Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1177

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         08           03                                  2022/ШЦТ/1177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,                           

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Дд холбогдох эрүүгийн 2206 00000 1732 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Түмэн түгээлт ХХК-ний урд талд 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн 11 нас 11 сар 23 хоногтой буюу бага насны хохирогч О.Мөнх-Оргилын эзэмшлийн Айфоне 6 Эс загварын гар утсыг хүч хэрэглэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би өмнөх шийтгэлээ биелүүлээгүй. Ажил гараад хөдөө явчихсан байсан. 3 сарын дотор төлөөрэй гэж байсан. Уг хугацаа 07 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Би 06 дугаар сарын 15-ны өдөр цагдан хоригдсон. Тэгээд төлж чадаагүй. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн туслах над руу залгасан. Тэгээд би очоогүй.” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 дугаар хуудас/

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 9-15 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд бага насны хохирогч О.Мөнх-Оргилын " Өнөөдөр би 18 цаг гээд хичээлээ тараад гэр рүүгээ ганцаараа алхаад явж байсан ба гэрийн ойр орчим дөхөж ирээд Түмэн Түгээлт гэдэг нэртэй барилгын хажуугаар алхаж байхад миний араас үл таних хүн ирээд шууд хүзүүнээс чимхээд авсан. Тэгээд би гайхаад эргээд харахад тэр хүн нь 30-40 орчим насны өөрийгөө цагдаа гэх хөгшин, хар өнгийн гадуур хувцастай, цэнхэр өмдтэй, хар малгайтай, намхан эрэгтэй хүн байсан ба тэр эрэгтэй надад ногоон талбайгийн орчим та нар хүүхэд зодчихлоо, чамайг би ногоон талбайгаас хойш дагаад ирлээ, та нар яах гэж хүүхэд зодоод байгаа юм, цагдаагийн хэлтэс рүү явцгаая гээд намайг доош дагуулаад аваад явсан. Намайг явган хүний замаар дагуулаад авч явахаасаа өмнө миний халаасанд байсан гар утсыг минь тэр ах нэгжиж байгаад авчихсан. Би яах гэж авсан талаар мэдэхгүй байна, тэрээр миний гар утсаар миний зургийг дараад, одоо би чиний зургийг дарчихсан, цагдаад өгнө, гээд нэг дугаар руу утсаар залгаад болиод намайг доош дагуулж явахаа болиод чи маргааш ирээд надтай уулз, уулзаад гар утсаа аваарай намайг миний хичээлийн дэвтэр дээр цагдаагийн нэгдүгээр хэлтэс, 2 давхар, 415 тоот, ахмад Ням-Очир, 99118421 гэсэн зүйл бичүүлээд миний гар утсыг аваад явчихсан. Тэгээд би гар утсаа алдаад гэртээ хариад цагдаа дуудахад цагдаа нар ирээд ээж бид хоёрыг дагуулаад камер шүүсэн ба камер шүүгээд явж байгаад нэг дэлгүүрт цагдаа ахтай хамт ороход удалгүй араас нөгөө миний гар утсыг дээрэмдэж авсан ах ороод ирсэн. Би тэр хүнийг дэлгүүрт орж ирэхийг хараагүй, харин дэлгүүрийн худалдагч бид нарт хэлсэн бөгөөд би дэлгүүрийн камерын өрөөнөөс гарч ирээд харахад нөгөө намайг дээрэмдсэн эрэгтэй мөн байсан, би хараад таньсан. Би тэр хүнийг хараад танихад цагдаа ах шууд очоод нөгөө хүнтэй ярилцаад өөрийгөө танилцуулж байхад урдаас нь тэрээр хараал хэлж эсэргүүцсэн тул цагдаа ах түүнийг барьж аваад газар унагаад дараа нь босгоод дэлгүүрээс шууд аваад гарсан. Дэлгүүрээс гараад цагдаагийн хэлтэс рүү намайг дээрэмдсэн эрэгтэйг дагуулаад явахад түүний халааснаас миний гар утас уначихсан ба би гар утсаа шууд хараад таньсан. Одоо би гар утсаа авсан байгаа, гэхдээ миний гар утасны симийг нь салгаад, гэрийг нь хаяад, шилэн наалтыг нь хуулаад авчихсан байсан.” /хх-ийн 21-22 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хонгорзул “2022 оны 05 дугаар сарын 11-ны өдөр өөрийн ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Их Өвөр хүнсний дэлгүүртэй байж байхад 20 цагийн орчимд цагийн сайн санахгүй байна хяналтын камер шүүх гэсэн юм гээд 2 цагдаа орж ирсэн тэгээд би камер шүүлгээд хамт камерийг нь хараад байж байхад цагдаагийн алба хаагч олчихлоо хар хувцастай хүн байна одоо дээрэмдсэн гэх хүүхдээ дагуулаад доошоо явж байгаа бичлэг нь байна энэ танай дэлгүүрээс гарч явсан байна гээд хэлээд дэлгүүр доторх хяналтын камерийг шүүхэд царай нь сайн харагдсан тэгээд байж байтал хяналтын камерт байсан хүүхэд дээрэмдсэн гэх залуу нь манай дэлгүүрт юм аваад зогсож байсан тэгээд цагдаа нар аваад явсан.Тухайн хүн орж ирэхдээ жинсэн өмдтөй хар куртиктэй, хар саравчтай малгайтай нике гэсэн хар пүүзтэй орж ирсэн гартаа цагаа өнгийн ай фоне загварын гар утас баричихсан орж ирсэн байсан.” /хх-ийн 24 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны Б.Энхбат "...19 цагийн үед манай хүү гэртээ орж уйлаад нэг цагдаа ах надад өөрийгөө цагдаа гэж танилцуулаад нэг утасны дугаар бичүүлээд утасыг нь аваад явчихсан байсан. Би тэр дугаарлуу нь залгаж үзэхэд тийм хүн байхгүй гэж хэлсэн. Би шууд 102 руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нартай хамт Элбэг нэртэй дэлгүүрийн хажууд очиж уулзсан. Элбэг дэлгүүрийн доор байдаг дэлгүүрийн камерыг шүүгээд зогсож байсан чинь миний хүүхдийн утасыг дээрэмдсэн залуу тэр дэлгүүрт ороод ирсэн. Тэр дэлгүүрийн худалдагч тэр хүнийг энэ нөгөө хүн чинь байна гээд хэлсэн. Бид нар хараад таниад бариад авсан. Миний хүүхдийн утсыг дээрэмдсэн гэх залууг харахад 160см орчим өндөртэй, туранхай жижиг биетэй, бараан царайтай, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн малгайтай 30 гаруй насны эрэгтэй байсан. Би тэр залууг дахиж харвал танина. Тэр залууг дэлгүүрээс барьж аваад цагдаагийн хэсэг рүү дагуулж явах гэхэд эсэргүүцээд байсан. Тэгээд гарыг нь ард өчөөд энэ хүүхдийн утсыг авсан юм уу гэж асуусан чинь аваагүй гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ халаасыг нь үзэхэд халаасанд нь манай хүүхдийн айфон-6 эс загварын цагаан шаргал өнгөтэй утас гарч ирсэн. Утасны гэр, сим картыг нь авчихсан байсан.” /хх-ийн 28 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

О.Мөнх-Оргилын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 7002 дугаартай дүгнэлт, /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

“Дамно” үнэлгээний байгууллагын үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 37-38 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Дгийн “Би гадаа байж байгаад машин замын хажууд зогсож байгаад сургуулийн хүүхэд явж байхаар нь араас нь очоод хүзүүнээс нь тэвэрч аваад би цагдаа байна гэж хэлээд утсыг нь авсан. Дэвтрийн цаасан дээр утасны дугаар, нэртэй бичүүлээд маргааш өглөө надтай ирж уулзаад утсаа аваарай гэж хэлээд явуулсан. Тэгээд хэсэг гадаа байж байгаад машиндаа орсон чинь намайг дахиад нэг пиво аваад ир гээд пиво авах гээд дэлгүүр орсон. Дэлгүүрт ороод нэг том пиво, гурван ширхэг нэг удаагийн аягатай авч байхад ард талд хоёр энгийн хувцастай хүн араас бариад авсан. Тэгээд алаг машинд суулгаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 69-80, 87-91 дүгээр хуудас/,

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Т.Д нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэл тохироогүй, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Дээрэмдэх гэмт хэргийн  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлэх гэх шинж нь гэм буруутай этгээд хохирогчийг ямар нэг хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрдэг.

 Бага насны хохирогч О.Мөнх-Оргилын “үл таних хүн ирээд шууд хүзүүнээс чимхээд авсан, доошоо дагуулж явахдаа миний мөрнөөс базаж, гарнаас чирч татаад байсан” гэх мэдүүлэг, бага насны хохирогчийн хүзүүн дээрх хөхрөлтийг харуулсан гэрэл зураг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 7002 дугаартай “О.Мөнх-Оргилын биед хүзүү, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоодлоо” гэх дүгнэлтээс харахад шүүгдэгч Т.Д нь хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл хийсэн байна.

Шүүгдэгч Т.Дгийн гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдэх боломжтой байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Д нь бага насны хохирогчийн биед халдаж, цагдаа байна гэж айлган сүрдүүлж бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан шунахайн сэдлээр бага насны хохирогчийн эзэмшлийн Айфоне-6 Эс маркийн гар утсыг түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Т.Дгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан дээрэмдэх  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгчид холбогдуулан шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл үйл баримтад нийцсэн гэж шүүх дүгнэлээ.

Мөн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар бүрэн үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч Т.Дгийн бага насны хохирогчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж улмаар гар утсыг нь авч явсан үйлдлийг дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх саналтай байна.” гэв.        

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн хэрэглэж өгнө үү гэсэн саналтай.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч Т.Дд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Т.Д нь хувийн байдлын хувьд өмнө нийт 4 удаа эрүүгийн хариуцлага ял шийтгэл хүлээсэн үүнээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял эдлэхээс зайлсхийсэн, мөн гэмт хэрэг үйлдэх цаг хугацааны хувьд ойрхон давтамжтай зэргээс үзэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ гаргаж байгаа зан төлөв, гэмт хэрэгт дахин үйлдэхгүй байх талаар бүрэн гүйцэд ухамсарлахгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Д нь бага насны хохирогч О.Мөнх-Оргилын гар утсыг авсан тухайгаа мэдүүлж байгаач хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзав.

 

Мөн Эрүүгийн ерөнхий ангийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, түүний цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.           

 

Бусад асуудлаар

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.Д нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй ба бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ  гар утсаа буцааж авсан тухайгаа мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гар утасны дэлгэц, сим карт, кейс” зэргийг нөхөн төлүүлмээр байна гэсэн тул уг хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Т.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дг 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн ерөнхий ангийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дгийн цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Шийтгэл тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргасугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА