Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0172

 

         

“Х о” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А

Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дугаартай “Х о” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, И.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 112/2023/0046/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х о” ХХК-аас Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дугаартай “Х о” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцуулах”-аар маргасан байна.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх бодит байдалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй буюу тухайн захирамжийг гаргах үндэслэл нөхцөл болох түрээсийн гэрээний төлбөрийг хугацаандаа төлөх талуудын харилцан тохиролцоог шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт дурдсан боловч үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй.

            “Х о” ХХК нь 2016 онд тухайн агуулах, гражийн барилгыг анх Орон нутгийн өмчийн газартай түрээсийн гэрээ байгуулж ашиглаж эхэлсэн бөгөөд аймгийн Засаг даргын 2021 оны А/274 дүгээр захирамж гарах хүртэл түрээсийн гэрээ, гэрээний хавсралтын дагуу түрээсийн төлбөрийг бүрэн барагдуулж байсан нь гэрээ дүгнэсэн акт, түрээслүүлэгчийн мэдүүлэг зэргээр нотлогддог.

Түрээсийн гэрээний 2 дугаар хавсралтаар түрээслэгч, түрээслүүлэгч нь жилийн түрээсийн төлбөрийн хагас бүтэн жилээр хуваан төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд 2020 оныг дуустал түрээсийн төлбөрийг бүрэн барагдуулсан, 2021 оны хагас жилийг дуустал хугацаанд түрээслэгчид түрээсийн төлбөрийг төлөх боломж гэрээгээр олгогдсон байхад аймгийн Засаг дарга нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/505 дугаар албан тоотоор түрээсийн гэрээг цуцлах мэдэгдэл ирүүлж байгаа нь гэрээг зөрчиж байгаа тодорхой үйлдэл байгаа, 06 дугаар сарын 21-ний өдөр А/274 дүгээр захирамж гаргаж гэрээг цуцлах тухай шийдвэр гаргаж байгаа бодит нөхцөл байдалд анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр маргааныг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

            “Х о” ХХК нь анх 2016 онд түрээсийн гэрээг байгуулж үйл ажиллагаа эрхэлж эхэлснээс хойш Ковид-19 цар тахлын үед үйл ажиллагаа явуулаагүй байхдаа ч түрээсийн төлбөрийг гэрээний дагуу барагдуулж байсан найдвартай түрээслэгч байхад 2021 оны 04 дүгээр сараас эхлэн түрээслүүлэгч талаас түрээсийн төлбөрийг төлөөгүй тул гэрээ цуцална гэх мэдэгдлийг ирүүлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Тухайн компани нь гэрээний дагуу хагас бүтэн жилээр түрээсээ төлөхөөр тохиролцож гэрээний дагуу үүргээ биелүүлж байхад хагас жил болохоос өмнө буюу 04 дүгээр сард гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлж байгаа нь ямар ч хамаагүй шалтаг шалтгаанаар гэрээнээс татгалзах гэсэн хариуцагчийн үйлдэл болохыг илтгэж байгаа. Түрээсийн гэрээг цуцлах тухай дээрх захирамжийг гаргах гол үндэслэл нь түрээслэгч түрээсийн төлбөрийг барагдуулаагүй гэх үндэслэл бөгөөд гэрээг цуцлах тухай 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мэдэгдэл, гэрээг цуцалсан гэх аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дүгээр захирамж гарах хүртэл гэрээ, гэрээний хавсралтын дагуу “Х о” ХХК түрээсийн төлбөрийг барагдуулж байсан бөгөөд захиргааны акт гаpгax үндэслэлгүй байхад захирамж гаргасан нь илт хууль бус үйлдлийг нь анхан шатны шүүхээс дүгнэж үзсэнгүй.

3.2. “Х о” ХХК нь Орон нутгийн өмчийн газартай байгуулсан түрээсийн гэрээг аймгийн Засаг дарга баталсан тухайн асуудал нь хувийн эрх зүйн хүрээнд үүссэн гэрээний үүрэгтэй холбоотой боловч тухайн асуудлаар аймгийн Засаг дарга захирамжилсан шийдвэр гаргах зарчимгүй, эрх зүйн үндэслэлгүй байсан. Захиргааны байгууллага /Засаг дарга, Орон нутгийн өмчийн газар аль аль хамаарна/ хувийн эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд захиргааны акт гаргах боломжгүй бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстой. Гэтэл захирамжилсан шийдвэр гаргах боломжгүй тохиолдолд хууль зөрчиж аймгийн Засаг дарга захирамж гаргасан нь илт хууль бус захиргааны шийдвэрт хамаарах зарчмын асуудлыг маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Хувийн эрх зүйн харилцаанд оролцож байгаа төр, түүний төлөөний этгээд нь захирамжилсан шийдвэр гаргах боломжгүй бөгөөд хууль дээдлэх зарчмыг зөрчиж захирамж гаргасан нь илт хууль бус актад хамаарах боломжтой.

Тухайн түрээсийн гэрээнд түрээслүүлэгчийг төлөөлж Орон нутгийн өмчийн газар, түүний дарга, түрээслэгчийг төлөөлж “Х о” ХХК захирал гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний эрх, үүрэг хариуцлага, гэрээнээс татгалзах, цуцлах асуудлыг Иргэний хуульд зааснаар гэрээний талууд хэрэгжүүлэх ёстой. Түрээсийн гэрээний Нэг. Ерөнхий зүйл 1.1-д зааснаар гэрээний талуудыг тодорхой заасан бөгөөд Түрээслүүлэгчийг Орон нутгийн өмчийн газар, Түрээслэгч нь “Х о” ХХК гэж тодорхой заасан. Гэтэл гэрээний тал бус гуравдагч этгээдээс гэрээг цуцлах мэдэгдэл ирүүлж байгаа асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 45 дугаар тогтоолоор баталсан Орон нутгийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журмын 3.1-д зааснаар орон нутгийн өмчийн түрээсийн гэрээг аймгийн Засаг дарга батлах эрхтэй байгаа учир Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар захирамж гаргасан гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.

Тухайн журмаар аймгийн Засаг дарга Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх гэрээг батална гэх зохицуулалттай боловч цуцлах асуудал нь тусгагдаагүй байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 45 дугаар тогтоол нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт боловч захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй хүчин төгөлдөр бус акт байдаг.

Аймгийн Засаг даргын 2021 оны А/274 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл нь буруу байна, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар аймгийн Засаг дарга орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх талаар захирамж гаргах бүрэн эрх хуулиар олгогдоогүй байна гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүхээс аймгийн Засаг даргын захирамж нь эрх зүйн алдаатай байхыг үгүйсгэхгүй, гэвч уг алдаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д хамаарах ноцтой алдаа биш гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар шат шатны Засаг дарга нарын эрхийг заагаад өгчихсөн. Энэ заалтаар аймгийн Засаг дарга дээрх асуудлаар бүрэн эрх олгогдоогүй байдаг. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар Засаг даргад бүрэн эрх олгогдоогүй. Гэтэл Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн журмаар тухай асуудал эрх олгогдсон бөгөөд эрх зүйн алдаатай байгаа нь илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Аймгийн Засаг даргын захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.7 дахь заалтуудыг үндэслэж гаргасан захиргааны акт байдаг. Тухайн зохицуулалтууд нь огт эрх зүйн үндэслэлгүй акт гаргасан болохыг харж болно. Нөгөө талаар тухайн хуулиудаар шат шатны Засаг даргад олгосон бүрэн эрхэд түрээсийн гэрээг батлах, цуцлах зохицуулалт байхгүй.

Иймд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж маргасныг хууль бус захиргааны актад хамаарна, илт хууль бус захиргааны актад хамаарахгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 4 дүгээр шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч хянаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:       

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгч “Х о” ХХК-иас Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дугаартай “Х о” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дугаартай захирамжаар Орон нутгийн өмчийн газрын хөрөнгөд бүртгэлтэй граж, агуулахын барилгыг махны үйлдвэрийн зориулалтаар түрээсэлж байгаа “Х о” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр түрээсийн гэрээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болсон цуцалсан байна.

2.3. Нэхэмжлэгчээс “...”Х о” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 01/2019 дугаартай түрээсийн гэрээг Орон нутгийн өмчийн газартай Есөнбулаг сум, Харзат багт байрлах агуулахын зориулалттай барилгыг махны үйлдвэрийн зориулалтаар түрээслэхээр гэрээ 5 жилийн хугацаатай байгуулж, 2024 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл түрээслэхээр гэрээнд заасан. Гэрээний хавсралтаар түрээсийн төлбөр төлөх хуваарийг гаргаж хагас жил тутам 10 200 600 төгрөгийг төлж байсан. Гэрээний хэрэгжилтийг тухай бүр дүгнэж, түрээсийн гэрээний төлбөрийг гэрээнд заасны дагуу барагдуулж байсан, ... Аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дүгээр илт хууль бус захирамж гарах хүртэл 2016 оноос 2020 оныг дуустал “Х о” ХХК нь түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр төлөх үүргийг хугацаанд нь биелүүлж байхад аймгийн Засаг даргын захирамжаар түрээсийн төлбөрийг төлөөгүй гэж гэрээ цуцалсан нь үндэслэлгүй хууль, гэрээний заалтыг зөрчсөн шийдвэр байсан, ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар аймгийн Засаг даргад олгосон бүрэн эрх, чиг үүрэгт түрээсийн гэрээг батлах, түүнийг цуцлах эрх хэмжээ олгогдоогүй ...” гэж тайлбарлан маргажээ.

2.4. Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Орон нутгийн өмчийн газрын гараж, агуулахын барилгыг түрээсэлж байгаа “Х о” ХХК-тай байгуулсан 01/2019 дугаартай түрээсийн гэрээний 3.2-т “Түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан банкин дахь түрээслүүлэгчийн харилцах дансанд шилжүүлгээр буюу бэлнээр төлж, тухайн банкны баримтыг үндэслэн сар бүр түрээслүүлэгчтэй тооцоо хийнэ”, 5.5-д “Түрээслэгч нь тухайн сарын түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу сар бүрийн 15-ны дотор Орон нутгийн өмчийн газрын өмч хувьчлалын орлогын дансанд төвлөрүүлнэ” гэж тус тус заасан байх бол мөн гэрээний 8.1-д “Түрээслэгч тал гэрээний үүргээ ноцтой зөрчих, түрээсийн төлбөрөө нэг сар хүртэл хугацаагаар хожимдуулан төлөх, төлбөрийн чадваргүй болох, гэрээ буюу хууль заасан бусад нөхцөл байдал үүссэн” тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.

2.5. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл, түрээслэгч “Х о” ХХК нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлж, түрээслэгчтэй тооцоо хийх гэрээний үүргээ зөрчиж маргаан бүхий акт гарах хүртэл эхний 6 сарын түрээсийн төлбөрийг нэгэнт төлөөгүй болох нь тогтоогдож байна. Түүнчлэн хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/505 дугаар албан бичгээр 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/2019 дугаар гэрээний 5.5 дахь заалтыг зөрчсөн тул гэрээний 8.1 дэх заалтад заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдсэн байх бөгөөд ийнхүү мэдэгдэл хүргүүлсээр байтал гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа энэ тохиолдолд түрээсийн гэрээг цуцалсан хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй төдийгүй түүнийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

2.6. Нөгөөтээгүүр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг хуульд заасан хязгаарын хүрээнд тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, өмчийн удирдлагыг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд Засаг дарга хэрэгжүүлнэ”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.”, 78.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 78.2.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийн өмчийг түрээслүүлсэн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ

 

 

                      ШҮҮГЧ                                                                         Ц.САЙХАНТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН