Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0618/З |
Дугаар | 128/шш2021/0242 |
Огноо | 2021-03-30 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 128/шш2021/0242
2020 оны 3 сарын 30 өдөр | Дугаар 128/ШШ2021/0242 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А.Д
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны ******* дугаар захирамжийн Б.Мод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Дшүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би СБД-ийн 19-р хорооны (хуучнаар 15-р хороо) нутаг дэвсгэр Санзайн Бага-баянд 1977 оноос эцэг эхийн хамт суурьшиж амьдарсан. Одоогоор тасралтгүй 43 жилийн турш амьдарч байна. Миний эцэг Г.А /агсан/ 1977 онд тус газарт туслах байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Миний үр хүүхдүүд энэ газар өсөж, оршин суудаг.
Задгай, хашаагүй, байшин, гэрт мал маллан амьдарч байгаад 2000 оноос иргэдэд газар эзэмшүүлж эхлэхэд миний бие амьдарч буй газраа эзэмших зорилгоор өөрийн хүч хөдөлмөр, зардал мөнгө гарган амьдарч буй газартаа хашаа барьж 0,7 га газар эзэмших тухай хүсэлтээ хуулийн дагуу СБД-ийн Газрын албаар уламжлан тус дүүргийн Засаг даргад гаргасан. Тухайн үед газар зохион байгуулагч байсан Б “Нэгдсэн кадастрын зураг гараагүй байна. Гарахаар нь таны газрын кадастрыг хийж өгнө. Нэгдсэн зураг гартал хүлээж бай” гэсэн хариу өгсөн тул 2008 онд манай зүүн хамар хашааны иргэн Н.Бийн зөвшөөрлөө авсан байсан газар дээр СБД-ийн газар зохион байгуулалтын алба бөх н.М гэгчид давхардуулан кадастрын зураг хийлгэсэн /давхардуулж гаргасан кадастрын зургийг хавсаргав/. Тухайн үеийн Газрын албаны зохион байгуулагч Б, Төрхүү нар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчиж өөрсдийн найз, мөнгөтэй хүнд үйлчлэн газрын кадастр, зөвшөөрөл олгосон байна. Ингээд Бийн кадастрын зургийн Мтай давхцуулсан хэсэг болох 150 м орчим газрыг татаж миний хүсэлтээ өгөөд зөвшөөрлөө хүлээж байсан газар буюу амьдарч буй хашаа руу минь далийлгаж оруулж хийж өгсөн байсныг мэдээгүй. Б одоо энэ маргалдаж байгаа миний газрыг эзэмших хүсэлт огт гаргаж байгаагүй болно. Бээс газар худалдаж иргэн н.Г надтай ирж уулзаад “Таны хашаа руу миний худалдаж авах гэж байгаа газрын зураг орсон байна. Ямар учиртай вэ? гэж асуусан. Би бодит байдлыг үнэн мөнөөр тайлбарлаж “Б гэж хүний газар дээр М гэж хүн давхар зураг хийлгэж будлиантуулснаас болж Б миний хашаа руу дур мэдэн кадастрын зураг хийлгэж татуулсан байна. Би энэхүү газартаа 40 жил амьдарч байгаа тул газар эзэмших захирамжаа хүлээж байгаа болно” гэж хэлсэн.
н.Г надтай “давхардуулж зураг хийлгэсэн М энэ газраа авахгүй бол би хуучин зургаар нь авна. Таны хашаа руу оруулсан энэ хэсгийг авахгүй” гэж тохиролцоод баталгаажуулж кадастрын зураг дээрээ бичиж надаар гарын үсэг зуруулсан. н.М будлиантуулж давхардуулсан газраа нэг ч өдөр эзэмшээгүй, ашиглаагүй орхисон бөгөөд тохиролцоо баталгаажсан гэж үзээд миний хашаа руу оруулж хийлгэсэн зургаа татаж, газрыг минь чөлөөлж өгөхийг Гоос хүсэхэд “гадаадад байна очоод зохицуулж өгье” гэсэн тул би түүнийг ирэхийг хүлээж байсан. н.Гын худалдаж авсан гэх миний газрын зэргэлдээ 2 айлын газар 10 гаруй жил эзэнгүй, хэн ч ирдэггүй ашигладаггүй хоосон байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэсний дагуу хүчингүй болгоогүй байна. 2019 оны намар миний хашааны дэргэд н.Гын худалдаж авсан гэх 2 айлын газар дээр иргэн Б.М гэж хүн ирж гэр барьсан. Б.М миний хашаа руу оруулж зураг хийлгэсэн байгаа газрыг асууж лавлахгүйгээр 2017 онд өөрийн нэр дээр шилжүүлж авсан байна. Мөн Б.М Мын орхисон буюу Бийн анх хүсэлтээ өгч зөвшөөрөл авсан газрыг хамтад нь гэр бүлийнхээ нэр дээр шилжүүлэн авсан байна. Энэ газрыг 2008-2017 он хүртэл дараалан ашиглаагүй, 2017 онд шилжүүлэн авсан Б.М нар мөн 2 жил дараалан ашиглаагүй нийг 11 жил дараалан огт ашиглаагүй.
Харин миний бие өөрийн 43 жилийн турш тасралтгүй амьдарсан энэхүү газар дээрээ 2008 оноос 7*12 хэмжээтэй мансардтай өвлийн байшин барьж амьдарч байгал 2017 оны 2 сард учир битүүлгээр бүрэн шатсан.
Иргэний хуулийн 104.1-д зааснаар “Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна” гэсний дагуу би 43 жил илээр эзэмшиж ашиглаж байгаа тул энэхүү газрын шударга эзэмшигч мөн болно. Мөн Иргэний хуулийн 105 дугаар зүйлд зааснаар “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна” гэсний дагуу би энэхүү амьдарч буй газраа үргэлжлүүлэн эзэмших эрхтэй болно.
Б.М амьдардаг хашаа руу минь хууль бусаар гаргасан зургаар далайлган намайг айлган сүрдүүлж, дарамталж маш хэцүү нөхцөлд байна. Энэхүү миний хашаа руу орсон зураг 150 м орчим газар байгаа бөгөөд 2020 оны 5 сард Б.М нэг хувийн кадастрын зураг хийдэг компаниар дахин дахин буюу нийт 3 удаа цэг тавиулж 1 дэх-156 метр, 2 дахь-240 метр, 3 дахь-340 м гэж З-уулаа өөр гарсан гэж манай хашаа руу оруулсан зургийн хэмжээг дандаа ахиулж худал гаргаж маргалдаж байгааг ойлгохгүй мөн хүлээн зөвшөөрөөхгүй байна.
Н.М 2019 онд зэргэлдээ газар ирж гэр барьсан бөгөөд хөрш айлд хэлэхдээ “Бид энэ газрыг 2017 онд худалдаж авсан. Хүн 3 жил хүлээ гээд байсан болохоор хүлээж байгаад ирсэн” гэж ярьсан байсан. Миний байшин 2017 оны шинийн нэгний өглөө ямар ч шалтгаангүйгээр учир битүүлэг шатсан бөгөөд тухайн үедээ хардаж сэрдсэн хүн байхгүй байсан. Гэтэл энэ айл миний газрыг авахын тулд байшинг минь шатаасан байж магадгүй гэж одоо би хардаж байгаа болно. Мөн М гэгч хойд хөршийг өөрсдийн газар луу 2 метр орсон, зүүн хөрш Банзайг мөн өөрийн газар луу 2 метр орсон, түүний урд хэсэг байгаль хамгаалагчийн газраар орц гарцаа хийнэ газар чөлөөл, зүүн урд хөрш айл Болдоогийн байшин орц гарц руу 50 см орсон цэг тавиулсан чөлөөлж өг гэж маш олон айлтай маргаан үүсгээд байгаа болно.
Миний амьдарч буй хашаанд газрын кадастрын зураг хийлгэсэн иргэд нэг нь ч энэ газар нэг ч өдөр амьдарч, ашиглаж, эзэмшиж байгаагүй бөгөөд зөвхөн дамжуулан худалдаж мөнгө олох бизнес болгосон байна. Мөн эдгээр иргэдийн хэн нь ч энэ газрыг минь эзэмших хүсэлт өгч байгаагүй. Газрын алба хууль бусаар миний хашаа руу зураг хийлгэж зөвшөөрөл өгсөн.
1977 оноос хойш 43 жил тасралтгүй суурьшин амьдарч, ашиглаж, эзэмшиж байгаа газрыг минь хууль бусаар зураг хийлгэж дамжуулан худалдаж ашиг олж, иргэн намайг хохироож байгаа тул миний бие болон үр хүүхдүүд /СБД-ийн 19-р хорооны байнгын оршин суугч/ бид маш их гомдолтой байна.
Миний бие энэхүү газарт 43 жил амьдарч байгаа оршин суугч, уугуул иргэн
бөгөөд энэхүү газрынхаа “шударга эзэмшигч” нь мөн болно. СБД-ийн Газрын алба уугуул иргэн миний газраа эзэмших хүсэлтийг хүлээж авахгүй, хариу өгөхгүй, өөрийн танил тал, мөнгөтэй хүн, газрын наймаачдад үйлчлэн тэдний талд гарсан хууль бус захирамжаас болж миний бие тухайн газар дээр барьсан 7*12 хэмжээтэй өвлийн 2 давхар байшингаа Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж эрсдэлээс даатгуулж чадаагүй байсан тул эдийн засаг, сэтгэл санаагаар маш их хохирсон.
Миний бие амьдарч байгаа газраа эзэмших хүсэлтээ 2000 оноос эхлэн бичгээр болон амаар гаргаж ирсэн. Тухайн үед кадастрын зураг хийлгэх гэхээр газар зохион байгуулагч байсан Б нэгдсэн кадастрын зураг гарахаар хийлгэ гэж хойшлуулж байгаад хамар хашааны Б.Мын кадастрын зургийг миний хашаа руу оруулж хийлгэчихээд дараа нь үлдсэн хэсэг дээр 2008 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 335 тоот газар эзэмших захирамж надад гаргасан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Б.Мод холбогдох 2017 оны ******* дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж хамар хашааны айлын газрыг давхардуулж олгож, Иргэний хуулийн 90 дүгээр зүйл, 104 дүгээр зүйлийн 104.1-т заалт, 105 дугаар зүйлийг зөрчин олон жил амьдарч, ашиглаж буй миний хашаанд Б.Мын зургийг оруулж хийлгэснээр иргэн миний газар эзэмших хууль ёсны эрх ашиг зөрчигдөж олон жил амьдарсан газар, босгосон хашаа, барьсан байшингийн суурь, тарьсан мод, бохирын худаг; гэрлийн шон зэргийг бусдад хууль бусаар алдахад хүрээд байна. Тиймээс миний бие 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр СБД-ийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргаж, газрыг минь чөлөөлүүлж өгөх тухай өргөдөл гаргасан. Өргөдлийн хувийг Нийслэлийн Захирагчийн албанд мөн хүргүүлсэн. СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хариу өгөхдөө намайг “Б.Мын газар луу хашаагаа сунгаж барьсан тул газрыг чөлөөлж өгөх үүрэгтэй” гэсэн байсан бөгөөд би энэхүү хашаагаа 2000 онд өөрийн хөрөнгө хүчээр барьсан тул хүлээн зөвшөөрөхгүй. Харин миний хашаан дотор, барьсан байшинг минь оруулан Б.Мод 2017 онд газрын захирамж давхардуулан гаргасан байна.
Иймээс Б.Мын хууль бусаар миний газар руу оруулж зураг хийлгэсэн газрын 2017 оны ******* дугаар эзэмших захирамжийг хүчингүй болгож, газрыг минь чөлөөлүүлж, миний эзэмших эрхийг баталгаажуулж өгч, үнэнээр нь шийдэж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А.Днь 1978 оноос хойш одоо маргаж байгаа газарт мал маллаж амьдарч эхэлсэн. 2000 оноос газар эзэмшиж эхэлснээс хойш газар эзэмших талаар хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүсэлт өгсөн. 2002 онд дахин хүсэлт өгөхөд газар зохион байгуулагч н.Б гэж хүн байсан. Тэр хүн нэгдсэн кадастрын зураг гараагүй байна. Нэгдсэн кадастрын зураг гарахаар таны газрын зургийг хийж өгье гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш 2002-2006 онуудад удаа дараа хүсэлтүүдээ өгсөн байгаа. 2000 онд газар эзэмшүүлж эхлэхэд хашаагаа хатгаад Хашаан дотор таван айл газар авахаар хүсэлтүүдээ өгсөн. Дөрвөн айлын газрын зураг нь 2004, 2005 онд газрын гэрчилгээ дараалан гарсан. Нэг айлын гэрчилгээ гараагүй нь одоо энэ нэхэмжлэгч А.Дгэж хүний газрын гэрчилгээ нь гарч ирэхгүй хүлээгдээд байсан. 2000 оны баримтууд устгалд орсон гэсэн хариуг газар зохион байгуулалтаас өгсөн. Харин дараалан өгсөн хүсэлтүүдийн хариуг өгөхгүй байгаа. 2004 оны хүсэлтийг өмнө очиж гаргаж авсан. 2008 онд маргаж байгаа газар хамгийн анх н.Б гэх хүний нэр дээр гарсан. Энэ н.Б гэх хүний нэр дээр гарсан газар нь нэхэмжлэгч А.Дгийн зүүн талд н.Б гэх хүний газар байсан байгаа.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь ******* дугаартай захирамжийн иргэн н.Мод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. А.Дгэдэг хүн өнөөдрийн маргаан үүсгээд байгаа газар дээр 1978 оноос хойш амьдран сууж байсан. Түүний эцэг эх үр хүүхдүүд нь 1978 оноос хойш өнөөдрийг хүртэл тухайн газар дээрээ амьдран сууж байгаа. 2000 онд өөрийнхөө амьдарч байгаа газрыг хашаалаад байрлал нь огт өөрчлөгдөөгүй өнөөдрийг хүртэл амьдарч байна. А.Дгэдэг хүн Газрын тухай хуульд зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус дүүргийн газрын албаараа дамжуулан газар эзэмших талаар хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар тухайн хүн 2004 онд хүсэлт гаргаж байсан болох нь ерөнхийдөө тогтоогдож байгаа. Энэ хүн хашаалсан газраа эзэмших талаарх хүсэлтээ тавьж байсан. Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2008 онд газар эзэмших эрхийг олгосон. Энэ газар эзэмших эрхийг олгох үед түүний хажууд н.Б гэж өнөөдрийн хуралдаан дээр яригдаад гуравдагч этгээдээр орж байгаа. н.М гэдэг хүнд шилжсэн газрын 335 дугаартай захирамжаар олгосон байсан. Анхны эзэмшигч болох н.Б гэх хүний эзэмших газар нь нэхэмжлэл гаргаад байгаа А.Дгэдэг хүний газартай огт давхцалгүй гэсэн ойлголттой 2019 оныг хүртэл явж ирсэн. М гэдэг хүний газар эзэмших эрх үүсэхээс өмнө олчихсон байсан этгээдүүдийн газар эзэмших эрхтэй холбогдуулж газар эзэмших эрх олгосон захирамжтай холбогдуулж маргаагүй явж ирсэн. Өнөөдөр н.М гэдэг хүний газар эзэмших эрхтэй маргаад байна вэ гэхээр бодит байдал дээр А.Дгэдэг хүн тухайн газар дээрээ маргаад газар эзэмших эрх авсан гэсэн ойлголттой явж байсан боловч дүүргийн газрын албанаас захирамж гаргаад н.Б гэдэг хүнд 2008 онд газар эзэмших эрх олгосон. Хамгийн сүүлд 2019 онд н.М гэдэг хүнд газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээ гаргасан. Газрын албанаас газар эзэмших эрх олгохдоо газар эзэмших эрхийг н.Г гэдэг хүнээс н.Мод шилжүүлэхдээ Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Түүнчлэн анх газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн үндсэн зарчмыг зөрчөөд энэхүү хүмүүст эзэмшүүлэх эрхийг олгож байгаа нь өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа А.Дгэдэг хүний эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Нэхэмжлэгчид Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн, Бага Баян гудамж-2 тоот хаягт тасралтгүй 43 жил амьдарсан, тус газартаа 7:12 хэмжээтэй өвлийн 2 давхар байшин барьж амьдарч байгаа бөгөөд тус газраа 2000 онд эзэмших хүсэлтээ тус дүүргийн газрын албанд гаргасан боловч нэгдсэн журмаар кадастр хийхийг хүлээ гэх шалтгаанаар өнөөг хүртэл газар эзэмших гэрээ, гэрчилгээ хийлгээгүй.
Иргэн Н.Бд 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжаар Санзай зусланд ******* нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар, газар эзэмших эрхийг баталгаажуулсан.
Дүүргийн Засаг даргын 2012 оны 57 дугаар захирамжаар ******* дугаар нэгж талбарын дугаартай, 700 мкв газар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн боловч Б.Год олгосон ******* дугаар газар эзэмших гэрээ, гэрчилгээнд ******* ******* дугаар нэгж талбарын дугаартай, 615 м.кв газар эзэмшүүлсэн байна.
Иргэн Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжаар Б.Мод ******* нэгж талбарын дугаартай, 615 газрын газар эзэмших эрхийг шилжүүлж, ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтээ 2000 онд дүүргийн Газрын албанд гаргасан гэх боловч тус онд газрын албанд иргэдээс ирүүлсэн өргөдөл, бүртгэлийн дэвтэр нь устгалын баримт бичигт орсон тул дүүргийн Газрын албаны архивт хадгалагдаагүй тул хүсэлт өгсөн нь нотлогдох боломжгүй байна. Нэхэмжлэгчид Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх үүсээгүй тул өөрийн газрыг чөлөөлүүлэх, Б.Мын нэр дээр гаргуулсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах эрх үүсэхгүй.
Харин нэхэмжлэгчийн одоо амьдарч буй бусдын эзэмшил ашиглалттай давхцалгүй газрыг Газрын тухай хуулийн дагуу эзэмших эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байна .
Иймд маргаан бүхий Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эрх ашиг болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллага дээр үзлэг хийхэд 2005 оноос хойш хүсэлт өгсөн байдаг. н.Б болохоор 2008 оны захирамжаар газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргасан байдаг. Тэрний дараагаар н.Год шилжээд өнөөдөр маргаж байгаа. н.Мод газар ирсэн. Газрын тухай хууль дээр зохицуулалт байгаа. Тэр нь тухайн газрыг гэрээ гэрчилгээгээр эзэмших гэсэн ойлголт байгаа. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж харж байгаа. 2008 онд захиргааны акт дээр гомдол гарах ёстой байсан боловч худалдах худалдан авах гэрээгээр эрх шилжигдээд өнөөдөр маргаан бүхий газар нь хоёр дахь хүндээрээ шилжээд ирсэн байна. Иргэн нь хашаа хашаалснаараа газрыг авна гэсэн ойлголт бол биш. Түрүүн өмгөөлөгчийн тайлбар дээр бид нар хүсэлтэй удаа дараа өгч байсан гэдэг нь 2004 он хүртэл нотлогдоогүй. Учир нь Газар зохион байгуулалтын албаны архивт үзлэг хийхэд гарч ирээгүй. Харин 2004 оны хүсэлт гарсан. 2008 онд н.Б захирамж гаргаад тухайн газрын олгосон байхад тэрнээс хойш 13 жилийн дараа маргах үндэслэлгүй байна. Мөн хоёр дахь буруу ойлголт нь зөвхөн гэрээгээр гэрчилгээгээр тухайн газрыг эзэмшинэ гэж байгаа. Түүнээс биш энд би амьдарч байсан гэж хашаалсан зүйл бол биш. Өнөөдөр иргэн хуулийн мэдэхгүй байх нь өөрийгөө зөвтгөх ямар ч үндэслэл болохгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Б.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Иргэн А.ДСүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны ******* дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж тооцож, үүнээс үүдэн газраа эзэмших эрх нь зөрчигдөж байна гэж үзэн Иргэний эрх зүйн агуулгатай нэхэмжлэл бичжээ. Гэвч, иргэн Б.М миний нэр дээр гаргасан газар эзэмших зөвшөөрөл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус байх 7 шинжийг агуулаагүй учраас хүчин төгөлдөр захиргааны акт гэж би үзэж байна.
Түүнчлэн, захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-д эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хүчингүй болно” гэж заасан. Гэсэн хэдийч, СБД-ийн Засаг даргын 2017 оны ******* тоот захирамж нь А. Дгийн газар эзэмших эрхэнд халдаагүй байдаг.
Яагаад гэвэл, Иргэний эзэмших эрх нь Иргэний хуулийн 89.1-д “Эзэмшил нь хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, мөн 89.3-д “хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч” гэж тус тус заасан ба эзэмшлийн ард легал баталгаа байх ёстой гэдэг тодорхой ойлгогдоно. Мөн Газрын тухай хуулийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заажээ. Гэвч А. Д 2000 онд улсаас иргэдэд газар эзэмшүүлж эхлэхэд дур мэдэн одоогийн газар дээрээ хашаа хатгаснаар, бас 1977 оноос хойш 23 жил амьдарснаар өөрт нь эзэмших эрх үүссэн гэсэн буруу ойлголттой байгаа.
2008 онд миний нэр дээрх газрын анхны эзэмшигч байсан Н.Б газар эзэмших зөвшөөрлөө авсан байсан ба А.Дгазар эзэмших эрхийн гэрчилгээгээ аваагүй байсан ч, газрын албаныхан зориуд өөрийнх нь хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байсаар байгаад хашаа руу нь Н.Бийн газрыг сунгаж оруулсан гэж бичжээ. Гэвч, 2000 онд СБД-ийн Газрын албаны архив устгалд орсон ба нэхэмжлэгч хүсэлт өгсөн нь нотлогдох боломжгүй байна. Бас нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2008 онд Газрын алба бөх Н.Мт одоогийн манай гэр бүлийн газар дээр давхардуулан кадастр, зөвшөөрөл олгосноос болоод өөрийнх нь газар руу кадастрын зураг сунгаж оруулсан гэж мэдүүлсэн ч Н. М тэр газрыг эзэмшиж байгаагүй, түүнчлэн, миний нэр дээрх газар бүр анхнаасаа кадастр дээр одоогийн зургаараа байсан. Үүнийг нэхэмжлэгч ч өөрөө мэдэж байсан ба тэрээр үнэнийг мушгин гуйвуулж бичжээ. Үүнийг хавсралтад оруулсан А.Д, Б.Г нарын иргэн Н.Эийг гэрчээр байлцуулж хийсэн хэлцлийн агуулгаар нотлох боломжтой.
Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа бичсэн бусад үйл баримт хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна. А.Дминий эзэмшлийн газар дээр хашаагаа хатгаж эзэмших эрхэд минь халдаж байна.
Д гэж нэхэмжлэл гаргасан хүний бичсэн зүйлийг уншихад ихэнх хувь нь дандаа хүн гүтгэсэн зүйл бичжээ. Д манайхыг газар авснаас хойш 2 жил лав ирээгүй. Харин зун нь 3 бага насны хүүхэдтэй айлд түрээсэлдэг байсан. Манайхыг огт ашигладаггүй гээд байх юм, өвлөөс бусад улиралд нь манайх ирж очоод байдаг. Авснаас хойших газрын төлбөр төлсөн баримтаа хавсаргав. М намайг 3 удаа хувийн кадастр авчирсан гээд байх юм. Манайх бүх бичиг баримт нь гарсан газар авч байсан. Энэ А.Дгэдэг хүнийг байшингаа барихдаа хүний нэр дээр кадастртай газар дээр байшингаа бариад байхаар нь манайд зарсан Г “Д гуай та хүний газар оролцуулаад байшингаа бариад байна гэж сануулахад, “Чамд хамаагүй би мэдэж байна” гэж барьсаар намар дуусгаад өвөл нь шатсан гэх түүхтэй юм билээ. Ахмад хүн, хөгшин гэж өөрийгөө их бичсэн байна, миний бодлоор яаж 70 насыг насалсан юм гэмээр хүнийг хэл амаар доромжилдог гүтгэдэг юм билээ. Хүн гүтгэх хуультай байдаг, намайг байшин шатаасан гэж хардаж байна гэж бичсэн байгаа учир би гомдолтой байна. Хаана хандахын түүнд нь хандана гэж бодож байгаа. Д гуай манай хашаа гээд байх юм, би бол хашаа гэж бодохгүй байна, ойгоосоо шургааг авч ирээд хашаалчихсан, байшингийн тал нь миний газар дээр, тарьсан мод гээд байх юм, огт ургадаггүй нүдэнд харагддаггүй юм, бохирын худгаа манай газар дээр барьсан, гэрлийн шон нь бас манай газар дээр. Энэ мэтчилэн бүх юмаа худлаа бичээд байгаа учир очиж хараад шүүж өгнө үү. Д гуай анх маргаад байгаа газраа манайхыг гэж хүлээн зөвшөөрч байсан. Газраа тэгшлээд авчих гэж надад хэлж байсан.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 1978 оноос хойш мал маллаад амьдарч байсан гэдгээрээ шалтаглаад эзэмших давуу эрх үүснэ гэж буруу ойлгоод байгаа. Газрын тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид заасан байдаг. А.Днь эзэнгүй байсан эд юмс олж аваад эзэмшсэн хугацаанаас эзэмшсэн гэж буруу ойлгоод байна. Газар нь ямар ч эзэнгүй байх үндэс байхгүй. Мөн бид нарыг газраа ерөөсөө эзэмшихгүй байж дамлаж зараад байна гэж хэлээд байгаа. Энэ нь Үндсэн хууль, олон улсын гэрээнд заагдсан эдийн засгийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд байгаа. Манай газрыг 2003 оны 10 дугаар сард эзэмших хүсэлтэй гаргасан. Иргэн А.Днь 2004 оны 8 дугаар сард буюу 11 сарын хойн эзэмших хүсэлтэй гаргасан байдаг. Бүхэл бүтэн 11 сарын өмнө Б гэдэг хүн газар эзэмших зургаатайгаа хүсэлтээ гаргаад газар эзэмших эрх авсан. Энэ нь Газрын тухай хуулийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар шударга ёс, эрх тэгш байдалтай нийцэж байгаа. Шударга ёсны зарчмыг онолын тал руу нь дэлгэрүүлье гэвэл хувиарлалтын шударга ёс, бурууг шийтгэх шийтгэлийн шударга ёс гэж байдаг.
Иргэн н.Б 2003 онд хамгийн анх газрын албанд өргөдөл гаргаснаар Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх авсан байгаа. Иргэн А.Д2004 оноос өмнө газар эзэмших хүсэлтэй гаргаад явж байсан гэх талаар хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй. Миний зүгээс энэ хүнийг нотлох баримт авагдаагүй болохоор худлаа хэлж байна гэж ойлгож байна. Тухайн газар нь манай гэр бүлийн хүмүүсийн гурван хүний нэр дээр гарсан газар байгаа. Миний нэр дээр зүүн хойд буланд газар авсан. Тухайн газар нь анхнаасаа хэний ч нэр дээр байгаагүй. Иргэн н.Бээс иргэн н.Год тухайн газар ирэхдээ яг энэ хэлбэр хэмжээгээр ирсэн. Иргэн н.Гоос манай яг энэ хэлбэр хэмжээгээрээ ирсэн. 2003 онд хүсэлтэй гаргаад 2008 онд нийтээр нь газар эзэмшүүлэхээр гарсан акт Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль бус байх ямар ч нөхцөлийг агуулаагүй акт байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Дтус шүүхэд хандаж “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны ******* дугаар захирамжийн Б.Мод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...Санзайн Бага баянд 1977 оноос хойш амьдарсан ба шударгаар эзэмшиж 43 жил амьдарсан 0,07 га газраа эзэмших хүсэлтийг дүүргийн газрын албанд өгсөн боловч кадастрын зураг хүлээгдэж байсан...энэ хугацаанд миний хүсэлт гаргасан газар дээр Б.М нь кадастрын зураг хийлгэж, улмаар 2017 онд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна...Б.М нь миний амьдардаг хашаа руу минь хууль бус кадастрын зургаар далайлган 150 м орчим газрыг эзэмшсэн байхад Газрын алба зөвшөөрөл олгосон нь хууль бус...” гэж тодорхойлон маргасныг хариуцагч болон гуравдагч этгээдээс бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 02-06/3119 дүгээр албан бичгээр иргэн А.Дгоос гаргасан “иргэн Б.Мын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гомдлыг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 14/2873 дугаар албан бичгээр иргэн А.Дд “...та дүүргийн Засаг даргын 2017 оны ******* дугаар захирамжаар газар эзэмшигч Б.Мын эзэмшил газар руу оруулан хашаагаа барьсан байна, иймд та бусдын газрыг чөлөөлөх үүрэгтэй ба гомдол санал байгаа бол хууль хяналтын байгууллагад хандана уу” гэсэн хариу өгсөн, уг хариуг аваад нэхэмжлэгч 2020 оны 7 дугаар сарын 21-нд шүүхэд хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, харин нэхэмжлэгч А.Дд 2008 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 335 тоот захирамжаар газар эзэмших эрх үүссэн нь одоогийн маргаж буй газартай хил залгаа газар болох нь үзлэгийн явцад тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр асуудлаар маргаагүй болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон маргаж буй газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” хавсралтын 630 дугаарт Нанзадын Бээс гаргасан 6176 дугаар өргөдлийг үндэслэн Санзай зуслан хаягт орших ******* нэгж талбарын дугаар бүхий, 700 м2 газрыг Н.Бд 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон,
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар захирамжийн “Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх” хавсралтын 24 дүгээрт Нанзадын Бийн эзэмшиж байсан ******* нэгж талбарын дугаар бүхий, 700 м2 газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг Батбуянгийн Год шилжүүлэхээр шийдвэрлэсэн,
Уг шийдвэрийг үндэслэн иргэн Б.Год Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 3057/05985, ******* дугаар /нэгж талбарын дугаар болон газрын хэмжээ өөрчлөгдсөн/ бүхий Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай зуслан зориулалтаар 615 м2 газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр олгож 2012 оны 3 сарын 05-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан,
Сүхбаатар дүүргийн газрын албанд иргэн Б.Моос 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Батбуянгийн Гын газар эзэмших эрхийг шилжүүлэн авах өргөдөл гаргаж, уг өргөдөлд мөн өдрөөр огноолон Б.Г, Б.М нарын хооронд хийсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, Б.Г, Б.М нараас гаргасан хүсэлт, Б.Гын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэргийг хавсарган өгсөн,
Дээрхи хүсэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар бүхий “Зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамжийн “Зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” хавсралтын 117-д Батбуянгийн Гын, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар захирамжаар үүссэн нэгж талбарын ******* дугаар бүхий газар эзэмших эрхийг Батсүхийн Мод шилжүүлэх, иргэдтэй гэрээ байгуулж гэрчилгээ олгож, газрын төлбөр тооцоог хийж хяналт тавьж ажиллахыг Дүүргийн газрын албанд даалгаж шийдвэрлэсэн,
Уг шийдвэрийг үндэслэн Б.Мод гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг Дүүргийн газрын албанаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр олгож, мөн өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай тус дүүргийн Газрын албатай байгуулсан үйл баримтууд тогтоогдов.
Маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар бүхий “Зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамжийг гаргахдаа хариуцагч нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37.2, 38.4 дэх заалтуудыг тус тус үндэслэсэн байна.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.1.3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх” гэж, мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.
Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны акт гаргаж, иргэн Б.Гын, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар захирамжаар үүссэн газар эзэмших эрхийг Б.Мод шилжүүлэхээр шийдвэрлэж, түүнд газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг олгосон нь хариуцагч захиргааны байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээнд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр байх бөгөөд уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, иргэн Б.Мын газар эзэмших эрх нь түүнд шинээр үүсээгүй, харин Б.Г, Б.М нарын хооронд хийсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон Б.Гоос гаргасан хүсэлтийг үндэслэн түүний газар эзэмших эрхийг Б.М шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон, энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасантай тус тус нийцсэн ба нэхэмжлэгч А.Днь иргэн Б.Год газар эзэмших эрх анх үүсгэсэн захиргааны акттай тухайлан маргаагүй тул энэ талаар шүүх дүгнэх боломжгүй.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд маргаан бүхий захиргааны акт гарснаар иргэн Б.Гоос Б.Мод шилжиж ирсэн газар эзэмших эрх, уг эрх олгосон шийдвэр хүчингүй болох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Б.Год эрх олгосон захирамж хүчингүй болсон” гэх тайлбар хуульд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч А.Днь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Санзайн Бага баян гэх газарт 1977 оноос хойш амьдран сууж байгаа гэж тайлбар гаргасныг хариуцагч, гуравдагч этгээдээс баримтаар үгүйсгээгүй, түүнчлэн А.Днь 2004 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн газрын албанд хандаж “Санзайд гэрчилгээ авах” тухай хүсэлт гаргасан нь тогтоогдож байх боловч уг хүсэлт нь чухам хаана орших ямар хэмжээний газарт холбогдуулсан хүсэлт болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй, нөгөө талаар 2004 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэх Сүхбаатар дүүргийн газрын албаны эс үйлдэхүйн талаар тухайлан маргаагүй атлаа “Дүүргийн газрын алба миний газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа Б.Мод газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1.овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар;” 32.2.2. эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг; 32.2.3. газар эзэмших зориулалт, хугацаа” гэж тус тус заасан.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч А.Днь газар эзэмших хүсэлт гаргаж, түүндээ тухайн газрын тойм зургаа гаргаж хүргүүлэх үүрэгтэй, нөгөө талаар уг хүсэлтийг захиргааны байгууллага хугацаанд нь шийдвэрлээгүй талаар маргах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй атлаа гуравдагч этгээд Б.Мыг “...миний хүсэлт гаргасан газарт зөвшөөрөл авсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.
Энэ тохиолдолд Б.Мод газар эзэмших эрх шилжүүлэхээр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч А.Днь 2004 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн газрын албанд гаргасан хүсэлтийг тухайн захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй 17 жил орчим болж байгаа асуудлаар холбогдох байгууллагад хандаж, хүсэлт гомдол гаргаж шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрх нээлттэй байгааг, нөгөө талаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичгээс үзэхэд Н.Бийн эзэмшлийн 18639337935435 гэх нэгж талбарын дугаар бүхий газар нь анхны зураглалаар түүний газрын хувийн хэрэгт авагдсан ******* нэгж талбарын дугаар бүхий газартай хэмжээ байрлалын хувьд зөрүүтэй байгааг тус тус дурдах нь зүйтэй.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь мөн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан газрын кадастрын зураглалыг зөвтгүүлэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “...захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заасан байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдлыг шүүх заавал шалган тогтоох ёстой.
Тухайн тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны ******* дугаар захирамжийн Б.Мод холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байх бөгөөд уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч А.Дгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй гэж шүүх үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засаг захиргаа, гутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Дгоос гаргасан, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны ******* дугаар захирамжийн Б.Мод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН