| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2018/01029/И |
| Дугаар | 184/ШШ2018/01518 |
| Огноо | 2018-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2018/01518
| 2018 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 184/ШШ2018/01518 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.П-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.360.922 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З, түүний өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Птай 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 8.000.000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Гэрээнд заасан эхний 4 сарын хүүгийн төлбөр 640.000 төгрөгийг тогтмол төлж байсан ба үлдэх 1 сарын хүү болох 640.000 төгрөгийг төлөөгүй. О.П нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2.900.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 2.100.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2.800.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 200.000 төгрөгийг тус тус төлсөн. Эдгээр мөнгийг алдангийн төлбөрт суутган авсан болно. Одоо үндсэн зээлийн төлбөрт 4.000.000 төгрөг, алданги 1.360.922 төгрөг, нийт 5.360.922 төгрөгийн төлбөр үлдсэн тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.П болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Зшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулж 8.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Хүүгийн төлбөр болох 640.000 төгрөгийг тогтмол хугацаанд төлж байсан. Анх 8.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлж авахдаа хүү тооцхоор бичгээр харилцан тохиролцоогүй тул 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 640.000 төгрөгийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын хүүгийн төлбөрт шилжүүлж тооцох ёстой. Бас миний хийсэн төлөлтүүдийг алдангийн төлбөрт суутган авч үндсэн зээлээс хаагаагүй нь буруу юм. Миний хувьд үндсэн зээлийн төлбөр 8.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Нийт 10.560.000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо алдангийн төлбөрт 556.728 төгрөг төлөх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.С нь үндсэн зээл болон хүүгийн төлбөрт 4.000.000 төгрөг, алдангийн төлбөрт 1.360.922 төгрөг, нийт 5.360.922 төгрөг шаардсан ба хариуцагч О.П нь алдангийн төлбөрөөс 556.728 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөр талууд маргажээ.
А.С болон О.П нар нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулж, 8.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 1 сарын 8 хувийн хүүтэй, хүүг сар бүр төлж, үндсэн зээлийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна.
Дээрх тохиролцооны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 8.000.000 төгрөгийг зээлж авсан, гэрээг хожим буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бичгээр байгуулсан, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүүгийн төлбөрт 640.000 төгрөг төлсөн, үүнээс хойш сар бүр хүүгийн төлбөрт 640.000 төгрөг төлж, 2016 оны 4 дүгээр сарын хүүгийн төлбөр 640.000 төгрөг төлөөгүй байгаа, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2.900.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 2.100.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2.800.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 200.000 төгрөгийг тус тус төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эдгээр үйл баримтуудыг тогтоогдсон гэж үзнэ.
Харин бичгээр гэрээ байгуулаагүй үе /2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл/-ийн хүү төлөх эсэх, зээлдэгч буюу хариуцагчаас төлсөн төлбөрүүдийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох эсэх, хүүгээс алданги бодох эсэх талаар маргажээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалт дахь хүү авах эрхээ алдах тухай ойлголт нь бичгээр гэрээ байгуулаагүй бол хүүгийн төлбөр шаардаж болохгүй болохыг хуульчилсан байна. Харин зээлдэгч өөрөө зөвшөөрөөд хүүгийн төлбөрийг төлсөн /2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 640.000 төгрөг төлсөн/ бол уг төлбөрийг суутгах, хасах боломжгүй юм. Энэ нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлэх тухай Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зарчимтай холбоотой болно. Иймд 2016 оны 4 дүгээр сарын хүүгийн төлбөрт 640.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Зээлдэгч О.П нь гэрээгээр тохирсон сүүлийн хугацаа болох 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 640.000 төгрөг, нийт 8.640.000 төгрөгийн зээл төлөх үүрэгтэй байжээ. Энэ үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хожимдвол зээлдэгч нь хоног тутам 0.5%-ийн алданги тооцохоор гэрээний 2.7-д тохиролцсон тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож авах эрхтэй юм.
Хариуцагч талаас, хүүгээс алданги тооцохгүй хэмээн маргаж байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан хүү нь зээлдэгчийн хариу үүрэг мөн төл гүйцэтгээгүй үүрэг-т тооцогддог болно. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан татгалзал үндэслэлгүй юм.
Хариуцагч О.П нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 8.640.000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2.900.000 төгрөг төлсөн, энэ хүртэл 36 хоногийн алдангийг 8.640.000 төгрөгөөс бодож 1.555.200 төгрөг /8.600.000*0.5/100*36/, 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 2.100.000 төгрөг төлсөн, энэ хүртэл 97 хоногийн алдангийг 5.740.000 төгрөгөөс бодож 2.783.900 төгрөг /5.740.000*0.5/100*97/, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2.800.000 төгрөгийг төлсөн, энэ хүртэл 8 хоногийн алдангийг 3.640.000 төгрөгөөс бодож 145.600 төгрөг /3.640.000*0.5/100*8/, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 200.000 төгрөг төлсөн, энэ хүртэл 78 хоногийн алдангийг 840.000 төгрөгөөс тооцож 327.600 төгрөг /840.000*0.5/100*78/, нийт 4.812.300 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хязгаарлалтын хэмжээнд тооцвол 4.320.000 төгрөг /8.640.000/2/ төлөх үүрэгтэй байжээ.
Гэвч нэхэмжлэгч нь 1.360.922 төгрөгийн алданги нэхэмжилсэн тул энэ хэмжээнд алданги гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасантай нийцхээр байна.
Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д: үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж заасан ба зээлдэгч буюу хариуцагч нь хугацаа дууссанаас хойш төлсөн 8.000.000 төгрөгийг алдангид төлөх сонголт хийгээгүй байна. Энэ тохиолдолд мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрийг эхний ээлжинд, дараа нь хүүг төлсөн гэж үзнэ. Иймд 4.000.000 төгрөгийг алдангид суутган авсан, одоо 4.000.000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр үлдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч О.Паас алдангийн төлбөрт 1.360.922 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын хүүгийн төлбөр 640.000 төгрөг, нийт 2.000.922 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.С-т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан О.Паас 2.000.922 төгрөгийг гаргуулан А.С-т олгож, нэхэмжлэлээс 3.360.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 9.276 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, 46.964 төгрөгийг хариуцагч О.Паас тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч А.С-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР