Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/953

 

 

2022        06        21                                 2022/ШЦТ/953

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч *******,*******нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******,*******нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 01030 1768 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүгийн 5 дугаар хорооны  87 дугаар байрны 25 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******

        Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймагт  төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Чандмана сумын 8 жилийн сургуульд багш ажилтай, ам бүл 4, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүгийн 12 дугаар хорооны Чулуут 5-107 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж.Б

 

Яллагдагч *******, Ж.Б нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 87 дугаар байрны  гадна цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу албан үүргээ биелүүлэхээр очсон Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлагч М.Азбаярын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “цагдаагийн байгууллага дээр очиж шалгуулах” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг  биелүүлэхгүй хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч *******ын “Би тогтоолтой уншиж танилцлаа тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн цагдаагийн алба хаагчийн биед халдаагүй хоорондоо үл ойлголцол үүссэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/,

Яллагдагч Ж.Бийн “Тухайн гэмтлийг хэн учруулсан талаар би мэдэхгүй байна. Хэрэв би тухайн гэмтлийг Азбаяр гэх хүний биед учруулсан бол намайг шууд барьж аваад саатуулахаар хүмүүс байсан боловч намайг тавьж явуулсан гэхээр би тэр гэмтлийг учруулаагүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60дугаар тал/,

   Хохирогч М.Азбаярын “... 2022 оны 2 дүгээр сарын 4-нөөс 5-ны өдрийн хооронд би эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ж.Мөнх-Эрдэний хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Улиастай 116 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 88707095 гэх дугаартай иргэнээс гаргасан “ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 87 дугаар байрны 1 дүгээр орц, 7 давхарт айлд согтуу хүн агсраад байна” гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу очиж шалгасан. Тухайн үед тус дуудлагын өмнө ирсэн дуудлага мэдээллийг холбогдогчийг машинд суулгасан байсан учир би дотогш орох боломжгүй эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ж.Мөнх-Эрдэнэ орсон намайг гадаа сууж байхад эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ж.Мөнх-Эрдэнэ над руу яриад “Шаардлага биелүүлэхгүй байна. Та хүрээд ирээч” гэсэн тэгэхээр нь би 87 дугаар байрны гадна хүрээд ирэхэд Мөнх-Эрдэнэ 186-190 см өндөртэй согтуу залуутай хамт зогсож байсан. Нөгөө залуу нь Мөнх-Эрдэнэ дэслэгчийн өөдөөс тайлбар тавиад “би гэртээ байсан хэнийг ч зодоогүй, зүгээр чанга дуугарсан орилсон. Би явах шаардлагагүй” гээд эсэргүүцэл үзүүлээд байхаар нь би тэр залуугийн гарнаас бариад “за явъя залуу” гэхэд тэр залуу гараа татаж аваад тэнд байсан хэдэн машины голоор орохоор нь хойноос бариад эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Мөнх-Эрдэний хамт бариад явах гэхэд тэр залуу хойшоо налж унаад явахгүй гээд үл тоогоод эсэргүүцээд байсан. Тэгэхээр нь би цагдаагийн алба хаагчийн нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гавыг гаргаж ирээд тухайн залууг гавлах гэхэд куртикны ханцуйгаа татаад гавлах боломжгүй болгоод байсан ба хоёр гараа энгэртээ наагаад гавлуулахгүй байсан. Тэгээд тэр залуутай ноцолдож байгаад машинд суулгах гэж байхад хойноос дахин өөр согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр ирээд урдуур орж ирээд нөгөө залууг хамгаалаад над руу дайрч эмэгтэй нь миний хантаазнаас зулгаагаад хантааз урж хаясан ба би эргээд харахаар хамт байсан гэх эрэгтэй нь нуруу руу цохиод байсан тэгж байгаад би гавласан байсан залууг машинд суулгаад хаалга хаах гэж байхад сүүлд гарч ирсэн согтуу эмэгтэй машины хаалга хааж зогсоод байхаар нь “нэг бол суу нэг бол үлд” гээд татахад тэр эмэгтэй “пизда минь” гээд шууд миний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн. Тэгээд тухайн газарт эрэгтэй, эмэгтэй хоёр эргүүлийн офицер Ж.Мөнх-Эрдэнэ бид хоёр руу дайрч байгаад бид нартай хамт хэлтэс дээр ирсэн. ******* гэгчийг эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулах гэсэн боловч сүүлд гарч ирсэн согтуу эмэгтэй нөгөө залуугаасаа зууралдаад салахгүй байсан ба арай гэж салгаад авч явах гэхээр надаас зуураад тэвэрч аваад салахгүй байсан бөгөөд тухайн эмэгтэйгээс салаад *******ыг эрүүлжүүлэх саатуулах байранд оруулсан ба тухайн залуугийн баруун гарын арын хэсэг шалбарч гэмтсэн байсан. Тухайн гэмтэл нь гавлах гэхэд эсэргүүцэл үзүүлж байх даа үүссэн гэмтэл байх гэж бодож байна. Ямар ч байсан тэр залууд түргэн тусламж дуудаж өгч гарыг нь боолгуулсан. Тухайн Төрбат гэх залууг эрүүлжүүлэх саатуулах байранд оруулах гээд үүдэнд нь ирэхэд тухайн залуу намайг нэг удаа мөргөөд тэгээд яадаг юм гээд хоёр гурван удаа зангасан тул эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 17-19 дугаар тал/.

 

Гэрч Ж.Мөнх-Эрдэний “...Би 2022 оны 2 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Улиастай 116 чиглэлд эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч М.Азбаярын хамт авто эргүүлийг үүрэг гүйцэтгэж байхад 03 цаг 46 минутанд 88707095 гэх дугаараас “Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 87 дугаар байрны 7 давхарт айлд согтуу хүн агсараад байна” гэх дуудлага, мэдээлэл өгсний дагуу дуудлага мэдээллийг очиж шалгасан. 87 дугаар байрны гадна ирээд дуудлага өгсөн 88707095 гэх дугаарт холбогдоход тухайн хүн нь “Би давхарыг мэдэхгүй байна. Нэг эрэгтэй хүн орилоод, хүмүүс шуугилдаад байна. 7 давхар байж болзошгүй” гэж хэлсэн. Би 87 дугаар байрны 1 дүгээр орц руу ороод 7 давхарт гарахад ямар нэгэн дуу чимээ байхгүй байсан ба доод давхраас нь дуу чимээ, шуугиан гараад байхаар нь 5 давхарт бууж шалгахад, 25 тоотоос 190 см өндөртэй Төрбат гэх залуу гарч ирээд зогссон байсан. Би тэр залуутай уулзахгүй шуугиан гараад байсан 25 тоотын хаалгыг тогших гэхэд Төрбат гэх залуу нь “Би гэрийн эзэн байна, яах гэж байгаа юм” гэхээр нь би бичиг баримтаа үзүүлээд “Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер дэслэгч Мөнх-Эрдэнэ гэх хүн байна. Тус тоотод чимээ шуугиан их байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн ба Зөрчлийн тухайн хуулийн 5.5-1 дэх хэсэгт зааснаар нийтийн зориулалттай орон сууцад 22-06 цагийн хооронд бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэхэд тэр залуу миний өөдөөс “Би энэ байрыг өөрөө худалдаж авсан, би гэртээ чимээгүй байх ёстой юм уу, хаана ууж идэх ёстой юм уу” гэх зэргээр тайлбар тавиад байсан тул би 25 тоотын хаалгыг тогшсон. Хаалгыг тогшиход Мөнхбат гэгчийн эгч нь гэх эмэгтэй хаалгыг онгойлохоор нь дахин Зөрчлийн тухай хуулийг сануулж цаг хэд болж байгааг харуулсан ба тухайн үед 04:10 цаг болж байсан. Тэр эмэгтэй нь “Одоо бид нар амарлаа, хаанаас хэн дуудлага өгсөн юм, тэр хүнээ хэлээдэх” гэхээр нь би “Дуудлага өгсөн иргэнийг нууцлах болно. Эрх ашгаа хамгаалуулж байгаа иргэнийг хэлэхгүй, та бүхэн одоо Зөрчлийн тухайн хуульд заасны дагуу 100.000 төгрөгөөр торгуулах болно” гэхэд Төрбат гэх залуу “Би учрыг нь олох болно, та орж бай” гээд эгчийгээ оруулсан. Тэгээд тэндээсээ Мөнхбат гэгчийг дагуулж гарах гээд лифтэнд суух гэж байхад миний хамт явж байсан эмэгтэй дээр Төрбатын гэгчийн эгч нь ирээд “Чи дуудлага өгсөн юм уу, чамайг хэн гэдэг юм хөөе” гэхээр нь би тэр эмэгтэйд “Энэ өөр дуудлагаас ирсэн хүн байгаа юм” гэхэд Төрбат нь эгчийгээ гэртээ оруулаад хамтдаа гадагшаа гарсан. Гадаа гарч ирээд би Төрбат гэгчид дахин Зөрчлийн тухайн хуулийг сануулаад таныг 100 нэгжээр торгох болно гэхэд тэр залуу “Би өөрийнхөө худалдаж авсан байранд хэдээс хэд хүртэл архи уухаа та нараар заалгахгүй” гэхээр нь би тэр залууд “Та тэгвэл хэлтэс рүү дагаад явчих, машинд суучих” гэхэд тэр залуу намайг үл тоогоод миний хэлсэн үгийг сонсохгүй байсан тул би цагдаа жолооч, цагдаагийн ахлагч М.Азбаярыг дуудсан. Цагдаа жолооч, цагдаагийн ахлагч М.Азбаяр бид хоёр Мөнхбат гэгчийг машинд суух шаардлага тавихад тухайн залуу цааш машины голоор ороод орилж чарлаад байхаар нь цагдаагийн ахлагч М.Азбаяр нь цагдаагийн алба хаагчийн нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гавыг ашиглаж гавлах гэсэн боловч хоёр гараа энгэртээ солибож куртикнээсээ зуураад гавлуулахгүй байсан тул тухайн залууг татаж байгаад машины хажууд авчраад суулгах гэсэн боловч сагсны шийдний төмөр хашаанаас гараараа зуураад тавихгүй утсаар “ Намайг ирээд аваач ээ энэ хоёр цагдаа чинь намайг авч явах гээд байна” гээд яриад байсан. Тэгээд тэнд байхдаа ахлагч Азбаяр бид хоёр Төрбат гэгчийн нэг гарыг нь гавлаад нөгөө гарыг нь гавлах гэхэд тэр залууг дийлээгүй ба тэр залуу куртикны ханцуйгаа татаад гараа сэгсчээд байсан. Тэр залуутай машины гадна байж байхад Төрбатын эгч, ах гэх хүмүүс гарч ирсэн байсан. Би тухайн үед тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талаас Төрбатыг татаж машинд суулгах гээд ахлагч М.Азбаяр нь жолооч талаасаа суулгах гэж байсан. Яг тэр үед Төрбат гэгчийн эгч нь гэх эмэгтэй цагдаа жолооч М.Азбаярын нуруу руу нь цохиж байгаад цаашаа татаад явсан ба цаана очоод муудалцаад байхаар нь би Төрбатыг машинд суулгасан. Тэгээд эргүүлийн цагдаа жолооч М.Азбаяр бид хоёр Төрбат гэгчийг машинд суулгасан учир хэлтэс рүү явах гэхэд эгч ах гэх хүмүүс хамт явна гээд байхаар нь машинд суулгаад авч явсан ба цагдаагийн Нэгдүгээр хэлтэст ирээд Төрбат гэгчийг Улиастайн 120 буюу эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгөх гээд явж байхад Төрбат гэгч нь эргэж хараад цагдаа жолооч, цагдаагийн ахлагч М.Азбаярын толгойд нэг удаа мөргөөд 2-3 удаа мөргөх үйлдэл гаргаж байгаа юм шиг зангаад “Яадаг юм” гээд байсан. Тухайн Төрбат гэгчийг баруун гар цагдаагийн алба хаагчийн нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гаваар гавлах үед зүсэгдсэн байсан учир түргэн тусламж дуудаж үзүүлж гарыг нь ариутгаж боолгуулаад Улиастай 120-д хүлээлгэн өгч эрүүлжүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/.

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2739 дугаартай “М.Азбаярын биед хуухнагт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг, сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч *******, Ж.Б нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 87 дугаар байрны  гадна цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу албан үүргээ биелүүлэхээр очсон Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлагч М.Азбаярын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “цагдаагийн байгууллага дээр очиж шалгуулах” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг  биелүүлэхгүй хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч *******, Ж.Б, хохирогч М.Азбаяр, гэрч Ж.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

*******, Ж.Б нарын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******,*******нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******,*******нарыг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэргийг бүлэглэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч М.Азбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тусгаж бичсэн шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлийг /хх-ийн 152 дугаар тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, *******,*******нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******,*******нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч *******,*******нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч *******,*******нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

*******,*******нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд *******,*******нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

*******,*******нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 01 жил 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******,*******нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******,*******нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******,*******нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэргийг бүлэглэн” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******,*******нарт 2700 /хоёр мянга долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******,*******нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 01 жил 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******,*******нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******,*******нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ