| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01122/И |
| Дугаар | 155/ШШ2018/01351 |
| Огноо | 2018-08-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2018/01351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......дүгээр багийн ...... тоотод оршин суух Шовогт Р.Г- ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дугаар багийн ....... тоотод оршин суух, Б овогт Д.Б -д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбоотой учирсан хохирол, зардал 3.745.200 / гурван сая долоон зуун дөчин таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Р.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Г миний бие Д.Б-тай 2016 оны 6-р сарын 6-ний өдөр мөрөн сумын 12-р хороо 15-р гудамжны 8 тоот хашааны тал 14м квт газрыг таллан 3.700.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож өөрийн унаж байсан ПИТ маркын 68-70 хөв улсын дугаартай авто машинаа 3 сая төгрөгт тооцож өгөөд бэлэн мөнгөөр 700.000 төгрөг Б-д өгч наймаа хийсэн. Тэгээд манай гэр бүл хашаанд ирж буугаад 5х5 харьцаатай байшин барьж амьдарч байтал Б-ийн эхнэр гэх Г гэж хүн утсаар ярьж, хүн явуулан наад хашаа чинь манай хашаа, Б-д хамаагүй, миний эд хөрөнгө гээд ярьж байгаад тус шүүхэд газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж шүүхээр 2017 оны 10-р сарын 20-ны өдөр “газар албадан чөлөөлөх тухай” шийдвэр гарсан. Үүний дагуу 2018 оны 4-р сарын 16-нд газраа чөлөөлж худалдан авахаар тохиролцож орсон газар дээр барьсан байсан байшингаа дахин буулгаж зөөж барихад өч төчнөөн зардал мөнгө гаргасан. Манайх Б гэж хүнийг тухайн хашаа байшингийн жинхэнэ эзэн мөн гэж итгээд наймаа хийсэн боловч үл хөдлөх эд хөрөнгө нь дундын өмч боловч газар нь түүний эхнэр Г-ийн нэр дээр байсан тул ийнхүү газар чөөлөөлөх тухай маргаан гарсан. Гэтэл Баясгалан нь наймаа хийснээс хойшхи хугацаанд бидний мөнгө төгрөгийг эргүүлж өгөхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул өөрт учирсан хохирлоо гаргуулж авах боломжгүй болсон. Мөн өгсөн машинаа 1 сар гаран болсны дараа буцаан авах үед машины моторын доод анги эдвэрсэн байсны улмаас дахин сольж 300.000 төгрөгөөр худалдан авч тавьсан. Манайх Б-аас газар худалдан авах наймаа буцсаны улмаас дараахь хохирол гарсан Үүнд:
1.Анх наймаа хийх өдөр -680.000 төгрөг
2.2016-6-25-нд өгсөн 50.000 төгрөг
3.2016 оны 5,6,7,8,9,10-р сарын тогны мөнгө-36,000 төгрөг /өмнөх саруудын тогны мөнгө төлөгдөөгүй гээд тог тасалсан, мөн Баясгалан өөрийн хэрэглээний тогны мөнгөө төлөлгүй манайхаар төлүүлж байсан/
4.Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авсны-5000 төгрөг /Баясгалангийн өмнөөс төлсөн/
5.Машины эвдэрсэн эд анги дахин засварласны мөнгө /машины цоорсон шүүрийг засварлуулахад 40.000 төгрөг-засварчин О.Энхтөрд өгсөн машины моторын доод анги шинээр авч тавихад 300.000 төгрөгөөр худалдан авсан засварын хөлс 200.000 төгрөг засварчин О.Энхтөрд өгсөн/-нийт 540.000 төгрөг,
7.Байшин барихад хундаамны хайрга- 80.000 төгрөгөөр Төмөрбаатар гэж жолоочоос худалдан авсан
8.Баянцагаан барилгын материалын дэлгүүрээс-хөөс 30.000 төгрөг
9.2016 онд Байшин буулгаж зөөхөд ажлын хөлс-500.000 төгрөг /Эрдэнэбат гэж хүнд/
10.2018-4-18-нд нүүхэд тээврийн хөлс- 180.000 төгрөг
11.2018 онд дахин байшин буулгаж, зөөж бариулахад ажлын хөлс 1.200.000 төгрөг /Нэмэхжаргал гэж хүнд/
12.Баянцагаан дэлгүүр хөөс авахад-30.000 төгрөг
13.Хундаамны цемент-78.000 төгрөг
14.Хоол цайны зардал байшин барих үед-70.000 төгрөг
15.Газар чөлөөлөх иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж-70.200 төгрөг
Иймд манайхаас бүгд-3.745.200 төгрөг болж байгаа бөгөөд эдгээр нь бүгд Баясгалангийн буруутай үйл ажиллагааны улмаас үүдэн гарсан зардал учир үүнийг шүүхийн журмаар хариуцагч Д.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч Д.Б-ийн сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Д.Б-ийн нэхэмжилж байгаа /2.800 төгрөг/ хоёр сая найман зуун мянган төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хүн хашааг хувааж зарж байна гэж худлаа ярьж бид бүхэнд өчнөөн хохирол учруулсан гэжээ.
Нэхэмжлэгч Р.Г нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 12 дугаар хорооны 15-8 тоотод оршин суух иргэн Д.Б гэх хүнтэй уулзаад түүний хашааг баруун талаас нь 14 метр квадрат газрыг тасалж авахаар тохиролцоод, харин би газрын оронд өөрийн унаж явсан машин дээрээ 700.000 төгрөг өгөхөөр тохиролцсон юм. Урд өдөр нь надаас хоол ундны мөнгө гээд 20.000 төгрөг авсан байсан. Дараа нь надаас 680.000 төгрөгийг бэлнээр авсан юм. Тухайн үед Д.Б-ийн найз болох Энхболд гэх залуу машиныг минь унаж үзээд наймаа хийхэд асуудалгүй машин байна гэж хэлсэн. Тэгээд Энхболдын эхнэр Алимаа гэх хүүхэнтэй Д.Б-ийн гэрт очоод Д.Б-ийн хашаанаас 14 метр квадрат газрыг тасалж авахаар ярилцаад мөнгийг нь тоолж өгсөн. Энхболд гэх найзынд нь очиж машинаа хүлээлгэж өгсөн. Б-аас тухайн үед газрын гэрчилгээг асуухад манай дүү Сэлэнгэ аймагт байдаг юм. Би машинаа аваачиж өгчихөөд эргэн ирэхдээ газрын гэрчилгээгээ аваад ирье. Тэгээд газраа шилжүүлж өгье. Харин чи тэр үед машиныхаа гэрчилгээг шилжүүлж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд байшингаа бариад дуустлаа манай байшинд амьдарч бай гэж хэлээд Д.Б Сэлэнгэ аймаг руу явсан. Ингээд би маргааш нь Б-ийн байшинд нүүж ороод нөгөөдөр нь би хүн хөлсөлж байшингаа буулгаад наймаа хийж авсан газартаа байшингаа бариад дуусаж байхад Б над руу утсаар яриад “манай дүү машиныг чинь авахгүй. Харин бэлэн мөнгө авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл машинаа аваад ир би машинаа зараад бэлэн мөнгө болгож өгье гэж хэлсэн. Ингээд Д.Б миний машиныг авчирч өгсөн. Тухайн үед машиныг удлаа гэхэд л 8 дугаар сарын 1-ний өдөр зараад бэлэн мөнгө болгож өгөхөөр тохиролцоод байж байтал 7 дугаар сарын 13-ны өдөр Д.Б-ийн салсан эхнэр болох Г гэх хүн надтай утсаар яриад “наад газар чинь Д.Б-ийн эзэмшлийн газар биш, миний эзэмшлийн газар байгаа юм. Учир нь таны авсан гэх газрын гэрчилгээ миний нэр дээр байдаг юм. Та нар Д.Б гэх хүнд залилуулаад байна. Та нар барьсан байшингаа буцаагаад зөөсөн дээр байх” гэж хэлсэн. Тэгээд хэдэн өдрийн дараа буюу 7 дугаар сарын 16-ны өдөр Г-ийн дүү гэх Э гэх хүн ирээд Г-ийн нэр дээрх газрын гэрчилгээ болон, Г, Б, Ө нарын хамтын эзэмшлийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үзүүлээд та Д.Б-д залилуулсан байна. Эртхэн энэ газраа чөлөөлж өгсөн дээр байх гэж хэлсэн. Энэ талаар Д.Б-д хэлэхэд “миний газрын гэрчилгээг наад хүмүүс чинь хууль бус аргаар олж авсан байна. Та яаралтай 3.000.000 төгрөгөө бэлнээр олж өг, би ямар ч байсан газрын гэрчилгээг зохицуулж танд олж өгнө гэж хэлсээр байгаад 8 дугаар сарын 29-ны өдөр болгосон. Тухайн үед Д.Бнадаас байнга мөнгөө нэхдэг байсан. Харин би газрын гэрчилгээгээ авчирч өг гэж хэлдэг байсан. Үүнээсээ болоод бид цагдаагийн байгууллага дээр хүртэл шалгагдаж байсан. Би тухайн үед Д.Б-д 680.000 төгрөг өгчихөөд сар бүр мөн цахилгааны төлбөрийг нь төлөөд явдаг байсан. Сэлэнгэ аймгаас миний машиныг авчрахдаа өөрийн хүргэн болох Томоо гэх залуугаар машиныг бариулж ирээд маргааш нь Томоо гэх залуу буцах болоход буцах зардал байхгүй гээд мөн надаас 20.000 төгрөг нэмж авч байсан юм. Машиныг авчирч өгсний маргааш нь би машинаа үзэхэд доогуур нь тос их гоожсон. Мөн маслын шүүр нь цоорсон болон мотор нь тосгүй болсон байсан. Үүний дараа би 7 дугаар сарын 2-ны өдөр Мөнхтөр гэх машин засдаг хүнээр маслынхаа шүүрийг солиулсан. Тухайн үед машины мотор тосгүй болсон учраас машины мотор халж, хүчгүй болж, бензин их иддэг болсон байсан. Ингээд би машин задалж зардаг Жавзаа гэх хүнээс 300.000 төгрөгөөр моторын доод ангийг худалдаж аваад Энхтөр гэх засварчинд 200.000 төгрөг өгөөд моторын доод ангиа солиулж тавиулсан. Мөн хадмын хашаанаас наашаа нүүхэд Алтанхуяг гэх жолоочийг хөлсөлж нүүдэл хийсний тээврийн зардал 80.000 төгрөг, Элбэдорж гэх хүн мөн байшин ачиж зөөж өгсний хөлсөнд 50.000 төгрөг, Төмөрбаатар гэх жолоочоос байшингийн хундааманд хийх хайрга авсны мөнгө 80.000 төгрөг, Ноён барилгын материалын дэлгүүрээс байшингийн хундааманд хийх цемент 66.000 төгрөг, Баянцагаан барилгын материалын дэлгүүрээс шатдаг хөөс 30.000 төгрөг, Эрдэнэбат гэх хүнийг хөлсөлж байшингаа зөөлгөж бариулсны ажлын хөлс 500.000 төгрөг... гэх мэт зардлууд нийлээд 2.117.000 төгрөг болсон. Мөн 2017 оны 10 дугаар сард Г гэх Д.Б-ийн салсан эхнэр газраа чөлөөлүүлж авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Ингээд би уг газрыг чөлөөлж 11 дүгээр багийн 14-10 тоотод нүүж очиход Алтанхуяг гэх жолоочид тээврийн зардалд 180.000 төгрөг өгсөн. Мөн Энхжаргал, Алтанхуяг гэх хоёр хүнд байшин барьсны хөлсөнд 1.200.000 төгрөг, Баянцагаан барилгын материалын дэлгүүрээс шатдаг хөөс авсны мөнгө 30.000 төгрөг, байшингийн хундаманд цутгах цемент 78.000 төгрөг, ажилчдад цай, хоол хийж өгсөн зардал 70.000 төгрөг нийт 1.558.000 төгрөгийн дахин зардал гарсан. Ингээд дээрх бүх зардлууд нийлээд 3.675.000 төгрөгийн зардал гарсан. Дээрх гарсан зардлуудыг би Д.Б-ийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан гэж үзэж байгаа учир дээрх мөнгийг би Д.Б-аас нэхэмжилж байгаа юм. Мөн тухайн үед Д.Б Сэлэнгэ аймаг яваад сураггүй алга болсон учраас би шүүхэд энэ хүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаад Д.Б-г олсны үндсэн би шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иймд Д.Б-ийн буруутай үйл ажиллагаанаас болж манай гэр бүлд 3.745.000 төгрөгийн хохирол учирсан тул уг мөнгийг Д.Б-аас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү
Би тухайн үед Д.Б-д байшинг чинь түрээсэлье миний машиныг унаад Сэлэнгэ аймаг руу ах, дүү нар дээрээ очоод ир гэж хэлсэн зүйл байхгүй. Би тухайн үед Д.Б-д машинаа өгөөд дээр нь 680.000 төгрөг өгөөд явуулсан. Мөн Д.Б миний машинд дугуй болон данхраад авч тавьсан зүйл байхгүй. Учир би Д.Б-д машинаа хүлээлгэж өгөхдөө дагалдах хэрэгсэл болох запас дугуй болон данхраадыг цуг өгсөн. Харин ч миний машиныг авч яваад гэмтэл учруулчихаад авчирсан. Би Д.Б-г мөн архиар шахаж, цай хоолоор дайлсан зүйл байхгүй. Харин наймаа нэг мөр дууссаны дараа цайлна гэж хэлээд салж байсан.
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авахад Г, Ө, Д.Б нарын дундын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө байсан. Харин газрын гэрчилгээ нь зөвхөн Г-ийн нэр дээр бүртгэлтэй байсан. Тэгэхээр Д.Б анхнаасаа Г гэх хүний эзэмшдэг газрыг надад зарсан. Иймээс би энэ хүн намайг анхнаасаа залилъя гэсэн бодлоор надтай наймаа хийж, уг газрын гэрчилгээг Сэлэнгэ аймагт байгаа гэж хэлсэн. Тухайн үед Д.Б-ийн дүү болох Мааньдар гэх хүн чи хурдан машинаа зараад мөнгийг нь өгөөд явуул гэж надтай 8 дугаар сарын 12-ны өдөр ярьж байсан. Мөн Д.Б надад хэлэхдээ “машиныг чинь буцаагаад аваад явъя, харин чи дээр нь нэмээд 300.000 төгрөг өгчих” гэж хэлэхэд нь “газрын гэрчилгээгээ авчрахгүй бол би энэ мөнгийг өгөх боломжгүй байна” гэдгээ хэлсэн. Тэгэхээр энэ хүн Г-ийн газрыг хууль бусаар надад зарсан. Анхнаасаа намайг залилъя гэсэн сэдэлтэй намаа хийсэн гэж үзэж байна. Энэ хүн анхнаасаа уг газрыг Г-ийн нэр дээр байдаг гэж хэлсэн бол би уг хашаанд байшин барьж зардал гаргахгүй байсан. Тухайн үед Д.Б надад хэлэхдээ “байшингаа аваачиж барьтлаа манай байшинд амьдарч байгаад байшингаа барь, хашааны зүүн тал хэсэг Г-ийнх, харин хоосон 14 метр газар нь миний газар юм” гэж хэлсэн. Гэтэл газрын гэрчилгээ нэг хүний нэр дээр буюу Ганцэцэгийн нэр дээр шилжсэн байсан. Тухайн үед би байшингийнхаа хундаамыг цутгах гэж байхад Д.БСэлэнгэ аймгаас ирчихсэн хоёр дүүгийнхээ байшинд тусална гээд байшингийн хундаамыг хүртэл цутгалцаж өгөөд явж байсан юм.
Би Д.Б-г 2008 оноос хойш таних болсон. Д.Б-ийн дүү нь гэх Ш гэх залуутай би сайн найзууд байсан юм. Ингээд найзындаа очиход Д.Ббайдаг байсан учраас Д.Б-тай танилцсан юм. Тухайн үед би хүүхдүүдийн хичээл сургуульд ойрхон газар болон хашаа сураглаж ярьдаг байсныг Д.Бсонссон гэж бодож байна. Тухайн газар Д.Б 2010 оноос хойш ганцаараа байдаг байсан. Тэгээд би энэ газар Д.Б-ийн хашаа байшин юм байна гэж ойлгосон. Бид наймаа хийх үед Д.Б хэлэхдээ “манай дүү нар намайг ганцаараа байдаг. Мөн архи их уудаг учраас газрын гэрчилгээгээ алдчихна гээд Сэлэнгэ аймаг руу яваад явсан” гэж анх надад итгүүлсэн юм.
Би Д.Б-г архины хамааралтай гэдгийг мэднэ. Учир нь зах дээр байнга л архи уучихсан явж байдаг юм. Тэгэхээр би ямар ч эд хөрөнгөгүй хоосон хүнд машин болон мөнгө өгөөд дээр машины сэлбэг өгнө гэсэн ойлголт байхгүй. Тухайн үед Д.Б газрын гэрчилгээг Сэлэнгэ аймагт байдаг гэж надад итгүүлж чадсаны үндсэн дээр бид наймаа хийж, тохиролцсон. Би тухайн үед Д.Б-ийн хашаа байшинг түрээслээгүй. Хэрвээ энэ хүний хашаа байшинг түрээсэлсэн гэж үзэх юм бол би тухайн үед хүний байшин түрээсэлчихээд дээр нь өөрийнхөө байшинг буулгаад аваачиж барьж зардал гаргана гэх бодол ямар ч хүний толгойд бодогдохгүй байх.
Тухайн үед албан ёсоор нотариатаар баталгаажуулаагүй ч итгэл үнэмшлийн үндсэн дээр бид наймаа хийсэн.
Д.Б-г Сэлэнгэ аймгаас ирэхэд нь би “Эрдэнэчимэг гэх хүн манайд ирээд Г-ийн нэр дээрх гэрчилгээ үзүүлээд явлаа. Энэ ямар учиртай юм” гэж асуухад Д.Б “энэ хүмүүс миний газрын гэрчилгээг хууль бусаар авсан юм. Би энэ талаар зохицуулна” гэж хэлсэн. Мөн 8 дугаар сарын 23-ны өдөр Д.Бнадтай уулзаад хэлэхдээ “ би үеэл дүү дээрээ очоод лавлагаа авчихна. Тэгээд хоёулаа нотариат дээр очоод баталгаажуулаад гэрчилгээгээ гаргаад өгчихнө. Харин чи хурдан машинаа зараад мөнгөө өг” гэж хэлсэн.
Тухайн үед Д.Б газрын гэрчилгээг Сэлэнгэ аймагт байгаа гэж хэлсэн. Ингээд Д.Б-г газрын гэрчилгээг авчирч өгсний дараа машиныхаа гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохиролцсон байсан юм. Тухайн үедээ Д.Б нь газрын гэрчилгээ миний нэр дээр байдаггүй. Г-ийн нэр дээр газрын гэрчилгээ байдаг гэж хэлсэн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй л байх байсан.
Д.Б нь 2010 оноос хойших хугацаанд тухайн газарт ганцаараа амьдарсаар ирсэн болохоор Д.Б-ийн газар мөн юм байна гэж итгэсэн. Мөн Д.Б миний эзэмшлийн газар мөн гэж надад итгүүлж чадсан юм. Би Д.Б-ийн хашааг түрээсэлж суугаагүй. Д.Б-тай худалдах, худалдан авах гэрээ хэлэлцээр байгуулсны үндсэн дээр тухайн хашаанд оршин сууж байсан. Гэтэл энэ хүн байшингаа өөр хүнд түрээслүүлээд, түрээсийнхээ мөнгийг аваад Сэлэнгэ аймаг явсан байсан. Энэ айл нь Д.Б-ийн байшингаас нүүж гарахдаа цахилгааны төлбөрийг нь төлж барагдуулаагүй явсан байсан учраас манайх цахилгааны төлбөрийг нь төлөх болсон. Мөн миний хувьд Д.Б-ийн нэхэмжилж байгаа мөнгө нь газраа 2 жилийн хугацаанд сарын 30.000 төгрөгөөр бодож түрээслүүлээд нэхэмжлээд байгаа юм уу, эсхүл байшингаа 2 жилийн хугацаанд сарын 30.000 төгрөгөөр бодож түрээслүүлээд байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд Д.Б-ийн зүгээс 720.000 төгрөг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анх бид наймаа хийхдээ 700.000 төгрөгийг өгч, авалцахаар ярилцсан байсан. Тэгэхэд урд өдөр нь энэ хүн надаас 20.000 төгрөг аваад, маргааш нь надаас 680.000 төгрөг авсан юм. Гэтэл энэ хүн хашаа байшингаа түрээслүүлж суулгасны хөлсөнд Р.Г-аас 500.000 төгрөг авсан нь үнэн гэж 680.000 төгрөгийг надаас авсныгаа 500.000 төгрөг авсан гэж тайлбар гаргасан байдаг юм гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Б миний бие 2016-06-03-ны өглөө Мөрөн сумын 12-15-08 тоот гэртээ байж байтал гаднаас зүс таних Р.Г манайд орж ирсэн. Тэгээд манайд очьё дүү нь хадмындаа байгаа ярих юм байна гээд Эрчимийн цагаан байрны хажууд нэг айлын хашаанд очсон. Ингээд Р.Г надад архи авч хоол хийж өгч идэх зуур ахаа таны гэр орон, хашаа байшин чинь эзгүй байхаар би түрээслэж хамтдаа амьдаръя би хадмынхаа хашаанд байх тохиромжгүй байна гэсэн яриа өрнүүлсэн. Би тухайн үед юм хэлээгүй. Тэгээд Сэлэнгэ аймаг руу явж ах дүү нартайгаа ярилцья гэхэд миний машиныг аваад яв гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд би 2016-06-04-ний өдөр машиныг нь авч жолооч хөлсөлж Сэлэнгэ аймаг руу явсан. Тэгээд дөнгөж очоод удаагүй байтал хөрш айлын хүн болох С утсаар яриад Б чи хашаагаа зарсан юм уу хашаанд чинь байшин бариад байна гэсэн. Тэгэхээр нь Р.Г руу утсаар залгаж хэлэх гэтэл утас нь холбогдохгүй байсан. Мөрөн сумын 12-15-08 тоотод байх хашаа байшин нь эхнэр Г.Г бид хоёрын дундын өмч болох бөгөөд Р.Г нь худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй байж дураар аашилж байшин барьчихаад, тэгээд хууль бусаар барьсан байшингаа шүүхийн шийдвэрийн дагуу буулгаж авчихаад байшин барихад ашигласан материалын үнэ, нааш цааш зөөвөрлөсөн зардал гэх мэт 3.745.000 төгрөгийн зардлыг нэхэмжлээд байгаа нь ямар ч үндэслэлгүй юм.
Иймд Р.Г-ийн Д.Б надаас 3.745.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие зүс таних иргэн Р.Г-тай тохиролцож миний өмч болох Мөрөн сумын 12-15-08 тоот хашаа байшинг түрээслэн 500.000 төгрөг авсан нь үнэн. Гэтэл иргэн Р.Г нь 2 жил миний хашаа байшинд амьдарчихаад эцэст нь шунахайн сэдэлтээр хашаа байшинг өөрийн болгох зорилгоор тус хашаанд байшин авч ирж барьчихаад ингэхэд нь хамтран өмчлөгч болох миний эхнэр Г.Гөргөдөл гаргасны дагуу Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Р.Г-ийн байшинг буулгаж газар чөлөөлсөн. Гэтэл Р.Г ямар ч үндэслэлгүйгээр надаас материал зөөж буулгаж барьсаны мөнгө төгрөг гэх зүйлсийг нэхэмжилсэн. Үүнээс улбаалж Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас намайг дуудаж Сэлэнгэ аймаг дахь Гацуурт компаний гагнуурчны ажлаа хаяж 2018-05-21-нд ирсэн. Ажил хаясны улмаас 2018-05-16-нд ажлаас халагдсан. Иймд би дараах зүйлийг иргэн Р.Г-аас нэхэмжлэв.
1. Ажлаас халагдсаны 3 сарын цалин болох /2.460.000/
2. 2 жилийн хугацаанд түрээсний /сарын 30.0 төгрөгөөр бодож 720.000 Жич Үүнээс 500.000 төгрөгийг би авсан ба үлдэгдэл 220.000
3. Сэлэнгээс Хөвсгөл орох замын зардал 120.000 төгрөг нийт 2800.000 гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-ийн зүгээс Р.Г-тай үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдах авах гэрээ байгуулаагүй. Д.Б хэлэхдээ тухайн үед би гэртээ ганцаараа байдаг байсан. Мөн архи их уудаг үе байсан. Р.Г нь 6 дугаар сарын 3-ны өдөр манайд ирээд “манай хадмынд очиж, хоол ид гэж хэлсний дагуу хадмынд нь очиж хоол идэх зуур Р.Г нь хашаа байшин түрээслэн хамтдаа амьдаръя” гэх яриаг анх үүсгэсэн. Харин Д.Б нь Сэлэнгэ аймаг руу ах, дүү нартайгаа уулзаад ирэх бодолтой байгаагаа Р.Г-т ярьсан байдаг. Гэтэл Р.Г миний машиныг авч явчихаад ир, би хашаа байшинд чинь байж байя гэж хэлсэн байдаг. Ингээд Д.Б байшингийнхаа түлхүүрийг Э гэх хүнд үлдээснээ хэлээд Р.Г-ийн машиныг аваад 6 дугаар сарын 6- ны өдөр Сэлэнгэ аймаг руу жолооч хөлсөлж явсан байдаг. Сэлэнгэ аймагт Д.Б очоод удаагүй байж байтал хажуу талын айл нь Д.Б руу утсаар яриад танай хашаанд хүн байшин бариад байна. Чи хашаагаа зарчихсан юм уу гэх мэдээг анх дуулгасан байдаг юм. Энэ мэдээг сонсоод Д.Б Р.Г-тай утсаар ярих гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан байдаг. Мөн эхнэр Г бид хоёрын дундын өмч болох 12 дугаар багийн 15-08 тоотод байрлах хашаа байшинг Р.Г-тай худалдах, худалдан авах гэрээ хэлцэл, өмчлөх эрх шилжүүлэх зөвшөөрлийг олгоогүй. Энэ харилцаа үүсээгүй. Харин түүний машиныг би ах, дүү нартай уулзах гэж авч явсан. Энэ хугацаанд би машинд 4 дугуй, данхраад авч тавьсан. Машиныг унаад Сэлэнгэ аймаг ороод буцаад Хөвсгөл аймагт авчирч хүлээлгэж өгсөн. Иймд Р.Гнь ямар ч зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөл байхгүй хэрнэ байшин барьсан болон зөөсөн, нураасан гэх төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байгаа. Уг тайлбарыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дэмжиж оролцож байна
Нэхэмжлэгч Д.Б-ийн буруутай үйл ажиллагаанаас болоод 3.745.000 төгрөгийн зардал гарсан гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Тэгэхээр нэхэмжлэгчийн тайлбарласнаар үнэхээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож хэлцэл хийсэн гэж үзвэл Д.Б-ийн зүгээс өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтаас харахад хамтран амьдрагч Г, түүний хүү нар уг үл хөдлөх хөрөнгө болох байшин болон газрыг хамтран эзэмших, дундын эд хөрөнгө болох нь харагддаг. Мөн үл хөдлөх хөрөнгө болох газрыг хэзээ хэрхэн яаж худалдаж авсан эсэх, газрыг эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа Р.Г үл хөдлөх эд хөрөнгөө тухайн газар дээр барьж, эзэмшиж, ашиглах болон захиран зарцуулах эрх нь хэрэгжих ёстой байсан. Тэгэхээр Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд эзэмших эрхийн харилцааг зохицуулсан. Иргэний хуулийн 89.1 дүгээр зүйлд “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж тодорхойлсон байдаг. Үүнээс үзэхэд Р.Г нь Д.Б-ийн газрыг хууль ёсоор эзэмшилдээ аваагүй хэрнээ тухайн газар байшингаа барьсан байгаа юм. Иймээс Р.Г-ийн өөрийнх нь буруутай үйлдлээс болж байшин барих зардал үүссэн байна гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 89.4 дүгээр зүйлд зааснаар “Нэг эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран эзэмшиж байвал тэдгээр нь хамтран эзэмшигч байна” гэж заасан байдаг. Уг заалтын хувьд тухайн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүд нь дундаа эзэмшиж ашигладаг. Энэ тохиолдолд тухайн хамтран эзэмшигч улсын бүртгэлийн гэрчилгээн дээр хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн тохиолдолд тухайн хамтран эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр уг эд хөрөнгийг захиран зарцуулах буюу бусдад зарах харилцаа үүсэх байсан. Гэтэл энэ асуудал дээр мөн Р.Г өөрөө хайнга хандсан. Тэгэхээр Д.Б-ийн нэр дээр тухайн эд хөрөнгө бүртгэлгүй байсныг мэдээгүй байсан гэх асуудлаар өөрийгөө зөвтгөж болохгүй юм. Учир үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авч байгаа тохиолдолд Улсын бүртгэлийн газар уг үл хөдлөх хөрөнгийг үндэслэж гэрчилж, бүртгүүлсний дараа өмчлөх болох эзэмших эрх шилждэг. Гэтэл энэ эрх зүйн харилцааг мөрдөж газрын алба болон Улсын бүртгэлийн газарт хандах, нотариатаар гэрчлүүлэх, гэрээ хэлцэл байгуулах хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй улмаас Р.Г нь өөрийн буруутай үйлдлээс тухайн газрыг эзэмших эрхийг хууль ёсны дагуу аваагүй юм. Зүгээр л амаар тохиролцсон тохиролцоон дээрээ үндэслэж байшин барьж олон тооны зардал гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн өөрийнх буруутай үйлдэл эс үйлдэхүй байсан. Ийм учраас Д.Б-ийн буруутай үйл ажиллагааны улмаас болж хохирсон гэж хохирол нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Мөн Иргэний хуулийн 110, 111, 103 зүйлд тус тус заахдаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх олж авах, дуусгавар болох гэх үндэслэлүүдийг зааж өгсөн байдаг. Тэгэхээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заахдаа “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байдаг. Иймээс мөн уг харилцаанд дээр анхаарах ёстой байсан. Учир нь хэлцэл хийгдэж байгаа бол үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчлүүлэх ёстой байсан. Улсын бүртгэлийн газарт үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлээгүй гэж үзэхэд нотариатаар уг гэрээ хэлцлээ хийгээд баталгаажуулж авах ёстой байсан. Мөн Д.Б, Гнарын дундын өмчлөлийн газар мөн ч гэсэн Д.Б нь өөрт ногдох хэсгээ зарах эрх нь нээлттэй. Энэ байдлаа тухайн үед Гмэдэгдээд газрыг зарах асуудал нээлттэй байсан. Гэтэл энэ харилцааг Г, Д.Б нарын зүгээс уг харилцаа үүсээгүй байдаг юм. Д.Б-ийн зүгээс тайлбарлаж байгаа тайлбараас харахад тухайн үед Р.Г-ийн машиныг Д.Б нь Сэлэнгэ аймаг руу унаж явах хугацаандаа Р.Г-ийг хадмынхаа хаяанд байж байхаар манайд бай гэдэг байдлаар хандаж энэ хүмүүст байшингийнхаа түлхүүрийг өгч үлдээгээд машиныг нь унаж явсан гэх тайлбарыг хэлдэг. Ингээд тухайн үед Д.Б-ийн хашаанд байшин баригдаад эхлэх үед түүний хөрш айл энэ талаар Д.Б-д мэдэгдсэн. Ингээд Д.Б Сэлэнгэ аймгаас Р.Г-ийн машиныг унаж ирээд түүнд машиныг хүлээлгэж өгсөн. Машины эвдрэл гэмтлийн хувьд тухайн үед Д.Б-аас машиныг хүлээж авахдаа машины эвдрэл гэмтэл болон эд ангийг шалгах үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй. Мөн машиныг үнэхээр доголдолтой байсан гэж үзвэл тухайн үедээ гэрээ хэлцлээр хоорондоо тохиролцож, хохирол төлбөрийг хүлээж авах эсэх харилцаа явагдах байсан. Гэтэл тухайн үед Д.Б-аас машиныг хүлээж авчихаад маргааш нь эвдрэл гэмтэлтэй болсон гэж тайлбарлаж байна. Үнэхээр ингэж үзсэн бол мөн холбогдох байгууллагад нь хандаж акт үйлдэх, мэргэжлийн байгууллагад хандах... гэх мэт эрх нь Р.Г-т нээлттэй байсан боловч энэ талаар хандсан зүйл байхгүй. Р.Г нь мөн гэрэл, цахилгааны төлбөрийг мөнгө нэхэмжилж байгаа боловч энэ талаарх баримтаа холбогдох байгууллагаас нь гаргуулж авах болон цахилгааны төлбөр төлж байсан талаарх баримтаа хэрэгт хавсаргаж өгөх ёстой байсан. Мөн байшин барих үед хөөс, цемент орсон гэж тайлбарлаж байна. Энэ асуудлын хувьд Р.Г-ийн өөрийнх буруутай үйлдлээс эзэмших эрх нь өөрт нь хууль ёсоор шилжээгүй байхад байшин барьж байгаа үйлдэл нь өөрөө гарах үр дагавраа тооцоолсон гэж үзэж байгаа учраас энэ асуудал дээр мөн Р.Г нь өөрөө хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Б-ийн хувьд Г-тэй хамтран амьдрах хугацаандаа уг үл хөдлөх хөрөнгийг бий болгож Улсын бүртгэлд албан ёсны эзэмшигчээр бүртгүүлж байсан. Хэдийгээр газар нь Г-ийн нэр дээр байгаа хэдий ч Г-тэй хамтран амьдарч байх хугацаанд Д.Б нь зах дээр гагнуур хийж ажиллаж байгаад уг газраа өндөр үнээр зарж тухайн газар үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан гэж ярьдаг. Үүний дараа газрыг бүртгүүлж гэрчилгээ авахдаа тухайн үед хамтран амьдарч байсан Г-ийн нэр дээр газрын гэрчилгээг гаргуулсан байдаг юм. Харин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулахдаа Гболон өөрийн хүүхэд гээд 3 хүний нэр дээр дундын өмчлөлийн хөрөнгөөр бүртгүүлж гэрчилгээгээ гаргуулж авсан байдаг юм. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгө нь гэрлэгчдийн хэн нэгнийх нь нэр дээр байгаагаас үл шалтгаалан дундын эд хөрөнгө байна гэж тодорхойлсон байдаг учир Д.Б-ийн хувьд өөрийнхөө өмч хөрөнгө гэж үзэж үүнийгээ шаардах эрхтэй юм.
Д.Б-ийн зүгээс хашаандаа 2 жилийн хугацаанд түрээсээр Р.Г-ийг суулгаж байсны хөлс, мөн ашиглаж байсан ашиглалтын зардлыг хариуцагч Д.Б-ийн зүгээс нэхэмжилсэн. Мөн нэхэмжлэлтэй холбогдуулж шүүхэд удаа дараа дуудагдсан байдлаас болж ажлаасаа чөлөө авсан болон чөлөөний хугацаа дуусаад ажлаасаа халагдсан. Тэгэхээр ажилгүй болж олох ёстой байсан орлогоо нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтуудаас ирүүлээгүй сөрөг нэхэмжлэл гаргасан асуудлын хувьд цалин орлогын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын хүрээнд шийдэх гэхээр нотлох баримтыг Д.Б-ийн зүгээс гаргаж өгөөгүй учраас уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Харин хашаанд 2 жил үнэ төлбөргүй байлгасны хөлс болох 720.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Уг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг 720.000 төгрөг болгож багасгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна Р.Г-аас 500.000 төгрөг авсан гэдэг юм. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 220.000 төгрөг болгож багасгаж нэхэмжилж байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч Д.Б-аас худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбоотой учирсан хохирол болох 3.745.200 / гурван сая долоон зуун дөчин таван мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Д.Б, Р.Г нь худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй байж дураар аашилж байшин барьчихаад, тэгээд хууль бусаар барьсан байшингаа шүүхийн шийдвэрийн дагуу буулгаж авчихаад байшин барихад ашигласан материалын үнэ, нааш цааш зөөвөрлөсөн зардал гэх мэт 3.745.000 төгрөгийг нэхэмжлээд байгаа ямар ч үндэслэлгүй юмаа гэж маргажээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч Р.Г-ийн Хөвсгөл аймгийн мөрөн сумын 12 дугаар багийн 15 дугаар гудамжны 08 тоот хашаанд байшин барьсан, үүнийгээ буулгаж өөр тийш нүүсэн гэх үйл баримтад маргаагүй.
Харин нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч Д.Б-г тухайн Мөрөн сумын 12 дугаар багийн 15 дугаар гудамжны 08 тоот хашааг өөрийнхөө эзэмшлийн газар гэж итгүүлэн талыг нь 3.700.000 төгрөгөөр үнэлж худалдсан гэж хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Р.Г-ийг өөрийн байшиндаа түрээсээр суулгаж байтал дураараа аашилж хашаанд байшин барьсан байсан гэсэн үйл баримтанд маргасан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Н.А-ийн...харин намайг байшин барьж байхад Д.Б гэдэг хүн очиж байсан... гэх мэдүүлэг, 2017 оны 10 дугаар сарын 00978 дугаартай Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтаар нэхэмжлэгч Р.Гнь хариуцагч Д.Б-тай 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 15 дугаар гудамжны 08 тоот хаягт байрлалтай хашааны газрын талыг 3700.000 төгрөг худалдах худалдан авах хэлцлийг хийсэн, үүнээс хойш нэхэмжлэгч Р.Г нь 5х5м хэмжээтэй өвлийн зориулалттай байшинг барьсан, байшин барьсны дараа Г.Г нь тухайн газрыг өөрийн эзэмшлийн газар гэж марган Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн, 2018 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч Р.Гнь өөрийн барьсан байшингаа буулгаж уг хашааны газрыг албадан чөлөөлсөн, хариуцагч Д.Б-ийн эзэмшлийн газар гэж итгэснээр худалдах худалдан авах хэлцэл хийснээс болж учирсан хохирол болох 3.745.200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Р.Гнь Д.Б-ийн эзэмшлийнх гэж бодсон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 15 дугаар гудамжны 08 тоот хашааны газрын талыг авч, хариуцагч Д.Б-д 3700.000 төгрөгөнд тооцон 700.000 төгрөгийг бэлнээр, 3.000.000 төгрөгөнд тооцож өөрийн эзэмшлийн ПИТ маркын суудлын авто машиныг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцжээ. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байна гэж үзлээ.
Гэвч талууд худалдах-худалдан авах хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад тухайн худалдсан эд зүйл болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 15 дугаар гудамжны 08 тоотод байрлалтай хашааны газар нь Г.Г-ийн эзэмшлийн газар буюу худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар гомдлын шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн догодолгүй эд хөрөнгө гэнэ.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Үүнээс нэхэмжлэгч Р.Г, хариуцагч Д.Б нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн ба хүлээсэн үүргээ талууд гүйцэтгэх явцад худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд Г.Га өөрийн эрхийн талаар гомдол гаргаж шүүхээр шийдвэрлүүлснээс эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор нэхэмжлэгч Р.Ггэрээг цуцалсан ба гэрээг цуцалснаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Түүнчлэн Р.Гнь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээг цуцалсантай холбоотой учирсан хохирол зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Р. Гнь өөрийн буруутай үйлдлээс тухайн газрыг эзэмших эрхийг хууль ёсны дагуу аваагүй юм. Зүгээр л амаар тохиролцсон тохиролцоон дээрээ үндэслэж байшинг барьж олон тооны зардал гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн өөрийн нь буруутай үйлдэл эс үйлдэхүй байсан. Ийм учраас Д.Б-ийн буруутай үйл ажиллагааны улмаас болж хохирсон гэж хохирол нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Мөн Иргэний хуулийн 110, 111, 103 зүйлд тус тус заахдаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх олж авах, дуусгавар болох гэх үндэслэлүүдийг зааж өгсөн байдаг. Тэгэхээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заахдаа “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байдаг. Иймээс мөн уг харилцаанд дээрхи зүйлийг анхаарах ёстой байсан. Учир нь хэлцэл хийгдэж байгаа бол үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчлүүлэх ёстой байсан гэж мэтгэлцжээ.
Иргэний хуулийн Хоёрдугаар дэд бүлэг буюу 109 дүгээр зүйлээс 124 дүгээр зүйлд Өмчлөх эрх үүсэх, дуусгавар болохтой холбоотой харилцааг хуульчилжээ. Гэтэл нэхэмжлэгч Р.Г, хариуцагч Д.Б нар хашааны газрыг худалдах худалдан авах хэлцэл хийсэн эсэх үйл баримтанд талууд маргасан ба тухайн гэрээний зүйлийн өмчлөх эрхийн талаар маргаагүй, нэхэмжлэгч Р.Гшүүх хуралдаанд би тухайн Мөрөн сумын 12 дугаар зүйлийн 15 дугаар гудамжны 08 тоот хашааны газрыг хариуцагч Д.Б-ийн эзэмшлийнх гэж бодож итгэж хэлцэл хийсэн гэж тайлбарласан байна.
Нэхэмжлэгч Р.Г нь худалдах-худалдан авах гэрээг цуцалсантай холбоотой учирсан хохирол зардал 3.745.200 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс 2016 оны 6 дугаар сард хэлцэл хийсний дараа мөрөн сумын 12 дугаар багийн 15 дугаар багийн 08 тоот хашаанд байшин барихад авсан хөөсний үнэ 30.000 төгрөг, цемент 66.000 төгрөг, гэрч Н.А-ийн 12 дугаар хороо руу зөөж өгөхөд хөлсөнд нь авсан 80.000 төгрөг, хариуцагч Д.Баясгалангийн урьдчилан авсан гэж зөвшөөрсөн 500.000 төгрөг зэрэг нийт 676.000 төгрөгийг хариуцагч Д.Б-аас гаргуулж нэхэмжлэгч Р.Ганхуягт олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Р.Г нь нэхэмжлэлийнхээ шаардлагад нийт 700.000 төгрөг урьдчилж өгсөн, машин засварласны 40.000 төгрөг, эвдэрсэн эд анги авч тавьсан 300.000 төгрөг, тогны мөнгө төлсөн 36.000 төгрөг,үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авсан 5000 төгрөг, Байшин барихад хундаамны хайрга- 80.000 төгрөгөөр Төмөрбаатар гэж жолоочоос худалдан авсан, 2016 онд Байшин буулгаж зөөхөд ажлын хөлс-500.000 төгрөг /Эрдэнэбат гэж хүнд/, 2018-4-18-нд нүүхэд тээврийн хөлс- 180.000 төгрөг, 2018 онд дахин байшин буулгаж, зөөж бариулахад ажлын хөлс 1.200.000 төгрөг /Нэмэхжаргал гэж хүнд/, Баянцагаан дэлгүүр хөөс авахад-30.000 төгрөг, Хундаамны цемент-78.000 төгрөг, Хоол цайны зардал байшин барих үед-70.000 төгрөг, Газар чөлөөлөх иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж-70.200 төгрөг зэргийг нэхэмжилсэн боловч энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүхэд ирүүлсэн нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн Тодорхойлолтууд нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгаа зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 3.069.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Учир нь: Тодорхойлолтууд дээр нотариатаар гэрчилсэн нь тухайн баримтанд гарын үсгийн үнэн зөвийг гэрчилснээс тухайн ажил хийсэн, хөлсөнд нь тухайн мөнгийг авсан гэсэн үйл баримтыг нотолсон баримт биш, мөн нэхэмжлэгч нь эд хөрөнгийн эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцэл хийснээс нүүсэн, байшинг 2 удаа барьсан хөлс материалын зардлыг нэхэмжилсэн боловч 1 удаагийн нүүсэн хашаа байшин барьсан материалын зардлыг өөрөөр хэлбэл 2016 оны 6 дугаар сард Мөрөн сумын 12 дугаар багийн 15 дугаар гудамжны 08 тоот хашаа руу нүүсэн, байшин барьсан материалын зардлыг гаргах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэрч Н.А нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ 12 дугаар хороо руу зөөж өгөөд хөлсөнд нь 80.000 төгрөг, дахиж буулгаж тухайн хашаанаас 2 гудамжны арын хашаа руу зөөж хөлсөнд нь 180.000 төгрөг, 12 дугаар хорооноос буулгасан байшингаа дахин барихад би тусалсан. Тэдний байшинг барьж байсан Нэмэхжаргал гэдэг хүнтэй ярилцаж байгаад туслахаар ажиллаад 500.000 төгрөг ажлын хөлсөнд авсан гэж мэдүүлсэн боловч 500.000 төгрөгийг Нэмэхжаргалаас авсан, 180.000 төгрөгийг 12 дугаар хорооноос дахин нүүхэд зөөсөн хөлсөнд авсан гэх тул эдгээрийг хохирол зардалд тооцох боломжгүй юм.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Д.Б Миний бие зүс таних иргэн Р.Г-тай тохиролцож миний өмч болох Мөрөн сумын 12-15-08 тоот хашаа байшинг түрээслэн 500.000 төгрөг авсан нь үнэн. Гэтэл иргэн Р.Г нь 2 жил миний хашаа байшинд амьдарчихаад эцэст нь шунахайн сэдэлтээр хашаа байшинг өөрийн болгох зорилгоор тус хашаанд байшин авч ирж барьчихаад ингэхэд нь хамтран өмчлөгч болох миний эхнэр Г.Гөргөдөл гаргасны дагуу Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Р.Г-ийн байшинг буулгаж газар чөлөөлсөн. Гэтэл Р.Г ямар ч үндэслэлгүйгээр надаас материал зөөж буулгаж барьсаны мөнгө төгрөг гэх зүйлсийг нэхэмжилсэн. Үүнээс улбаалж Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас намайг дуудаж Сэлэнгэ аймаг дахь Гацуурт компаний гагнуурчны ажлаа хаяж 2018-05-21-нд ирсэн. Ажил хаясны улмаас 2018-05-16-нд ажлаас халагдсан. Иймд би дараах зүйлийг иргэн Р.Г-аас нэхэмжлэв.
1. Ажлаас халагдсаны 3 сарын цалин болох /2460000/
2. 2 жилийн хугацаанд түрээсний/ сарын 30.0 төгрөгөөр бодож 720.000 Жич Үүнээс 500.000 төгрөгийг би авсан ба үлдэгдэл 220.000
3. Сэлэнгээс Хөвсгөл орох замын зардал 120.000 төгрөг нийт 2800.000 гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас халагдсаны цалин болон Сэлэнгээс Хөвсгөл орох замын зардал зэргийг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ баримт байхгүй учир татгалзаж байна. Хашаанд 2 жил үнэ төлбөргүй байлгасны хөлс болох 720.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Уг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг 720.000 төгрөг болгож багасгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Р.Г-аас 500.000 төгрөг авсан гэдэг юм. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 220.000 төгрөг болгож багасгаж нэхэмжилж байна гэжээ.
Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Учир нь: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 220.000/ хоёр зуун хорин мянга/ болгон багасгаж, хариуцагч нь Р.Г-т холбогдуулан хашаагаа түрээслүүлж байсны төлбөрийн үлдэгдэл 220.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байх боловч хариуцагч Д.Б нь Хөвсгөл аймгийн мөрөн сумын 12 дугаар багийн 15 дугаар гудамжны 08 тоот хашааг нэхэмжлэгч Р.Г-т түрээслүүлж байсан үйл баримт тогтоогдоогүй бөгөөд энэ талаархи баримтаа хэрэгт хариуцагч Д.Б нь ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ:...25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх гэж заасан байх бөгөөд энэ үүргээ хариуцагч Д.Б нь хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Р.Гнь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар 3.745.200 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Д.Б-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 65.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүн болох 676.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 20.774 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Д.Б-аас худалдах-худалдан авах гэрээг цуцалсантай холбоотой учирсан хохирол, зардал болох 676.000 / зургаан зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.069.200 / гурван сая жаран есөн мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Б-ийн нэхэмжлэгч Р.Г-т холбогдуулан гаргасан 2.800.000 / хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Р.Г нь 3.745.200 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.830 /жаран таван мянга найман зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүн болох 676.000 / зургаан зуун далан зургаан мянга/ төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 20.774 /хорин мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА