Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0226

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ц-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ж.А

Нэхэмжлэлийн шаардлага: “...нэхэмжлэгчээс орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгож, бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгах, нэхэмжлэгчээс гаргасан удаа дараагийн орон сууц хүссэн өргөдлийг 300 айлын орон сууц хуваарилахдаа Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хуралдаж хэлэлцүүлээгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ц.Ц-д Батлан хамгаалах сайдын мэдлийн болон нөөцийн орон сууцнаас олгохыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 960 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Ц

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, Н.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Х.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2021/0810/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ц нь “нэхэмжлэгчээс орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгож, бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгах, нэхэмжлэгчээс гаргасан удаа дараагийн орон сууц хүссэн өргөдлийг 300 айлын орон сууц хуваарилахдаа Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хуралдаж хэлэлцүүлээгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ц.Ц-д Батлан хамгаалах сайдын мэдлийн болон нөөцийн орон сууцнаас олгохыг даалгуулах” шаардлага гарган маргасан байна.   

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 960 дугаар шийдвэрээр: “... Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 15 дугаар зүйлийн 15.3, 15.3.4, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6, 7, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-с Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэгчээс орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгож, бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгах, нэхэмжлэгчээс гаргасан удаа дараагийн орон сууц хүссэн өргөдлийг 300 айлын орон сууц хуваарилахдаа Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хуралдаж хэлэлцүүлээгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ц.Ц-д Батлан хамгаалах сайдын мэдлийн болон нөөцийн орон сууцнаас олгохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүхийн нотлох зарчим хэрэгжсэнгүй. Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх нотлох баримтууд болох Батлан хамгаалах яам, түүний харъяа байгууллагад ажиллаж байсан иргэдийн байр хүссэн өргөдлийн жагсаалт холбогдох баримтууд гарч ирсэнгүй ... Тухайн салбарт ажиллаж байсан иргэдэд эзэмшүүлэх, өмчлүүлэхдээ өргөдлийн дараалал, амьдрал ахуйг судалсан баримтыг үндэслэж хэрхэн байр олгосон талаарх үйл баримтыг шүүх тогтоож чадсангүй, шүүхэд нотлох баримт ч гаргаж өгөөгүй. Энэхүү 300 айлын орон сууц болон 189 айлын орон сууцнуудад ямар шалгуур хангасан иргэд орсон нь тодорхойгүй үлдлээ. Нэгэнт захиргааны шүүхийн нотлох зарчим, хариуцагч буюу Батлан хамгаалах яам, орон сууц хуваарилах талаарх хуралдааны шийдвэрээ шүүхэд гарган өгөхгүй байх аваас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байсан эсэхэд анхаарлаа хандуулж өгнө үү.

3.2. ...Хариуцагчийн тайлбар болох “Орон сууцны дэмжлэг хүссэн бусад алба хаагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн шударга бус үйлдэл болно” гэснийг үндэслэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв бүртгэлийн жагсаалтын 1 дүгээрт бичигдсэн, 34 дүгээрт бичигдсэнээс үл шалтгаалж ямар шалгуураар Батлан хамгаалах яам, түүний харъяа байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид байранд ороод байгаа нь баримтаар нотлогдсон бол энэхүү тайлбар үндэслэлтэй болох байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт үндэслэж нотлох баримт цуглуулаагүй, хэрэгт цугларсан үйл баримтыг нотлох баримтад үндэслэл бүхий үнэлэлт хийж чадсангүй. Хэрэв өргөдлийн дараалал нэхэмжлэлд хамааралгүй юм бол орон сууцны дэмжлэг хүссэн иргэдийн амьдрал ахуйг судалсан болон түүнтэй холбоотой баримтыг шүүх хариуцагчаас гаргуулан авч нэхэмжлэгч тал түүнтэй танилцсанаар мэтгэлцэх зарчмын хүрээнд шийдвэрлэсэн бол онох байлаа. Иймд Бүртгэлийн жагсаалт өөрчилсөн, 1-р бичихийг даалгуулах шаардлагыг хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цуглараагүй, энэ нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл бус, хариуцагч өөрөө татгалзлаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэлгүй тул энэхүү шаардлага хангагдах боломжтой эсэх, нотлох баримт шаардлагатай эсэхэд давж заалдах шатны шүүх анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна.

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр захиргааны шүүх Орон сууц хувиарлах комиссийн хуралдааны тэмдэглэлийг хайж архивт үзлэг хийх үед 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Орон сууц хувиарлах комиссийн хуралдааны тэмдэглэл гарч ирсэн. Шүүхэд гэрчээр оролцсон М нь Орон сууц хувиарлах комисс удаа дараа хуралдсан, хуралдааны тэмдэглэл холбогдох баримтууд архивт байгаа гэдгийг гэрчилсэн. Хариуцагч Батлан хамгаалах яам нэгэнт орон сууц хувиарлах комиссийн хуралдааны шийдвэр түүнтэй холбоотой баримтыг нуусан нь тодорхой учир 1996, 2012, 2014 ,2015, 2016, 2019 онуудад Ц.Ц-н “Орон сууц хүссэн” өргөдлийг хэлэлцүүлсэн гэх баримт байхгүй атал анхан шатны энэхүү шаардлага дээр үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Яг үнэн хэрэгтээ 1684 иргэн орон сууц хүссэн байхад Орон сууц хувиарлах комисс хуралдсан баримт гарч ирэхгүй байгаа нь 1684 иргэн хэзээ ч орон сууцанд орохгүй, хохино гэсэнтэй агаар нэг болж байна. Иймд Орон сууц хувиарлах комисс нь 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш хуралдаагүй, Ц.Ц-н 1996, 2012, 2014, 2015, 2016, 2019 онуудад гаргасан “Орон сууц хүссэн” өргөдлийг орон сууцнуудыг хувиарлахдаа Батлан хамгаалах яамны Орон сууц хувиарлах комиссийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй эс үйлдэхүйг тогтоох боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл шүүх хүчин төгөлдөр шийдвэртэй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Орон сууц хүссэн өргөдөлд хариу өгөх, Батлан хамгаалах яамны Орон сууц хувиарлах комиссийн хуралдаанаар 2012 оны “Орон сууц хүссэн” өргөдлийг хэлэлцүүлсэн эсэх нэхэмжлэлийн шаардлага нь утга агуулгын хувьд өөр байгааг шүүх анхаарсангүй.

3.4. Батлан хамгаалахын сайд Ц.Ц-д байр санал болгосон үйл баримтыг үгүйсгэж сайдын мэдлийн орон сууц гэж байхгүй, тийм эрх хэмжээ олгогдоогүй гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд сайдын мэдэлд буй болон нөөцөд буй орон сууцны талаар шүүх нотлох баримт цуглуулаагүй, хариуцагч энэ талаар бичгээр тайлбар өгөөгүй. Цэргийн төв эмнэлэгт ажиллаж буй цэргийн цолгүй офицер биш хүмүүс байр авсан байх атал Ц.Ц-г цэргийн цолгүй, офицер биш учраас байр нэхэмжлэх эрхгүй гэсэн байгааг зөвшөөрөхгүй … Нотлох баримтаа шүүхэд гарган өгөхгүй байх сэдэл бүхий л захиргааны байгууллагад суусан болох захиргааны шүүхэд цугларч буй нотлох баримтаас илүү харагдаж байгааг энд дурьдахаас өөр алга.

3.5. Батлан хамгаалах яамны эрх бүхий албан тушаалтнууд Орон сууц хувиарлах комиссийн хуралдаан хийлгүйгээр байр хувиарласан нь зөв, орон сууц хүссэн Ц.Ц нь бүртгэлийн нэгдүгээрт жагсах эрхгүй, гучин дөрөвдүгээрт жагссан хэдий ч 2014 оноос хойш ашиглалтанд орсон 489 айлын орон сууцны хувиарлалтанд өргөдлөө хэлэлцүүлэх боломжийг олгоогүй Орон сууц хувиарлах комиссийн зөв, Сайд байр санал болгосон одоо дахин олгох боломжгүй гэж тайлбарлаж буй нь зөв, нөөцөд орон сууц байхгүй гэж тайлбарлаж байгаа нь зөв, Ц.Ц цэргийн цолгүй учраас байр олгох боломжгүй гэх зөрчилтэй дүгнэлттэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 960 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо.Үүнд:

2.1. Анх нэхэмжлэгч Ц.Ц нь Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж байгууллагаас өндөр насны тэтгэвэрт чөлөөнд гарсан албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоож, бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичүүлэхийг даалгах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисст өндөр настан Ц.Ц-д албан тушаалын орон сууц олгохыг даалгах, Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах комисс хуралдаагүй, Ц.Ц-д орон сууц хуваарилах шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2.2. Эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа  нэхэмжлэгчээс орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгож, Бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгуулах, нэхэмжлэгчээс гаргасан удаа дараагийн орон сууц хүссэн өргөдлийг 300 айлын орон сууц хуваарилахдаа Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хуралдаж хэлэлцүүлээгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ц.Ц-д Батлан хамгаалахын сайдын мэдлийн, нөөцийн орон сууцнаас олгохыг даалгуулах” гэж тодорхойлжээ.

2.3. Анхан шатны шүүх “... хариуцагч талын нэхэмжлэгч нь өөрийгөө бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгуулах нь орон сууцны дэмжлэг хүссэн бусад алба хаагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн шударга бус үйлдэл болно гэх тайлбар, байр суурь үндэслэлтэй. Учир нь ... албан бичгийг алдаатай төлөвлөсний үр дагавраар жагсаалтын нэгдүгээрт гэж бичигдсэнийг шууд үндэслэлтэй гэж үзэж даалгах нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгт халдсан, хэтэрхий дур зоргын шинжтэй, тухайн салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нэхэмжлэгчтэй ижил хүсэл зоригтой байгаа бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байна” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн жагсаалтыг өөрчилсөн буруутай болохыг тогтоолгож, бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт бичихийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2.4. Учир нь Батлан хамгаалах яамны 2017 ны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03/2624 дүгээр албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлэхдээ “Ц нь орон сууцны дэмжлэг хүссэн өргөдлийн бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт байна” гэсэн байх ба үүнийгээ Батлан хамгаалахын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1а/2941 дүгээр “... Таны 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл нь Бүртгэл жагсаалтын 34 дүгээрт бичигдсэн байна.  Батлан хамгаалах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх бүртгэлийн жагсаалтын нэгдүгээрт гэж албан бичгийг алдаатай төлөвлөн буруу мэдээлэл хүргүүлсэн тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Өргөдөл гомдол, ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн Ю.Баярчимэгийг 2017 онд ажлаас чөлөөлсөн” гэх агуулга бүхий албан бичгийг нэхэмжлэгч Ц.Ц-д залруулж хүргүүлжээ.

2.5. Энэхүү залруулга хийгдсэн албан бичгийг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй. Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс өргөдөл гаргасан иргэдийн амьдрал, ахуйн нөхцлийг судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах бөгөөд нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр орон сууцны дэмжлэг хүссэн бусад алба хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байна.

2.6. Түүнчлэн, хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбаруудаас үзэхэд бүртгэлийн жагсаалтын хэддүгээрт бичигдэх төдийлөн ач холбогдолтой гэж үзэхээргүй байх тул анхан шатны шүүх “... албан бичгийг алдаатай төлөвсний үр дагавраар жагсаалтын нэгдүгээрт гэж бичигдсэнийг шууд үндэслэлтэй гэж үзэж даалгах нь батлан хамгааах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгт халдсан, хэтэрхий дур зоргын шинжтэй, тухайн салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нэхэмжлэгчтэй ижил хүсэл зоригтой байгаа бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байна” гэж дүгнэж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

3. Нэхэмжлэгчээс гаргасан удаа дараагийн орон сууц хүссэн өргөдлийг 300 айлын орон сууц хуваарилахдаа Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хуралдаж хэлэлцүүлээгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 428 дугаар шийдвэрээр ... Ц.Ц-н Батлан хамгаалах сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах комисст 2012 онд гаргасан орон сууц хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэн орно сууц олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 601 дүгээр магадлалаар “...Ц.Ц ын Батлан хамгаалах сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах комисст 2012 онд гаргасан орон сууц хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, албан ёсоор хариу өгөхийг Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын даргад даалгаж, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэн орон сууц олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэжээ.

3.2. Дээрх орон сууц хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, албан ёсоор хариу өгөхийг Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын даргад даалгаж, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэн орон сууц олгохыг хариуцагчид даалгах шаардлагыг дүгнэж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар “нэхэмжлэгчийн энэ хэсэгт хамаарах шаардлагын удаа дараа гаргасан гэдгээс 2012 он, түүнээс өмнөх оны үйл баримт буюу орон сууц хүссэнтэй холбоотой үйл баримтыг дахин нотлохгүй, нэхэмжлэгч нь эдгээр онд хамаарах үйл баримтын талаар дахин маргах эрхгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.3. Мөн Батлан хамгаалахын сайд Г.С 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1а2941 дүгээр ... Таныг өргөдөлд дурдсан асуудлыг судлан үзэхэд 2016 онд 2 удаа, 2018, 2019, 2020 онд тус бүр 1 удаа нийт 5 удаа өргөдөл гаргасан байна. Өнөөдөр батлан хамгаалах салбарын хэмжээнд цэргийн алба хаагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдаас орон сууцны дэмжлэг хүссэн 1684 өргөдөл ирүүлсэн байдаг бөгөөд Таны 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл нь Бүртгэл жагсаалтын 34 дүгээрт бичигдсэн байна. Миний бие 2020 оны 11 дүгээр сард тантай биечлэн уулзаж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 50 дугаар байрны 21 тоот, 29.3м2 талбай бүхий байгууллагын эзэмшлийн 1 өрөө орон сууцанд иж бүрэн засвар хийлгэж, хүлээлгэн өгөхөөр санал болгосон боловч та хүлээн авахаас татгалзсан. Одоогийн байдлаар Батлан хамгаалах яамны орон сууц хуваарилах салбар комисст шинэ орон сууц байхгүй бөгөөд 2021-2023 онд шинээр орон сууц барих шийдвэр гараагүй” гэх албан бичгийг нэхэмжлэгч Ц.Ц ад өгсөн байна.

3.4. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчээс гаргасан удаа дараагийн орон сууц хүссэн өргөдлийг 300 айлын орон сууц хуваарилахдаа Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар хуралдаж хэлэлцүүлээгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

3.5. Түүнчлэн, Батлан хамгаалахын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/200 дугаар тушаалаар Албан тушаалын орон сууцыг хувьчлан болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх ажлын хэсгийн ажиллах түр журам батлах тухай” журмыг баталж, уг журмын 3-д “Орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлах асуудлыг хянан шийвэрлэх” гээд 3.1-д Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан, байгууллагын эзэмшилд байгаа орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилна”, 4.1-д “Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан байгууллагын эзэмшилд байгаа орон сууцыг хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлнэ”, 4.2-д “Хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх Монгол цэргийн музейн байрлал дахь 300 айлын орон сууцны үнийг тогтоохдоо анх барьж ашиглалтад оруулахад иргэдээс гаргасан хөрөнгийг хөнгөлөлттэй үнийн дүнгээс хасаж тооцох асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэнэ”, 7.2-д “орон сууцыг хувьчлан авах болон хөнгөлөлттэй үнээр худалдан авах иргэн нь энэхүү журмын 7.1-д заасан материалыг бүрдүүлж, орон сууц хувьчлах ажлын зохион байгуулах ажлын хэсэгт материалаа ирүүлнэ гэж тус тус заасан байх тул анхан шатны шүүх “Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисст шууд хандсан нэхэмжлэгчийн өргөдөл, үйл баримт байхгүй байна. Уг комисст хандаж байр хүссэн өргөдөл гаргаагүй. Зэвсэгт хүчний Жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын шийдвэрийг төв комиссын хурлаар дахин хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргахаар журамлагдаагүй байна” гэх дүгнэлт үндэслэлтэй.

3.6. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай 300 айлын албан тушаалын орон сууцыг ашиглаж байгаа оршин суугчдад хөнгөлттэй үнээр худалдан шилжүүлж, хувьчлахаар шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ... Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комисс нь Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан журмыг баримтлан цэргийн алба хаагчид тухайн анги, байгууллагадаа алба хаах хугацаанд нь байгууллагын мэдлийн албан тушаалын орон сууцыг түр ашиглуулах зориулалтаар хуваарилдаг болно. Байгууллагын мэдлийн албан тушаалын орон сууцыг хувьчлах асуудлыг холбогдох хуульд заасны дагуу зөвхөн Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэдэг” гэх тайлбарыг буруутгах боломжгүй байна.

3.7. Хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “... нэхэмжлэгч Ц.Ц ын асуудлаар Батлан хамгаалах яамны Орон сууц хуваарилах төв комиссын хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл байхгүй” гэх, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “... Ц.Ц нь дээр хөнгөлөлттэй үнээр хувьчлагдсан орон сууцанд амьдарч байгаагүй, тус комиссын хуралдаанаар нэхэмжлэгчийн талаар хуралдаж байгаагүй. Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтны буруутай үйл ажиллагаатай шууд тухайн үеийн хуралдааны тэмдэглэл хөтлөөгүй, баталгаажуулж архивт өгөөгүй зэрэг буруутай үйл ажиллагаанаас болж хуралдааны тэмдэглэлүүд байхгүй” гэх тайлбарууд, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шүүхээс батлан хамгаалахын төв архивт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг авагдсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүхийн нотлох зарчим хэрэгжсэнгүй. Нотлох баримтаа шүүхэд гарган өгөхгүй байх сэдэл захиргааны байгууллагад суусан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

4. Нэхэмжлэгч Ц.Ц ад Батлан хамгаалах сайдын мэдлийн болон нөөцийн орон сууцнаас олгохыг даалгах шаардлагын тухайд:

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүх хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх учиртай. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны байгууллагын захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус тохиолдолд шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр хуульчилсан.

 

4.2. Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас хуульд заасан чиг үүргээ зөрчөөгүй, нэхэмжлэгчид орон сууц олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 428 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 601 дүгээр магадлал хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн хүсэлтэд Батлан хамгаалахын сайд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1а/2941 дүгээр албан бичгээр хариу өгч, биечлэн уулзаж Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 50 дугаар байрны 21 тоот 29.3 м.кв талбай бүхий байгууллагын эзэмшлийн нэг өрөө орон сууцыг иж бүрэн засварлаж хүлээлгэн өгөхөөр санал болгосон байх тул сайдын мэдлийн болон нөөцийн орон сууцнаас олгохыг Батлан хамгаалахын сайд даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ