| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/01357/и |
| Дугаар | 155/ШШ2018/01357 |
| Огноо | 2018-08-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2018/01357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1985 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, ************** дугаар регистртэй, Я овогт Д П-н,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************** оршин суух, *************** дугаар регистртэй, эрэгтэй, Г овогт Б Х-т холбогдох
Автомашин худалдсан үнийн үлдэгдэл 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2018/01255/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгч Д.П нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Пшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын зах дээр “Серис” маркийн 96-94 ХӨВ улсын дугаартай автомашинаа зарахаар зар тавьсны дагуу 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Б.Х 4.200.000 төгрөгөөр авахаар болж, 2-3 хоногийн дараа төлбөрөө өгнө гээд машиныг унаад явсан. Бид худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй. Манайх байшин барих гэж байсан болохоор машины төлбөрт Б.Хаас 12*15 харьцаатай 4 метрийн урттай, 150 ширхэг палк, 2 куб банз авахаар тохирсон байсан. 1 ширхэг палкны үнэ 11.000 төгрөг буюу 150 ширхэг палкны үнэ 1.650.000 төгрөг, 1 куб банзны үнэ 130.000 төгрөг буюу 2 куб банз 260.000 төгрөг, бүгд 1.910.000 төгрөг болж, үлдэх мөнгө 2.290.000 төгрөгийг бэлнээр авахаар ярилцаж тохирсон. Тэгээд Б.Х арваад хоногийн дараа 200.000 төгрөг, 5 дугаар сарын үед 2.000.000 төгрөг, 6 дугаар сарын үед 200.000 төгрөг, бүгд 2.400.000 төгрөг өгсөн. Машины төлбөрийг тохирсон хугацаанд өгөхгүй болохоор нь Б.Хтай удаа дараа очиж уулзсан боловч чамд палк, банз өгөх Нямдоржид мөнгөө өгсөн, тэр хүнээс очиж палк, банзаа ав гэдэг. Нямдоржтой нь уулзахад Б.Хаас ав гэдэг. Сүүлдээ Б.Х утсаа авахгүй болж, намайг хохироож байна. Би анхнаасаа Б.Хтай машины наймаа хийсэн болохоор түүнээс төлбөрөө авна. Иймд машины үлдэгдэл үнэ 1.800.000 төгрөгийг Б.Хаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Х 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд хариу тайлбараа ирүүлэхийг дахин мэдэгдсэн байна.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Б.Хт холбогдуулан автомашин худалдсан үнийн үлдэгдэл 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тэрээр шүүх хуралдаанд тодруулжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Б.Х “Серис” маркийн 96-94 ХӨВ улсын дугаартай автомашиныг Д.Птой 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр авахаар тохиролцон худалдаж авсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.
Учир нь Д.Пийн шүүх хуралдаанд гаргасан “Б.Х...арваад хоногийн дараа 200.000 төгрөг, 5 дугаар сарын үед 2.000.000 төгрөг, 6 дугаар сарын үед 200.000 төгрөг, бүгд 2.400.000 төгрөг өгсөн...” гэх тайлбар нь түүний ХААН банкны 5890596497 тоот дансанд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, бүгд 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Мөн Б.Хт 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72 дугаар зүйлийн 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно...” гэж тус тус заасан байна. Хариуцагч Д.Х хуулинд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Өөрөөр хэлбэл Б.Х “Серис” маркийн 96-94 ХӨВ улсын дугаартай автомашиныг 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр Д.Поос худалдаж аваагүй, үлдэгдэл үнэ 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа бол энэ тухай няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч Б.Хаас автомашин худалдсан үнийн үлдэгдэл 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Пд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 43.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Хт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Х-аас автомашин худалдсан үнийн үлдэгдэл 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.П-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.П-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 43.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.П-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА