Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 111

 

2016.10.24                        №111

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2016/0117/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:            А.Цэрэндулам,
Улсын яллагч:                Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:            Д.Оюунцэцэг,
Хохирогч:                    Д.Эрдэнэсүрэн
Шүүгдэгч:                    С.Отгондарь нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас:
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1975 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 11, дүү  хүүхдүүдийн хамт Хэнтий аймаг Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 07-07 тоотод  оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, 1997 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхэд Эрүүгийн хуулийн 131б-д зааснаар 01 жилийн хорих ял,  Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 5 хоногийн хорих ялаар, Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 01 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх Боржигон овогт Сундуйсүрэнгийн Отгондарьд /РД:СД75090602/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201623000265 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар / яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч С.Отгондарь нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг хуучин худалдаа бэлтгэлийн хашаанд иргэн Д.Эрдэнэсүрэнтэй архидан согтуурах үедээ Д.Эрдэнэсүрэнгийн 1580000 төгрөгтэй “ХААН” банкны виза картыг хулгайлж бусдад бага бус хэмжээний 1580000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Д.Эрдэнэсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 6-р сарын сүүлээр хамт архи уудаг Отгондарь, Хүрэлээ, Түмээ, Хуягаа болон өөр бусад хэдэн хүмүүстэй сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн хашаанд хоёр хоног архи ууцгаасан юм. Би виза картандаа 1 сая гаруй төгрөгтэй байсан. Тэгээд миний карт алга болсон байсан. Би хаячихсан юм байх гэж бодсон. Би иргэний үнэмлэхээрээ мөнгө авдаг байсан. Нэг өдөр банкан дээр очоод мөнгөө авах гэсэн чинь танд мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гайхаад дүүгийнхээ охиноос асуусан чинь таны данснаас мөнгө аваагүй гэж хэлсэн. Банкны ажилтнаар дансаа шүүлгэж үзсэн чинь виза картнаас маань мөнгө уншуулаад авсан байсан. Би архи ууж байх үедээ Отгондарьтай хамт бэлэн мөнгөний машин орж мөнгө авахад миний ард зогсож байсан. Отгондарь миний картнаас 1580000 төгрөг авсан. Надад 700000 төгрөгийг маань өгсөн. Харин үлдэгдэл 880000 төгрөгийг нь нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.
Гэрч С.Наранмижидийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 6 сарын сүүлээр байх аа өдрийг нь санахгүй байна. Гэртээ байж байтал Отгондарь нэг виза карт гаргаж ирээд хоёулаа архи ууя гэхээр нь би хүний юмаар яах вэ гээд аваагүй. Тэгээд маргааш өглөө дахиад надад өгөхөөр нь би дүү охин Болормаад картыг нь өгөөд мөнгө аваад ир гээд явуулсан. Болормаа 600000 төгрөг аваад ирэхээр нь би 200000 төгрөгийг нь Болормаад өгөөд үлдсэн 400000 төгрөгийг нь өөрөө авч дансандаа хийж бага багаар авч хэрэглэсэн гэсэн мэдүүлэг.
Гэрч Н.Болормаагийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Отгондарь эгч согтуу ирчихээд картнаас мөнгө аваад ир гээд байсан. ... Би тэгээд хувьцааны мөнгө нь орсон юм байх гэж бодсон. Картыг авч гараад 100000, 600000 төгрөгийг авсан гэсэн мэдүүлэг.
ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар /хх-14х/
АТМ буюун бэлэн мөнгөний машины камерын бичлэгийн зурагнууд /хх-15-26х/ зэрэг нотлох баримтууд  болно.
Шүүгдэгч С.Отгондарийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг хуучин худалдаа бэлтгэлийн хашаанд иргэн Д.Эрдэнэсүрэнтэй архидан согтуурах үедээ Д.Эрдэнэсүрэнгийн 1580000 төгрөгтэй “ХААН” банкны виза картыг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1580000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, прокуророос зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь 1580000 төгрөгийн хохирлоос 700000 төгрөгийг хохирогчид буцаан төлсөн бөгөөд үлдэх 880000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  
 
ТОГТООХ  НЬ :
1. Шүүгдэгч Боржигон овогт Сундуйсүрэнгийн Отгондарийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгондарьд 120 /нэг зуун хорь/ цаг албадан ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

    4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгондариас 880000 /найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эрдэнэсүрэнд олгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Отгондарьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах тухай  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ц.МӨНХТУЛГА