Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/890

 

 

 

 

 

 

 

   2022        06         15                                       2022/ШЦТ/890

 

                            

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,  

улсын яллагч М.Энхбаатар,   

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч С.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 03466 0328 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ойролцоо орших ус цэвэрлэх байгууламжаас 100 метрийн зайд байрлах газраас “Өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай 1192.4 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01 цаг хүртлэх хугацаанд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвийн арын зам дээр саатуулагдсан өөрийн найз Ө.Бат-Эрдэнийн 47-33 СЭА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн арын багааж болон арын суудлын доод талд худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                            

 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт буюу 47-33 СЭА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/

- Хар тамхитай тэмцэх газрын 205 тоот өрөөнд Б.Т, Б.Эрдэнэсүх, Ө.Бат-Эрдэнэд нарын биеэс биологийн дээж буюу /шээс/ авсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 12-18/

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, /хх-ийн 78/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4354 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Эрдэнэсүх” гэж хаягласан шээс, “Ө.Бат-Эрдэнэ” гэж хаягласан шээс, “Б.Т” гэж хаягласан шээс, ургамал тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Эрдэнэсүх” гэж хаягласан шээс, “Ө.Бат-Эрдэнэ” гэж хаягласан шээс, “Б.Т” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

4. 5. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэх дүгнэлт, /хх-ийн 38-42/

- Гэрч Ө.Бат-Эрдэнэ “...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна ирэх өдөр нь би тосч авсан. ...мөн Б.Тыг миний машинд мансууруулах төрлийн өвс хийсэн талаар огт бодоогүй, цэнхэр ууттай зүйл үлдээе гэхээр нь багаасаа найзалсан найздаа итгээд юу юм ч гэж асуугаагүй шууд тэг тэг гэж хэлээд арын багаж руу хийлгүүлсэн байгаа. Харин суудлын доор хийсэн гутлын хайрцагтай зүйлийг хийсэн талаар бүр огт мэдээгүй, Б.Т, Эрдэнэсүх бид гурав уулзаад Б.Тыг гаргаж ирэх үед мэдсэн. Энэ үед сонирхох журмаар анх хэрэглэж үзсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 88-89, 90/

Гэрч Б.Эрдэнэсүхийн “...Б.Т надад өвс байгаа юмаа энийг хэрэглэх үү? тамхи шиг татчихдаг юм, байгалийн зүйл байгаа юм, би өөрөө түүсэн гэж хэлсэн. Тэгээд явж байгаад Говь кашмерын урд хашаанд орж зогсоод Б.Ты гаргаж ирсэн өвснөөс хэрэглэсэн. Мөн цагдаа зогсоогоод шалгахад Бат-Эрдэнийн машины багаажаас өвс гарч ирсэн. Хураалгасан өвснүүд бүгд Б.Ты өвс Сэлэнгээс түүж ирсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 93/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, /хх-ийн 116/

Гэрч Б.Болдхүүгийн “Б.Т нь өмнө нь ямар ч байсан хоёр удаа нүд нь улайчихсан хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй сэжигтэй гэртээ орж ирж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 241-242/

Шүүгдэгч Б.Ты яллагдагчаар өгсөн “Би Бат-Эрдэнийн машинд түр хийчихсэн байсан. Буцаагаад авах зорилготой байсан. Би тухайн үед Бат-Эрдэнэд өвс байгаа юм гэдгийг хэлээгүй. Өвс гэдгийг Бат-Эрдэнэ мэдээгүй. ...Би Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн тул хөнжил, гудас, хувцас хунараа авч ирсэн. Тэгээд вокзал дээрээс найз Бат-Эрдэнээр Зайсанд хүргүүлсэн. Ингэхдээ машиных нь багажинд өвсөө үлдээсэн. Мөн нэг хэсэг өвсийг нь жолоочийн суудлын доор үлдээсэн. Бат-Эрдэнэ бол мэдээгүй. Ингээд тэр өдрийн орой нь Бат-Эрдэнэ, Эрдэнэсүх хоёртой уулзсан. Ингээд Говь кашмерын хашаа руу очиж өвсөө хэрэглэсэн. Би авч ирсэн өвсийг 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ус цэвэрлэх байгууламжийн ойролцоогоос ганцаараа түүсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 126-127/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Шүүх сэтгэц эмгэг судлалын 921 дугаартай дүгнэлт, /хх-ийн 110-111/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 156-159/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ойролцоо орших ус цэвэрлэх байгууламжаас 100 метрийн зайд байрлах газраас “Өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын  /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай 1192.4 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01 цаг хүртлэх хугацаанд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвийн арын зам дээр саатуулагдсан өөрийн найз Ө.Бат-Эрдэнийн 47-33 СЭА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн арын багааж болон арын суудлын доод талд худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болох нь

-Хэргийн газарт буюу 47-33 СЭА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/

-Хар тамхитай тэмцэх газрын 205 тоот өрөөнд Б.Т, Б.Эрдэнэсүх, Ө.Бат-Эрдэнэд нарын биеэс биологийн дээж буюу /шээс/ авсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 12-18/

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, /хх-ийн 78/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4354 дугаартай:

“2. Шинжилгээнд ирүүлсэн “Эрдэнэсүх” гэж хаягласан шээс, “Ө.Бат-Эрдэнэ” гэж хаягласан шээс, “Б.Т” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

4. 5. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэх дүгнэлт, /хх-ийн 38-42/

Гэрч Ө.Бат-Эрдэнэ “...Б.Т, Эрдэнэсүх бид гурав уулзаад Б.Тыг гаргаж ирэх үед мэдсэн. Энэ үед сонирхох журмаар анх хэрэглэж үзсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 88-89, 90/

Гэрч Б.Эрдэнэсүхийн “...Говь кашмерын урд хашаанд орж зогсоод Б.Ты гаргаж ирсэн өвснөөс хэрэглэсэн. Мөн цагдаа зогсоогоод шалгахад Бат-Эрдэнийн машины багаажаас өвс гарч ирсэн. Хураалгасан өвснүүд бүгд Б.Ты өвс Сэлэнгээс түүж ирсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 93/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, /хх-ийн 116/

Гэрч Б.Болдхүүгийн “Б.Т нь өмнө нь ямар ч байсан хоёр удаа нүд нь улайчихсан хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй сэжигтэй гэртээ орж ирж байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 241-242/

Шүүгдэгч Б.Ты яллагдагчаар өгсөн “Говь кашмерын хашаа руу очиж өвсөө хэрэглэсэн. Би авч ирсэн өвсийг 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ус цэвэрлэх байгууламжийн ойролцооноос ганцаараа түүсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Тд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Энэ гэмт хэргийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг. Хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн нийгмийн хор аюул нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Тд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Тыг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Мөн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-н өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,

5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан. 

Шүүгдэгч Б.Тд урьд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Уг шийдвэр нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарч байх тул тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс цагдан хоригдсон, Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа өвс гэх нэршилтэй уутны хамт 1192.4 грамм хэмжээтэй мансууруулах төрлийн бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Тыг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

   5. Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа өвс гэх нэршилтэй уутны хамт 1192.4 грамм хэмжээтэй мансууруулах төрлийн бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ты цагдан хоригдсон 161 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 7.  Шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА