Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 01362

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Т-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 155/2018/00900/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золжаргал, нэхэмжлэгч А.Н, хариуцагч Н.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Н нь Н.Т-тай 2004 онд танилцаж, үерхээд 2006 оны 12 сарын 5-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн юм. Бидний дундаас том хүү Т.П нь 2007 оны 3 сарын 29-ний өдөр, дунд охин Т.Н 2009 оны 4 сарын 10-ны өдөр, бага охин Т.Но 2014 оны 12 сарын 05-ны өдөр тус тус төрсөн юм. Биднийг хамт амьдарч байх хугацаанд Н.Т нь эхнэр нөхрийн харилцаагаа үл хүндэлж гэр бүлээс гадуур харилцаа байнга үүсгэдэг байсан ...Би Н.Ттай гэр бүл болсноос хойш хугацаанд нөхрийн хайр халамжийг мэдэрч байгаагүй ч түүнд итгэж, нэгэнт бий болгосон амьдралаа салж сарниахгүйг хичээж бүхнийг тэвчиж түүнд 3 сайхан хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөж өгсөн ч биднийг 2016 оны 10 сард орхиж яваад Тосонцэнгэл суманд Б гэх эмэгтэйтэй нэг гэрт орон амьдарч, одоо хамтран амьдрагч нь түүний хүүхдийг гаргах гэж байна ... Энэ мэтээр үр хүүхдээ тэжээн тэтгэж хайрлан халамжлах үүргээсээ зугтаан биднийг үл тоож байгаад үнэхээр их гомдолтой байна. Ийм учраас гэрлэлтээ цуцлуулах, гурван хүүхдээ өөрийн асрамжинд эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах, мөн биднийг гэр бүл болоход 2007 онд 150 толгой малтай байсан бөгөөд 2016 онд биднийг тусдаа амьдрахад Н.Т-ын нэр дээр 531 толгой мал тоологдож байсан. Хамт амьдарч байх хугацаанд малаа цуг маллаж, өсгөж үржүүлж ирсэн тул бидний дундын өмч хөрөнгө гэж үзэж байна. ...Иймээс би бидний дундын өмчлөлийн малыг дараах байдлаар үнэлж байна. 1. Адуу /эр, эм, адуу төлийн хамт/ 25 толгой нэг бүрийн үнэ 450.000 төгрөг нийт 11.250.000 төгрөг, үхэр /эр, эм, үхэр төлийн хамт/ 25 толгой нэг бүрийн үнэ 400.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөг, хонь /эр, эм, хонь төлийн хамт/ 208 нэг бүрийн үнэ 60.000 төгрөг нийт 12.480.000 төгрөг, ямаа /эр, эм, ямаа төлийн хамт/ 273 толгой нэг бүрийн үнэ 40.000 төгрөг, нийт 10.920.000 төгрөг, нийт тоо толгой 531, нийт дүн 44.650.000 төгрөг, 5 ханатай иж бүрэн гэр 500.000 төгрөг, киа пронтер маркийн автомашин 5.000.000 төгрөг, нийт 50.150.000 төгрөгийн дундын өмч хөрөнгөөс өөрт болон гурван хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах, зээлийн үлдэгдэл төлбөр болох 1.095.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл анх гаргасан боловч Н.Ттай дараах байдлаар эвлэрсэн. Үүнд: гэрлэлтээ цуцлуулах, гурван хүүхдээ өөрийнхөө асрамжинд авч, хүү Т.П-т хүүхдийн тэтгэмж авалгүй, охин Т.Н, Т.Но нарт 18 нас хүртэл нь нэг хүүхдэд сар бүр 100.000 төгрөг, сард нийтдээ 200.000 төгрөг төлж байх, эд хөрөнгийн хувьд нийтдээ 3.850.000 төгрөгийн мал, мөнгө авахаар тохирсон. Үүнд: 2.000.000 төгрөг 2018 оны 7 дугаар сарын 23-нд 1 сая төгрөг авсан, 2018.09.10-нд 1 сая төгрөгийг авах, малын хувьд 1. 10 тооны хургатай хонь /20 толгой/ 1*60.000 төгрөг нийт 600.000 төгрөг, 2. 10 төлөг = 1*50.000=500.000 төгрөг, 3. 10 ямаа=1*50.000=500.000 төгрөг, 4. 5 ямаа /ишигтэй/=10 толгой =1*500.000=250.000 төгрөг нийт 1.850.000 төгрөг авахаар эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү гэв. 

Хариуцагч Н.Т шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байна. Гэхдээ Намуунбайгалийн нэхэмжлэлд бичсэн шиг өөр хүнтэй болоод үр хүүхэдтэй болсон гэдэг нь үндэслэлгүй худал юм. Харин бидний тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь 2016 онд Мөрөн сумын 9-22-03 тоотод хадам ээж Д-ын хашаанд манайх байхад би 7 сараас 9 сарын 25-ны өдрийг хүртэл мал тууж байгаад ирсэн. Тэр үед надад хэлэлгүйгээр Төрийн банкинд малчны зээл 5 сая төгрөг, Бэрс капиталд 2 сая төгрөгт машинаа барьцаалж зээл аваад С гэж хүнд 5 сая төгрөг зээлсэн, Б-ээс мөн 2,8 сая төгрөг тус тус авсан байсан. Би тэрийг нь мэдээгүй байж байтал 10 сарын эхээр миний мал туусан хөлс 3,2 сая төгрөг, банкинд байсан үлдэгдэл мөнгө 5-6 сая төгрөгийг аваад хүүхдүүдээ, намайг орхиод хаашаа явсан нь мэдэгдэхгүй сураггүй явж байгаад 2017 оны 2 сард цагаан сарын өмнө ирсэн. Тэр хооронд би хадам ээждээ хүүхдүүдээ үлдээгээд энд тэнд ажил төрөл хийж Төрийн банкны зээл, Бэрс капиталын зээлийг төлж машинаа барьцаанаас чөлөөлүүлсэн ...Н-ийнх өрхийн амьжиргаа муутай, хүүхдүүдийн идэж өмсөхөд би ээжтэйгээ байнга мөнгө төгрөг өгч байгаа. Би цаашид хүүхдүүдээ ийм орчинд өсгөх боломжгүй гэж үзэж байгаа учир өөрөө хүүхдүүдээ асрамжиндаа авна. А.Н хүүхдүүдээ өөрөө биечлэн асарч хамгаалдаггүй, ажил төрөл хийдэггүй, худлаа ярьж өр шир тавьж, хувь хүнийхээ хувьд ёс зүйгүй байдал их гаргадаг. Энэ байдал нь цаашид миний хүүхдүүдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлж болох талтай. Цаашид хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, амьдрах орчин, сургалт хүмүүжлийг бодоод хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах бодолтой байсан боловч А.Нтай дараахь байдлаар эвлэрлээ. Үүнд: 

1. Хүүхдүүдээ ээж А.Нд өгөхийг зөвшөөрч байна.

2. Хүү Т.П-т хүүхдийн тэтгэмж төлөхгүй. Охин Т.Н, Т.Но нарт 18 насанд хүртэл нь нэг хүүхдэд сар бүр 100.000 төгрөг, сард нийтдээ 200.000 төгрөг төлж байх,

3. Эд хөрөнгийн хувьд нийтдээ 3.850.000 төгрөгийн мал, мөнгө өгөхийг зөвшөөрч байна. Үүнд: : 2.000.000 төгрөг 2018 оны 7 дугаар сарын 23-нд 1 сая төгрөг өгсөн, 2018.09.10-нд 1 сая төгрөгийг өгөх, малын хувьд 1. 10 тооны хургатай хонь /20 толгой/ 1*60.000 төгрөг нийт 600.000 төгрөг, 2. 10 төлөг = 1*50.000=500.000 төгрөг, 3. 10 ямаа=1*50.000=500.000 төгрөг, 4. 5 ямаа /ишигтэй/=10 толгой =1*500.000=250.000 төгрөг нийт 1.850.000 төгрөг өгөхөөр эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч Н.Т-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2006 онд гэр бүл болж, 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Н-ийн гэрлэлт цуцлуулахыг хүссэн шаардлагыг хариуцагч Н.Т хүлээн зөвшөөрч байх бөгөөд талууд цаашид гэр бүлийн хамтын амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй учир эвлэрэх боломжгүй хэмээн тайлбарлажээ.

Нэгэнт гэрлэгчид гэр бүлийн харьцаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй, эвлэрч амьдрах боломжгүй болсон гэх тайлбар, нэхэмжлэгч хариуцагч нар нь 2016 оны 10 сараас хойш тус тусдаа амьдарч  байгаа байдал, зохигч нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл зэргийг үндэслэн  шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх нь үр дүнгүй байна гэж үзэж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр А.Н, Н.Т нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

Гэрлэгчдийн дундаас 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүү Т.П төрсөн болох нь №0044598-187 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр охин Т.Н төрсөн болох нь №0267703-213 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Т.Но төрсөн болох нь №115/000258 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

2007 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүү Т.П, 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр охин Т.Н, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Т.Но нарыг зохигчийн тайлбар, хүүхдийн санал зэргийг харгалзан эх А.Н-ийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Зохигч нь 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн том хүү Т.Пт хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар, 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Т.Н, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Т.Но нарыг  18 насанд хүртэл нь нэг хүүхдэд сар бүр 100.000 төгрөг, сард нийтдээ 200.000 төгрөгийг эцэг Н.Т төлж байх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар нийт 3.850.000 төгрөгийн үнэ бүхий мал, хөрөнгийг хариуцагч Н.Т нь нэхэмжлэгч А.Н-д өгөх, үүнд: 2.000.000 төгрөгийг бэлнээр өгөх, үүний 1.000.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өгсөн, үлдэх 1.000.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өгөх, 1.850.000 төгрөгийн үнэ бүхий мал үүнд:  10 тооны хургатай хонь /20 толгой/ 1*60.000 төгрөг нийт 600.000 төгрөг, 10 тооны төлөг = 1*50.000=500.000 төгрөг, 10 тооны ямаа 1*50.000=500.000 төгрөг, 5 тооны ишигтэй ямаа /10 толгой/ 1*500.000=250.000 төгрөг буюу 1.850.000 төгрөгийн үнэ бүхий малыг өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Т.П, охин Т.Н, Т.Но нарыг эх А.Н-ийн асрамжинд үлдээсэн нь эцэг Н.Т-ын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч А.Н-иас эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, эд хөрөнгө хуваах шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 364.025 төгрөг,  хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 111.697 төгрөг, нийт 545.922 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Н.Таас эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, А.Н болон хүү Т.П, охин Т.Н, Т.Но нарын өмчлөлд үлдээсэн эд хөрөнгө буюу 3.850.000 төгрөгт тохирсон улсын тэмдэгтийн хураамж 76.550 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Т.Н, Т.Но нарт сар бүр төлөгдөх 200.000 төгрөгийн жилд төлөгдөх тэтгэмжийг тооцоход 2.400.000 байх бөгөөд нэг жилд төлөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53.350 төгрөг, нийт 200.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар А.Н, Н.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Т.П, 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Т.Н, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Т.Но нарыг эх А.Н-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч нь 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Т.П-т хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар, 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Т.Н, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Т.Но нарыг 18 насанд хүртэл нь нэг хүүхдэд сар бүр 100.000 төгрөг, сард нийтдээ 200.000 төгрөгийг эцэг Н.Т төлж байх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар нийт 3.850.000 төгрөгийн үнэ бүхий мал, хөрөнгийг хариуцагч Н.Т нь нэхэмжлэгч А.Н-д өгөх, үүнд: 2.000.000 төгрөгийг бэлнээр өгөх, үүний 1.000.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өгсөн, үлдэх 1.000.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өгөх, 1.850.000 төгрөгийн үнэ бүхий мал үүнд:  10 тооны хургатай хонь /20 толгой/ 1*60.000 төгрөг нийт 600.000 төгрөг, 10 тооны төлөг=1*50.000=500.000 төгрөг, 10 тооны ямаа 1*50.000=500.000 төгрөг, 5 тооны ишигтэй ямаа /10 толгой/ 1*500.000=250.000 төгрөг буюу 1.850.000 төгрөгийн үнэ бүхий малыг өгөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг  баталсугай. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Н.Т, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.Н-д тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Н-аас 545.922 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах,  хариуцагч Н.Т-аас 200.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Н-д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БЯМБАСҮРЭН