Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2018/00001/И |
Дугаар | 00258 |
Огноо | 2018-12-27 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 00258
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1992 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус боловсролтой, Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт Б. Г ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт Н.О д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00001/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Н.О , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Н.О тэй 2010 онд танилцаж, дотносон 2010 онд гэрлэлтээ батлуулсан.2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охин О төрсөн. 2014 оноос хоорондоо таарч тохирохгүй тусдаа амьдрах болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Н.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Б.Г нь охин О өөрийн асрамжид авах гэхээр надад өгдөггүй. Одоогоор би ганцаараа амьдарч байгаа. Эрхэлсэн тодорхой ажилгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд хүндрэлтэй байна. Охин О уулзаж баймаар байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Н.О гээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Н.О нар нь 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг Булган аймгийн Булган сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 54 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс 2014 оноос хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч зохигчид эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын дундаас 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охин О.О төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн хүрээнд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хүүхдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй тул охин О.О эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Н.О гээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүүхдийг хэний асрамжинд үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ш овогт Б. Г , Б овогт Н.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 19-ны өдөр охин О.О эх Б.Г гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охин О.О тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Н.О гээс тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Г д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
5. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Н.О гээс 101044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөг гаргуулж Төрийн санд оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Мичидмаад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ