Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/791

 

2022         05          31                                 2022/ШЦТ/791

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Э.Ариунболд,

хохирогч, шүүгдэгч Д.Б, Б.Б, тэдний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2206 00000 0862 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймаг Тариалан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Өлзий хаалга ХХК-нд будагчин ажилтай, ам бүл 7, хадам эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт Хөвсгөл аймаг Тариалан сум 2 дугаар баг Ар тархи гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо Ногоон талбай 1 дүгээр гудамжны 30 тоотод түр оршин хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.Б

Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хадам эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт Хөвсгөл аймаг Мөрөн сум 1 дүгээр баг 13 гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр гудамжны 282 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

  Д.Б нь 2022 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 10 дугаар гудамжны 226а тоотод гэрээс гаргахгүй ломбардад гар утсыг нь барьцаанд тавиулж пиво нэмж уулгахгүй гэх асуудлын улмаас иргэн Б.Бтай маргалдан улмаар харилцан зодолдох явцдаа нүүр лүү хоёр удаа гараараа цохиж, биед нь зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.Б, Б.Б нар согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Консулын 10 дугаар гудамжны 226а тоот гэртээ үл ялих зүйлээс болж маргалдан харилцан бие биеийнхээ нүүрэн тус газарт гараараа цохиж зодолдсоны улмаас Б.Бын эрүүл мэндэд зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, П.Баасанпүрэвийн эрүүл мэндэд баруун завжны дотор салстад язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүү, баруун шанаанд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Б, Б. Буянбадрах нарын шүүгдэгчээр өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Б, Б. Буянбадрах нарын хохирогчоор өгсөн “Гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй” гэх мэдүүлэг,

            Хавтаст хэргээс

Улсын яллагчаас дараах бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Бийн “Буянбадрах аавыг цохих гээд байхаар би орой болсон байна одоо дэлгүүр хаачихсан одоо унтаж амарчих гэж хэлсэн чинь надад пизда минь чам шиг юманд хориулах болоогүй шүү гээд хэл амаар доромжлоод, босож ирээд намайг барьж аваад нүүр лүү цохихоор би зөрүүлээд нүүр хэсэгт нь 2 удаа цохиод барьцалдаж авахад байрны жижүүр ах орж ирээд бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Хохирогч Б.Бын “Баасанпүрэв намайг чи яах гээд байгаа юм бэ гэхээр би өөдөөс нь чамд хамаагүй гэж хэлээд хойш нь түлхсэн тэгээд барьцалдаж аваад 2-3 удаа миний нүүр лүү цохисон ... Баасанпүрэв миний цээж рүү өвдөглөсөн тэгээд би газар суусан чинь намайг боосон би тэгээд ухаан алдлаа гэсэн чинь улам чанга боогоод байхаар нь би эмзэг эрхтэнг нь бариад авсан чинь боохоо больсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Хохирогч Д.Баярсайханы “Буянбадрах миний хамар луу нэг удаа мөргөсөн миний хамраас цус гарсан бас миний нуруунд өвчин орсон байна. Өмнө нь Хөвсгөл аймаг Мөрөн суманд байхдаа намайг зодоод баривчилгаанд 7 хоног явсан. Ер нь бол Буянбадрах нь бид нарыг айлгадаг болсон ба одоо хэзээ зодуулах бол гэж айдаг болсон байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3265 дугаартай “Д.Бийн биед баруун завжны дотор салстад язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүү, баруун шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3313 дугаартай “Б.Бын биед зүүн нүдний алимын салст, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

   Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Байгалмаагаас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Д.Б, Б.Б Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48, 57 дугаар тал/,

Д.Б, Б.Б Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49, 58 дугаар тал/,

Б.Бын байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,

Б.Бын нийгмийн даатгалын төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Д.Бийн “Өлзий хаалга” ХХК-нд будагчин ажилтай гэсэн тодорхойлолт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

  Шүүгдэгч Д.Б, Б.Б нар согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Консулын 10 дугаар гудамжны 226а тоот гэртээ үл ялих зүйлээс болж маргалдан харилцан бие биеийнхээ нүүрэн тус газарт гараараа цохиж зодолдсоны улмаас Б.Бын эрүүл мэндэд зүүн нүдний алимын салст, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, П.Баасанпүрэвийн эрүүл мэндэд баруун завжны дотор салстад язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүү, баруун шанаанд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан гэрч Д.Баярсайхан, хохирогч, яллагдагч, шүүгдэгч Б.Б, Д.Б нарын нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Б нь гэртээ эцэг, эх, эгч, хүргэн, тэдний хүүхдүүдийн хамт байхдаа ганцаараа пиво уусан, улмаар гар утсаа барьцаанд тавина, дэлгүүрээс дахин согтууруулах ундааны зүйл авна гэж өөрийн эцэг Д.Баярсайханыг айлгаж дарамталсан, энэ байдлыг харсан хүргэн Д.Б нь хориглосон агуулгатай үг хэлсэн, үүний улмаас маргалдаж бие биеийнхээ нүүрэн тус газарт гараараа удаа дараа цохилцсон, хэн алиных нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч нарын хэн аль нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Д.Б, Б.Б нарын бие биедээ хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Д.Б, Б.Б нар нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, хохирогчийн мэдүүлэгт авагдсан үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул Б.Б, Д.Б нарыг тус тус “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд ахуйн гэр бүлийн гишүүдийн хажууд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, энэ байдлаас болж бусдын тавьсан зүй ёсны шаардлагыг үл тоосон харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

 Хохирогч Б.Б, Д.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол баримтаар нэхэмжлээгүй, цаашид хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б, Д.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б, Д.Б нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Байгалмаагаас шүүгдэгч нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг  дурдах нь зүйтэй.

  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б, Д.Б нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг, Б.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс Д.Бийн эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршиг учраагүй гэх шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 2 нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Шүүхээс Б.Бын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эцгийн зодож баривчлах шийтгэл авч эдэлсэн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, согтуугаар, ахуйн хүрээнд гэр бүлийн гишүүдээ айлгаж дарамталсан харилцаа хандлагын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршиг учраагүй гэх шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бад тайлбарлан мэдэгдэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Бийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Д.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Д.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Б.Бад 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Д.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

   5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Баасанпүрэв, Б.Б нар цагдан хоригдсон хоноггүй, харилцан бие биедээ төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

   6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.Баасанпүрэв, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ