Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Л.О

 Шүүгдэгч Ш.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Цэрэнсодномд холбогдох эрүүгийн 1725000000259 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Ш.Цыг 2017 оны 10 сарын 25-ны Орхон аймгийн Баян-Өндөр сумын хашаандаа орчиндоо аюул учруулж болох амьтан кавказ үйлдрийн нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Л.Зыг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: Ш.Ц нь 2017 оны 10 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын  хашаандаа орчиндоо аюул учруулж болох амьтан кавказ үйлдрийн нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас нохой үүрнээсээ гарч тэнд байсан Л.Зыг хазаж биед нь баруун сарвууны 3-р хурууны алганы шивнүүр бяцарсан, 5-р хурууны алганы шивнүүр зөрөөгүй далд хугарал, баруун сарвууны ар хэсэг, бугуй, зүүн сарвууны долоовор хуруунд шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Хохирогч Л.Зын эмчлүүлсэн эмнэлэгийн карт болон эм тариа авсан баримтууд /хх-ийн 10-15-р хуудас/

-Хохирогч Л. Зын ... “2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Ш.Цын дүү Б, Р, Бгийн жолооч Б нарын хамтаар Цын гэр хорооллын хашаанд Бгийн машиныг засаж байхад нь туслаад байж байтал Цын нохой гэнэт гарч ирээд шууд миний баруун гарнаас хазаад сэгсрээд дараад унагаачихсан юм. Тэгээд би эмнэлэг дээр очиж үзүүлэн зүүн гарын долоовор хуруундаа 1 оёдол, баруун гартаа 8 оёоо тавиулсан. Тэгээд өвчин намдаах эм тариа хийлгэсэн боловч эдгэхгүй хавдсаар байхаар нь рентген зураг авахуулсан чинь дунд хурууны харалдаа шивнүүр яс хугарсан байсан.”... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/ -Гэрч Ш.Рийн ... “манай ахын тэжээж байсан нохой торноосоо гарч ирээд хүн барьчихлаа гээд нохойгоо хүзүүнийх нь овоон дээрээс нь чирээд тор луу хийсэн тэр хооронд хохирогч З машины хаалга онгойлгоод дотор нь суулгаад машины кабин доторх эмийн сангаас анхнаы тусламж үзүүлээд эмнэлэг рүү манай төрсөн дүү Ш.Б авч явсан. ”... гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

-Гэрч Ш.Бгийн... “Зыг орж ирэхэд манай ахын нохой хуцаад цамнаж байгаад таг болчихсон. Бид нар машиныхаа юмыг янзалж байтал хүн орлихоор нь Рэнцэндорж ах бид 2 машины нөгөө талд байсан ба гүйж гараад хартал манай ах Цэрэнсодном нохойгоо ховоодчихсон төмрөөр нохойгоо цохиж байгаад салгаад нохойгоо хамгаалалтын тор руу хийж Зоригтыг машин дотор суулгаж байгаад цус гарсан гарыг нь боочихоод би эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр очтол эмч үзээд гарт нь оёдол тавьсан.”... гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 27 дугаартай: хохирогч -Л.Зоригтын биед тухайн үед баруун сарвууны 3-р хурууны алганы шивнүүр бяцарсан, 5-р хурууны алганы шивнүүр зөрөөгүй далд хугарал, баруун сарвууны ар хэсэг, бугуй, зүүн сарвууны долоовор хуруунд шарх үүсч байжээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна. Баруун сарвууны 3-р хурууны алганы шивнүүр бяцарсан, 5-р хурууны алганы шивнүүр зөрөөгүй далд хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/

-2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн бичиг баримтанд: 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нохойд хазуулж гэмтсэн. Баруун сарвууны 3-р хурууны алганы яс бяцарсан ил хугарал, хадаж бэхлэх оноштой хэвтэж 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баруун сарвууны 3-р хурууны алганы бяцарсан ясыг ялтас тавьж шрупдэж бэхлэх хагалгаанд орсон” гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-36-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Ш.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай нохой бүртгэлтэй. Нохойг сул байлгаж болохгүйг мэднэ. Сул байгаагүй, үүрэндээ байсан. Бид хажууд нь машин янзлаж байсан. Хуцаад цовхчоод байснаа гэнэт үүрнээсээ гараад ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. Шүүгдэгч Ш.Ц 2017 оны 10 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 3-4 тоот хашаандаа орчиндоо аюул учруулж болох амьтан кавказ үйлдрийн нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас нохой үүрнээсээ гарч “авто машин янзлалцаж байсан” Л.Зоригтыг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Ш.Цын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, хохирол төлөгдсөн байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч М овогт Шын Цыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 30 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                                               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ