Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/915

 

                                                                                                                      

 

 

 

 

 

    2022         06            17                                   2022/ШЦТ/915

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Д.Хорлоо,

шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Мандал нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Цд холбогдох эрүүгийн 2106 02570 2539 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хуандайн 1-141г тоот хашаанаас хохирогч Ц.Цэнгэлмаагийн эзэмшлийн 80-20 УБД улсын дугаартай Тоёота Хайлюкс” маркийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Ц.Цэнгэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 01-ний өшнө унтаж байхад согтуу манай 8020 УБд улсын дугаартай Тоёота Хайлюкс машиныг унаж хашааны хаалга мөргөж гараад зугтаасан. Тэгтэл өглөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн гараас яраид таны машин Гэсэр сүминй хажууд цонх нь онгорхой түлхүүр нь дотор нь зоолттой байна байна, та ирж машинаа ав гэсэн. Тэгээд машинаа очоод авах гэтэл бензин нь дуусаад дугуйг нь хагалаад бордюур мөргүүлээд хаясан байсан. Миний нэхэмжилж байгаа мөнгө нийлээд 867,700 төгрөг болсон байна. Би энэ мөнгөө С.Цээс гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-23 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч С.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шар хоолойн аманд Отгонбаатарынх гэх айлд туслах ажилтан хийж байгаад 2021 оны 6 дугаар сарын сүүлээр Отгонбаатар ахын эхнэр Цэнгэлмээ эгчийн эзэмшлийн 8020 УБД улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Хайлюкс маркийн тээврийн хэрэгслийг согтуудаа авч унаж гаран хотын төвд замын хашлага мөргүүлэн хаясан хэрэг үйлдсэн нь үнэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,

           

            Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хавтас хэргийн 1 дүгээр хуудас/

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 6-7 дугаар хуудас/

            С.Цийг эрэн сурвалжилсан тухай баримтууд /хавтаст хэргийн 38-44, 55-59, 62-64, 72-74 дүгээр хуудас/

            Дамно үнэлгээ ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хавтас хэргийн  30-31 дүгээр хуудас/

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /хавтас хэргийн  76-77 дугаар хуудас/

                       

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

           

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 35 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 37 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч С.Ц нь хохирогч Ц.Цэнгэлмаагийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоолгох саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “С.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруу дээр хэлэх зүйл байхгүй” гэх агуулга бүхий дүгнэлт санал гаргасан.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хуандайн 1-141г тоот хашаанаас хохирогч Ц.Цэнгэлмаагийн эзэмшлийн 80-20 УБД улсын дугаартай “Тоёота Хайлюкс” маркийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан бөгөөд унаж явахдаа замын бордюур мөргөж машинд эвдрэл гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

                       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Шүүгдэгч С.Ц нь хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан нь “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

           

Мөн тухайн тээврийн хэрэгслийг авч явсан үйлдэл нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

 

Иймд шүүгдэгч С.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч С.Ц нь тээврийн хэрэгслийг унаж явахдаа замын бордюур мөргөж, улмаар тээврийн хэрэгслийн эд ангид эвдрэл учирсныг хөрөнгийн үнэлгээний тайлангаар “бензин насосыг 80,000 төгрөг, босоо тэнцүүлэгч 100,000 төгрөг, свечэ сальник 96,000 төгрөг, ремен 20,000 төгрөг, дугуй 10,000 төгрөг” гэж нийт 306,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

 

Харин хохирогч Ц.Цэнгэлмаа нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “867,700 төгрөгийг С.Цээс гаргуулж авмаар байна” гэж, /хавтаст хэргийн 18-23 дугаар хуудас/, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүгдэгчээс 867,700 төгрөгөө нэхэмжлэх тухайгаа тус тус илэрхийлсэн байна.

 

Шүүх хуулийн шаардлага хангасан хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 306,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, харин баримтгүйгээр нэхэмжилсэн 867,700 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Ц гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

Шүүгдэгч С.Цд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч “цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцож өгнө үү” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

Шүүгдэгч С.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ц нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Цийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс цагдан хоригдсон 49 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 392 цагийг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцон, эдлэх ялын хэмжээг 88 цагаар тогтоов.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч С.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Цийг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Цийн 49 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 392 цагийг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцон, эдлэх ялын хэмжээг 88 цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ц нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цээс 306,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Цэнгэлмаад олгосугай.

 

6. Хохирогч Ц.Цэнгэлмаа нь бусад гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Ц урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

           

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ