Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2023/0860/З |
Дугаар | 221/МА2024/0225 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0225
Э.О, Э.Ю нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Парк Вью хотхон, 751 дүгээр байр, 141 тоот 70.51 м.кв 3 өрөө орон сууцыг Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Э.О, Э.Ю нарын нэр дээр гаргахыг хариуцагчид даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 983 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.Ю
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2023/0860/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.О , Э.Ю нар нь “Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Парк Вью хотхон, 751 дүгээр байр, 141 тоот 70.51 м.кв 3 өрөө орон сууцыг Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Э.О , Э.Ю нарын нэр дээр гаргахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 983 дугаар шийдвэрээр: “... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3, 11.9-д заасныг тус тус заасныг баримтлан Э.О, Э.Ю нараас Баянзүрх дүүрэг дэх Бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Парк Вью хотхон, 751 дүгээр байр, 141 тоот 70.51 м.кв 3 өрөө орон сууцыг Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Э.О , Э.Ю нарын нэр дээр гаргахыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3, 11.9-д заасныг баримтлан Э.О , Э.Ю нараас Баянзүрх дүүрэг дэх Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дугаар зүйлд заасан “Захиргааны ерөнхии хуулийн 92-94 дүгээр зуйлд заасан гомдол гаргах журмаар уръдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байхад хууль зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан … Улсын бүртгэлийн холбогдох дээд шатны байгууллагад гомдол гаргахгүйгээр буюу хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгүйгээр нэхэмжлэл гаргасан.
3.3. Энэ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “эд хөрөнгийн эрхийн буртгэл хөтлөх журам”-ын 2.1.8-д заасан хуулийг буруу хэрэглэж тайлбарласан ба эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах үүргээ улсын бүртгэгч биелүүлсэн.
3.4. Яагаад гэвэл дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл буюу “Ж” ХХК болон Х ХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/149 тоот зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нарын Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо Парк вью хотхон, 751 дүгээр байр, 141 тоот 70.51 м.кв 3 өрөө орон сууцыг бүхэлд нь барьцаалсан байхад татгалзал хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр гаргасан байна.
3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 983 дугаар шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дугаар зүйлд заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасны хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Э.О , Э.Ю нар нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Парк Вью хотхон, 751 дүгээр байр, 141 тоот 70.51 м.кв 3 өрөө орон сууцыг Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Э.О , Э.Ю нарын нэр дээр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.2. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ ...Бид 2018 оны 06 дугаар сарын 7-ны өдөр “Барилгад хөрөнгө оруулалт хийх” 180607 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж орон сууцны төлбөрт төгрөгийг төлсөн ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02492 дугаар шийдвэрээр биднийг орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосон, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрх”-ийг зөрчсөн” гэж тайлбарлажээ.
2.3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анх нэхэмжлэгч Э.О , Э.Ю нар нь “Ж” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 180607 тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх” гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Парк вью орон сууцны барилгад 1 дүгээр байрны 10в тоот 3 өрөө буюу 70.51 м.кв талбайтай орон сууцанд 212,023,570 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, “Ж” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
2.4. Улмаар “Ж” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21/205 дугаар албан бичгээр ... орон сууцыг захиалгаар бариулсан иргэн Э.О , Э.Ю нар нь манай компанитай тооцоогүй тул үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгож өгнө үү” гэх хүсэлтийг, 2021 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 21/206 дугаар албан бичгээр ... Э.О , Э.Ю нарын захиалсан 70,51 м.в талбайг захиалагчийн нэр шилжүүлэх” тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан гаргажээ.
2.5. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 02492 дугаар захирамжаар Э.О , Э.Ю нараас “Ж” ХХК-д холбогдуулан “Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Парк вью орон сууцны хотхон, 751 дүгээр байр, 10 давхар, 141 тоот, 70.51 м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Жигүүр гранд групп” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, нэхэмжлэгч Э.О 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өөрийн болон Э.Ю гийн нэр дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргахад Баянзүрх дүүргийн улсын бүртгэгч Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журмын 2.1.8, 10.7-д заасныг үндэслэн мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг гаргасан байна.
2.6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана:”, 11.1.4-т “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар”, 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 11.9-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж тус тус заажээ.
2.7. Дээрх хуулийн заалтаас үзвэл, нэхэмжлэгч нар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх үүссэн байх тул өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл хийлгэх нөхцөл үүссэн байхад хариуцагчаас “...үүрэг ногдуулсан хэлцэл хийсэн этгээдийн зөвшөөрлийг мэдүүлэгт хавсаргаж өгөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцээгүй байна.
2.8. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ” гэж зааснаас үзвэл барьцааны хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх ба барьцааны зүйлийг бусдад шилжүүлсэн нь барьцааг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд уг бүртгэлийн улмаас барьцаалагч “Х” ХХК-ийн эрх хөндөгдөхгүй.
2.9. Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6.5-д “Шүүх, арбитрын шийдвэр, албадан дуудлага худалдаа, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.5, 11.6-д заасан журмыг баримтална” гэж, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.1-д “улсын бүртгэгч нь … үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус заажээ.
2.10. Хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэхэмжлэгч Э.Ю д хандан хариу өгсөн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 6/8892 дугаар “... мэдүүлгийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул таны гомдолд дурдсан хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэх албан бичиг авагдсан байх тул гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... улсын бүртгэлийн холбогдох дээд шатны байгууллагад гомдол гаргахгүйгээр буюу хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгүйгээр нэхэмжлэл гаргасан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
2.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 983 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ