| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2017/03749/И |
| Дугаар | 184/ШШ2018/01458 |
| Огноо | 2018-06-06 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2018/01458
| 2018 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 184/ШШ2018/01458 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.С-д холбогдох,
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.287.000 төгрөг гаргуулах, хууль бусаар хурааж авсан 44 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ, тохижилт, засварын зардалд нийт 7.077.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Д.С, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, гэрч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б миний бие 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж, сарын 1.900.000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн ........ дугаар хороо, ........... тоот хаягт байрлах 192 м.кв талбай бүхий байрыг 3 жилийн хугацаатай түрээслүүлэхээр болсон. Гэвч Д.С нь цэцэрлэг байгуулан хүүхэд хүлээн авах зориулалтаар тусгай зөвшөөрөл авч чадаагүйн улмаас үйл ажиллагаа нь доголдон хүүхэд харах үйлчилгээний сургалтанд хамрагдаж байна, сургалтын дараа хүүхдүүдээ хүлээн аваад түрээсээ төлнө, төрөөс санхүүжилт орж ирэхгүй байна гэх мэт шалтаг хэлэн 9 сарын түрээсийн төлбөр болох 17.100.000 төгрөгийг түрээсийн төлбөр төлөөгүй болно. Мөн ус, дулаан, байрны 122.000 төгрөг, цахилгааны 65.000 төгрөг төлөөгүй. Иймд хариуцагчаас нийт 17.287.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх гэрээ зарын дагуу түрээсийн байрыг олоод Д.Бын ахтай ярьж тохирч 2015 оны 7 дугаар сарын сүүлээр цэцэрлэгийн зориулалттай засвар үйлчилгээ хийсэн. 2015 оны 8 дугаар сарын 10-ны дотор тусгай зөвшөөрөл авахад шаардагдах материалыг бүрдүүлж өгөх шаардлагатай байсан боловч Д.Б болон түүний ах гэрээ хийнэ гэж худлаа ярьж явсаар байгаад 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрээ хийснээс болоод тусгай зөвшөөрлөө авч чадаагүй. Мөн тус байрны схем зураг байхгүй гэх шалтгаанаар тусгай зөвшөөрлөө авч чадаагүй учир Д.Бын байрны 2, 3 дугаар давхарыг ашиглаагүй. Харин зөвхөн 1 дүгээр давхарын 44 м.кв талбайг хүүхэд харах үйлчилгээгээр 4-6 хүүхэдтэй 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 9 сар ажилласан. Энэ хугацаанд ашигласан талбайн түрээсийн төлбөрийг /1м.кв талбайн түрээсийн төлбөр 9.900 төгрөг/ ашигласан 44 м.кв талбайгаар тооцож /1 сарын төлбөр 435.000*9 сар/, 3.920.400 төгрөгийг төлөх боломжтой. Ус, дулааны төлбөр 122.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Цахилгааны төлбөрт 37.400 төгрөг төлсөн тул үлдэх 27.600 төгрөгийг мөн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Д.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр надаас худлаа хэлж байрны түлхүүрийг авч, улмаар миний 44 нэр төрөл / хөргөгч 1 ширхэг, цахилгаан зуух /печь/ 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, халуун тогоо 1 ширхэг, 1-р хоолны таваг 20 ширхэг, 2-р хоолны таваг 20 ширхэг, цайны аяга 15 ширхэг, халбага, сэрээ 30 ширхэг, гурил, махны иж бүрдэл 1 ширхэг, хутга заазуурын иж бүрдэл 3 ширхэг, түмпэн савны иж бүрдэл 1 ширхэг, Румын улсад үйлдвэрлэсэн хувцасны шүүгээ 1 ширхэг, ширээ 1 ширхэг, хүүхдийн төмөр ор 1 ширхэг, хүүхдийн эвхдэг том ширээ 1 ширхэг, хүүхдийн эвхдэг жижиг ширээ 1 ширхэг, сандал 8 ширхэг, өлгүүр 1 ширхэг, хүүхдийн тоглоомын иж бүрдэл 1 ширхэг, хар саарал өнгөтэй шалны дэвсгэр 40 метр, шалны дэвсгэр 40 метр, хивс 2 ширхэг, хос хивс 1 ширхэг, ширээ сандлын иж бүрдэл 3 ширхэг, хивсэнцэр 1 ширхэг, ногоон өнгийн сандал ширээний иж бүрдэл 1 ширхэг, хөнжил 10 ширхэг, гудас 10 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, хүүхдийн угаалтуур 1 ширхэг, тоглоомын тавиур 3 ширхэг, гал тогооны тавиур 1 ширхэг, хүүхдийн суултуур 3 ширхэг, тараг бүрэгч 1 ширхэг, хүүхэд саатуулагч гудас 1 ширхэг, дижитал видео тоглуулагч 2 ширхэг, жижиг ширээ 1 ширхэг, хөшигний иж бүрдэл 1 ширхэг, багажны иж бүрдэл 1 ширхэг, шанаганы иж бүрдэл 1 ширхэг, /-ийн эд хөрөнгийг хууль бусаар булааж авсан. Иймд уг 44 эд хөрөнгийн үнэ 6.127.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Түүнчлэн Д.Бын түрээсийн байрыг үзэж, хүүхдийн цэцэрлэг ажиллуулахад тохирч байгаа эсэхийг холбогдох газраас ирж шалгадаг тул би 1, 2, 3 дугаар давхрын өрөөнүүдийг засвар хийн тохижуулсан ажлын хөлс 200.000 төгрөг, мөн өрөөнүүдэд үлгэрийн баатрууд, амьтдын, хүүхэлдэйн зургууд зэрэг 13 ширхэг зураг зуруулахад 600.000 төгрөг, сантехник янзлуулахад 50.000 төгрөг, будаг, эмульс хийлгэсний хөлс 100.000 төгрөг, нийт 7.077.000 төгрөгийг Д.Баас нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 2016 оны 5 дугаар сард манай байрны урдуур төвийн дулааны шугам солихоор гарам хааж нүх ухсан байсан бөгөөд би ажилтай байсан тул ахыгаа гуйж тэнд байгаа эд зүйлсийг нь гаргаж өгөхийг хүссэн. Тухайн үед Д.С өөрөө хүүхүүдийн эцэг эхийн хамт ирж, ухсан нүхэн дээгүүр дамнан хэрэгцээтэй ажиллагаатай бүхий л эд зүйлээ зөөж гаргасан бөгөөд хуучин хөргөгч, эвдэрхий шкаф зэрэг хэрэггүй эд зүйлээ дараа ирж авна гээд хаяад явсан. Би эдгээр зүйлийг өгөх гэсэн боловч оршин суугаа хаяг дээрээ байхгүй, утсаа өөрчлөөд өөрөө зугтаагаад байсан. Тэр хаяж явсан 44 нэр төрлийн эд зүйл нь хадгалаатай бүгд байгаа. Төлбөрөө төлбөл өгөхөд бэлэн байна. Д.С нь цэцэрлэг байгуулах стандартыг хангуулахын тулд өөрөө сайн дураар засвар хийсэн болохоос биш манай байр засвар хийхээргүй сайхан байр байсан. Харин Д.Сыг гарснаас хойш бид байрандаа 1.450.000 төгрөгийн их засвар хийсэн. Манай байрны сантехникийн хүртэл дур мэдэн өөрчилж хүүхдийн зориулалттай болгохын тулд 2 иж бүрдэл угаалтуурыг авч хаясан байсныг бид өөрсдөө зассан. Д.С нь түрээсийн гэрээ байгуулахдаа байрыг хэсэгчилэн түрээслэхээр заагаагүй бөгөөд энэ талаар хүсэлт гаргаж байгаагүйгээс гадна эхний хэдэн сарын түрээсийн төлбөрөө төлөхгүй хойшлуулаад байхаар нь очиж уулзахад гэрээний дагуу мөнгөө төлнө гэж бичгээр хүртэл баталгаа гаргаж өгч байсан. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь гарын үсэг үнэлгээ тамга тэмдэг байхгүй шаардлага хангахгүй байгаа тул миний нэхэмжлэлийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Түрээсийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 17.287.000 төгрөг нэхэмжилж, хариуцагч Д.С нь нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, улмаар 44 нэр төрлийн хөдлөх хөрөнгийн үнэ 6.127.000 төгрөг, засварын ажлын хөлс, материалд зарцуулсан зардал 950.000 төгрөг, нийт 7.077.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд маргажээ.
Талууд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Түрээсийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, 1 сарын төлбөрийг 1.900.000 төгрөгөөр харилцан тохиролцсон, хөрөнгийг Д.Сын эзэмшилд 2015 оны 7 дугаар сард шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эдгээр үйл баримтуудыг тогтоогдсон гэж үзнэ.
Нэхэмжлэгч Д.Б нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, ......... хороолол, ...... дугаар байрны......... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-............дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай 192 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Д.Сын эзэмшил, ашиглалтад 3 жилийн хугацаагаар шилжүүлэх, хариуцагч Д.С нь сар бүрын 20-ны өдөр 1.900.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бад төлөхөөр тохиролцжээ. Хэдийгээр талууд өөрсдийн тохиролцоогоо Түрээсийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч энэ гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ биш байна. Учир нь, түрээсийн гэрээгээр түрээслэгч нь тухайн эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн буюу үр шимийг хүртэх зорилготой байдаг бол эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг өөрийн зорилгодоо нийцүүлэн ашиглах хүсэлтэй байдаг байна.
Иймд талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ.
Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар
Нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны хөлс болох 17.100.000 төгрөг, ус, дулаан, байрны төлбөрт 122.000 төгрөг, хэрэглэсэн цахилгааны төлбөрт 65.000 төгрөг, нийт 17.287.000 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч нь, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч чадаагүйд нэхэмжлэгч буруутай, улмаар цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тул 192 м.кв тайлбайг ашиглаж чадаагүй, харин 44 м.кв талбайг ашигласан гэх үндэслэлээр 9 сарын хөлс 3.920.400 төгрөг /1.900.000/192м.кв*44м.кв*9сар/-ийг, мөн ус, дулаан, байрны төлбөр 122.000 төгрөг, цахилгааны төлбөрт 27.600 төгрөг, нийт 4.070.000 төгрөг төлөхийг зөвшөөрчээ.
Үлдэх хэсгийг дор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрсөн байна.
1.1 Хариуцагч нь, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг зөвхөн хүүхдийн цэцэрлэг ажиллуулах тусгай зөвшөөрөл авах зорилгоор байгуулсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцлээр, талууд аливаа эрх зүйн үр дагавар бий болгохыг зорьдоггүй, уг хэлцлийн дагуу үр дагавар үүсгэхгүй гэдгийг урьдчилан мэдсэн байдаг байна. Гэтэл хариуцагч Д.С нь гэрээний дагуу эд хөрөнгийг хүлээн авч, хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж ашиглаж байсан, улмаар 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, 8 сарын түрээсийн мөнгө 15.200.000 төгрөгийг төлөхийг баталж, хүсэл зоригоо бичгээр илэрхийлэн нотариатаар гэрчлүүлсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм. /хх 9 дүгээр тал/
1.2 Мөн хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч чадаагүйд нэхэмжлэгчийг буруутгасан. Цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад шаардагдах материалыг 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрдүүлж өгөх ёстой байсан, шаардагдах материалд Түрээсийн гэрээ ордог, гэтэл нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг бичгээр байгуулалгүй удсаны улмаас хугацаа хожимдуулсан буруутай хэмээн хариуцагч татгалзлаа үндэслэдэг.
Хариуцагч нь дээр дурдсанаар, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тусгай зөвшөөрөлд шаардлагатай материалыг эрх бүхий этгээд хүлээж авах сүүлийн өдөр байсан хэмээн тайлбарлах атлаа нэхэмжлэгчтэй 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрээг бичгээр байгуулж, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа нь нэг талаас нэхэмжлэгчийг хугацаа хожимдуулсан буруутай гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.
Нөгөө талаас, тусгай зөвшөөрөл авахад шаардагдах материалыг хүлээж авах эцсийн хугацаа 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өнгөрснийг хариуцагч мэдсээр байж 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан байх тул уг хугацааг өнгөрүүлсэнд нэхэмжлэгчийг буруутгах гэм буруугийн шалтгаант холбоо байхгүй гэж үзнэ.
Түүнчлэн Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2-т зааснаар, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Түрээсийн гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүссэн байж болох юм. Гэвч гэрээ байгуулахаас өмнө 2015 оны 8 дугаар сарын 18-наас өмнө гэрээнд гарын үсэг зурах үүрэг гэрээний бэлтгэл үе шатанд үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй.
Ийнхүү хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хөлслөгчийг эд хөрөнгө шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгөө ашиглахад хөлслүүлэгч саад учруулсан, эсхүл нийт 192 м.кв талбай бүхий эд хөрөнгөөс зөвхөн 42 м.кв талбайг ашиглахад хүргэсэн гэх хөлслүүлэгчийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т зааснаар хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгддөггүй тул эд хөрөнгө хөлслөж буй этгээдийн бизнесийн болон ашиг орлогын эрсдлийг хөлслүүлэгч хүлээдэггүй байна.
Иймд Түрээсийн гэрээ-ний 1.2-т зааснаар 9 сарын хөлс 17.100.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй юм.
Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3-т зааснаар талууд гэрээгээр тохиролцсон бол ашиглалтын зардлыг хөлслөгч хариуцах боломжтой байдаг. 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Түрээсийн гэрээ-нд ашиглалтын зардлыг хөлслөгч хариуцахаар тохироогүй байх боловч хөлслөгч Д.С нь хожим буюу 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ашиглалтын зардлыг хариуцахаар, бичгээр хүсэл зоригоо илэрхийлснийг хөлслүүлэгч хүлээн авсан байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь ус дулааны зардалд 122.000 төгрөг, цахилгааны төлбөрт 65.000 төгрөг гарсан гэх тайлбараа өөрөө нотлож чадаагүй, хэрэгт өгсөн баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч хариуцагч нь ус дулааны төлбөрт 122.000 төгрөг, цахилгааны төлбөрт 27.600 төгрөг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд ашиглалтын зардлыг гаргуулж шийдвэрлэх нь зөв байна.
Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 17.249.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр.Сөрөг нэхэмжлэлийн талаар
2.1 Хариуцагч нь, өөрийн өмчлөлийн 44 нэр төрлийн эд хөрөнгийг хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч нь хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлж авсан, шилжүүлж авсан үйлдэл нь хууль бус тул эд хөрөнгийг буцааж авахгүй, харин 44 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ болох 6.127.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, 44 нэр төрлийн эд хөрөнгө хадгалагдаж байгаа, улмаар үүргээ биелүүлсэн тохиолдолд эд зүйлсийг буцааж өгөх боломжтой хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д: Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй. гэж заажээ.
Энэ нь хуульд зааснаар үүсэж буй барьцааны нэг хэлбэр мөн тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар, барцаалсан 44 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөх эрх Д.Бад шилжээгүй, устаж үгүй болоогүй, мөн барьцааны эрх хүчин төгөлдөр байгаа нөхцөлд тухайн хөрөнгийг буцаан шаардах, эсхүл үнийг гаргуулах эрхгүй юм.
Харин хариуцагч нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар барьцааны эрх дуусгавар болсны дараа эд хөрөнгийг буцаан шаардах, эсхүл эд хөрөнгө устсан гэмтсэнээс өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй болно.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар, хөлслүүлэгч нь гэрээний үүргийг шаардах зорилгоор хөлслөсөн байшин доторхи эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй тул 44 нэр төрлийн хөдлөх хөрөнгийн үнэ 6.127.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзнэ.
2.2 Хариуцагч нь мөн хөлслөн авсан эд хөрөнгийг засварлах зардалд 350.000 төгрөг, хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулахад 600.000 төгрөгийн зардал, нийт 950.000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгчээс гаргуулна гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэл гаргасан этгээд өөрийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй байдаг. Хариуцагч нь хөлслөн авсан эд хөрөнгийг зайлшгүй засварлах шаардлагатай байсан, ийнхүү засварлахад 350.000 төгрөгийн зардал гарсан гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй болно.
Түүнчлэн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хөлслөгч нь хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардал-ыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй боловч хүүхдийн цэцэрлэг ажиллуулахад зориулж зураг зуруулсаныг хуулинд заасан зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл цэцэрлэгт зориулж зураг зуруулсан засан сайжруулалт нь зөвхөн хөлслөгч ашиг орлого олоход зориулагдсан тул үүний улмаас хөлслүүлэгчийн хөрөнгө, орлого нэмэгдсэн гэж үзэж болохгүй юм.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч талаас, итгэмжлэл олгогдоогүй этгээдтэй буюу нэхэмжлэгчийн ахтай анх уулзаж байсан, нэхэмжлэгч сүүлд гэрээнд гарын үсэг зурсан нь буруу гэх боловч хариуцагч нь хожим нэхэмжлэгчтэй буюу хөрөнгийн өмчлөгчтэй өөртэй нь харилцан тохиролцож гэрээг байгуулжээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас 17.249.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан Д.Саас 17.249.600 төгрөгийг олгож, нэхэмжлэлээс 37.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан, 44 нэр төрлийн хөдлөх хөрөнгийн үнэ 6.127.000 төгрөг гаргуулах, мөн зайлшгүй засан сайжруулалтад гарсан зардал гэх 950.000 төгрөг, нийт 7.077.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244.385 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 126.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Саас 244.198 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР