Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2018/01928

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-О ХХК-д холбогдох,

1,485,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э миний бие Сонгинохайрхан дүүргийн 18 хороонд орших 74 байранд амьдардаг ба Б-О ХХК-аас стандарт чанарын шаардлага хангаагүй буюу ашиглалтын хэвийн нөхцлийг хангахгүй цонхны төлбөр болох 1,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь уг байрны цонхнуудыг М ХХК хийж гүйцэтгэсэн байдаг ба 2016 онд М ХХК-аас Б-О ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэг, гарсан зардалд 38,750,832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг ба Б-О ХХК нь М ХХК-ийн гэрээний дагуу цонх суурилуулсан ажил нь холбогдох стандарт, чанарын шаардлага хангаагүйн улмаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 74 дүгээр байранд оршин суух 38 айлын оршин суугчдын эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрх нь зөрчигдөж байгаа бөгөөд цонхнууд чанарын шаардлага хангахгүй байна хэмээн оршин суугчдаас байнга гомдол ирдэг тул тус байрны 1-ээс 10 давхрын 83 ширхэг цонхыг шинээр солиулахад гарах зардал болох 43,496,500 төгрөгийг М ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Дээрх иргэний хэрэг гурван шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1196 дугаар Магадлал, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2016/01036 дугаар Тогтоолоор тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 29,267,460 төгрөгийг хангаж, шүүхийн эцсийн шийдвэр гарч Б-О ХХК нь 74 дүгээр байрны 38 айлын оршин суугчдын эрх ашгийг хамгаалж, тэдгээрийн эрүүл аюулгүй орчинд, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дээрх сөрөг нэхэмжлэлийг гаргасан атлаа өнөөдрийг хүртэл 38 айлын оршин суугчдын цонхыг шинээр сольж өгөх нь бүү хэл ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б-О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 18 хороонд орших 74 байрны 11 тоотод амьдардаг гэж байна. Гэтэл уг байрны өмчлөгч бөгөөд цонхны үнэ шаардах эрхийг нотолсон баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нөхцөл үүсгэсэн байх тул 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй. Хоёрдугаарт, Б-О ХХК нь энэ байрны барилгын захиалагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Байр 2015 онд ашиглалтад орсон ба гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан байх тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Гуравдугаарт 2016 онд М ХХК нь Б-О ХХК-д холбогдуулж вакуум цонх суурилуулсны ажлын хөлсөнд 38,750,832 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг манай компани эс зөвшөөрч мөн суурилуулсан цонх нь чанарын доголдолтой тул 43,496,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Маргаан гурван шатны шүүхээр шийдэгдсэн ба үндсэн нэхэмжлэлээс 22,500,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс 29,267,460 төгрөгийг хангасан. Ингэхээр зөрүүд нь 7 сая орчим төгрөгийг М ХХК-аас авах байсан боловч уг компани олдохгүй байгаа тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээгүй байгаа. Эцэст нь нэхэмжлээд байгаа 1,485,000 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э нь 4 ширхэг цонхны үнэ болох 1,485,000 төгрөгийг Б-О ХХК-аас гаргуулах шаардлага гаргасан бол хариуцагч Б-О ХХК нь нэхэмжлэгч Н.Э-тай үүргийн харилцаа үүсээгүй, шаардах эрхгүй хэмээн маргаж байна.

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг хариуцагчид шинээр цонх суурилуулах зардлыг шүүхийн шийдвэрээр гаргасан байтал цонхыг сольж өгөх үүргээ гүйцэтгээгүй гэж байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцаанд хамаарч байна.

Зохигчид Сонгинохайрхан дүүрэгт байрлах 74 дүгээр байрны барилгыг барих захиалагч нь хариуцагч Б-О ХХК болох үйл баримтын талаар маргаагүй, мөн нэхэмжлэгч уг байрны 11 тоот орон сууцыг гуравдагч этгээдээс худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан гэж тайлбарлаж байна.

Энэхүү факт нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлээр шаардах эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Гэвч хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд шаардах эрхтэй этгээдэд учирсан хохирол, уг зүйлийг олж авсан этгээдийн ашиг шалтгаант холбоотой байх учиртай.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 3040 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1196 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1036 дугаар тогтоолоор М ХХК-аас Б-О ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38,750,832 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн шинээр цонх суурилуулахад гарах зардалд 43,496,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад үндсэн нэхэмжлэлээс 22,500,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс 29,267,460 төгрөгийг ханган шийдвэрлэсэн байна. /хх-36-47/

Шүүхийн дээрх шийдвэрүүдэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 29,267,460 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ шинээр цонх суурилуулах шаардлагатай айлыг тухайлан заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, 74 дүгээр байрны 11 тоот орон сууцны 4 ширхэг цонхыг шинээр суурилуулах зардлыг гаргасан тухай шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Түүнчлэн хариуцагч Б-О ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу М ХХК-аас 29,267,460 төгрөг авсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Э нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах 74 дүгээр байрны 11 тоот орон сууцны өмчлөгч гэх боловч хэрэгт энэ тухай баримт авагдаагүй байна.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нь шаардах эрхтэй болох нь, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Э-аас хариуцагч Б-О ХХК-д холбогдуулан гаргасан 1,485,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.