Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1005

 

 

 

2022        06          29                                   2022/ШЦТ/1005

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч А.Ариунаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Түмэнжаргал, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2203 00222 0264  дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1 дүгээр байрны 148 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” захын хойд замд “Тоуоtа Аqиа” маркийн 84-69 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Хуншагайг /13 настай, эрэгтэй/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Түмэнжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр хүүхэд маань Хөдөө аж ахуйн их сургуулийн хажуу талд байдаг явган хүний гарцаар гарч байхад нь энэ хүн мөргөсөн. Өглөө 10 цагийн үед гэмтийн эмнэлгээс залгасан. Яваад очтол хүүхдийн хөл гэмтсэн байсан. Яаралтай хагалгаанд ороод эмнэлэгт гурав хоносон. Хагалгаа хийгээд хадаас хөлд нь тавьсан. Одоогоор хадаасыг нь аваагүй. Осолд орсноос хойш хичээлийн хоцрогдолд орсон, найз нөхөдтэй уулзахгүй сэтгэл санааны хямралтай байна. Бид нар гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна“ гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

*******ийн яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон ослын талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээр одоо нэмж ярих зүйл байхгүй. Би энэ хугацаанд хохирогчийг эмчилгээний зардалд 400.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн байгаа. Цаашид бодит хохирлыг төлж барагдуулна. Миний өөрийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол үйлдэгдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/,

102 дугаар тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,

          2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-10 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд дуусахад эмч нар нь уулзаад танай хүүхдийн зүүн хөлний яс шилбэний хэсгээр хугарсан байна хагалгаа хийлгэх шаардлагатай одоо хэвтүүлнэ гэж хэлэхээр нь би өөрөө сахиад гэмтлийн эмнэлгийн хүүхдийн мэс заслын тасагт хэвтүүлж оройноо яаралтай хагалгаа хийлгэж 4 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6103 дугаартай шинжээчийн “1.Т.Хуншагайгийн биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ эмтэл байна. З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ариунболдын гаргасан 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 505 дугаартай  “6.1 Тоёота акуа маркийн 84-69 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 6.2 Явган зорчигч Т.Хуншагай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх мөрдөгчийн магадлагаа” /хавтаст хэргийн 31 дэх тал/,

Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 58-66 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Түмэнжаргалаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 47-56 дахь тал/,

Тоуаto Aqua  маркийн 84-69 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/,

Иргэний хариуцагч Д.Дөлгөөнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” Цаашид гарах эмчилгээний зардлыг баримттай зардлуудыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” захын хойд замд “Тоуоtа Аqиа” маркийн 84-69 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Хуншагайг /13 настай, эрэгтэй/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлгын лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч хууль ёсны төлөөлөгчийн М.Түмэнжаргалын мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

*******ийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

 

   Тээврийн прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

   Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 783.750 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Түмэнжаргалаас эмчилгээний зардлаа авсан, гомдол саналгүй талаар гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаар баримтаар тогтоогдсон хохирлыг төлөгдсөн гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул цаашид энэ гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол тогтоогдвол *******оос нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

  *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

*******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч  М.Түмэнжаргал нь энэ гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу *******оос нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ