Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0232

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 П.Б-ы гомдолтой

     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гомдлын шаардлага: нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046355 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 158 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Харуцагч М.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/1013/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Гомдол гаргагч П.Б нь “нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046355 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гарган маргасан байна.

2.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч П.Б-с Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М-т холбогдуулан гаргасан Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046355 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.   Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.    “... Гомдол гаргагч П.Б нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот хүрэх чиглэлийн 0000  УНА улсын дугаартай том оврын автобусанд сэлгээний жолоочоор явж байх үед экологийн цагдаагийн албаны хяналт шалгалтаар зорчигчийн ачаанаас 5 ширхэг тарваганы нойтон мах илэрснийг “П.Б нь хориглосон хугацаанд тээвэрлэсэн” гэж үзэж шийтгэл оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн” үйлдэлд шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд үүнд амьтны буюу ангийн гаралтай туухий эд тээвэрлэсэн тохиолдолд зөрчилд тооцохоор хуульчлаагүй байна. Өөрөөр хэлбэл, амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн үйлдэл нь зөрчил болох ба гомдолд дурдсан тохиолдол нь амьтан тээвэрлэсэн үйлдэл биш тул шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм … Амьтан болон ангийн гаралтай түүхий эд гэдэг нь өөр ойлголтууд байна.

3.2. П.Б-ы сэлгээний жолоочоор ажиллаж байсан том оврын автобусаас илэрсэн хориотой гэх ачаа нь ангийн гаралтай түүхий эд буюу тарваганы нойтон мах болох нь тодорхой юм. Харин Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зөвхөн амьтныг буюу амьд бодгалиараа байгаа амьд биетийг тээвэрлэсэн тохиолдолд зөрчилд тооцохоор хуульчилсан тул уг гомдолд дурдсан шийтгэлийн хуудас болон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3.3. Мөн анхан шатны шүүхээс “агнахыг хориглосон амьтны махыг тээвэрлэсэн зөрчлийн улмаас учруулсан хохирлыг гаргуулахаар хуулъчилсан” гэсэн дүгнэлт хийж П.Б-с хохирол, нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг зөв гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна … П.Б өөрийн үйлдлээрээ байгаль орчинд, амьтныг аймагт хохирол учруулсан уу гэдгийг тогтоох шаардлагатай бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаар зөвхөн хохирол учруулсан этгээдээс уг нөхөн төлбөрийг гаргуулах ёстой байна. Гэтэл П.Б-г ангийн гаралтай түүхий эд тээвэрлэсэн зөрчилд буруутай гэж үзэж 4.100.000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

3.4. Хариуцагч нь гомдол гаргагчийг Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/24 дүгээр тушаалын 2-р хавсралтаар баталсан “Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 9.7.6-д “Зориулалтын бус, шаардлага хангаагүй сав, баглаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй. Зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд аюул хохирол учруулж болзошгүй химийн болон аюултай бодис, мал, тэжээвэр амьтны гаралтай түүхий эд авч явахыг зөвшөөрөхгүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж шийтгэл оногдуулсан ба анхан шатны шүүх ч мөн тухайн дүгнэлтийг зөвтгөж тайлбарласан.

3.5. Гэтэл тухай хориглосон хэм хэмжээ нь уг дүрэмд зааснаар эрх олгогдсон байгууллага буюу авто тээврийн төвд хамаарах зохицуулалт юм. Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэмд зааснаар авто тээврийн төв нь зорчигчийн ачааг хүлээн авах, бүртгэх, шалгах, хадгалах, тээвэрлэх, олгох ажлыг зохион байгуулах үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлдэггүйгээс зорчигч автобусанд шууд ачаагаа тавих, авч орох, жолоочоор ачуулах зэрэг нөхцөл байдал үүсдэг. Гэтэл жолооч хууль тогтоомж болон гэрээгээр зорчигчийн ачаа тээшийг шалгах, нэгжих эрхгүй тул хориотой ачаа байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Авто тээврийн төв үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүссэн эрсдэлийг жолоочид хариуцуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. П.Б нь шаардлагатай үед жолоо барих үүрэгтэй сэлгээний жолоочоор явж байсан ба жолоо бариагүй байхад тарвага тээвэрлэсэн гэж үзээд торгуулийн арга хэмжээ авч, нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.6. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 0158 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2.   Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, гомдол гаргагч П.Б-ы “нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046355 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

2.1. Анх 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу нэвтрэх Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтурууны Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад М.Б-с шалгалт хийж 00-00 УНА улсын дугаар бүхий Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобусаар 5 ширхэг тарваганы нойтон мах тээвэрлэсэн зөрчлийг илрүүлж, үзлэгийн тэмдэглэл үйлдэж, фото зургаар баримтжуулан харьяаллын дагуу Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлжээ.

2.2. Улмаар хариуцагчаас гомдол гаргагч П.Б-д холбогдуулан зөрчлийг хэрэг нээж шалгаад хориглосон ан амьтныг тээвэрлэсэн болох нь тогтоогдсон гэж үзэж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0046355 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэлийг П.Б-д оногдуулж, 4.100.000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

2.3. Гомдол гаргагч П.Б нь энэхүү маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар ... цагдаагийн алба хаагч нар хяналт шалгалт хийх үед би жолоо барьж яваагүй, жолооч н.Р жолоо барьж явсан. Үүнээс гадна автобусанд байгаа 45 зорчигчийн ачаанд юу байгааг жолооч мэдэх буюу цүнх савыг нээж шалгах боломжгүйгээс гадна зорчигч анх тасалбар захиалах үед нь хориглосон ачаа тээшийн жагсаалт болон үйлчилгээний нөхцлийг танилцуулдаг гэх үндэслэлээр маргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.4. Учир нь хэрэгт авагдсан холбогдогчоор өгсөн П.Б мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бэхжүүлсэн фото зургууд, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Р-н “... хэний ачаа гэдгийг олж чадаагүй. Би тухай үед автобусыг жолоодож явж байсан”  гэх мэдүүлэг зэргээс үзэхэд 43-43 УНА улсын дугаар бүхий Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобусыг хэн жолоодож явсан нь тодорхойгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хориглосон ан амьтныг тээвэрлэсэн” гэх зөрчлийг хоёр жолооч гаргасан эсэхийг бүрэн шалган тогтоолгүй зөвхөн П.Б-д шийтгэлийн хуудас бичсэн нь ойлгомжгүй байна.

2.5. Өөрөөр хэлбэл нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046355 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн тухай хуулийн зорилго, хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасантай нийцээгүй байна.

2.6. Иймд анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтууд, холбогдох хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагч дээрх байдлаар шийтгэл ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг бүрэн хэрэгжүүлээгүй, шүүх энэ талаар тодруулж, зөрчлийг хэн үйлдсэн эсэхийг шалган тогтоож шийтгэлийн хуудсыг өөрчлөх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар  маргаан бүхий актыг хариуцагчаас дахин шинэ акт гартал 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацаанд хариуцагч Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч дахин шинэ акт гаргаагүй бол түүний гаргасан 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046355 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 158 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М-н 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046355 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 2 дахь заалтад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацаанд хариуцагч Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046355 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмж, 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ