| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/01342/и |
| Дугаар | 155/ШШ2018/01342 |
| Огноо | 2018-08-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2018/01342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1991 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, уран зохиолын багш ажилтай, Хөвсгөл аймгийн **************** оршин суух, *********** дугаар регистртэй, Т овогт А.С-ийн ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн боловсролын багш ажилтай, Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, ************* дугаар регистртэй, Х овогт Б.О-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2018//01236/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгч А.С, хариуцагч Б.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О бид хоёр 2008 онд танилцан үерхэж байгаад 2011 онд хүү О.Гыг төрүүлж, 2015 оны 8 дугаар сард хуримаа хийн, гэрлэлтээ бүртгүүлэн хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байх хугацаанд бидний үзэл бодол таарахгүй, маргалдаж хэрэлдэх болж, сүүлдээ Б.О архи их ууж, зодох болсон бөгөөд гэр бүлийн харилцаанаас гадуур өөр эмэгтэйтэй харилцаа үүсгэн хүүхдийн тэтгэлэг төлөх болж, бидний харьцаа улам муудсан. Хүү О.Г бид хоёр 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ яваад одоог хүртэл тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хүү маань аавыгаа санадаг болохоор өнчрүүлэхгүй гэж их хичээж би Б.Огээс буцаад амьдаръя гэж гуйж, хүүхдээ хүртэл дагуулж очин сар хамт амьдраад, ажилдаа ирэхэд араас огт холбоо бариагүй. Хүүхдэдээ ямар ч тусламж дэмжлэг үзүүлдэггүй, очиж уулзана гэж хуурдаг. Би Арбулаг суманд ажиллаж, сургуулийн дотуур байранд амьдардаг болохоор хүүхэдтэйгээ хамт байх боломжгүй Т миний аав, ээж халамжлан хамт амьдарч байгаа. Би одоо хүүтэйгээ хамт байгаа. Б.О хүүдээ огт анхаарал халамж тавьдаггүй мөртлөө өөрийн асрамжид авна гэж байгааг ойлгохгүй байна. Цаашид хамт амьдрах боломжгүй Т гэрлэлтээ цуцлуулна. Хүү О.Гыг өөрийн асрамжид авч, эцэг Б.Огээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлнэ. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.С бид хоёр 2008 онд танилцаж, 2015 оны 8 дугаар сард хуримаа хийсэн. Бид 5 сар хамт амьдарсан. Үзэл бодол, сэтгэл санаагаа ойлголцохгүй хэрэлдэж маргалдах байдал гаргадаг байсан ч бие биеэ уучлаад өнгөрүүлэх боломж байсан. Гэтэл А.С сална гээд хүүг минь аваад өөрийн эцэг, эх рүүгээ явсан. Ноднин хүүтэйгээ над дээр ирж, сар хамт байсан. Нэгэнт салах болохоор холбоо тогтоох шаардлагагүй гэж бодоод хойноос нь очоогүй. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Миний хүү А.Сгийн аав, ээжтэй хамт амьдарч байгаа болохоор хүүхэдтэйгээ хамт байхыг хүсэж байна. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.С нь хариуцагч Б.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 2016 оны 2 дугаар сараас одоог хүртэл буюу удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа болон гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон Эрэгтэй, РД: *************, Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Х овогт Бадамдоржийн О, эмэгтэй, РД: ***********, Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Т овогт Амгаланбаярын С нар 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 6743000032-рт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй 6743000032 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тэдний дундаас 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүү О.Г төрсөн болох нь №0000610113/21 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай эмчийн тодорхойолт, Титэм Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны О.Г тус сургуулийн 1 дүгээр ангид суралцдаг болно гэх тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй, хүүхдийн санал зэргийг харгалзан 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү О.Гыг эх А.Сгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж заасан Т эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Б.Огээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцэг, эх хоёулаа үр хүүхдээ тэжээн үүрэгтэй бөгөөд О.Г нь эцэг Б.Отэй хэдийд ч уулзах эрхтэй болно.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа.
Иймд А.С, Б.О нарын гэрлэлтийг цуцалж, хүү О.Гыг эх А.Сгийн асрамжид үлдээж, эцэг Б.Огээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү О.Г 7 нас 05 сар хүрч байгаа Т Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийг хүү О.Гт сар бүр эцэг Б.О төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү О.Гт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Огээс улсын тэмдэгтийн хураамж 101.044 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Сд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т овогт Амгаланбаярын С, Х овогт Бадамдоржийн О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү О.Гыг эх А.Сгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү О.Гыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Огээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.О, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.С нарт тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Огээс улсын тэмдэгтийн хураамж 101.044 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Сд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА