Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1181

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2022          08          05                                  2022/ШЦТ/1181

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

   Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Над холбогдох эрүүгийн 2206 00000 2173 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Н.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын И-Март дэлгүүрийн гадна хохирогч Н.Наранбаатараас “машинаа түр өгөөч 61-ийн гарам ороод, хашааны бичиг баримт зохицуулаад хүнтэй уулзаад ирье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийн эзэмшлийн 21-64 УАК улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг буцааж өгөх зорилгогүйгээр авч яван иргэн О.Шинэбаярт барьцаанд тавьж, зээл авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Д.Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Н.Нын “2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр найз Наранбаатарын 21-64 УАК улсын дугаартай Тоёота приус 30 маркийн авто машины бичиг баримтаа хөөцөлдөөд ирье гэж хэлээд аваад явсан. Тэгээд би 2-3 хоног Наранбаатар болон түүний эхнэр Аагий хоёртой хамт машинаар нь явсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Шинэбаяр гэх хүнд Наранбаатарын машиныг 2.500.000 төгрөгний барьцаанд тавиад машиныг нь Шинэбаярт үлдээгээд явсан. Тэгээд дараагаар дахиад 2.500.000 төгрөг нэмээд Шинэбаяраас зээлж авсан дараагаар нь дахиад 3.000.000 төгрөг нэмж аваад, нийт 8.000.000 төгрөгийг Шинэбаяраас Наранбаатарын машиныг барьцаанд тавьж байгаад авсан” /хх-ийн 52 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Наранбаатарын “Би 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн найз Н.Нтай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Сансарын И-мартын автомашины зогсоол дээр уулзсан. Н.Н нь тухайн үед надаа машинаа түр өгөөч 61-н гарам ороод, хашааны бичиг баримт зохицуулаад хүнтэй уулзаад өгье гэсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн 2164УАК улсын дугаартай цагаан өнгөтэй Тоёота Приус-30 маркийн автомашинаа өгч явуулсан. Тэрнээс хойш удаа дараа шалтаг шалтгаан тоочиж, миний эзэмшлийн автомашиныг өгөхгүй байна.” /хх-ийн 12-13 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч О.Шинэбаярын  “2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зүс таних залуу надруу залгаад манай найз Тоёота Приус-30 маркийн машинаа тавьж зээл авах гээд гэсэн тэгэхээр нь би чи эзэнтэй нь хамт хүрээд ир гэсэн чинь манай найз барилга дээр ажиллаж байгаа өөрөө ирэх боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд намайг очоод машин тавиад зээл авчих гэж хэлсэн тэгэхээр нь за за чи хүрээд ир хоёулаа хуучнаараа гэрээгээ хийгээд зээл өгье гэж хэлсэн. Тэгээд ирээд машинаа тавиад зээл  өгч байгаа нь үнэн болно гэсэн гэрээ хийгээд би өөрийн Төрийн банкны 342200712510 гэсэн данснаас Хаан банкны Н.Н гэх хүний 5015339348 гэсэн дансанд 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөө дахиад жоохон байж байгаад Н.Н нь над руу залгаад надад мөнгний хэрэг гарсан байна мань орой дахиад эгчийн lexus hs 250  маркийн машиныг тавиад нэмээд 2.500.000 төрөг зээлье гэсэн тэгэхээр нь би эхлээд тоёота 30 маркийн машин авсан байсан учир дараагийн машиныг аваагүй байхдаа итгээд дахиад 2.500.000 төгрөгийг Н.Нын Хаан банкны дансанд хийсэн. Тэгээд би орой нь Н.Н руу залгаад lexus hs 250  маркийн машинаа өгөөч ээ гэж хэлэх гэсэн чинь ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн үед Н.Н залгаад мань өнөөдөр эгчийн lexus hs 250  маркийн машинаа тавина чи хаана байгаан хоёулаа уулзъя гэж хэлсэн. Удалгүй Н.Н миний байгаа газар ирсэн тэгээд Солонгос улсад байдаг ахаас би мөнгө авсан байсан тэгсэн чинь тэр ах надаас мөнгөө нэхээд байна ахын хадмын хүмүүс хагалгаанд орох гээд байна гэж надад хэлсэн тэгээд би Банк бус дээр байгаа машиныг ингэж өндөр үнээр авахгүй гэж хэлсэн чинь хөгшөөн гуйж байна ганц удаа гэсэн тэгэхээр нь би итгээд нэмээд 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй нам жим болсон тэгээд би залгахаар хаяа утсаа аваад мөнгө олдохгүй байна гэж надад хэлдэг байсан. Би Н.Над нийт 8.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн юм” /хх-ийн 17-18 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-24 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Төрийн банкны “Харилцах дансны харилцагчийн хуулга” /хх-ийн 41-47 дугаар хуудас/

Хохирогч Н.Наранбаатарын 2164УАК улсын дугаартай цагаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслээ хүлээн авсан тухай хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Д.Н.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын И-Март дэлгүүрийн гадна хохирогч Н.Наранбаатараас “машинаа түр өгөөч 61-ийн гарам ороод, хашааны бичиг баримт зохицуулаад хүнтэй уулзаад ирье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийн эзэмшлийн 21-64 УАК улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг буцааж өгөх зорилгогүйгээр авч яван иргэн О.Шинэбаярт барьцаанд тавьж, зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

“Залилах” гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Д.Н.Нын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч Д.Н.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Д.Н.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж ухамсарлан ойлгож буй хувийн байдал, өмнөх ялаа эдэлж байгаа зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

 

Шүүгдэгч Д.Н.Н нь хохирогч Н.Наранбаатарын эзэмшлийн автомашиныг буцааж өгсөн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй, харин түүнээс 8.000.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч О.Шинэбаярт олгох нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н.Нын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.Н.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н.Ныг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Н.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н.Наас 8.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Шинэбаярт  олгуулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА