Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2018/01319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, **************** оршин суух, УД63081513 дугаар регистртэй, эрэгтэй, Асан овогт Э.С-тын,

Хариуцагч: Улаанбаатар хотод 1977 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Нөхөрлөл зам” хоршоололд жолооч ажилтай, Хөвсгөл аймгийн *************** оршин суух, *************** дугаар регистртэй, Хотгойд овогт Д.З-т холбогдох

Гэм хорын хохирол 3.255.000 /гурван сая хоёр зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2018/01088/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, иргэдийн төлөөлөгч Д.Ганбаатар, хариуцагч Д.З, түүний өмгөөлөгч Б.Батдорж, онлайнаар холбогдож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өрөмдлөгийн ажил хийдэг бөгөөд 2016 онд Ховд аймаг, Дарви суманд ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хот руу явах яаралтай ажил гараад өөрийн Ssangyoung istana маркийн 08-28 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслээ тухайн ажиллуулж байсан Хятадын компанийн харуул хамгаалалтад үлдээгээд явсан. Гэтэл Nord Howo маркийн ачааны машинаар миний тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөж хохирол учруулсан байна. Энэ талаар Ховд аймаг, Дарви сумын хэсгийн байцаагчид мэдэгдэх гэсэн боловч амарч байсан. Харуул хамгаалалтын ажилтнуудад 88891825, 89182595 дугааруудыг үлдээсэн бөгөөд өөрийгөө Д.З гэж нотлоод явсан боловч одоо утсаа авахгүй миний тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг арилгаж өгөхгүй байна. Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан бсловч аймгийн прокуророос уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул иргэний журмаар нэхэмжлэлзэ гаргах боломжтой гэсний дагуу дээрх нэхэмжлэлийг гаргаж байна. Д.З нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Улаанбаатар хот руу хот хоорондын тээврийн жолооч болохыг мэдээд миний биө Улаанбаатар хотын Драгон дээр очиж уулзахад таны мөнгийг удахгүй өгнө гэсэн мөртлөө одоо болохоор утсаа авахгүй байна. Иймд гэм хор учруулснаас үүссэн 3.255.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 23 дугаар хороо, Хангай хотхоны 48-19 тоотод оршин суух, эрэгтэй, УЗ89033032 дугаар регистртэй, Боржигон овогт М.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.ЭХовд аймгийн Дарви суманд ажиллаж байгаад өөрийн эзэмшлийн Ssangyoung istana маркийн 08-28 ГСА улсын дугаартай микро автобусыг Хятадын компанийн харуул хамгаалалтад үлдээгээд Улаанбаатар хот явсан байхад нь Д.З 2016 оны 7 дугаар сард Nord Howo маркийн ачааны машинаа ухрааж байгаад тус тээврийн хэрэгслийг зүүн талаас мөргөж хашаанд шахан, эвдрэл гэмтэл учруулсан байдаг. Тухайн үед Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан боловч аймгийн Прокуророос уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул иргэний журмаар нэхэмжлэлзэ гаргах боломжтой гэсэн хариу өгсөн, Д.З өөрийн утасны 88891825, 89182595 дугааруудыг үлдээсэн бөгөөд утсаар ярихад 2 тооны тугалтай үхэр өгнө, таны хохирлыг барагдуулна гэж худлаа хэлсээр 2 жил өнгөрсөн байдаг. Ховд аймгийн Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд 505.000 төгрөгийн шууд хохирол учирсан гэдгийг С.Э хууль эрх зүйн мэдлэг дутуу учир сайн ойлгоогүй, мөн хохирол нөхөн төлөх талаар харилцан тохиролцсон гэсэн учир төлбөр төлнө гэж хүлээсэн байгаа. Ингээд аргагүйн эрхэнд Ховд аймгаас тус тээврийн хэрэгслийг ачиж, Улаанбаатар хотод авчран, ослын улмаас учирсан эвдрэл гэмтэл, хохирлын үнэлгээг Сангийн яамны сайдын зөвшөөрөлтэй, мэргэжлийн үнэлгээний байгууллагаар хийлгэхэд үнэлгээ бага гарсанд гомдолтой байдаг боловч С.Э өөрөөсөө гарсан зардлыг нэхэмжлээгүй. Тус микро автобусыг ачиж явахад нэмэлт эвдрэл гэмтэл учирсан байж болно. Хэрэв Д.Зтус машиныг дайраагүй бол түүнийг ачих шаардлага байхгүй. Одоо болохоор Д.З осол гарсан талаар мэдэхгүй, миний Nord Howo маркийн ачааны машиныг н.Э барьж явсан, түүнд өөрийнхөө нэр дээр гар утас авч өгсөн, би тугалтай үнээ өгөхөөр тохиролцоогүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Д.Зыг Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Улаанбаатар хот руу хот хоорондын тээврийн жолооч хийдэг болохыг мэдээд Драгон төв дээр С.Эочиж уулзахад таны мөнгийг удахгүй өгнө гэсэн мөртлөө өдий болтол өгөөгүй. Гэм хор учирсан хохиролд 2.800.000 төгрөг төлвөл эвлэрэх саналыг хариуцагч хүлээж аваагүй. Иймд Д.Зын буруутай үйлдлээс микро автобусанд учирсан гэм хорын хохирол 3.255.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Дарви суманд миний эзэмшлийн Nord Howo маркийн ачааны машиныг М.Э барьж, ажил хийж байсан. 88891825, 89182595 дугаарын утас минийх биш. Би М.Эт ажлаа хийлгэхээр өөрийн нэр дээр утас авч өгсөн. Осол гарсан талаар сүүлд надад М.Э хэлээд хоорондоо тохирсон гэж байсан болохоор хохирол төлбөрөө төлсөн байх гэж бодсон. Гэтэл намайг Драгон төв дээр байхад С.Э гэдэг хүн ирж уулзахад хохирлоо төлөөгүй юм байна гэдгийг мэдсэн. Энэ тухай М.Э хэлэхэд 800.000 төгрөгөөр бид хоорондоо тохирсон боловч өгч чадаагүй гэсэн. Би С.Этой 2 тооны тугалтай үхэр өгөхөөр утсаар яриагүй. Гэмтэл учирсан микро автобусанд хийсэн эвдрэл гэмтлийн хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй. Ослын талаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол гарсны дараа, мөн Улаанбаатар хотод авчирч үнэлгээ хийлгэсэн байна. Тээврийн хэрэгслийг ачиж явахад нэмэлт эвдрэл гэмтэл учирсан байж болно. Прокурорын тогтоол дээр 505.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн байна. Үүнийг зөвшөөрөхгүй бол дахин үнэлгээ хийлгэх боломж байсан. М.Энь С.Эд хохиролд 1.500.000 төгрөг өгье гэсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөөгүй. Ямар шалтгаанаар Ховд аймгийн Прокурорын газрын тогтоолд миний нэр бичсэнийг мэдэхгүй, тогтоолын хувь надад ирээгүй, миний машиныг унаж яваад гэмтэл учруулсан хохиролд М.Э 1.500.000 төгрөг төлөх саналыг нэхэмжлэгч талд тавьж байсан тул гэм хорын хохиролд 1.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Бусад төлбөрийг төлөхгүй гэв.

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Д.З холбогдуулан гэм хорын хохирол 3.255.000 /гурван сая хоёр зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн зохигч зам тээврийн осол гарсан талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь Nord Howo маркийн машиныг өөрийн өмчлөлийнх мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, гэм хорын хохиролд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлнө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжээчийн үнэлгээний тайланд заасан үнэлгээгээр хохирол учирсан эд зүйлээ үнэлж, 3.255.000 /гурван сая хоёр зуун тавин таван мянга/  төгрөг авна гэж маргаж байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Д.Зын өмчлөлийн Nord Howo /Хово/ маркийн ачааны автомашинаар М.Э ухрах үйлдэл хийх явцдаа 08-28 ГСА улсын дугаартай Истана маркийн микро автобусыг мөргөж, эд зүйлд эвдрэл гэмтэл учруулсан болох нь зохигчийн тайлбар, Ховд аймгийн Прокурорын газрын 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 5/27 дугаартай тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, М.Эийн “...найз Д.Зын эзэмшлийн Howo маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг Ховд аймгийн Дарви суманд замын далан барих ажил гүйцэтгэхээр авч явсан ...ухрахад...Истана маркийн машиныг мөргөсөн...зүүн талын дунд хэсгээр дотогшоо чихэгдсэн...” гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдлоо.  

Нэхэмжлэгч С.Эоос шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “Мега марз” хягаарлагдмал хариуцлагатай компанийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4234/0917 дугаартай автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар түүнд автомашины эд анги эвдэрч гэмтсэний улмаас 3.255.000 /гурван сая хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.

Учир нь Ховд аймгийн Прокурорын газрын 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “С.Эд 505.000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь тогтоогдсон, хохирлын талаар тохиролцсон” гэх бичилттэй “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 5/27 дугаартай тогтоол гарсны дараа “Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар хохирлын хэмжээг тогтоосон бөгөөд тус автомашинд Д.Зын өмчлөлийн Nord Howo маркийн автомашинд мөргүүлсний улмаас учирсан эвдрэл гэмтэл, эсхүл одоо бодит байдалд байгаа эвдрэл гэмтэлд гаргасан үнэлгээ эсэх нь тодорхойгүй, үнэлгээний тайланд үнэлгээний мэргэжилтэн Т.Г тэмдэг дарж баталгаажуулаагүй тул нотлох баримтад үнэлэх боломжгүй юм.

С.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирол 3.255.000 /гурван сая хоёр зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулж авна гэж мэтгэлзэж байгаа ч үүнийг давхар нотлох болон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.

Гэвч хариуцагч Д.З нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлөх тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д зааснаар “зохигч…нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно” гэсний дагуу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн хэмжээнд хангаж шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч Д.Заас гэм хорын хохирол 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.755.000 /нэг сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Заас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Заас гэм хорын хохирол 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.755.000 /нэг сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Э-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Заас улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Б.ОТГОНБЯМБА

 

                                             ШҮҮГЧ                  Л.ЭРДЭНЭБАТ

 

    ШҮҮГЧ                   Б.МӨНХТУЯА