| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2018/01210/И |
| Дугаар | 184/ШШ2018/01620 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2018/01620
| 2018 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 184/ШШ2018/01620 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.О-т холбогдох,
.... оны ..... дугаар сарын ........-ний өдрийн Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр байгуулагдсан Газар худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн Баянзүрх дүүргийн ...... дүгээр хороо, .......гудамжны ...........тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-..............дугаарт бүртгэгдсэн 252 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-............дугаарт бүртгэгдсэн ....... м.кв талбай бүхий хувийн сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж авах, холбогдох бүртгэлийг хийж гүйцэтгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Б.Днь өөрийн өмчлөлийн газар болон хувийн сууцыг .. оны ....... дугаар сарын .......-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан миний 10 жилийн ангид байсан багын сайн найз эмэгтэй Т.О-т худалдсан юм. Т.О нь тухайн үед хашаа байшинг авахдаа нэг ч төлбөр төлөөгүй бөгөөд гэрээнд төлбөр тооцоог дуусгасан гэж бичвэл өөрийнхөө нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хурдан гарна, гэрчилгээ гарвал банкинд барьцаалж зээл аваад төлье гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй ба биднийг удаа дараа шаардахад удахгүй бүтээнэ гэсэн хариу өгдөг. Ингээд Т.Т.О мөнгөө төлж чадахгүй болж, хашаа байшинг минь буцаагаад нэр дээр шилжүүлчих, би өөрөө банкинд барьцаалж зээл аваад орон сууцны урьдчилгаанд тооцуулан зээлээр худалдаж авмаар байна гэж хэлээд 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх гэсэн боловч захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна гэсэн учир хашаа байшингаа өөрийнхөө нэр дээр буцаан шилжүүлж авч чадаагүй. Т.Т.О нь миний хашаа байшинг барьцаалж бусдаас зээл авсан атлаа бидэнд мөнгө өгөөгүй, өнөөдрийг хүртэл бид дээрх хашаа байшиндаа амьдарч байгаагаас үзэхэд анхнаасаа барьцаанд тавьж зээл авах хөрөнгөгүй байсан учраас бидний орон сууцтай болох хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагыг урьдаас мэдэж байсан, миний багын найз, итгэлтэй анд, найз нөхдийн сайн харилцаагаа ашиглаж биднийг хуурч мэхэлж байсан гэж үзэж байна. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манайд ирж битүүмжлэх ажиллагаа хийгдсэнээр бид Т.Т.Оийн өр төлбөрт миний гэр бүлийн ганц өмч болох хашаа байшингаа алдахад хүрч, гэр бүлээрээ гудамжинд гарах дээрээ тулснаа ойлгосон. Мөн түүнчлэн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхэд гарсан бүх зардлыг би өөрөөсөө гаргасан. Иймд 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр байгуулагдсан Газар худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн Баянзүрх дүүргийн ...... дүгээр хороо, .......гудамжны ...........тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-..............дугаарт бүртгэгдсэн 252 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-............дугаарт бүртгэгдсэн ....... м.кв талбай бүхий хувийн сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж авах, холбогдох бүртгэлийг хийж гүйцэтгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Т.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Т.О миний бие Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо, ..... гудамжны ...... тоот хаягт байрлалтай Б.Д-ын хууль ёсны өмчлөлийн хашаа, байшинг 20..... оны.. дугаар сарын ...-ний өдрийн гэрээний дагуу нэр дээрээ шилжүүлж авсан ба буцаан өндөр зээлийн барьцаанд тавьж мөнгийг гаргаж өгөх нөхцөлтэйгээр шилжүүлж авсан юм. Гэвч хүссэн үнийн дүнд барьцаалж болохгүй байсан учир өөр хүнээр уг зээлийг гаргах боломжтой гэж үзэн тэр хүний шаардсан 4.000.000 төгрөгийг нь гаргаж өгөх гэж нэг удаа 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан нь үнэн болно. Уг барьцааг одоо бүрэн төлж барагдуулсан байгаа. Мөн ахин зээл бүтэхгүй болохоор нь хашаа байшинг буцааж өгч, Б.Д-ын нэр дээр шилжүүлэх гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өөр бусад өр төлбөрийн улмаас битүүмжилсэн байсан. Энэ шалтгааны улмаас Б.Д-ын нэр дээр шилжүүлж өгч чадахгүй байгаа. Миний бусдад төлөх өр төлбөр 2.000.000 төгрөг байгаа бөгөөд удахгүй 1.500.000 төгрөгийг төлнө. Б.Д болон түүний гэр бүлийг миний бие хохироосон нь үнэн. Одоогоор энэ хүмүүст нэг ч төгрөг төлж чадаагүй байгаа нь үнэн. Уг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан. Миний өр төлбөртэй хүмүүс яаралтай эд хөрөнгийг зарж мөнгөө гаргуулах гэсэн тул иргэний шүүхэд хандаж байна. Би эхнээсээ энэ хашаа байшинд амьдарч байгаагүй, миний өмч байгаагүй нь үнэн болно. Нэг ёсондоо Б.Д-ыг хууран мэхэлсэн болоод байна. Бүх зүйл санаснаар болохгүй юм. Иймд Б.Д-ын өмчийг буцааж өгөх зорилготой тайлбар гаргасан гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Днь 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр байгуулагдсан Газар худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн Баянзүрх дүүргийн ...... дүгээр хороо, .......гудамжны ...........тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-..............дугаарт бүртгэгдсэн 252 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-............дугаарт бүртгэгдсэн ....... м.кв талбай бүхий хувийн сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж авах, холбогдох бүртгэлийг хийж гүйцэтгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч Т.Т.От холбогдуулан гаргажээ.
Хариуцагч Т.Т.О нь нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, сүүлд бичгээр гаргасан тодруулсан шаардлага, түүний үндэслэлийг тус тус зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргах боловч дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Днь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аээр дамжуулан хариуцагч Т.Т.Отэй 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ, Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулжээ. Зохигчдын тайлбараас үзвэл, худалдагч Б.Днь хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр төлөгдөхөөс өмнө худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч Т.Т.О нь уг хөрөнгүүдийг бусдад барьцаалан зээл авч гэрээний нийт үнэ болох 25.000.000 төгрөгийг Б.Даваабалд төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
Талуудын тохиролцооны агуулгад дурдагдаж буй бусдад барьцаалан зээл авч төлбөрийг төлөх худалдан авагчийн үүргийг, төлбөр төлөх буюу үүрэг гүйцэтгэх нэг арга зам гэж үзэхээр байна. Харин уг нөхцлийг, гэрээг дуусгавар болгох, эсхүл гэрээнээс татгалзахаар тохиролцсон Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан болзол буюу талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэж болохооргүй байна. Учир нь талууд гэрээг хэрэгжүүлж, өмчлөх эрхийг шилжүүлжээ.
Иймд талуудын хоорондын тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан ердийн нөхцөл бүхий худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтад хамаарах юм.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийн дагуу төлөх ёстой төлбөр болох 25.000.000 төгрөгийг худалдан авагч төлөөгүй байхад өмчлөх эрхийг түүнд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэнийг дүр үзүүлсэн тохиролцоо гэж үзжээ.
Талууд гэрээний дагуу аливаа эрх зүйн үр дагавар бий болгохыг зориогүй, хэн нэгний өмнө үүрэг хүлээхгүйгээ мэдсээр байж зориуд хэлцэл хийсэн мэт харагдахаар бичиг баримт үйлдсэн, тохиролцсон гэж үзэх нөхцөл байдлыг бий болгосон бол уг хэлцэл-ийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үздэг. Гэтэл нэхэмжлэгч Б.Днь өөрийн өмчлөлийн хөрөнгөө хариуцагч Т.Т.От худалдаж, мөнгөөр нь орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх, хариуцагч Т.Т.О нь уг хөрөнгийг бусдад барьцаалан зээл авч, 25.000.000 төгрөгийг Б.Даваабалд төлөх бодит хүсэл зоригтой байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 12, 15-16, 39 дүгээр тал/
Харин Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 7 дугаар зүйл, Газар худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд заасан тооцоогүй гэх бичиглэл нь дүр үзүүлж хийсэн тохиролцоо бус, харин Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан өмчийн хэлцэл /өмчлөх эрхийг шилжүүлэх тохиролцоо/-д хамаатай нотлогооны ач холбогдол бүхий бичвэр буюу бичмэл баримт юм.
Талууд газар болон хувийн сууцыг нийт 25.000.000 төгрөгөөр худалдах хүсэл зоригтой байсан боловч гэрээ тус бүрд үнийг 3.000.000 төгрөг-өөр бууруулж бичсэн байна. Ийнхүү гэрээний үнийг бууруулж бичсэнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчилж хийсэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь талуудын хэлцэл хийх болсон үндсэн сэдэл, агуулга болох үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг хэвээр байх ба энэ хүсэл зориг халхавчлагдагүй болох нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар талууд өмчлөх эрхийн шилжүүлгийг хийж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Б.Даваабалаас Т.Т.От шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаагаар тогтоогдож байна. /хх 12, 15 дугаар тал/
Зохигчдоос, өнөөдрийг хүртэл Б.Днь газар болон үл хөдлөх хөрөнгө байгаа хаягт амьдарч байгаа, хариуцагч нь эдгээр хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авч байгаагүй зэрэг нь газар болон хувийн сууцны өмчлөх эрх шилжээгүйг нотлоно гэх боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэж, бас дуусгавар болдог байна.
Мөн нэхэмжлэгч нь, худалдан авагч гэрээний төлбөрийг төлөөгүй байхад хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь дүр үзүүлсэн хэлцэл мөн гэх боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний төлбөр төлөх хугацааг талууд чөлөөтэй хэлэлцэн тохиролцож болдог ба ийнхүү үнийг ирээдүйд төлөх, эсхүл болзол нөхцөл биелснээр төлөх, нөгөө талаас хөрөнгийн өмчлөх эрхийг урьдчилан шилжүүлэхээр талууд хэлэлцэн тохиролцсоныг дүр үзүүлсэн гэж үзэж болохгүй юм.
Өөр бусад байдлаар буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан бусад үндэслэлээр газар болон хувийн сууц худалдсан 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба нэхэмжлэгч нь хэлцэл хийхдээ Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдсөн, хуурч мэхэлсэн, эсхүл хүч хэрэглэж хэлцэл хийсэн гэх үндэслэлээр уг хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргаагүй болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар өгсөн авсан зүйлээ буцаах боломжтой боловч энэ үндэслэлээр шаардлага гаргаагүйгээс гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ......... дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 17270480/08 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол хүчин төгөлдөр байгаа, хуульд заасан журмын дагуу уг шийдвэрүүдийг хүчингүй болгоогүй нөхцөлд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар өгсөн авсан зүйлээ харилцан буцаах боломжгүй юм. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т зааснаар мөнгөн хэлбэрээр гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардах боломжтой.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулж өөр төрлийн шаардлага гаргах, эсхүл өөр бусад этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болно.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй талаар хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Т.От холбогдох, 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр байгуулагдсан Газар худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн Баянзүрх дүүргийн ...... дүгээр хороо, .......гудамжны ...........тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-..............дугаарт бүртгэгдсэн 252 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-............дугаарт бүртгэгдсэн ....... м.кв талбай бүхий хувийн сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж авах, холбогдох бүртгэлийг хийж гүйцэтгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай Б.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргахдаа дутуу төлсөн 142.550 төгрөгийг нэхэмжлэгч Б.Д-аас нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР