Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/792

 

 

 

2022        05         31                                  2022/ШЦТ/792

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

 улсын яллагч М.Оюунбат,

 шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М-д холбогдох эрүүгийн 2209 00484 1349 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн мэдээлэл технологийн инженерийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Элизабет хотхон 220 дугаар байрны 174 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.М

  Холбогдсон хэргийн талаар:

            С.М нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхон 220 дугаар байрны 174 тоотод хохирогч М.Билгүүний эзэмшлийн playstation 4 pro тоглоомыг иж бүрдлээр түрээслэн авч 7 хоногийн хугацаанд буцааж өгнө гэж хууран авч улмаар ломбардад зээлийн барьцаанд тавьж 1.376.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Улсын яллагчаас дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Билгүүнээс цагдаагийн байгууллагад гаргасан бичгээр гаргасан гэмт хэргийн талаах гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл, М.Билгүүнээс С.Мид эд хөрөнгө өгсөн талаарх баримт /хавтаст хэргийн 3, 5-6 дугаар тал/,

Хохирогч М.Билгүүний “Би өөрийн тоглоомоо 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Элизабет хотхоны 220 дугаар байрны 2 дугаар орцны 174 тоот хаягт хүргэж өгсөн, тэгээд 1 хоног тоглуулчхаад маргааш нь авъя гэхэд Мөнх-Оч нь гэх залуу дахиад 2 хоног тоглочхоод өгье гэсэн, тэгээд 2 хоногийн дараа залгаж холбогдоход би хөдөө явчихлаа, 4-5 хоногоос очих юм шиг байна, очиж байгаад нийт сунгасан хоногийн мөнгөө өгье гэсэн, тэгээд үүнээс хойш гар утас нь холбогдохоо больсон. Мөнх-Оч нь эхлээд найздаа өгсөн чинь найз нь аваад хөдөө явсан гэж байснаа үүнээс хойш сарын дараа холбогдоход манай найз ломбардад гэсэн. Би плэйстэйшн 4 про загварын тоглоомоо 1.300.000 төгрөг, 2 ширхэг гар 340.000 төгрөг, 2 ширхэг тоглоом 360.000 төгрөг, пумагийн цүнх 140.000 төгрөгөөр үнэлж байна. Мөнх-Оч нь хоногийн түрээсийн мөнгө гэж 240.000 төгрөг шилжүүлж байсан. Үүнээс өөр мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

Яллагдагч С.Мийн гэрчээр өгсөн “Би уг плэстэйшн тоглоомыг найз Г.Батбаясгалангийн хамт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гэр болох Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Элизабет хотхон 220 дугаар байр 2 дугаар орц 174 тоотод байхдаа уг тоглоомыг 3 өдөр тоглохоор түрээслэн авсан. Уг тоглоомыг манай найз Г.Батбаясгалан нь ломбардад барьцаанд тавьсан байсан надад хэлэхдээ 1-2 хоногт авна гэж байсан  боловч 2 хоноод Батбаясгалангийн гар утас нь холбогдохоо больсон тэгээд өдийг хүртэл холбогдож чадаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

“Дамно” ХХК-ий 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн СБ1-22-652 дугаартай “Тоглоом, тоглоомын гар 1.100.000 төгрөг, тоглоом /CD/ 2 ширхэг 180.000 төгрөг, үүргэвч 96.000 төгрөг зэрэг тус үнэлэгдэж буй эд хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.376.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

Яллагдагч С.Мийн мөрдөн байцаалтад өгсөн “Би тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үл таних хүнээс плейстэйшн тоглоом түрээсэлж аваад хэд хоног хэрэглэж байгаад найз Батбаясгалантай хамт ломбардад тавьж мөнгөө зарцуулсан. Тэр өдрөөс хойш ломбардаасаа авч чадахгүй байсаар байгаад хураагдсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” /хавтаст хэргийн 58 дугаар тал/,

            С.Мийн хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 32 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

Шүүгдэгч С.Моос дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав.

Шүүхийн шатанд гаргаж өгсөн хохирогч М.Билгүүнд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 870.000 төгрөг тус тус шилжүүлж хохирол төлсөн талаарх дансны хуулга бүхий 3 хуудас баримт,

Шүүхээс хохирогч М.Билгүүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй болохоо илэрхийлснийг тусгасан  тэмдэглэл зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Мийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн, байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч С.М нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхон 220 дугаар байрны 174 тоотод хохирогч М.Билгүүний эзэмшлийн playstation 4 pro тоглоомыг иж бүрдлээр түрээслэн авч 7 хоногийн хугацаанд буцааж өгнө гэж хуурч төөрөгдөлд оруулан залилж ломбардад зээлийн барьцаанд тавьж захиран зарцуулсны улмаас 1.376.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх гомдол, хохирогч М.Билгүүн, яллагдагч С.М нарын мэдүүлэг, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч М.Билгүүнгээс С.Мид тоглоом, түүнтэй холбоотой хэрэгсэл бүхий цүнхийг хүлээлгэн өгсөн талаарх баримт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар М.Билгүүн өөрийн эзэмшлийн playstation 4 компьютер тоглоомоо бусдад түрээслэхээр цахим орчинд санал болгосон, С.М тус тоглоомыг хугацааг тогтоон түрээслэхээр харилцан тохиролцож авсан боловч буцаан өгөөгүй, цааш барьцаанд тавьсан, буцаан авах боломжгүй болж ломбардад хураагдсан, түрээслэх нэрээр буюу түр ашиглах байдлаар өөртөө шилжүүлэн авч амлалт, тохиролцоогоо зөрчиж өөртөө захиран зарцуулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул С.Мийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тул худал үгээр итгүүлэн үнэмшүүлэх аргаар, шунахайн сэдэлт, идэвхтэй үг үйлдлээр халдаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах, захиран зарцуулах, бодит хохирол учруулсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангажээ.

Хуурах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахыг тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно.

С.М нь тухайн тоглоомыг түрээслэх нэрээр өөрийн эзэмшилд түр хугацаанд шилжүүлэн авч, тохиролцсон хугацаанд буцааж эргүүлэн өгнө гэж итгүүлэн үнэмшүүлэх замаар шилжүүлэн авсан идэвхтэй үг, үйлдлийн улмаас хохирогчид 1.376.000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдал, үйл баримттай тохирсон байх тул С.Мийг “Хуурч эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго болжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад заасан бага хэмжээнээс дээш буюу гурван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш 1.376.000 төгрөгийн хохирол тогтоогдсон ба шүүхийн шатанд хохирогч М.Билгүүнд хохирол төлсөн баримтыг гаргаж өгсөн тул С.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.М нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Мид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч С.М хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч С.М дээрхэд хамаарна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөвхөн хорих ял оногдуулсан тохиолдолд л зорчих эрх хязгаарлах ялаар солих зарчмаар хэрэглэхээр зохицуулсан байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хорихоос өөр төрлийн ялыг сонгож хэрэглэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Мийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс С.Мийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай үйлдлээ ойлгож дүгнэлт хийсэн байдал, оюутан гэх хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас бусдын хуурах аргаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан, хор уршиг учраагүй гэх шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

С.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс С.Мид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ХАТАНЦЭЦЭГ