Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
Хэргийн индекс | 180/2016/0120/Э |
Дугаар | 110 |
Огноо | 2016-10-24 |
Зүйл хэсэг | 094.1., |
Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 110
2016.10,24 №110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2016/0120/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Жавхлан,
Шүүгдэгч: М.Наранзул нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас:
Хэнтий аймгийн Дадал суманд 1989 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Бовой овогт Мөнхчимэгийн Наранзулд /РД:УК89072702/ Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201623000208 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.Наранзул нь 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын “Жаргалантын адаг” гэх газраас өөрийн нөхөр Х.Хилчинбаатарыг согтууруулах ундаа хэрэглэж агсам тавьж өөр рүү нь дайрах үед холдуулан түлхэснээс арагш унахдаа 40 литрийн болон хуванцар савыг мөргөснөөс их тархины зөөлөн эдийн бүрхүүл доорхи цус хуралт үүсч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч С.Жавзансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай нөхөр 2016 оны 7 сард ходоодны хорт хавдраар нас барсан бөгөөд талийгаач аавыгаа нас барахаар сэтгэлээр их унаж байсан. Тэгээд хотод ажил явдлыг нь өнгөрөөгөөд хөдөө гэртээ буцаж ирээд архи уугаад байгаа сонсогдож байсан. Манай бэр Наранзул над руу утсаар яриад Хилчинбаатар архи уугаад болохгүй байна та хүрээд ирээч гэж байсан. Би уг нь 21 хоногийг нь өнгөрөөгөөд ахтай нь цуг 25-нд очно гэж ярьж байсан юм. Манай бэр Наранзул хөөрхөн ааштай, хүнтэй эв нийцтэй, амьдрахын төлөө явдаг хүн байгаа юм. Миний хувьд гомдол саналгүй гэсэн мэдүүлэг. /хх-27-28х/
Гэрч Г.Ган-Өлзий-Оршихын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 07 сарын 23-ны өдөр орой 20 цаг өнгөрөөгөөд өөрийн гэрээс Эрхэмчухал гэдэг хүнийг урагш гэрт нь буулгаж өгөхөөр мотоцикльтой явж байгаад Пад трактор унасан найз Мөнх-Очиртой таарсан. Мөнх-Очир хажуудаа нэг согтуу танихгүй хүн суулгачихсан явж байсан. Би гэрийн гадуур гарахад Хилчинбаатар согтуу саалийнхаа амбаарын урд талд газар явган суучихсан эхнэр 2 хүүхэд нь хажууд нь зогсож байсан. Би хальт зогсож тамхи байна уу гэж Хилчинбаатар асуухаар нь байхгүй гэж хэлээд урагшаа явсан. Намайг хальт зогсоход Хилчинбаатар нилээн согтуу хөл дээрээ зогсож чадахгүй гуйваад эхнэр нь түшээд байсан гэсэн мэдүүлэг /хх- 29-30х/
Гэрч М.Мөнх-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: Намайг саалийн амбаартаа ороход хүргэн ах Хилчинбаатар өөрийн танил Төр, Батхүү нарын хамт данхтай нэрмэл ууж байсан. Эгч маань баруун гарын эрхий хуруугаа барьчихсан хуруу нь хавдсан байсан. Би “та хуруугаа яагаа вэ” гэхэд Хилчин ах чинь саалийн амбаар дотор архи ууна гээд агсам тавиад байхаар нь би түлхээд унагаахдаа хуруугаа тулгачихлаа гээд байж байсан. Тэгсэн Хилчин ах гэр дотроосоо намайг дуудахаар нь би гэр рүү яваад ороход нилээн согтуу надад уурлаж чамайг зодно нүднэ маяглаад байгаарай гээд агсараад байхаар нь би гараад саалийн амбаарт эргэж орсон. Тэгэхэд араас амбаар руу орж ирээд архи хийж өг хамт ууна гэхээр нь та унт гээд гэрт оруулж өгсөн. Нилээд хэсэг хугацааны дараа Төр ах явган хүрээд ирсэн. Ирээд Төр ах хүргэн ахыг сэрээж амбаарт данхтай нэрмэл хувааж уусан. Би үнээгээ саахаар гараад явсан. Саалийн дээр байж байхад амбаараас эхлэж Төр ах гараад амбаарын баруун талын чиргүүл түшээд гуйваад зогсож байсан бөгөөд хүргэн амбаарын үүдэнд гараад ирчихсэн эгч түүнийг одоо уухгүй шүү боль гээд хүргэн үгэнд нь орохгүй ууна гээд эгчийн уурыг хүргээд эгч суран ташуураар түүнийг ороолгож цохиж байгаа харагдсан гэсэн мэдүүлэг /хх- 31-32 х/
Гэрч Б.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 сарын 23-ны өдөр өглөө 09 цагийн үед байх би Төрбат ахтай хамт пад трактороо бариад Хилчинбаатарын гэр рүү орсон. Тэгэхэд Хилчинбаатар орноосоо босчихсон байсан бөгөөд бид хоёрыг очиход данхтай нэрмэл гаргаж өгөөд хамт уусан. Энэ үед тэдний утас руу хүн залгаад шаварт суучихаад байна татаад өгөөч гэж хэлээд Хилчинбаатар өөрийнхөө Пад тракторыг унаад би трактортойгоо Төрбат, Мөнх-Очир бид нар хойш явах замдаа Хилчинбаатар, Төрбат ах хоёр шууд шаварт суусан машин руу очсон. Машины жолооч Хилчинбаатар, Төрбат ах хоёрт 1.250 граммын савтай нэрмэл архи өгсөн. Өдөр хэдэн цаг болж байсныг анзаараагүй үд өнгөрөөгөөд байх Мөнх-Очир “Пад” трактороо унаад Төрбат ахыг гэрт авчирч өгөөд явсан гэсэн мэдүүлэг /хх-34-35х/
Гэрч Х.Чадраабалын мөрдөн байцаалтад өгсөн: Наранзул над руу залгаад Хилчинбаатарын бие муу байна гэж яриад дараа нь нас барчихлаа гэж ярьсан. Талийгаач нь Наранзул руу дайраад түүнийг түлхэж унагаасан гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх- 37х/
Шүүгдэгч М.Наранзулын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: Би Хилчинбаатарын хамраас нь цус гарсан байсныг арчиж өгөөд саалийн амбаартаа байж байхад манай нөхөр Хилчинбаатар орж ирсэн. Тэгээд айрагны савны хажууд газар сууж байхдаа нусаа нийсэн. Тэгснээ цус амтагдтал чи намайг цохилоо гээд алнаа чамайг гэж хэлээд босоод над руу цохих гэж дайраад ирэхээр нь би түүнийг одоо болио болно гээд өөрөөсөө холдуулж цааш нь түлхэхэд ар дагзаараа 40 литрийн бетон мөргөөд унасан. Тэгээд эргэж босож ирээд дахиад гараа далайгаад дайрахаар нь би өөрөөсөө холдуулах санаатай түүнийг түлхэхдээ гараа тулгасан. Хилчинбаатар дахиад бөгсөөрөө ойчоод ар дагзаараа 40 литрийн бетон, айрагтай 120 литрийн савыг мөргөж унасан. Би тухайн үед нөхрөөсөө айгаад л түүнийг над руу дайраад ирэхээр нь түлхсэн. Нөхөр маань ойчихдоо ардаа байсан бетонд толгойгоо цохисон. Би үнэхээр харамсаж байна гэсэн мэдүүлэг /хх- 72-73х/
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №34 тоот
Талийгаач Х.Хилчинбаатарын биед тархины 2 тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл болон бага тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, хүзүү, чих бугалга, мөр хэвлийн зулгарсан зулгаралт, хуйхны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайлбал арагш унахдаа юманд цохигдох үед тархинд цус харвалт үүсгэгдэх боломжтой.
Дээрх 2 тал бөмбөлгийн их тархины зөөлөн бүрхүүл болон бага тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба үхэлд шууд нөлөөлсөн гэмтэл болно.
Х.Хилчинбаатарын гэх цусанд 2.7 промилли, ходоодны шингэнд 4.2 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтын хэмжээ болно.
Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. /хх- 49х/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч М.Наранзул нь 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын “Жаргалантын адаг” гэх газар оршин суух өөрийн гэртээ нөхөр Х.Хилчинбаатарыг согтууруулах ундаа хэрэглэж агсам тавьж өөр рүү нь дайрах үед холдуулан түлхэснээс арагш унахдаа 40 литрийн төмөр бетон болон хуванцар савыг мөргөж их тархины зөөлөн эдийн бүрхүүл доорхи цус хуралт үүсгэн амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, прокуророос зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч С.Жавзансүрэн нь шүүгдэгч М.Наранзулаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртлэх насны хүүхэдтэй эх байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн суран ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бовой овогт Мөнхчимэгийн Наранзулыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Наранзулыг 02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Наранзулд оногдуулсан 02 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн суран ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Наранзулд 02 жил хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтан М.Наранзулд хяналт тавихыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт үүрэг болгосугай.
7.Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар ялтан М.Наранзул нь хүүхдээ хүмүүжүүлэхээс зайлсхийвэл шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Наранзулд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА