| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2018/03694/И |
| Дугаар | 184/ШШ2018/00239 |
| Огноо | 2018-01-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2018/00239
| 2018 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 184/ШШ2018/00239 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, хилчин 87 гудамж 1 тоотод оршин суух Боржигон овогт Мөнхбаатарын Мөнгөнчимэг /ХП73043060/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Мөнгөнчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч M.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Мөнгөнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие “Хас банкинд” өөрийн өмчлөлийн орон сууц болон хашаа байшинг барьцаалан зээл авсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч “Хас банк”-нд 40,354,713.72 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Би тодорхой хэсгийг төлөөд одоо 35,114,936 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Итгэлт-Эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээ гаргахдаа миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд болох Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, хилчин 87-01 тоотод байрлах Ү-2201030774 тоот улсын бүртгэлийн дугаартай 145.25 м.кв талбайтай хувийн сууц, граж, мөн хаягт байрлах Ү-2201018033 тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг амины орон сууцын хамт 18,141,988 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 13-р хороо, туул тосгон 24 айлын орон сууц, 6-р байрны 12 тоотод байрлах Ү-2206010050 тоот улсын бүртгэлийн дугаартай 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 21,591,756 төгрөгөөр тус тус үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үнэлгээ гаргахдаа миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт бага үнээр үнэлсэнд гомдолтой байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, хилчин 87-01 тоотод байрлах хувийн сууц, гражийг тус бүрд нь үнэлээгүй хамтад нь нэг үнэлгээ гаргасан, тухайн газар дээр байрлах Ү-2201033923 улсын бүртгэлийн дугаартай, 44,84 м.кв миний өмчлөлийн хувийн сууцыг үнэлгээнд оруулаагүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 ны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1529 дугаар захирамжаар М.Мөнгөнчимэгээс 34,805,074 төгрөг гаргуулж “Хас банк”-нд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2017 оны 8 дугаар сарын 28-ны дотор төлбөр барагдуулахыг мэдэгдэж 1/128 дугаартай мэдэгдэл өгсөн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-1201030774, Г-2201018033 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 87 дугаар гудамжны 1 тоотод байрлах 145.5 м.кв талбайтай хувийн сууц 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн Ү-2206010050 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон 24 айлын 6 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууц зэргийг битүүмжлэн хурааж хадгалалт хамгаалалтыг М.Мөнгөнчимэг, М.Өлзийжаргал нарт үлдээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэхэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 87 дугаар гудамжны 1 тоотод байрлах хувийн сууц, газрыг 25,917,127 төгрөг, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцыг 30,845,366 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Төлбөр төлөгч М.Мөнгөнчимэгт 2017 оны 11-р сарын 30-ны өдрийн 4/29495 тоот үнэлгээний мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг танилцуулсан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Мөнгөнчимэг нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШЗ2016/01529 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч М.Мөнгөнчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 40,354,713.72 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк”-нд олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг М.Мөнгөнчимэг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр болон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 440 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэн явуулсан байна.
Улмаар төлбөр төлөгч М.Мөнгөнчимэгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгоны 24 айлын орон сууцны 6 байр 12 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22060100510 дугаартай бүртгэлтэй, 34 м.кв орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 87 гудамж 1 тоотод байрлах Ү-2201030774, Г-2201018033 дугаарт бүртгэлтэй, 145,25 м.кв хувийн сууц, граж, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 3/128, 4/128 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17271136/6, 17271136/7 тогтоолоор хураан авчээ.
Төлбөр авагч болон төлөгч нар хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 329 дугаар “Шинжээч томилох тогтоол” гарч, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан гарсан байх бөгөөд уг үнэлгээний тайлангаар Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 87 гудамж 1 тоотод байрлах Ү-2201030774, Г-2201018033 дугаарт бүртгэлтэй, 145,25 м.кв хувийн сууц, газар өмчлөх эрхийг нийт 25,917,127 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгоны 24 айлын орон сууцны 6 байр 12 тоот, 34 м.кв орон сууцыг 30,845,366 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах тухай тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 87 гудамж 1 тоотод байрлах хувийн сууц, граж, гэр бүлийн хэрэгцээний газар, Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгоны 24 айлын орон сууцны 6 байр 12 тоот орон сууц зэргийг битүүмжилж, хураан авсан боловч шинжээч томилуулах тухай 329 дугаар тогтоолдоо битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгөөс авто гражийг үнэлгээ хийлгэх хөрөнгийн жагсаалтад оруулаагүй, тогтоолдоо тусгаагүй байна.
Үүнтэй холбоотойгоор “Итгэлт-Эстимэйт” ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа төлбөр төлөгчийн хөрөнгийг дутуу үнэлж, тухайн гражийн үнэлээг гаргаагүй орхигдуулсанаас гадна “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 87 гудамж 1 тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газрын үнэлгээг хөрөнгө тус бүрээр бус хамтад нь нэг үнэлгээ гаргасан нь учир дутагдалтай болжээ.
Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.”, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.”, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно.”, хуулийн 42.2-т “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална." гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна.”, хуулийн 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” гэж тус тус заажээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч М.Мөнгөнчимэгийн хөрөнгийн үнэлгээний талаар шинжилгээ хийхдээ хуульд заасан дээрх журмыг зөрчсөн байна.
Тодруулбал “Итгэмт-Эстимэйт” ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэхдээ тухайн хэрэгт хувийн сонирхолгүй байдал, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэх зэрэг нөхцөл байдлыг асууж тодруулах ажиллагаа хийлгүйгээр хуульд заасан эрх, үүргийг танилцуулах байдлаар үнэлгээ гаргасан байна.
Цаашлаад шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 329 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-д шинжээчээр эрх бүхий ямар этгээдийг томилсон нь тодорхойгүй, энэ талаар тогтоолд заагаагүй, тогтоолын танилцсан хэсэг болон шинжээчид хууль сануулсан тухай тэмдэглэлд Г.Оюунчимэг гарын үсэг зурсан байх боловч тэрээр “Итгэмт-Эстимэйт” ХХК-ийг төлөөлөх эрхтэйг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн нэхэмжлэгч М.Мөнгөнчимэг гомдолдоо “ ... Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 87 гудамж 1 тоот газар дээр байрлах миний өмчлөлийн хоёр тусдаа хувийн орон сууцны нэгийг нь буюу 44,84 м.кв хувийн орон сууцыг үнэлгээнд хамруулаагүйд гомдолтой байна, надаас хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулаагүй ... “ гэсэн ба энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “ ... тухайн газар дээр байгаа 44,84 м.кв орон сууц тухайн үед бусдын барьцаанд байсан учир ажиллагаа хийгээгүй, шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан тул төлбөр төлөгчөөс хөрөнгийн тухай мэдүүлэг аваагүй ... “ гэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсний дараа төлбөр төлөгчөөс түүний хөрөнгийн тухай бичгээр мэдүүлэг авах бөгөөд мэдүүлэг гаргахын өмнө мэдүүлгийг худал гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна.” гэж зааснаар төлбөр төлөгчөөс мэдүүлэг гаргуулах ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсний дараа зайлшгүй хийгдэх ажиллагаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 87 гудамж 1 тоотод байрлах хувийн сууц, газар, Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгоны 24 айлын орон сууцны 6 байр 12 тоот, 34 м.кв орон сууцанд үнэлгээ хийсэн “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Мөнгөнчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШЗ2016/01529 дугаар шийдвэрийн дагуу явагдсан нэхэмжлэгч М.Мөнгөнчимэгийн өмчлөлийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлсэн “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мөнгөнчимэгт олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН