан. Ашигт малтмал газрын тосны газрын “С” ХХК-нд ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр 1431.23 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай байна гэдэг тайлбарыг ирүүлсэн. Манайхаас нийтдээ 8175.97 га талбайгаас 1413 га талбай нь давхцаж байгаа болохоор энэ талбайг ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ талбай дээр үйл ажиллагаа явуулын тулд маш их хэмжээний судалгаа, геологийн ажлын дүгнэлтүүд болон их хэмжээний зардал ажлууд гардаг. Тиймээс 30 гаруй хувийн газар нь төрийн тусгай хамгаалалтад орсон нь энэ талбайг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа учраас манай тусгай зөвшөөрөл буюу 8175.97 га талбайг дүйцүүлэн олгох шийдвэр гаргаж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг Дулаан хар Уул нэртэй 8175.97 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 300 дугаар шийдвэрээр “Б” ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1047 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг Дулаан хар Уул нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг "С" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

"С” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн тул хүчингүйд тооцож Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай” ******* дугаар шийдвэрээр шинээр ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгосон байна. Баян-Өлгий аймгийн сумын нутаг Дулаан хар Уул нэртэй нэртэй 8175.97 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” ******* дугаар тогтоолоор Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан нь Засгийн газрын бүрэн эрх хэмжээний асуудал юм.

Өөрөөр хэлбэл “С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн зарим хэсгийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" ******* дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан болохоос Засгийн газар аваагүй болно.

Иймд Монгол Улсын Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

“С” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг Засгийн газар тусгай хамгаалалтад аваагүй учир Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан талбайгаас дүйцүүлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасны дагуу нөхөх олговортой холбоотой асуудлыг эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Баян-Өлгий аймгийн сумын нутаг Дулаан хар Уул нэртэй нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” ******* дугаар тогтоолоор Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалын цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан нь Засгийн газрын бүрэн эрх хэмжээний асуудал юм.

Өөрөөр хэлбэл “С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн зарим хэсгийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" ******* дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан болохоос Засгийн газар аваагүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заасны дагуу нөхөх олговортой холбоотой асуудлыг эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл болохоор 8175.97 га талбайтай байгаа. Улсын Их хурлын ******* дугаартай тогтоолоор 1431 га нь тусгай хэрэгцээнд хамрагдсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага дээрээ дүйцүүлэн олгох гэж ******* дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ бүхэлд нь хэлээд байгаа. Үлдсэн талбай дээрээ үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй. Тусгай хэрэгцээнд орсон талбайгийн тухайд ярьмаар байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ашигт малтмалын газар нь нөхөн олговор олгодог байгууллага биш. Нөхөн олговор нь Улсын Их хурлын тогтоолоор гардаг учраас Улсын Их хурал нөхөн олговор олгох ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 14.5 дахь хэсэгт заасан. Мөн хуулийн 14.4 дэх хэсэгт нөхөн олговрын төлөх хэмжээ тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан байгууллага хооронд тохиролцон тогтоох бөгөөд тохиролцон хүрээгүй эрх бүхий хөдөлгөөний этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно. Нөхөн олговрын 14.6 дахь хэсэгт зааснаар нөхөн олговор нь заалтаар тогтоосон хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаа үргэлжлүүлэх явуулах эрхтэй гэж байгаа. Эднийхийг цуцалснаас хойш 1 жилийн хугацаа болоогүй байгаа. Эдний бүтцийн шийдвэр 6 сард гарсан. Одоо нэг жилийн хугацаа нь болоогүй. Улсын Их хуралтай тохиролцоогүй бол үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулахад хязгаарлалт тогтоохгүй. Тиймээ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.  

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийг төлөөлж Захирал Ч.Н шүүхэд хандаж “тус компанийн хууль ёсоор эзэмшиж байсан ХҮ-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсан атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу эрдсийн хуримтлал бүхий талбайг тус компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай  дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа Монгол Улсын Засгийн газар болон Ашигт малтмалын газрын  тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус компанийн хууль ёсоор эзэмшиж байсан ХҮ-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу эрдсийн хуримтлал бүхий талбайг  дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх Монгол улсын Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэрэг үүсгэсэн, уг Шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон тул энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг “” нэртэй, 8175,97 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 300 дугаар шийдвэрээр анх “Б” ХХК-д олгосон,

            Мөн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 1047 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “С” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн, нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг үрэгдүүлсэн тул хүчингүйд тооцсоноор Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг шинээр олгосон үйл баримтууд тус тус тогтоогдов.

Түүнчлэн нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” ******* дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг дор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай, 2.”Дэвэлийн арал” байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн , Алтанцөгц сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж, байгалийн цогцолборт газрын ангиллаар тогтоон, тогтоолын хавсралтаар хилийн заагийг баталж улмаар байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол улсын Засгийн газарт даалгасан байна.

Уг тогтоолд заасан, Баян-Өлгий аймгийн , Алтанцөгц сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан тогтоосон хилийн заагт нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай хамаарч байх ба ийнхүү хамаарч байгаа эсэх талаар хэргийн оролцогчид мөн маргаагүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлд ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээг тодорхойлсон, түүнчлэн уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага...дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ” 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайг улсын тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсан нь тогтоогдсон, энэ талаархи нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч үгүйсгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, эрх зүйн харилцаа байгааг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбай нь Дэвэлийн арал байгалийн цогцолбор газрын хилийн заагт багтсан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд “Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1/ газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох, 2/ Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” гэж зааснаар энэ нь Монгол улсын Их хурлын эрх хэмжээнд хамаарах асуудал хэдий ч ийнхүү газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тохиолдолд тухайн газрын хууль ёсны ашиглагч, эзэмшигч этгээдтэй нөхөн олговрын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байхыг хуульд тусгайлан зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа хуульд тусгайлан заасан зохицуулалтыг хийлгүйгээр шууд төрийн мэдэлд шилжүүлэн авсан, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Нэхэмжлэгчийн, “С” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан ХҮ-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу эрдсийн хуримтлал бүхий талбайг дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгуулах шаардлагын тухайд:

Улсын Их хурлын 2020 оны ******* дугаар тогтоолоор зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэж, улмаар байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоосноор нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий 8175,97 га талбайн 1431,23 га талбай нь солбицлоороо уг байгалийн цогцолборт газрын хилийн заагт хамааран тусгай хэрэгцээний газар болж өөрчлөгджээ.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2009 оноос хойш тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрүүдийг 8175,07 га талбайгаараа тооцон төлж, улмаар тухайн талбайн хэмжээгээр хайгуулын ажлын зардал гаргаж ирсэн, хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг тусгай хэрэгцээний зориулалтаар төрийн мэдэлд авах болсон талаар мэдэгдээгүйгээс нэхэмжлэгч нь тухайн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх, эсхүл талбайн үлдэх хэсэгт үргэлжлүүлэн хайгуул хийх талаар хүсэлт гаргах боломжгүй болсноор шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан үйл баримтууд тогтоогдов.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.”, 14.5-т “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрх бүхий субъектүүд тухайн шийдвэрээ гаргахаас өмнө хэлэлцэн тохиролцож нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй, ийнхүү нөхөх олговрын асуудлыг шийдвэрлээгүй нөхцөлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа уг талбайд үргэлжлүүлэх боломжтой байхаар зохицуулагдсан гэж үзэхээр байна.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг улсын тусгай хэрэгцээнд авснаар нэхэмжлэгч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, нөгөө талаар нэхэмжлэгчээс хариуцагч захиргааны байгууллагад хандаж энэ талаар 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 20/21, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/07 дугаар албан бичгүүдээр тус тус хүсэлт гаргаж байсан боловч хариуцагчаас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1/5667 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн болох нь тогтоогдов.

Үүнээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж нөхөх олговор олгох эсэх талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцох үйл ажиллагааг явуулаагүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа “...нэхэмжлэгч нь үлдэх талбайдаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэсэн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “.ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай...-гаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх ба уг заалтын агуулга нь нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын талбай тухайн газарт хамаарч байгаа тохиолдолд  нөхөх олговрын зориулалтаар ...эрдсийн хуримтлал бүхий талбайгаас олгож болохоор зохицуулсан, нөгөө талаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн талбай уг байгалийн цогцолборт газрын хилийн заагт хамаарч улсын тусгай хэрэгцээний газар болж өөрчлөгдсөн, нэхэмжлэгчид нөхөх олговор олгоогүй нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй тул нэхэмжлэгч “С” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар дүйцүүлэн талбай олгох шийдвэр гаргахыг хариуцагч захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсэг нь хамаарч байгаа тул бүхэлд нь дүйцүүлэн талбай олгох боломжгүй” гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь тухайн тусгай зөвшөөрлийн нийт талбайн хэмжээгээр тусгай зөвшөөрлийн төлбөрөө тогтмол төлж ирсэн, жил бүр тухайн талбайн нийт хэмжээгээр хайгуулын ажлын зардал гаргаж байсан талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч тухайн талбайн тодорхой хэсгийг буцаан хүлээлгэж өгөх эсхүл үргэлжлүүлэн эзэмших талаар хүсэлт гаргаагүй, хариуцагч захиргааны байгууллагаас энэ талаар нэхэмжлэгчид боломж олгоогүй, зохих шийдвэр гаргаагүй тул эдгээр үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “...Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 болон 14.5-д зааснаар “манай байгууллага хариуцахгүй, тусгай хэрэгцээнд авсан байгууллага буюу Улсын Их хурал, Засгийн газарт хамаарах нэхэмжлэлийн шаардлага...” гэж тодорхойлон маргаж байх боловч уг хуулийн заалтууд нь нөхөх олговорт хамаарах зохицуулалтын хувьд энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүйн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-д зааснаар улсын хэмжээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, дуусгавар болгох асуудлыг хариуцан хэрэгжүүлэгч байгууллага болохын хувьд Ашигт малтмал, газрын тосны газарт дүйцүүлэн талбай олгохыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. 

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11.1.15, 11.1.19-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж тус компанийн хууль ёсоор эзэмшиж байсан ХҮ-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, ХҮ-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу...эрдсийн хуримтлал бүхий талбайг дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал газрын  тосны газарт даалгасугай  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН