Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
Хэргийн индекс | 2022/ШЦТ/715 |
Дугаар | 2022/ШЦТ/715 |
Огноо | 2022-05-17 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/715
2022 05 17 2022/ШЦТ/715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******ад холбогдох эрүүгийн 2106 00000 2635 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаан хуаран 2 дугаар гудамжны 97 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Холбоо толгой 11 дүгээр гудамжны 9 тоотод түр оршин суух,
урьд Нийслэлийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 407 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1078 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь Д.Төрбадрахтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар гудамжны 260 тоот хохирогч *******лзийбаатарын эзэмшлийн Монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж Кен загварын гар дриллийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлан 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хороо манай гэрийн хойд талын айлаас бид хоёр 50.000 төгрөг авахаар очсон. Бид хоёрын очиход тэр айлд хүн байгаагүй. Би гэрийнх нь цонхыг хагалаад орсон. Дүү намайг уурлаад дагуулаад гарсан. Би тэнд байсан дриллийг авсан. Миний дүү энэ хэрэгт хамааралгүй би ганцаараа энэ хэргийг хийсэн” гэх мэдүүлэг,
Улсын яллагчаас дараах бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн “Монгол гэрийн хаалганы хоёр талд 112х100 см хэмжээтэй цонхтой байх ба хаалганы баруун талын цонхыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Гэрийн хаалга цоожтой ... хаалганы баруун талд хулгай орсон гэх цонх байх ба цонхны урьд хэсэгт олон тооны хагарсан шил байв ... хөргөгч, авдар онгорхой, урд талд эд зүйлсийг гаргасан байдалтай” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-7 дахь тал/
Хохирогч Ж.Өлзийбаатарын “Би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цаг 35 минутад манай хөрш айлаас танай цонх хагарах чимээ сонслоо, танайх камераа шалгаач гэхэд нь би утасны гэртээ суурилуулсан камераа үзэхэд алаг цэргийн хувцастай хүн болон цэнхэр куртиктэй хоёр хүн манай хашаанд яваад, гэр рүү орж харагдахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ... Шар ууттай гар дрилл алдагдсан. Камерын бичлэгт аваад явж байхыг харсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ий 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №БЗ2-21-598 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 72.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн тайлан /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...... 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цаг 16 минутад ... эрэгтэй нар камерын харагдах өнцгөөс цуварсан 2 монгол гэр байрлах хэсэг рүү гартаа ямар нэг эд зүйл бариагүй байдалтай явж байв ... 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цаг 50 минутад цуварсан 2 монгол гэрийн хойд талын монгол гэрийн гэрэл асах ба улмаар ногоон эрээн цоохор өнгийн десант куртик, доогуураа хар өнгийн өмд өмссөн эрэгтэй болон дээгүүрээ бараан өнгийн куртик, доогуураа хар өнгийн өмд өмссөн эрэгтэй нар тухайн монгол гэрээс гарч ирэн камерын бичлэгийн харагдаж өнцгийг чиглэн ирж байх ба ногоон эрээн цоохор десант куртик, доогуураа хар өнгийн өмд өмссөн эрэгтэй баруун гартаа ямар нэгэн эд зүйл барьчихсан явж байгаа талаар бичигдсэн байв” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн “******* дээгүүрээ ногоон эрээн цэргийн десант өнгийн ... куртик өмссөн, ... ******* ... биеийн зүүн гарын алганы дотор хэсэг 1*0.8 см хэмжээтэй зулгарч цус гарсан, баруун гарын долоовор хуруу өндөгний хэсэг зулгарч цус гарсан шархтай байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-26 дахь тал/,
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр *******аас хулгайд алдагдсан гар дриллийг хураан авч, 23-ны өдөр хохирогч Өлзийбаатарт хүлээлгэн өгсөн талаар тэмдэглэл /хавтаст хэргийн 133-134 дэх тал/,
Яллагдагч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд өөрийн төрсөн дүү Төрбадрах руу холбогдож Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Эмийн ургамалд байх газрыг очиж үзэхээр болсон. Дүү Төрбадрах автобусанд суугаад ирж байна гэсэн тул би Ботаникийн эцсээс налайхын автобусанд сууж бид 2 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо эмийн ургамлын автобусны буудал дээр бууж зүс таних Мөнгөөнөө болон түүнтэй хамт 1 залуутай уулзаж Хараа 0.33 литрийн 3 шил архи авч гудамжинд хувааж уугаад Мөнгөөнөөтэй хамт явж байсан залуутай барилдаж байгаад баруун гарын алга орчмоо гэмтээсэн тэгээд бага зэрэг маргалдаж 18 цагийн үед Мөнгөөнөө болон түүнтэй хамт байсан залуугаас салаад явсан. Дүү бид 2 сүүл даваа гэх газар амьдардаг Бандиагийн гэрт очиж айраг авахаар алхаж байгаад дүү Төрбадрахад хандаж танихгүй хүнтэй архи ууж байгаад гараа урчихлаа гэж хэлээд бага зэрэг маргалдсан тэгээд би ганцаараа дээшээ алхаж байгаад цаад талын гудамж руу орох зорилгоор үл таних айлын хашаанд орсон, тухайн хашаанд 1 монгол гэр байсан ба гэрийн хаалганы баруун талын цонхонд гараа хүргэхэд тус цонх хагарсан тул цонхны дотор талд байсан цахилгаан дриллийг авч хашааны хойд талаар нь давж гараад Бандиагийн гэр лүү явж байтал Цагдаагийн алба хаагчид ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан дүрс бичлэг бүхий CD,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Батмөнхөөс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Эд зүйлийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 134 дүгээр тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ******* нь Vision development ХХК-нд барилгын туслах ажилтнаар ажилладаг талаарх тодорхойлолт,
Шүүгдэгч *******ын 4 хүүхэд болох 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн 14 настай охин Ө.Намуун /РД:УК08322242/, 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн 8 настай хүү Ө.Бишрэл /РД:УК14242055/, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 4 настай хүү Ө.Баярбаясгалан /РД:УК18231558/, 2019 оны 08 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн 2 настай хүү Ө.Удаанжаргал /РД:УК19281605/ нарын төрсний гэрчилгээний хуулбар,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хавтаст хэргийн 136 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 135 дугаар тал/,
Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 142 дахь тал/,
урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийдвэрийн хуулбарууд /хавтаст хэргийн 144-164 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч ******* нь Д.Төрбадрахтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар гудамжны 260 тоот хохирогч Ж.Өлзийбаатарын эзэмшлийн Монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж Кен загварын гар дриллийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлан 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээний тайлан, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Ж.Өлзийбаатар, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар *******, Д.Төрбадрах нар төрсөн ах дүүгийн харилцаатай ба гэмт хэрэг гардаг өдрийн 14 цагийн орчим уулзаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 20 цагийн орчим буюу харанхуй бүрэнхий болсон үед *******, Д.Төрбадрах нар хохирогч Ж.Өлзийбаатарын монгол гэр байрлах хашаа руу орж, гэрэлгүй, хүнгүй Монгол гэрийн цонхыг ******* нь гараараа хагалан дотогш хамтдаа нэвтэрч, гэр доторх эд зүйлийг онгичин эмх замбараагүй болгож, Д.Төрбадрах нь гар дриллийг барьж гарч ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид тус эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн, хагалсан цонхны зардлыг нэхэмжлээгүй гэх үйл баримт тогтоогджээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Батмөнх нар нь гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн баримт буюу хяналтын камерын бичлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр *******, Д.Төрбадрах нар монгол гэр рүү хоёулаа орсон, Д.Төрбадрах дриллийг гартаа барьсан байдал гарч ирсэн үйл баримт тогтоогдсон ба үүгээр бүлэглэн үйлдээгүй гэх *******ыг мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн хувьд бусдын өмчлөх эрхэд нууц сэм аргаар, идэвхтэй үйлдлээр халдаж, эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас бодитой хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Бусдын өмчлөх эрхэд халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, бодит хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт агуулсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ. Уг гэмт үйлдэл болон учирсан хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Хүн байнга амьдрах зориулалттай орон байр нь тухайн орон байранд амьдардаг гэр бүлийн гишүүдээс бусад этгээдийн хувьд нэвтрэхийг хориглосон, нэвтрэхэд зөвшөөрөгдөөгүй орон зай бөгөөд үүнийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь хууль бус нэвтрэлт болдог.
Монгол гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарах бөгөөд энэ нь тухайн хохирогч түүний гэр бүлийн гишүүдийн эрх ашиг, орон зайг бусдаас тусгаарлах, хамгаалах зориулалттай объект юм. Уг объектод цонхны шилийг хагалах байдлаар орсон тул үүнийг хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
Хүн байнга амьдрах зориулалттай бусдыг орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдын өмчлөх эрхэд бага хэмжээний хохирол буюу 300 нэгжээс доош хохирол учирсан ч хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйчилнэ.
Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд “бүлэглэн” гэх шинжийг тусгайлан заагаагүй, хулгайлах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэснийг ердийн хамтран оролцох хэлбэрээр бүлэглэн гүйцэтгэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэрэглэх нь хуульд нийцнэ.
Прокуророос “бүлэглэн үйлдсэн” гэх шинжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэн зүйлчилснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн үйлдсэнд тооцлоо.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн бодит байдал тогтоогдсон, “Бусдын эд хөрөнгийг нууцаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцов.
*******, Д.Төрбадрах нарт холбогдох хэргээс яллагдагч Д.Төрбадрахад холбогдох хэргийн тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэхэд саад болохгүй байх үндэслэлд нийцсэн, хэргийг зөв тусгаарласан гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд зорилго, шалтгаангүйгээр архи уух санаа сэдэл, амар хялбар аргаар мөнгө олох зорилго зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Өлзийбаатарт 72.000 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд хохирогч эд зүйлийг биетээр буцаан авах байдлаар хохирол төлөгдсөн тул *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлт гаргасан бол
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Батмөнхөөс ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай хүнд гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээний хохирол учруулсан гэх онцгой нөхцөл байдал”-ыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон авч үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заажээ.
Шүүхээс ******* нь бага насны 4 хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлж өрх гэрийн амьжиргааг залгуулдаг, урьд удаа дараа ял шийтгүүлсэн боловч 2014 оноос хойш гэмт хэрэгт холбогдоогүй, гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, согтуугаар, хүндрүүлэх шинжтэйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээний буюу 72.000 төгрөгийн хохирол учирсан, хор уршиг учраагүй гэх шинж чанар, учруулсан бага хэмжээний хохирол төлөгдсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар *******ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******ын урьд удаа дараа ял шийтгүүлсэн гэх хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 48 цагийн хугацаанд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялаас хасаж тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******ад холбогдох хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэрэглэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар *******ад шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын энэ хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцогдсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ