| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/0883/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/876 |
| Огноо | 2022-06-13 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/876
2022 06 13 2022/ШЦТ/876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02621 1476 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
М.Э нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51в байрны 152 тоотын үүдэнд хувийн таарамжгүй харилцааны улмаас бэр дүү С.Баярцэцэгтэй маргалдаж улмаар I Рhone X загварын гар утсыг шидэж гэмтээсний улмаас 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс
Шүүгдэгч М.Эын яллагдагчаар өгсөн “Би гэрийн хаалгаар үүдний коридор руу гар утсыг нь шидсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дугаар тал/,
Хохирогч С.Баярцэцэгийн “Хадам эгч М.Э миний гар утсыг булааж аваад орцны коридор руу шидсэн ... миний гар утасны сүлжээ орохгүй, урд дэлгэцийн мэдрэгч нь эвдэрсэн, ар талын шил нь их биетэйгээ хагарсан байсан. Би гар утсаа янзлуулахдаа нийтдээ 500.000 төгрөгөөр засвар хийлгэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 64 дүгээр тал/,
Гэрч М.Энххүслэнгийн “Эгч М.Э нь Баярцэцэгийг гэрээс гар гэж гар утсыг нь булааж аваад гэрээс гарсан тэгэхэд ардаас нь Баярцэцэг гар утсаа авах гэж гарахад эгч М.Э нь Баярцэцэгийн гар утсыг коридор руу шидсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
Гэрч Г.Түвшинбатын “Баярцэцэг миний утсыг шидээд эвдэлчихлээ гэж орилоод байсан. Тухайн үед Баярцэцэг миний утсыг нөхрийн эгч шидээд газар унагаасан тэгээд дэлгэц нь хагарсан сүлжээ нь болохгүй болчихлоо гэж ярьж байсан. Би гар утсыг нь харахад утас нь сүлжээгүй болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,
Гэрч Г.Дамдинпүрэвийн “Баярцэцэгийн гарт байсан гар утсыг нөхрийнх нь эгч гэх эмэгтэй булааж аваад шал руу шидсэн, дараа нь Баярцэцэг миний утасны дэлгэц хагарсан, сүлжээ болохгүй байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дугаар тал/,
“Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгө хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 43 дугаар тал/
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 47-48, 52-53 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч М.Э нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51в байрны 152 тоотын үүдэнд хувийн таарамжгүй харилцааны улмаас бэр дүү С.Баярцэцэгтэй маргалдаж улмаар I Рhone X загварын гар утсыг шидэж гэмтээсний улмаас 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Баярцэцэг, гэрч М.Энххүслэн, Г.Түвшинбат, Г.Дамдинпүрэв, яллагдагч, шүүгдэгч М.Э нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
М.Эын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул М.Эыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
М.Эаас хохирогч С.Баярцэцэгт гар утасны дэлгэц 350.000 төгрөг, гар утасны арын шилэн таг 50.000 төгрөг, гар утасны сүлжээний засварт 150.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардалд 66.000 төгрөг, нийт 616.000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан ба хохирогч С.Баярцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлж шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч М.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч М.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч М.Э нь хүлээн зөвшөөрсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
М.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
М.Эын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс М.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ