Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00800

 

Т.Бурмаагийн нэхэмжлэлтэй

                     иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02708 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 748 дугаар магадлалтай, 

Т.Бурмаагийн нэхэмжлэлтэй,

Н.Ган-Эрдэнэд холбогдох,

 Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн,

Асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадамын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч Т.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ган-Эрдэнэтэй 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 363 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан. Гэр бүлийн таарамжгүй байдлаас болж дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүү Г.Ертөнц төрсөн. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүү Ертөнцийн нэрийг өөрчилж, Түвшинтөгс болгон өөрчилсөн. Тухайн үед хүү Түвшинтөгс 3 нас хүрч байсан бөгөөд аав Ган-Эрдэнэ нь орон сууц, цалингийн зээл гэсэн давхар зээлтэй байсан зэргийг бодолцон хүүхдийн тэтгэлэг аваагүй. Хүү Г.Түвшинтөгс нь сургуулийн сурагч болж нөхцөл байдал өөрчлөгдөж, ээж нь хамт амьдарч хүүгээ асран хамгаалж, хүүхдийнхээ бүхий л хэрэгцээгээ хариуцан амьдарсан. Бурмаа нь орон сууцны 8 хувийн зээлтэй, хүү нь төлбөртэй хувийн сургуульд суралцаж байгаа. Г.Түвшинтөгс Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ монгол Харүмафүжи сургуульд суралцдаг. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Би Т.Бурмаатай 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ баталгаажуулсан боловч 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.Ертөнцийг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар харилцан тохиролцсон. Миний бие эцэг хүнийхээ үүргийг биелүүлж байхыг цаг үргэлж эрмэлзэж байсан боловч дээрх нөхцөл бололцоогоор ганц ч удаа хангаж байгаагүй. Тухайлбал хүүхдийг ахуй хэрэгцээний зүйлээр удаа дараа хангаж байсан боловч эх нь хэрэгцээний зүйлсийг авахаас татгалзаж, намайг хүүтэй минь уулзуулахгүй байсаар бид нэг хэсэгтээ харилцаа холбоогүй болсон, хэдий ч миний бие эцэг хүнийхээ ёсоор хүүгээ нэг хором ч мартаж байгаагүй, бид хэдий тусдаа амьдарч байгаа боловч эцгийн үүргийг хэвээр хадгалах гэж хичээж ирсэн, одоо ч хичээсээр байна. Иймд хүүхдийн цаашдын ирээдүй, боловсрол, хүмүүжилд эерэгээр нөлөөлөх бүхий л талын арга хэмжээ, ахуй хэрэгцээний зүйлсийг эвийн журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна гэжээ. 

Хариуцагч Н.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хүүг өөрийн асрамжид авч, асран халамжлахаар тохиролцож, үүрэг хүлээсэн эх Т.Бурмаа нь үүргээ эс биелүүлж гадаад улсад ажиллаж амьдарч байна. Хүү Г.Түвшинтөгс нь одоогоор хэнтэй, хаана, хэний асрамжид хэрхэн өсч торниж байгаа нь тодорхойгүй байгаад эцэг хүний хувьд санаа зовж байна. Миний бие хүү Г.Түвшинтөгсийг бие хүн болж төлөвших, зөв Монгол улсын иргэн болгохын тулд цаашдын ирээдүйн боловсрол, хүмүүжилд нь эерэг нөлөө авчрах, бүх зүйлд нь анхаарч, өсвөр насны хүмүүжлийг зөвөөр олгож, бүх цаг хугацааг хүүдээ зарцуулж, эд хөрөнгө болон сэтгэл санааны хувьд дутаахгүй өсгөх, хүүг төрсөн эх болон эмээ, өвөөтэй нь хүссэн үед нь уулзуулж, цаашдын ирээдүйн хүмүүжилд хамтран шийдвэр гаргаж, хүүхдийг бүтэн өнчин мэт өсгөх мэдрэмжийг төрүүлэхгүй байх үүднээс ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар хүү Г.Түвшинтөгсийг асрамжиндаа авахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

Нэхэмжлэгч Т.Бурмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Бурмаа нь Ирланд улсруу хэлний бэлтгэлээр 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл явж байгаа бөгөөд энэ өдөр визний хугацаа дуусах юм. Миний хувьд хүүхдээ тэжээх, боловсрол хүмүүжилд нь анхаарахын тулд илүү өндөр цалинтай ажил горилж хэлний мэдлэгээ дээшлүүлж байна. Хариуцагч өөрөө нэг ч удаа эцгийн үүргээ биелүүлж байгаагүй, харин ч өөр хүнтэй суугаад 2 хүүхэдтэй болоод хувийн жаргалаа эдэлж байгаа хүн. Манай хүүхэд 2015 оны 4 сараас хойш эцэг гэж хүний барааг хараагүй. Хүүхдэдээ ганц ч удаа 10,000 төгрөг ч өгч үзээгүй хүн хүүхдээ өөр дээрээ аваад боловсрол хүмүүжилд нь хөрөнгө оруулж чадахгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдийн сургалтын төлбөрийн тал хувийг эцгээр гаргуулах нэхэмжлэл гаргахад өөрөө хүүхдэдээ мөнгө өгье гэсэн сэтгэл гаргахгүй Капитал банк дампуураад ажилгүй болох нөхцөл байдал үүсээд байгаа гэж хариу тайлбар бичиж байсан. Хүнд гар хүрдэг, гэр бүлийн хүчирхийлэгч хүнд хүүхдээ өгчих юм бол нэг өдөр ч сэтгэл амар ажиллаж амьдарч чадахгүй хүнд байдалд байх болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02708 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 5 дугаар сарын 6-нд төрсөн хүү Г.Түвшинтөгсийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Ган-Эрдэнээс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан хүү Г.Түвшинтөгсийн асрамж өөрчлөх тухай хариуцагч Н.Ган-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д,  зааснаар нэхэмжлэгч Т.Бурмаа, хариуцагч Н.Ган-Эрдэнэ нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Ган-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 748 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 748 тоот магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсангүй.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Цэнд-Аюушаас шүүх хуралдаан хэзээ болох бэ гэж асуухад болоогүй байгаа танд хэлнэ гэж байсан. Гэтэл 2020 оны 04 сарын 15-ны өдөр Цэнд-Аюуш утсаар ярьж магадлалаа аваарай гэж хэлэхэд надад шүүх хуралдааны товыг хэлж гарын үсэг зуруулаагүй яагаад хурал болдог билээ, хүүхдийн асрамжийн маргаантай хэрэг би биечлэн оролцох хүсэлтээ бичгээр өгсөн байтал огт мэдэгдээгүй гэж хэлсэн. Надад хэлсэн болгож бичиг бүрдүүлсэн байсан. Шүүх мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх эрхийг хангаагүй.

Мөн магадлалын 5-р хуудсанд анхан шатны шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасны дагуу хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна гэсэн байна. Гэтэл энэ заалт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчдын хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах заалт байна.

Н.Ган-Эрдэнэ хүүхдээ тэжээн тэтгэдэггүй, хүүхдээ гэртээ аваачдагтүй, хаягтаа байдаггүй, шүүхийн дуудсанаар ирдэггүй шүүхийн албадан ирүүлэх захирамжаар ирдэг нотлох баримт хавтаст хэрэгт байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь цаг хугацаа алдсан асуудал болж байна. М.Бурмаа нь 2014 оны 02 сарын 18-ны өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 250 дугаартай шийдвэр гарснаас хойш хүү Г.Түвшинтөгсийг асран хамгаалж сурч боловсрох, амьдрах тав тухтай, хангалуун орчин нөхцөлөөр хангасаар ирсэн. Хүү Г.Түвшинтөгсийг эрдэм мэдлэг, дэлхийн боловсролтой хүн болгохын төлөө ирээдүйн амьдралыг нь баталгаатай болгох үүднээс төлбөртэй сургуульд суралцуулж байна. Англи хэлний мэдлэг сайжруулан, мэдлэг боловсролоо дээшлүүлэн илүү их орлого,цалинтай ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай болсноор гадаад улс руу явсан. Хүү ээж Бурмаагийн өмчлөлийн орон сууцанд Бурмаагийн ээж Туяа Дундговь аймгийн Баянжаргалан сумын засаг даргаар ажиллаж байсан ч хугацаанаасаа өмнө хүсэлт өгч чөлөөлүүлж зээ хүүгээ асран хамгаалж тус хаягт бүртгэл хийлгэж амьдарч байна. Н.Ган-Эрдэнэ хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байхаар нь хүүхдийн хувийн сургуулийн сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулахаар Сүхбааатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хариу тайлбартаа эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг,цалин орлого нь одоогийн амьдралд дөнгөж хүрдэг талаар бичиж байсан.Тиймээс Н.Ган-Эрдэнэ хүү Түвшинтөгсийг асран хамгаалах санхүүгийн болон амьдралын боломжгүй. Н.Ган-Эрдэнэ эрт дахин гэр бүл зохиосон, хойд эхийн гар харуулахгүй.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй, тул магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Т.Бурмаагийн ...хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Н.Ган-Эрдэнэ эс зөвшөөрч, асрамж өөрчлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр   буцаажээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа ...давж заалдах шатны шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, Н.Ган-Эрдэнэ нь хүүхдээ тэжээн тэтгэдэггүй, хаягтаа байдаггүй, шүүхийн дуудсанаар ирдэггүй байхад цаг хугацаа алдсан асуудал болсон, ...дахин гэр бүл зохиосон, хойт эхийн гар харуулахгүй,...магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.       

Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч ...хүүхдийн ээж болон хадам тал хүүтэй минь уулзуулдаггүй, хадмууд хүүг хөдөө гэр лүүгээ аваад явчихдаг, ...эцгийн үүргийг биелүүлэх гэж хичээсээр ирсэн гэсэн тайлбар гаргаж, улмаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангажээ.  

Шинжээч Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс 2019.11.22-ны өдөр шүүхэд шинжилгээний ажлын хугацааг хойшлуулах хүсэлт гаргажээ /хэргийн 91 дүгээр тал/. 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4-т зааснаар шинжээч нь тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийх хугацааг сунгах хүсэлтээ шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргана, хүсэлтийг хүлээн авсан этгээд шинжилгээ хийх хугацааг мөн хуулийн 11.2-т заасныг үндэслэн сунгана.  

Шинжилгээний байгууллага хугацаа сунгах хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх уг асуудлыг шийдвэрлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т нийцээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 

Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.    

Хариуцагчийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангасан атлаа шинжээчийн дүгнэлт гараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчсөн гэж үзнэ.   

Давж заалдах шатны шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадамын 99167505 дугаарын утсаар 2020.03.27-ны өдөр мэдэгдсэн тухай баримт хэргийн 129 дүгээр талд авагдсан байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.  

Дээрх байдлаар анхан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 748 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадамын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН