Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/857

 

                                                                                                                      

 

 

 

 

 

           

  2022           06           08                                        2022/ШЦТ/857

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б-т холбогдох эрүүгийн 2206 02181 1897 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127/1 дүгээр байрны 4 тоотод төрсөн эгч болох Б.Баттогтохтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Б.Баттогтохын эзэмшлийн Ротензо маркийн 56 инчийн зурагтыг сандлаар цохиж эвсдэн, мөн ноолууран пальтоныг нь хутгаар сийчэн, зүсэж гэмтээсний улмаас 2,037,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Б.Баттогтох мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд 13 цаг 30 минутын орчим гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд төрсөн дүү болох Б.Б ирчихсэн түр хэрэглүүлж байсан аяна, таваг, ширээ зэрэг зүйлээ дотор үүдний хэсэгт тавьчихсан үүдэндд коридорт зогсож байсан. Намайг харчихаад юм ашигласан юм бол авчирч өгөхөд яадаг  юм ашигч, ашиглаад байлгаад байх юм гэх мэт үг хэлсэн. Би эгч нь учраас өөдөөс нь битгий солиороод бай гэж хэлсэн. Тэгсэн энгэрээс барьж аваад хүзүүг маань урсан хүзүүг жаахан л урсан учраас ямар нэгэн гэмтэл бол байхгүй. Уурандаа өөрийгөө ална гээд гал тогооны өрөөнөөс хутга авахаар нь ээж бид хоёр нийлж хутгыг нь авах гэж оролдоод дийлэхгүй болохоор унтлагын өрөө рүү Б.Бийг оруулсан. Би санаа зовоод янз бүрийн юм болчихвий гэж бодоод араас нь яваад орсон чинь хаалганы ард байсан миний пальтог 5 удаа хутгаар хатгасан. Би пальтогоо булааж аваад том өрөөний ор руу шидсэн миний пальто бол дахин ашиглах боломжгүй сэвтэй л болсон байгаа. Би том өрөөнд Б.Бийн барьж байсан хутгыг нь булааж авсан. Хутгыг нь булааж аваад цонхоор гадагшаа шидчихсэн. Одоо хутга нь хаана байгааг нь мэдэхгүй байна. Тэрнээс яг ээж бид хоёрыг ална гэж хутга барьсан зүйл бол байхгүй. Ээжийг дүүгийн талд орохгүй миний талд ороод байна гэж уурласан байх. Намайг хутга цонхоор шидэх хооронд Б.Б зурагт цохиод хагалчихсан одоо зурагт ажиллахгүй эвдэрчихсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугар хороо нутаг дэвсгэрт байрлах 127 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхарт 4 тоотод оршин суух ээжийнд өөрийн эд зүйлээ авахаар очсон. Би өөрийнхөө эд зүйлээ гэрээс нь аваад байж байхад гаднаас Б.Баттогтох орж ирсэн. Би Б.Баттогтохоос өөрийн ээмэг зүүлтээ авъя гэхэд байхгүй гээчихсэн гэсэн зүүлтийг хүзүүндээ зүүчихсэн байхаар нь авах гээд гараараа самардсан түүнээс болж бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгээд би зүүлтийг өгөхгүй гээд байхаар нь хананд байсан зурагтыг нь гараараа цохисон эвдэрсэн эсэхийг мэдэхгүй байна. Мөн арын өрөөнд байсан Б.Баттогтохын цайвар шаргал өнгийн пальтог нь хутгаар 2-3 удаа сийчсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас),

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1829 дугаартай:

            “1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан шаргал өнгийн пальтоны урд талд 25мм, 16мм, ар талд 25мм, 23мм, 25мм хурц иртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна.” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 37-41 дүгээр хуудас),

 

Дамно ХХК-ний “Хөрөнгийн үнэлгээний тайлан” (хавтаст хэргийн 45-50 дугаар хуудас),

Хохирогчийн хүсэлт (хавтаст хэргийн 119 дүгээр хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас) зэргийг судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127/1 дүгээр байрны 4 тоотод төрсөн эгч болох Б.Баттогтохтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Б.Баттогтохын эзэмшлийн Ротензо маркийн 56 инчийн зурагтыг сандлаар цохиж эвсдэн, мөн ноолууран пальтоныг нь хутгаар сийчэн, зүсэж гэмтээсний улмаас 2,037,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127/1 дүгээр байрны 4 тоотод төрсөн эгч болох Б.Баттогтохтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эзэмшлийн Ротензо маркийн 56 инчийн зурагтыг сандлаар цохиж эвдсэн, ноолууран пальтоныг нь хутгаар сийчэн зүсэж гэмтээсний улмаас 2,037,600 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна.

 

            Дамно ХХК-ний “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-аар Ротензо маркийн 56 инчийн зурагт, ноолууран пальто нар нийт 2,037,600 төгрөгөөр үнэлэгджээ. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Эд хөрөнгө устгасан” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосныг, “Эд хөрөнгө гэмтээсэн” гэж эд хөрөнгөд гэмтэл учруулж, эд хөрөнгийг сэргээж засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгоно.

 

Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба Хөрөнгийн үнэлгээний тайлангаар   2,037,600 төгрөгийн хохирол учирсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б нь Ротензо маркийн 56 инчийн зурагтыг сандлаар цохиж эвдсэн, ноолууран пальтоныг нь хутгаар сийчэн гэмтээн зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосон нь “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн “Эд хөрөнгө устгасан, гэмтээсэн ” гэх объектив талын шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Б Ротензо маркийн 56 инчийн зурагтыг сандлаар цохиж эвдсэн, ноолууран пальтоныг нь хутгаар сийчэн устгаж, гэмтээсэн үйлдлийн улмаас хохирогчид 2,037,600 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан бага хэмжээнээс дээш хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнөгэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Б.Б нь хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 2,037,600 төгрөгийг хохирогч Б.Баттогтоход төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Б.Б уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ