| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2022/0111/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/890 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/890
2022 06 15 2022/ШЦТ/893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,
шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мд холбогдох эрүүгийн 2206 01062 1814 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч А.М нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “Hebi taka” гэх фэйсбүүк хаягийг ашиглан “Дубай улс руу виз гаргаж өгнө” гэж хуурч, хохирогч Ц.Энхзаяагаас 1.521.720 төгрөгийг Төрийн банк дахь 150000261812 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад байсан. Би хоёр хүний японы виз гаргуулахаар хөөцөлдөж байсан. Тэгээд мөнгийн эргүүлж өгнө гэж бодож байсан. Тэгээд тэр үед мөнгө хэрэгтэй болоод байхаар нь хэрэглэчихсэн. Миний зуун хувь буруу” гэв.
Эрүүгийн 2206 01062 1814 дугаартай хэргээс:
Шүүгдэгч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 01 сард Энхзаяа эгч 10 хүний зочид буудал “Дубай” хотод захиалаад өгөөч гэж надтай холбоо барьсан. 10 хүн нь захиалгын өмнөх өдөр захиалгаа больсон бөгөөд Энхзаяа эгч оронд 5 хүний Дубай явах 30 хоногийн виз гаргах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би Дубай улс руу жуулчдад виз гаргаж өгдөг компанитай мэйлээр харилцаад утсыг нь аваад ярихад 7 хоногийн дараа виз бэлэн болно гэж хэлсэн тул Энхзаяа эгчээс 5 хүний визний мөнгө 1.521.720 төгрөгийг төрийн банкны дансруугаа шилжүүлж авсан. Тэгээд надад мөнгөний яаралтай шаардлага гараад Энхзаяа эгчээс авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан бөгөөд тэрнээс хойш Энхзаяа эгчтэй холбоо бариагүй өнөөдрийг хүрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/
Хохирогч Ц.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Маркиза гэх аялалын компаний захирлаар ажилладаг бөгөөд амнай байгууллага хүмүүсийг гадаад руу аялах аялал зохион байгуулдаг бөгөөд Дубай руу явах 5 аялагч байсан, тухайн 5 хүний визийг гаргуулахаар А.М гэх 4-5 жилийн өмнө Дубайд ажилладаг байхад нь танилцаж байсан залуугаас виз гаргаж өгөх компани байна уу гэж чатаар асуухад би гаргаад өгье гээд 5 хүний визны мөнгө болох 1.521.720 төгрөгийг аваад 7 хоногийн дараа гаргаж өгнө гээд одоог хүртэл гаргаж өгөхгүй утсаа салгаад алга болсон. Би мөнгөө Алимантуяа А.М гэх хүний төрийн банкны 150000261812 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5176178408 гэсэн данснаас шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Энхзаяагийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан дансны хуулга /хх-ийн 6-8 дугаар хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/
Шүүгдэгч А.Монгол-Эрдэнийн хохирол төлсөн баримт /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.М нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж хохирогч Ц.Энхзаяагаас “Hebi taka” гэх фэйсбүүк хаягийг ашиглан “Дубай улс руу виз гаргаж өгнө” гэж хуурч, 1.521.720 төгрөгийг Төрийн банк дахь 150000261812 дугаарын дансаар дамжуулан авч залилсан болох нь:
шүүгдэгч А.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний зуун хувь буруу” гэх,
шүүгдэгч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Энхзаяа эгчээс 5 хүний визний мөнгө 1.521.720 төгрөгийг төрийн банкны дансруугаа шилжүүлж авсан. Тэгээд надад мөнгөний яаралтай шаардлага гараад Энхзаяа эгчээс авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан” гэх,
хохирогч Ц.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “5 хүний визны мөнгө болох 1.521.720 төгрөгийг Алимантуяа А.М гэх хүний Төрийн банкны 150000261812 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5176178408 гэсэн данснаас шилжүүлсэн” гэх мэдүүлгүүд, хохирогч Ц.Энхзаяагийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан дансны хуулга Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, шүүгдэгч А.Монгол-Эрдэнийн хохирол төлсөн баримт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.М-ийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Ц.Энхзаяад хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авч хохирол учруулдаг бөгөөд энэхүү эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог бөгөөд шүүгдэгч А.М-ий энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.
Шүүгдэгч А.М нь хохирогч Ц.Энхзаяатай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 1.521.720 төгрөгийг Төрийн банкин дахь өөрийн данс руу шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Ц.Энхзаяад учирсан 1.521.720 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.М нь шүүхийн шатанд төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч А.Монгол-Эрдэнийг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүгдэгчид 900 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, өөрийн гэсэн орлогогүй, хөдөлмөр эрхэлдэггүй байдал, шунахай сэдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд торгох ял бус түүнийг нийгэмшүүлж хүмүүжүүлэх зорилгоор Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч А.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Мд холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М-ийг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар А.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.М-ийн цагдан хоригдсон 29 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 232 цагийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай.
6. Шүүгдэгч А.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ