| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2018/01810/И |
| Дугаар | 184/ШШ2018/01516 |
| Огноо | 2018-06-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2018/01516
| 2018 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 184/ШШ2018/01516 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч С-ЗА-т холбогдох,
Ээлжийн амралтын олговорын зөрүү 57.769 төгрөг гаргуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тэтгэмж гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Т нь тус С-ЗА-нызахирлын 2017 оны 5 дугаар сарын 16-ны ..... дүгээр тушаалаар тус албаны ерөнхий нягтлан бодогчоор ажилд орж, одоог хүртэл тасралтгүй ажиллаж байтал захирал Б.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр гэнэт нярваар ажилла гэж шаардсан. Хэсэг хугацаанд энэ тухай би бодсон. Гэтэл өөрийн хүсэлтээр өөрөө өргөдөл өгөхгүй байгаа бол халах тушаал гаргалаа, ажлаа хүлээлцээрэй гэж хэлж тушаал гаргах үүргийн дагуу холбогдох албан тушаалтнууд тушаал гарган баталж ажлаас халагдсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар гэнэт ажлаас халагдсаны тэтгэмж олгож өгнө үү. Мөн ажил олгогч нь ажиллах 12 сарын хугацааны цэвэр цалингийн нийлбэр болох 6.974.454 төгрөгөөс дундаж цалинг бодож ээлжийн амралтын олговорт 643.188 төгрөг олгосон. Энэ цэвэр цалинд миний нэмэгдэл хөлс, урамшуулал ордоггүй. Иймд 12 сарын нийт цалин хөлс 7.664.454 төгрөгөөс дундаж цалинг бодож ээлжийн амралтын олговор өгөх ёстой. Иймд ээлжийн амралтын олговорын зөрүүд 57.769 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Цалин шаардсан шаардлагаасаа татгалзаж байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Т нь захирлын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ..... дүгээр тушаалаар ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажилласан. Ажиллах хугаандаа алдаа дутагдал гаргаж, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ........ дугаартай тушаал, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ......... тоот тушаал, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн ..... дугаартай тушаалуудаар тус тус сахилгын шийтгэл хүлээж байсан тул 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн ........ тоот тушаалаар үүрэгтэй ажлаас нь чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөж байгаа учир тэтгэмж өгөх үндэслэл байхгүй, ээлжийн амралтын олговорыг 12 сарын цэвэр цалингийн нийлбэр 6.974.454 төгрөгөөс бодож, хоногийн 30.323 төгрөгийг ээлжийн амралтын 26 хоногоор бодож гарт өгөх олговорыг 643.188 төгрөг гэж гаргасан нь буруу биш ба уг мөнгийг нэхэмжлэгчид олгосон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд хандаж Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тэтгэмжийг гаргуулах, ээлжийн амралтын олговорын зөрүү төлбөрт 57.769 гаргуулах, цалин хөлсний зөрүү гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тэтгэмжийг гаргуулах, ээлжийн амралтын олговорын зөрүү төлбөрт 57.769 гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч С-ЗА-ны бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.
Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч байгууллагатай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу С-ЗА-нынд Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад тус байгууллагын даргын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ........ дугаартай шийдвэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх 5, 26-27 дугаар тал/
Хариуцагч байгууллага нь Д.Тын ээлжийн амралтын олговорыг бодохдоо цэвэр цалин-аас буюу 12 сарын цалин 6.974.454 төгрөгөөс тооцож гарт 643.188 төгрөг олгосон хэмээн тайлбарлаж, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Амралтын мөнгө олгох хүснэгт баримтыг шүүхэд гаргаж өгсөн. /хх 36-37 дугаар тал/
Хариуцагч талаас гаргаж өгсөн Амралтын мөнгө олгох хүснэгт баримтад 12 сарын хугацааны Цэвэр цалин 6.974.454 төгрөг, мөн 12 сарын хугацааны Цалин хөлс 7.664.454 төгрөг гэх хоёр өөр цалин хөлсний тооцоолол байх ба Цэвэр цалин-г нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал ороогүй дүн, Цалин хөлс нь нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон урамшуулал орсон дүн хэмээн зохигчид тайлбарласан, улмаар цалин хөлсний эдгээр дүнгүүдэд бичигдсэн 6.974.454 төгрөг болон 7.664.454 төгрөгийн тооцоолол, хэмжээний талаар маргаагүй.
Өөрөөр хэлбэл талууд нь Амралтын мөнгө олгох хүснэгт баримтад бичигдсэн 7.664.454 төгрөг /цэвэр цалин/-өөс дундаж цалинг тооцож ээлжийн амралтын олговорыг бодох, эсхүл мөн баримт дээр бичигдсэн 6.974.454 төгрөг /цэвэр цалин/-өөс олговор бодох эсэх талаар маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин хөлс гэх ойлголтод үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал ордог байх ба мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар ээлжийн амралтын олговорыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлс-ний хэмжээгээр тогтоодог байна. Харин цэвэр цалин гэх ойлголт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүйгээс гадна нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулалыг хассан дүнгээс ээлжийн амралтын олговор бодож олгохыг ажил олгогчид хуулиар зөвшөөрөөгүй байна.
Иймд Амралтын мөнгө олгох хүснэгт баримт дээр бичигдсэн 7.664.454 төгрөг буюу цалин хөлс-өөс ээлжийн амралтын олговорыг бодох нь зүйтэй юм.
Амралтын мөнгө олгох хүснэгт баримт дээр бичигдсэн 12 сарын цалин хөлсний нийлбэр дүн болох 7.664.454 төгрөгөөс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тооцох журамд зааснаар бодож үзвэл дундаж цалин хөлс нь 866.398 төгрөг /7.664.454/230*26/ болж байна. Үүнээс, Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан суутгал хийх хувь хэмжээг хасаж тооцвол хариуцагч байгууллага нь ээлжийн амралтын олговорын зөрүү 39.102 төгрөгийг нэхэмжлэгч Д.Тын гарт олгохоор байна.
Мөн нэхэмжлэгч нь ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах шаардлага гаргажээ. Гэнэт халагдсаны тэтгэмж гэх ойлголт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй боловч аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, ажилтан цэргийн албанд татагдсан, мөн ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, эсхүл ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох үүргийг ажил олгогч хүлээсэн байна.
Гэтэл хэрэгт цугларсан баримтын хэмжээнд ажилтныг дээрх үндэслэлүүдийн аль нэгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу ажилтан нь тэтгэмж шаардах эрхгүй юм.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн ажлын албанд хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул шүүх харьяалан шийдсэн, түүнчлэн ажилтан нь өмнө эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар С-ЗАнаас 39.102 төгрөгийг гаргуулан Т.Т-д олгож нэхэмжлэлийн энэ шаардлагаас 18.667 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үндэслэлгүй тул тэтгэмж гаргуулах тухай С-ЗА-нынд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С-ЗА-нынаас 4.550 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР