Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2018/02003

 

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2018/02003

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Г-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, хариуцагч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Гтэй 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд Ч.Г нь 100.000 төгрөгийг бэлнээр төлсөн, мөн харилцан тохиролцсоны үндсэн дээр дэлгүүрийн лангууг 250.000 төгрөгт, хөлдөөгчийг 250.000 төгрөгт тус тус тооцож зээлийн төлбөрт авсан ба өөрөөр зээлийн хүүг огт төлөөгүй. Гэвч миний хувьд гэрээгээр тохирсон алданги болон өнөөдрийг хүртэл хугацааны хүүг бүхэлд нь нэхэхгүй. Харин 5 сарын хүүгийн төлбөрт 500.000 төгрөг л нэхэх хүсэлтэй байх тул үндсэн зээл 1.000.000 төгрөг, 5 сарын хугацааны хүү 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг Ч.Гээс гаргуулж өнгө үү гэв.

Хариуцагч Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Утай 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1.000.000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргахгүй. Уг мөнгийг дэлгүүрийн засварт зарцуулсан болно. Өнгөрсөн хугацаанд 100.000 төгрөгийг бэлнээр төлсөн, 250.000 төгрөгийн лангуу, 250.000 төгрөгийн хөлдөөгчийг зээлийн төлбөрт тооцон Д.Уд төлсөн талаараа мөн маргахгүй. Түүнчлэн миний хувьд 280.000 төгрөгийн барааг лангууны хамтаар хажуу айлын эмэгтэйдээ шилжүүлэн өгсөн юм. Тэр хүн миний 280.000 төгрөгийн барааг худалдан борлуулаад надад мөнгийг нь өгөх ёстой байсан боловч нэхэмжлэгч Д.У уг барааг дур мэдэн авсан байсан. Иймд уг барааны үнэ болох 280.000 төгрөгийг мөн зээлийн төлбөрөөс суутгуулах хүсэлтэй байна. Иймд миний хувьд 1.000.000 төгрөгийг төлөх боломжтой ба үлдэх 500.000 төгрөгийг төлөхгүй гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Ч.Гт холбогдуулан, 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээний дагуу, үндсэн зээлийн төлбөрт 1.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч Ч.Г нь нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөр талууд маргасан байна.

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр, 1.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн хоног тутам 3.500 төгрөгийн алданги төлөх нөхцөл бүхий гэрээг бичгээр байгуулсан, гэрээний дагуу, мөн өдөртөө 1.000.000 төгрөгийг зээлдэгч Ч.Г хүлээн авсан талаар маргаагүй.

Талууд 2 сарын хугацаатай бичгээр байгуулсан зээлийн гэрээний хугацааг бичгээр дахин сунгаагүй хэмээн тайлбарлах тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зөвхөн 2 сарын хүүгийн төлбөрийг л шаардах эрхтэй юм. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй / 2 сараас цааш бичгээр сунгаагүй/ бол хүү шаардах эрхээ алддаг байна. Иймд хариуцагч Ч.Г нь зээл болон хүүгийн төлбөрт нийт 1.200.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй юм.

Дээрх үүргээс хариуцагч Ч.Г нь бэлнээр 100.000 төгрөг төлсөн, дэлгүүрийн лангууг 250.000 төгрөгөөр, хөлдөөгчийг 250.000 төгрөгөөр тус тус тооцож нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар талууд маргаагүй тул зээлийн үүргээс нийт 600.000 төгрөг төлөгдсөн ба 600.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн гэж үзнэ.

Гэвч хариуцагч Ч.Г нь зээл болон хүүгийн төлбөрт нийт 1.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан талуудын зарчимд нийцэх юм.

Нөгөө талаас, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги нэхээгүй, зөвхөн зээлийн төлбөр болон хүү нэхсэн тул шүүх өөрийн санаачилгаар хариуцагчаас алданги гаргуулах боломжгүй байна. Энэ үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн хэмжээ /зээлийн болон хүүгийн төлбөр/-нд маргааныг шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Ч.Г нь 280.000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг зээлийн төлбөрөөс мөн хасаж тооцох ёстой гэх боловч уг бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид бус өөр этгээдэд хүлээлгэж өгсөн, 280.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлийн төлбөрөөс суутгаж тооцох талаар зээлдүүлэгч Д.У болон зээлдэгч Ч.Г нар харилцан тохиролцоогүй тул уг мөнгийг зээлийн төлбөрөөс суутган тооцох боломжгүй байна. Харин нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүнээ хүлээлгэж өгсөн этгээдээс бараа бүтээгдэхүүнээ биет байдлаар буцаан шаардах, эсхүл үнийг гаргуулахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээс гадна талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, үүрэг гүйцэтгүүлэгч зээлийн үүргийг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлээгүй байх тул хариуцагч Ч.Гээс 1.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Уд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Ч.Гээс 1.000.000 төгрөгийг гаргуулан Д.Уд олгож, нэхэмжлэлээс 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гээс 28.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Уд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР