Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
Хэргийн индекс | 105/2022/1150/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1176 |
Огноо | 2022-08-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1176
2022 08 03 2022/ШЦТ/1176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Я.Амарзаяа,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2206 00000 1083 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ченж” авто угаалгын газарт хохирогч Б.Сарнайтай маргалдаж улмаар гараараа болон хөлөөрөө биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн сарвуунд шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, баруун хацар, хоёр бугалга, зүүн суга, зүүн шуу, зүүн гуя, хоёр өвдөгт цус хуралт, баруун бугалга, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн гол орчимд салсан найз охин болох Б.Сарнайг хардсаны улмаас үснээс чирэх, толгойн тус газарт гараараа цохих, биеийн бусад хэсэгт өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун хацар зулгаралт, баруун шанаа, хоёр бугалга, зүүн тохой, зүүн өгзөг, зүүн гуя, цээж, баруун өвдөг, шилбэ, бэлгийн их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сарнайгийн “...Б.Б намайг алгадаж унагасан. Үүнийхээ дараа 2-3 удаа алгадаж, хацар, гар, гарны булчин хэсгүүдээс хазсан. Алгадуулаад доошоо нүүрээ дараад сууж байхад Б.Б намайг үсдэж нүүр, гуя, гар руу өшиглөсөн. Б.Б нь миний биед гэмтэл учруулсан. Булгантамир нь ямар нэгэн байдлаар миний биед халдсан зүйл байхгүй.
...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баяжаргал миний үснээс чирч машинаасаа буулгаад газар унагааж миний нүүрийг газар чирсэн дараа би гараараа нүүрээ дараад газар суусан миний толгой өгзөг, бөөр нуруу, цээж, зүүн талын гуя зэрэг газруудад хөлөөрөө олон 9-10 удаа өшиглөн, миний нүүр толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохисон дараа нь намайг буцаагаад машиндаа суулгаад миний бие цээж гуя хэсэгт гараараа 2-3 удаа цохисон би нүүрээ дарсан чинь гараа ав гэж байгаад баруун хацар руу 3 удаа гараараа алгадсан миний үснээс зулгаагаад пизда, янхан зэргээр баахан хэл амаар доромжилсон” /хх-ийн 11, 76-р хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Булгантамирын “...Б.Б нь Б.Сарнайг нэг удаа алгадаж унагаад тонгойж байх хооронд нь нүүр лүү хөлөөрөө өшиглөж үснээс нь зулгааж хазаад байсан. Би Б.Бд хандаж “эмэгтэй хүн шүү дээ, чи болилдоо” гэж хэлэхэд “чи яагаад өмөөрөөд байгаа юм бэ? та хоёр шаалцдаг юм уу? гэж хэлсэн. Би Б.Быг тайвшруулж нэлээд ярилцсаны дараа дуудлагын 0,75 литр хэмжээтэй архи авчруулан Б.Б, Сарнай бид гурав хувааж уусан. Архи ууж байх хооронд Б.Б нь “Та хоёр ямар харилцаатай юм бэ? гэж уурлаж байгаад Сарнайг үснээс нь зулгааж, нүүр гар зэргээс нь шүдээрээ хазсан. Би Б.Бд хандаж “наад хүн чинь эмэгтэй хүн ш дээ” гэж хэлэхэд намайг боож миний дээр гарахад би арай гэж мултраад цагдаагийн байгууллагад хандсан.” /хх-ийн 18-19-р хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Бын өгсөн: “Би Б.Сарнай гэх хүнтэй 10 сарын хугацаанд үерхэж байгаад 2021 оны 12 сард салсан гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэдгүй. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би Сарнайгийн 80989060 дугаарын утсанд залгаж яриад бид хоёр уулзаад юм яриж сууж байгаад Сарнай голын эрэг дээр очиж хоноё гэж хэлээд бид хоёр миний улаан өнгийн 20 приус маркийн 8712 УАК улсын дугаартай машинд суугаад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн голын эрэг дээр шөнө 03:00 цагийн үед очоод ...Сарнайгийн утсыг үзэж байсан чинь утсан дээр нь Тамираа гэх залуутай үнсэлцэж байсан бичлэг байхыг хараад миний уур хүрээд утсыг нь нүүр рүү нь шидээд 2 зүүн талын хацар руу нь баруун гараараа 2-3 удаа алгадаад машинаасаа чирч буулгаад зүүн гуя руу нь баруун хөлөөрөө 1-2 удаа өшиглөөд газар чирсэн өвдөг нь шалбарсан байх дараа нь би үснээс нь чирээд машиндаа суулгаад бид хоёр хэрэлдэж байгаад эвлэрээд Сарнай надаас уучлалт гуйгаад тэгээд би Сарнайг их дэлгүүр дээр буулгаад би гэр рүүгээ явсан” /хх-ийн 46-47 хуудас/ гэх мэдүүлэг.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3658 дугаартай:
“1. Б.Сарнайн биед зүүн сарвуунд шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, баруун хацар, хоёр бугалга,зүүн суга, зүүн шуу, зүүн гуя, хоёр өвдөгт цус хуралт, баруун бугалга, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Учирсан гэмтлүүд нь амь насанд аюулгүй.
5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна.
6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” /хх 36-37-р хуудас/ гэх дүгнэлт,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3767 дугаартай:
“1.2. Б.Сарнайн биед баруун хацар зулгаралт, баруун шанаа, хоёр бугалга, зүүн тохой, зүүн өгзөг, зүүн гуя, цээж, баруун өвдөг, шилбэ, бэлгийн их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх 87-88-р хуудас/ гэх дүгнэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ченж” авто угаалгын газарт, 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн гол орчимд тус тус Б.Сарнайгийн эрүүл мэндэд халдаж тус тус хөнгөн гэмтэл учруулсан байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3658 дугаартай “Б.Сарнайн биед зүүн сарвуунд шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, баруун хацар, хоёр бугалга,зүүн суга, зүүн шуу, зүүн гуя, хоёр өвдөгт цус хуралт, баруун бугалга, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.”
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3767 дугаартай “Б.Сарнайн биед баруун хацар зулгаралт, баруун шанаа, хоёр бугалга, зүүн тохой, зүүн өгзөг, зүүн гуя, цээж, баруун өвдөг, шилбэ, бэлгийн их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлтүүд гарсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Сарнайгийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Сарнайгийн эрүүл мэндэд 2 удаа халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохиролуудын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Бын хохирогч Б.Сарнайгийн эрүүл мэндэд өөр өөр цаг хугацаанд халдсан үйлдэл нь тус тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа тул түүний 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэмт үйлдэл, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэмт үйлдэл тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч: Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар үйлдэл тус бүрт нь 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал болон гэмт хэрэг үйлдэхдээ гаргаж байгаа зан төлөв, гэмт хэрэгт дахин үйлдэхгүй байх талаар бүрэн гүйцэд ухамсарлахгүй байгаа байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял,
2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь эх, 3 дүүгийн хамт амьдардаг, эх нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй, ганцаараа орлого олж ар гэрээ тэжээн тэтгэдэг зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Бусад асуудлаар
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй ба хохирогч Б.Сарнай нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед Япон улсад суралцаж, биечлэн оролцож шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгөх боломжгүй байсан, мөн хохирогчийн эх түүнийг төлөөлөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан ч уг хүсэлтээсээ өөрөө татгалзсан, хавтас хэргийн 76 дугаар талд авагдсан хохирогчийн “биеэ бариулах эмчилгээний зардлын мөнгө нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг зэргийг харгалзан хохирогч Б.Сарнай нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Сарнай нь мөрдөн шалгах ажиллагаанд “Б.Б эмчилгээний зардал гэж 650.000 төгрөг дансаар 3 удаа 200.000, 200.000, 250.000 төгрөгөөр хувааж өгсөн би тэр мөнгөөр өөрийгөө эмчлэхэд зарцуулсан” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Быг хохирогч Б.Сарнайд 650.000 төгрөг төлсөн болохыг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б нь оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 650.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Хохирогч Б.Сарнай нь гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА