Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн 1725003870246 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Б.Т 2017 оны 11 дүгээр сарын 04-ний Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ”Ивээлт” пабын гадна Ц.Ж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: Б.Тр нь 2017 оны 11 сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ”Ивээлт” пабын гадна тэнд пиво ууж байсан залуустай хамт байсан Зг өмөөрч харилцан зодолдож Ц.Жийн биед нь хоёр шүдний титэм эмтэрсэн, хуйх хэлэнд язарсан шарх, нүдний доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, зүүн ташаа баруун тохойд 2 тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Ц.Жийн... “ тэр өдөр “Ивээл” гэх буудлын гадаа гараад ирсэн чинь У гурван үл таних залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд би яагаад байгаа юм бэ гэж хэлээд салгах гээд яваад очсон чинь Т гэх залуу намайг чи муу бацаан цаанаа байж бай гэж хэлээд намайг зүүн шанаан тус газар 1 удаа цохисон. Тэр үед би хойшоо унахдаа гадаа байрлах сандал дээр нь унаад толгойгоо хагалсан юм. Босоод шууд дотогшоо ороод цусаа угаагаад гараад ирсэн чинь гадаа цагдаа нар ирсэн байсан. Тэгээд цагдаа манай найз Уыг аваад явсан.”... гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

-Гэрч Э.Уын... “Жийг Т цохисон. Жигжид намайг цохичихлоо шүү дээ гэхээр нь эргээд харахад Т хашаанаас гараад зам дагаад дээшээ гүйж байсан. Тэгэхээр нь би араас нь гүйгээд миний араас найз Баясгалан гүйж байсан. Бид хоёр араас нь хөөгөөд гүйцээгүй. ”... гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

-Гэрч Б.Бн... “Түвшинтөр гэх залуу цохисон. Намайг харахад Жд газар унасан. Т хажууд нь зогсож байсан. Өөр хэн нэгэн хажууд нь байгаагүй. ”... гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

-Гэрч Б.Зийн... “Т яг хэнийг хэдэн удаа цохисоныг олж хараагүй, маш хурдан болоод өнгөрсөн. Т рүү нөгөө гурван залуу зэрэг дайраад Түвшинтөр ганцаараа зодолдсон. Би Жд гэх хүнийг танихгүй, тэр толгойноос нь цус гарсан залуу хараагүй болохоор мэдэхгүй байна."... гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 937 дугаартай: -Ц.Жийн биед хоёр шүдний титэм эмтэрсэн, хуйх хэлэнд язарсан шарх, нүдний доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, зүүн ташаа баруун тохойд 2 тооны зулгаралт гэмтэл үүсчээ. -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хоёр шүдний титэм эмтэрэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.”... гэх дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 946 дугаартай: -Б.Тийн биед доод уруулын дор, доод уруулд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн чихний дэлбээнд 1 тооны зулгаралт, доод уруулын дотор талд язарсан шарх зэрэг гэмтэл үүсчээ. -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай тохирч байна. Гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтэл байна.”... гэх дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 41-48-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Б.Т нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр орой манай ажлынхан уусан. Хамт байсан залуугаа гарч таксид суулгаж өгчихөөд орох гэж явахад шатан дээр манай ажлын Золбоог нэг залуу шат руу түлхэхээр нь би “яаж байгаа юм бэ” гээд харилцан зодолдсон. 6 хүн хоорондоо зодолдсон. Харанхуй байсан. Царайг нь сайн хараагүй. Нэг хүний нүүр рүү нь цохисон. Жигжид байх гэж бодож байна. Би цагдаа дуудсан. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Хохирогч маргааш нь ирээд гомдолгүй гэж хэлсэн. Хохирол нэхэмжлээгүй гэжээ. Шүүгдэгч Б.Т 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах “Ивээл” пабын гадна Ц.Ж харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.Т энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, хохирол нэхэмжлээгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Өн овогт Б.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ