| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2022/0855/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/913 |
| Огноо | 2022-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/913
2022 06 17 2022/ШЦТ/913
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Д.Хорлоо,
хохирогч П.Долгоржав,
шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1510 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.О нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 47-1031 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр П.Долгоржавын нүүр, толгойн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 1510 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ш.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч П.Долгоржавын мөрдөн байцаалтад өгсөн:
“2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 23 цагийн үед гэртээ буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 47-1031 тоотод ажлаа тараад орж ирээд аяга цай уух гээд байж байсан. Тухайн үед манай гэрт том хүү Одхүү, салчихсан нөхөр Ш.О нар байсан ба би Ш.Оыг гэрт байхыг хараад чи одоо яваа, би чамайг хармааргүй байна, чамайг гэртээ байхаар би гэртээ байж чадахгүй байна. Би айлд болон машинд хоноглохоос залхаж байна. Өнөөдөр би барилгын дотор засал хийгээд будагны үнэрт манарчихлаа, миний бие өвдөөд байна би гэртээ хономоор байна гэж хэлэхэд Ш.О надад үгүй би явахгүй, би гэртээ баймаар байна гээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би Ш.Оыг гэртээ хонуулахгүй гээд хөөхөд Ш.О манайхаас гараад явсан. Ш.Оыг гарсны дараа манай төрсөн эгч Гүнжидлхам манай гэрт юу болсон талаар мэдэх гээд ороод ирсэн ба Ш.Оыг гарсны дараа би тайвшраад байж байхад тэрээр манай төрсөн эгч Гүнжидлхам, том хүү Одхүү нарыг байхад эргэж орж ирээд чамайг алчихаад явна гэж уурлаж хэлээд намайг шууд зодоод эхэлсэн. Ш.О шууд манай гэрт орж ирээд миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиод, намайг газар унагаад дээрээс минь буюу толгой руу минь дэвсэж, өшиглөх үйлдэл гаргасан. Би цохиулаад хэсэг манараад явж байгаад газар унаад, ширээ түшэж босоход араас толгой руу Ш.О цохисон. Тухайн үед төрсөн эгч Гүнжидлхам Ш.Оыг надаас салгах гээд бараагүй аргаа бараад цагдаа дуудна гэж хашгирахад Ш.О манайхаас гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/,
Гэрч П.Гүнжидлхамын мөрдөн байцаалтад өгсөн:
“...Манай дүү Долгоржавын хашаа яг манай урд хашаанд байдаг юм би орой нохойд хоол өгөх гээд хашаан дотор явж байсан чинь манай дүү Долгоржав хашаан дотроо орилох чимээ гарахаар нь юу болсон юм болдоо гээд дүүгийнх рүү ороод юу болов оо гээд асуусан чинь манай дүү нөгөөдөх чинь ирээд бид хоёр бөөн хэрүүл болоод сая гарлаа гээд алив манайд оръё гээд ганц аяга цай уугаад гар гэхээр нь бид хоёр ороод цай буцалгаад уух гээд сууж байсан чинь гэнэт хаалга онгойх чимээ гарахаар нь очсон чинь Ш.О гаднаас ороод ирсэн. Тэгтэл манай дүү чи яах гээд байгаа юм бэ? нэгэнт салаад явсан бол дахин дахин битгий энэ хавиар эргэлдээд бай гэсэн чинь Ш.О намайг юу ч гэж хэлж байсан би эндээс явахгүй гэж байснаа гэнэт л манай дүүг нүүр рүү нь цохитол манай дүү газар унасан тэгэхээр нь би чи яаж байга юм бэ? гээд араас нь таттал дээрээс нь гараараа цохиод байсан би дийлэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ, ЦХ-2, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4-5/,
Аюулын зэргийн үнэлээгээний тэмдэглэл /хх-ийн 18-20/,
Лазер мэд эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 22/,
Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээч эмч Б.Ганзоригийн 5438 дугаартай:
“1.П.Долгоржавын биед тархи доргилт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тархи доргилт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун бугалгад цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2022.04.07-ны өдрөөс 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой.
3. Тархи доргилт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалганы цус хуралт гэмтэл нь 2.8-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,
Шүүгдэгч Ш.Оын мөрдөн байцаалтад өгсөн:
“Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед эхнэртэйгээ жаахан маргалдаад цохичихсон. Өөрийгөө ямар нэгэн байдлаар өмөөрөх шалтгаан байхгүй. Хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Ш.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 34-39/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Ш.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.
Шүүгдэгч Ш.Оын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч П.Долгоржавын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Ш.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Оын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч П.Долгоржавын эрүүл мэндэд санаатайгаар гэм хор учруулж бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагчийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулж хуульчилсан.
Шүүгдэгч Ш.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.Оын гэмт үйлдлийн улмаас хохирогч П.Долгоржавын эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 1.500.000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс 1.500.000 төгрөгийг хохиролд төлжээ.
Хохирогч П.Долгоржав нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухайн хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ш.От эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ өгч байгаа үнэлэлт дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, мөн учруулсан хохирлоо нөхөн төлөх, цалин хөлстэй ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ялыг оногдуулж шийдвэрлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.О нь оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ш.Оаас 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч П.Долгоржавт олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Долгоржав нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ш.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ