Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/793

 

 

2022         05          31                                 2022/ШЦТ/793

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Ю.Батсүх,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2106 03953 1385 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн Их сургуулийн Бизнесийн удирдлагын 2 дугаар курсийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо Бэлх 28 дугаар гудамжны 591 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******

 Холбогдсон хэргийн талаар:

    ******* нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн эцсийн Синема макс кино театрын талын бильярдын клубт хохирогч О.Саруул-Эрдэнийн нүүрэн тус газарт гараараа цохиж унаган, өвгөөр нь чирч эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэж яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Насанд хүрээгүй хохирогч О.Саруул-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найз Алтаншагайн хамт фитнес клубт хичээллэж байсан бөгөөд 21 цагийн орчимд Алтаншагай нь найз охин руугаа утсаар ярьж, найз охинтой нь хамт байсан залуучуудаа муудалцсан. Улмаар Алтаншагайн найзууд гэх 16-18 насны үл таних 3 залуугийн хамт Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаанхуарангийн эцэст байх Синема максийн хойд талд байрлалтай биллярдын клуб дээр очиход үл таних 18-20 насны залуучууд байсан. Тухайн залуучуудтай маргалдсан бөгөөд бид нар явлаа гэж хэлээд явах гэхэд нэг үл таних залуу миний нүүр орчимд нэг удаа цохисон. Би түүнтэй зууралдаж газар унахад хамт байсан нэг залуу за одоо боль боль гэж хэлсэн. Тэгээд би болиод явсан. Тухайн үед миний баруун нүд хөхөрч, хамар улайсан, өөр гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10834 дугаартай “О.Саруул-Эрдэнийн биед баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Яллагдагч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “Би 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн үед найзуудтайгаа Эрдэнэ толгойн орчимд бильярдны газарт тоглож байсан. Тухайн өдөр манай таньдаг эмэгтэй дүүгийн төрсөн өдөр болоод би Мөнхзулыг дуудаад уулзаад мэнд хүргээд байж байтал Мөнхзул утасныхаа zenly-г унтраагаагүй байна, за за би явлаа гээд гараад явсан. Удалгүй Мөнхзул буцаж орж ирээд агаа миний харьцдаг залуу байдаг юм тэр надтай сая утсаар яриад надтай байгаа хүмүүсийг ална гээд байна, удалгүй та нар дээр ирэх юм шиг байна яах уу гээд надад хэлээд байж байтал миний таньдаг байрны эрэгтэй дүү над руу залгаад ах аа баганат хороолол дээр Мөнхзулыг хайгаад олон залуучууд ирчхээд та нарыг асуугаад байна, би заагаад өгсөн шүү гээд утсаа тасалчихсан. Удалгүй олон залуучууд ирэхээр нь би юу болсон вэ гээд хэлтэл Саруул-Эрдэнэ гэх залуу над руу муухай хараад намайг түлхсэн. Тэгэхээр нь би уурлаад Саруул-Эрдэний баруун нүд рүү 1 удаа цохиод барьцалдаж аваад хөл гар руу өшиглөөд газраар өвдгөөр нь чирээд байж байтал тухайн үед байсан хүүхдүүд салгасан. Би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар тал/,

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн эцсийн Синема макс кино театрын талын бильярдын клубт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан насанд хүрээгүй хохирогч О.Саруул-Эрдэнийн нүүрэн тус газарт гараараа цохиж унаган, өвгөөр нь чирч эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч О.Саруул-Эрдэнэ, яллагдагч ******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар насанд хүрээгүй хохирогч О.Саруул-Эрдэнэ нь найз О.Алтаншагайн хамт түүний найз охиныг *******той хардаж, түүний байгаа газарт очсон, үл ойлголцсон харилцааны улмаас маргалдсан, улмаар ******* нь О.Саруул-Эрдэнийн нүүрэн тус газарт цохиж унаган зууралдаж өвдөглөсөн байхад нь чирсэн, О.Саруул-Эрдэнийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч *******  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Насанд хүрээгүй хохирогч О.Саруул-Эрдэнэ нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлгээр нотлогдсон, хохирогчийн мэдүүлэгт авагдсан *******ын үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “санаатай” гэсэн агуулгыг орхигдуулан бичсэн, яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт зөвхөн яллагдагчийн гэрчээр өгсөн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагааг шинжлэн судлахаар тусгасан зэргээр хуульд заасан шаардлагыг зөрчсөн байгааг цаашид анхаарвал зохино.

Шалтгаан нөхцөлийн хувьд найз охиноо бусадтай хардсан, үл ойлголцсон харилцаа хандлага нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ

Насанд хүрээгүй хохирогч О.Саруул-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч ******* нь торгох ялаас чөлөөлж өгөхийг хүссэнийг тус тус дурдах нь зүйтэй.

  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

  Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

          Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           ******* нь хэдийгээр хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдоогүй, насанд хүрээгүй хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, хохирол нэхэмжлээгүйг хохирол төлсөн гэж үзэхгүй зэрэг үндэслэлээр шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж дүгнэлээ.

Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирол учирсан, хор уршиг тогтоогдоогүй шинж байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ