Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 01345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г сум ЗДТГ-ын

Хариуцагч: З.Г-д холбогдох

Үндсэн зээлийн үлдэгдэл 2.463.050 төгрөг, зээлийн хүү 80.100 төгрөг, алданги 749.150 төгрөг, бүгд 3.292.299 /гурван сая хоёр зуун ерэн хоёр мянга хоёр зуун ерэн ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2018/01171/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагч З.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч -ын дарга И.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Г нь Монгол улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлээс “Галтын цуурай” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 2.500.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иймд үндсэн зээл 2.463.050 төгрөг, зээлийн хүү 80.100 төгрөг, зээлийн алданги 749.150 төгрөг, нийт 3.292.299 төгрөгийг хариуцагч З.Г-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлээс З.Г нь Монгол улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу “Галтын цуурай” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 2.500.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлж авсан  байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр дууссан боловч зээлийн эргэн төлөлтөөс 2017 онд 50.000 төгрөгийг 2 удаа хийж, бүгд 100.000 төгрөг төлсөн байснаас үндсэн зээлэнд 36.950 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 63.050 төгрөг нь хүүнд төлөгдсөн. Би З.Г гуайд зээлийн гэрээ дуусч байгаа тул зээлээ төлж барагдуулах хэрэгтэй гэж удаа дараа хэлж, мэдэгдэл өгч байсан ба 2018 оны 3 дугаар сард зээлээ бүгдийг төлж барагдуулвал алданги тооцохгүй байхаар тохирсон. Гэвч төлбөрөө хийгээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш алдангийг 2018 оны 2 дугаар сараас 6 дугаар сар хүртэл буюу 5 сарын хугацаагаар тооцон, нийт 150 хоногоор бодож байна. Алдангийг үндсэн зээлийн үлдэгдэл 2.463.050 төгрөгөөс бодсон ба 1 хоногийн алданги 4.926 төгрөг буюу бүгд 738.915 төгрөг болж байна. З.Г-ын 1 жилийн хугацаанд төлөх зээлийн хүү 75.000 төгрөг төлсөн талаар мэдэхгүй, энэ талаарх баримт одоо байхгүй, миний өмнө ажиллаж байсан мэргэжилтэн мэднэ. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2.500.000 төгрөг төлсөн тул одоо нэхэмжлэлийн шаардлага 3.292.299 төгрөгөөс 2.500.000 төгрөг хасаад, зээлийн хүү 80.100 төгрөг, алданги 738.915 төгрөг, нийт 792.299 төгрөг гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

Хариуцагч З.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлээс узель ажиллуулахаар 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 2.500.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлж авсан бөгөөд уг мөнгөөр узель ажиллуулах тоног төхөөрөмжөө худалдаж авсан. Тус зээлийн хүүгээс 1 жилийн төлбөр 75.000 төгрөг төлсөн. Дараа нь 2017 онд 50.000 төгрөгийг 2 удаа хийж, зээлийн хүүний төлбөрийг барагдуулсан. Би зээлийн төлбөрт бүгд 175.000 төгрөг төлсөн байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2.500.000 төгрөг төлж, нийт 2.670.000 төгрөг төлсөн. Мөнгө хийсэн баримтуудаа Засаг даргын Тамгын газрын ажилтанд өгч байсан. Би “Сум хөгжүүлэх сан”-гаас авсан зээлээ, хүүгийн хамт төлж барагдуулсан. Миний нүд юм хардаггүй учир зээлийн гэрээг хүнээр уншуулсан болохоор зээлийн гэрээнд алданги төлнө гэж заасныг мэдээгүй, гарын үсгээ ч зурж чаддаггүй. 2018 оны 1 дүгээр сард группын зээлээ аваад төлөх гэсэн боловч чадаагүй. Би авсан зээлээрээ төслийн дагуу үйл ажиллагаа явуулж, нэг зарыг 2.000 төгрөгөөр өдөрт зарладаг. Гэтэл манай сумын Засаг даргын Тамгын газар, сумын захиргаанаас өнгөрсөн 3 жилийн хугацаанд манай узелиэр байнга зар явуулдаг боловч нэг ч төлбөр төлдөггүй. Узелиэс олж байгаа орлого ахуйн хэрэглээнд таардаг тул алдангийг төлж чадахгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  нь хариуцагч З.Г т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2.463.050 төгрөг, зээлийн хүү 80.100 төгрөг, алданги 749.150 төгрөг, бүгд 3.292.299 /гурван сая хоёр зуун ерэн хоёр мянга хоёр зуун ерэн ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хариуцагч З.Г 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлсөн тул түүнээс зээлийн хүү 80.100 төгрөг, алданги 738.915 төгрөг, нийт 792.299 төгрөг гаргуулж авна” гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигч зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч зээлийн хүү 80.100 төгрөг, алданги 738.915 төгрөг, нийт 792.299 /долоон зуун ерэн хоёр мянга хоёр зуун ерэн ес/ төгрөг гаргуулж авна,

Хариуцагч үндсэн зээл, зээлийн хүүнд нийт 2.675.000 /хоёр сая зургаан зуун далан таван мянга/ төгрөг төлж барагдуулсан, алданги төлөх талаар мэдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

Х ЗДТГ, З.Г нарын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан, зээлдэгч зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээлийг хугацаандаа төлөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна хоногийн 0.2 хувийн алданги тооцох буюу эх үүсвэрийг буцаан татах гэсэн нөхцөлтэйгээр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь зохигчийн тайлбар, “Сум хөгжүүлэх сан”-гаас олгох зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, “Галтын цуурай” төслийн танилцуулга,  Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн “Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлх тухай” А-02 дугаар захирамж, хурлын тэмдэглэл зэрэг баримтын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд болох нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч З.Г“Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу үндсэн зээл 2.500.000 төгрөг, зээлийн хүү 138.635 төгрөг, бүгд 2.638.635 төгрөг төлөх бөгөөд тэрээр зээлийн эргэн төлөлтөд бүгд 2.675.000 /хоёр сая зургаан зуун далан таван мянга/ төгрөг төлсөн ба харин алданги 738.915 /долоон зуун гучин найман мянга есөн зуун арван тав/ төгрөгийг төлөх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...зээлийн эргэн төлөлтөөс 2017 онд 50.000 төгрөг 2 удаа хийж бүгд 100.000 төгрөг төлсөн...З.Г ын 1 жилийн хугацаанд төлөх зээлийн хүү 75.000 төгрөг төлсөн талаар мэдэхгүй, энэ талаарх баримт одоо байхгүй, миний өмнө ажиллаж байсан мэргэжилтэн мэднэ...Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2.500.000 төгрөг төлсөн” гэх тайлбараар З.Г ыг зээлийн эргэн төлөлтөд 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд зээлийн хүүнд 75.000 /далан таван мянга/ төгрөг төлсөн гэх тайлбарыг няцааж чадахгүй байв.

Мөн тэрээр зээлийн хүү 80.100 төгрөг, алданги 738.915 төгрөг, нийт 792.299 /долоон зуун ерэн хоёр мянга хоёр зуун ерэн ес/ төгрөг гаргуулж авна гэж маргаж байгаа ч ямар арга хэрэгсэл ашиглан яаж бодсон, дээрх зээлийн хүү, алданги, бүгд 819.015 төгрөг болж байхад ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага нийт 792.299 төгрөг авахаар нэхэмжилж байгаа талаар тодорхой тайлбарлаж чадахгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн хүү, алдангийн нийлбэр дүн 819.015 төгрөг байхад, нийт 792.299 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Би З.Г гуайд зээлийн гэрээ дуусч байгаа тул зээлээ төлж барагдуулах хэрэгтэй гэж удаа дараа хэлж, мэдэгдэл өгч байсан ба 2018 оны 3 дугаар сард зээлээ бүгдийг төлж барагдуулвал алданги тооцохгүй байхаар тохирсон...” гэж тайлбарлаж байгаа ч хэдэн удаа мэдэгдэх хуудас өгсөн, алданги төлөх эсэх талаар хэрхэн тохиролцсон тухай нотлох баримтыг, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан  “...Би “Сум хөгжүүлэх сан”-гаас авсан зээлээ, хүүгийн хамт төлж барагдуулсан. Миний нүд юм хардаггүй учир зээлийн гэрээг хүнээр уншуулсан болохоор зээлийн гэрээнд алданги төлнө гэж заасныг мэдээгүй, гарын үсгээ ч зурж чаддаггүй...” гэх тайлбарыг няцаах нотлох баримтыг тус тус шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.

Иймд З.Г зээлийн хүү 80.100 /наян мянга нэг зуу/ төгрөг, алданги 738.915 /долоон зуун гучин найман мянга есөн зуун арван тав/ төгрөг, нийт 792.299 /долоон зуун ерэн хоёр мянга хоёр зуун ерэн ес/ төгрөг гаргуулах тухай ----ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

    Нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдлаа.  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар З.Г-т холбогдох зээлийн хүү, алданги, нийт 792.299 /долоон зуун ерэн хоёр мянга хоёр зуун ерэн ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч -------нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА