Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 02405

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 7 сарын 31 өдөр               Дугаар 102/ШШ2018/02405                                Улаанбаатар хот

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,       

        Нэхэмжлэгч Архангай аймаг, Эрдэнэбулган сум  дугаар баг, “Арслан цохио”-гийн тоотод оршин суух А овогт З.С-ын нэхэмжлэлтэй

        Хариуцагч Баянгол дүүрэг, дугаар хороо  дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны байрны  тоотод байрлах “З.З” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянав.  

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, хариуцагчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Данзандорж, нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

        Нэхэмжлэгч З.С нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015-2016 онд “З.З” ХХК-тай амаар ярилцаж тохиролцоод, Архангай аймгийн Хангай суманд зам, гүүрийн ажлыг 10.000.000 төгрөгийн хөлстэй хийхээр болж, ажлаа эхлээд дуусгасан.

        Гэтэл өнөөдрийг хүртэл ажлын хөлс өгөхгүй намайг хохироосоор байна. Бид хамтарч ажиллахдаа зам, гүүрний ажилд тус тусад нь үнэлгээ тогтоогоогүй, нийт хөлс 10.000.000 төгрөг байхаар тохирсон. Тус компанийн дотоод үйл ажиллагааг хариуцаж байсан Н.Бат-Эрдэнэ гэж залуу надад 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийн төлбөр төлнө гэсэн бичгийг хийж өгсөн. Үүнээс миний дансанд 2017 оны 10 дугаар сард 3.500.000 төгрөг шилжүүлсэнийг хасаж тооцон, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад, 6.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.

          

       Хариуцагчийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Архангай аймагт зам засвар болон гүүрний ажилд хамтарч ажилласан нь үнэн. Ажлын хөлсийг 10.000.000 төгрөгөөр тохирч, бензин шатахуун болон бусад зардлыг хөлсөнд оруулаагүй. Компанийн санхүү хариуцаж байсан Н.Бат-Эрдэнэ ажлын хөлсийг нэхэмжлэгчид шилжүүлснээс дутуу 3.000.000 гаруй төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Н.Бат-Эрдэнэ шүүх хуралд гэрчээр оролцох тул тодорхой хэлэх байх. Нэхэмжлэгчийн яриад байгаа бичгийн тухайд би гарын үсэг зураагүй. Энэ бичгээр аймгийн Төрийн сангааас мөнгө авах боломжгүй. Н.Бат-Эрдэнэ намайг төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий этгээд биш.

        Иймээс 10.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч З.С, хариуцагч “З.З” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           

    Хариуцагч 3.800.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл мөнгийг төлөхгүй гэж маргаж байна.

 

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

         Нэхэмжлэгч З.С, хариуцагч “З.З” ХХК-тай 2015-2016 онд Архангай аймгийн Хангай суманд зам засвар болон гүүрний ажлыг 10.000.000 төгрөгийн үнэлгээтэй хийж гүйцэтгэхээр амаар харилцан тохирч, ажлаа хийж гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 352.5.1 дэх хэсэгт “гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх” гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнээд, энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй.

          Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч З.С “Нийт ажлын хөлсөнд 10.000.000 төгрөг өгөхөөс дансаар шилжүүлж авсан 3.500.000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 6.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. “Хаан” банкны 5135206732 дугаарын данс миний данс мөн”, хариуцагч Б.О “Манай компанийн санхүүгийн ажилтан Н.Бат-Эрдэнэ өөрийнхөө данснаас ажлын хөлсөнд нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн мөнгийг хасаж тооцоод гарсан үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрнө” гэх тайлбаруудыг гаргасан бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хариуцагчийн санхүүгийн тайлан тооцоог гүйцэтгэж байсан гэх гэрч Н.Бат-Эрдэнэ “Хаан” банкны өөрийн нэр дээрх 5022402846 дугаарын данснаас, иргэн З.Сүхбаатарын “Хаан” банкны 5135206732 дугаарын дансанд 4 удаагийн үйлдлээр буюу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 300.000 төгрөг

         2015 оны  7 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөг

         2016 оны  6 дугаар сарын 13-ны өдөр 700.000 төгрөг

         2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3.500.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасган 6.500.000 төгрөг нэхсэнээс 3.500.000 төгрөг хасагдаж тооцогдсон гэж үзээд, 6.500.000 төгрөг-300.000-700.000-2.000.000 төгрөг /үлдэгдэл//=3.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

         Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу ажлын хөлсөнд эдгээр мөнгийг аваагүй гэдгээ нотлож, үгүйсгэж чадаагүй болно.

          Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв  эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 3.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “З.З” ХХК-иас 3.500.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч А овогт З.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА