Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхмөрөн,

Улсын яллагч С.Болорчулуун,

Шүүгдэгч Ц.Гэрэлт-Од, Д.Шижиртулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Боржигон овогт Цэвээндоржийн Гэрэлт-Од, Анжгай овогт Даваасүрэнгийн Шижиртулга нарт холбогдох эрүүгийн 201610010214 тоот хэргийг 2016 оны 11 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 сарын 19-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 64-59 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Цэвээндоржийн Гэрэлт-Од /РД: ЕО94080915/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 сарын 23-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Шалганы 60-31 тоотод оршин суух, Төмөр замын цагдаагийн хэлтсийн гэрээт цагдаа ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Анжгай овогт Даваасүрэнгийн Шижиртулга /РД: ЕО90052372/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч Ц.Гэрэлт-Од, Д.Шижиртулга нар нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн орчимд Замын-Үүд сум 1-р багт байрлах төв талбайн орчимд Ц.Гэрэл-Од, Д.Шижиртулга нар нь архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож Ц.Гэрэлт-Од нь Д.Шижиртулгын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, Д.Шижиртулга нь Г.Гэрэлт-Одын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Гэрэлт-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө манай ангийн хүүхдүүд сургуулийн 70 жилийн ойгоор уулзалдаж 23 цагийн үед Замын-Үүд сумын төв талбай дээр шоун дээр уулзалдсан юм. Тэгээд би талбай дээр ангийн хүүхдүүд болох Наранбаатар, Ундармаа, Баярсүрэн нарын хамт явж байгаад Наранбаатар биднээс салж яваад алга болчихсон юм. Тэгээд бид гурав Наранбаатарыг хайж яваад Грен корнерийн үүдэн хэсэгт Шижиртулга болон нэг эмэгтэйгийн хамт Наранбаатар зогсож байсан. Тэр үед нь би Наранбаатарыг явъя гэхэд Шижиртулга гэх залуу хүлээж бай, чи хэн бэ гэх зэргээр над руу дайрсан. Тэр үед нь би түүнтэй маргалдаагүй ба цаашаа түүнээс холдож явахад миний өмсөж явсан цамцнаас зуурч ноцолдох үед миний өмсөж явсан цамц урагдчихсан юм.  Би түүнээс салж холдоод гэртээ орж хувцсаа солиод дахин талбай дээр Идэрбат, Анхаа нартай таарч тэдэнтэй явах үед Шижиртулга ангийнхаа хүүхдүүдийн хамт явж байсан ба гар барья гэж надтай гар барьсан. Би түүнээс та урсан цамцаа яах гэж байна гэж асуусан юм. Гэтэл уурлаж дахин өмсөж явсан цамцнаас боож барьсан. Ер нь үл ойлголцсон байдлаас болж бие биенийгээ цохисон юм. Би Шижиртулгын нүүрэн тус газар нь гараараа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэв.

-Шүүгдэгч Д.Шижиртулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн үед Замын-Үүд сумын төв талбай дээр шоу болсон юм. Тэр үед би 10 жилийн ангийн охин Уянгын хамт шоун дээр явж байсан. Төв талбай дээр байрлах Ногоон дэлгүүрийн урд талд зогсож байхад Наруш гэж дууддаг зүс мэдэх залуутай уулзаад зогсож байхад нэг залуу ирсэн ба Наруш болон манай ангийн охиныг явъя гээд байхаар нь чи яаж байгаа юм гэхэд тэр уурлаж бид хоёр  бие биенийхээ цамцнаас зуурч маргалдаж би гараараа түүний нүүрэн тус газар 1-2 удаа цохисон. Тэнд байсан манай ангийн охин бид хоёрыг салгасан. Би нэлээд согтсон байсан юм. Түүнээс салаад талбай дээгүүр явж байхад 30 орчим минутын дараа байх уг залуугийн аав гэх зүс таних ах надтай ирж уулзан яагаад хүүхэдтэй маргалдаж ноцолдсон гэж хэлээд миний цамцны захнаас барьж авсан ба тэнд байсан ангийн хүүхдүүд биднийг салгасан. Тэгээд цаашаа явж байхад нөгөө надтай маргалдсан залуу ирж миний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон. Гэрэлт-Од найзыгаа дуудсаныг нь би буруу ойлгоод маргаан үүссэн. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм байдал гаргахгүй гэв.

-Хохирогч Ц.Гэрэлт-Одын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө манай ангийн хүүхдүүд сургуулийн 70 жилийн ойгоор уулзалдаж 23 цагийн үед Замын-Үүд сумын төв талбай дээр шоун дээр уулзалдсан юм. Тэгээд би талбай дээр ангийн хүүхдүүд болох Наранбаатар, Ундармаа, Баярсүрэн нарын хамт явж байгаад Наранбаатар биднээс салж яваад алга болчихсон юм. Тэгээд бид гурав Наранбаатарыг хайж яваад Грен корнерийн үүдэн хэсэгт Шижиртулга болон нэг эмэгтэйгийн хамт Наранбаатар зогсож байсан. Тэр үед нь би Наранбаатарыг явъя гэхэд Шижиртулга гэх залуу хүлээж бай, чи хэн бэ гэх зэргээр над руу дайрсан. Тэр үед нь би түүнтэй маргалдаагүй ба цаашаа түүнээс холдож явахад миний өмсөж явсан цамцнаас зуурч ноцолдсон. Би түүнээс салж холдсон. Миний өмсөж явсан цамц урагдчихсан юм. Тэгээд гэртээ орж хувцсаа солиод дахин талбай дээр Идэрбат, Анхаа нартай таарч тэдэнтэй явах үед Шижиртулга ангийнхаа хүүхдүүдийн хамт явж байсан гар барья гэж надтай гар барьсан. Би түүнээс та урсан цамцаа яах гэж байна гэж түүнээс асуусан юм. Гэтэл уурлаж дахин өмсөж явсан цамцнаас боож барьсан. Тэр үед хамт явсан найзууд нь салгасан. Хажууд нь явсан залуу ирж миний цамцнаас барьж татан дахин цамц нэмж урсан. Тэгээд Шижиртулга гэх залуу би төмөр замын цагдаа байна гэж хэлээд цамцнаас барьж гараараа нүүрэн тус газар цохиод байсан. Тэгээд би энэ талаар аавд утсаар хэлж дуудсан. Тэгээд аавыг ирэхэд нь би нөгөө залуу дээр очиж түүнийг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэр үед цагдаагийн ажилтнууд намайг барьж цагдаагийн газар руу авчирсан юм. Тэр мөн сургуулийн ойг тэмдэглэж байсан нилээд архи уусан согтолттой байгаа харагдаж байсан. Тэр намайг цамцнаас барьж боосон байсан болохоор хүзүүний хэсэгт улайлт үүсэж ором гарсан, хөмсөгний хэсэгт шалбарсан байсан. Би шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан. Надад ямар нэг нэхэмжлэx зүйл болон гомдол санал хүсэлт гэх зүйл байхгүй түүнтэй ярилцаж учир зүйгээ олсон..... гэх мэдүүлэг /хх-ийн 15/

-Хохирогч Ц.Гэрэлт-Одын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Шижиртулгын цохилтоос надад хөнгөн гэмтэл учирсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй. Бид эвлэрсэн гэв.

-Хохирогч Д.Шижиртулгын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 09 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн үед Замын-Үүд сумын төв талбай дээр шоу болсон юм. Тэр үед би 10 жилийн ангийн охин Уянгын хамт шоун дээр явж байсан төв талбай дээр байрлах Ногоон дэлгүүрийн урд талд зогсож байхад Наруш гэж дууддаг зүс мэдэх залуутай уулзаад зогсож байхад нэг залуу ирсэн ба Наруш болон манай ангийн охиныг явъя гээд байхаар нь чи яаж байгаа юм гэхэд тэр уурлаж бид хоёр маргалдсан бие биенийхээ цамцнаас зуурч маргалдаж гараараа түүний нүүрэн тус газар 1-2 удаа цохисон тэнд байсан манай ангийн охин бид хоёрыг салгасан би нэлээд согтсон байсан юм. Түүнээс салаад талбай дээгүүр явж байхад 30 орчим минутын дараа байх уг залуугийн аав гэх зүс таних ах надтай ирж уулзан яагаад хүүхэдтэй маргалдаж ноцолдсон гэж хэлээд миний цамцны захнаас барьж авсан тэнд байсан ангийн хүүхдүүд биднийг салгасан тэгээд цаашаа явж байхад нөгөө надтай маргалдсан залуу ирж миний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон тэр үед нь би газар унасан гэтэл дээрээс нэг удаа толгой орчимд өшиглөх шиг болсон өөр ямар нэг зодоон цохион болоогүй юм. Түүнд цохиулж зодуулсны улмаас зүүн талын хөмсөгний хэсэгт шалбарч урагдсан, толгой орчим хөндүүр болсон байсан өөр ил харагдах ямар нэг гэмтэл шарх байгаагүй. Ц.Гэрэлт-Одыг сайн танихгүй, урьд өмнө таарамжгүй харьцаа гэх зүйл байгаагүй. Тэр өдөр би архи уусан байсан ба хамт явсан охиныг маань тэр залуу татаж чангаагаад явъя гээд байсан болохоор үүнээс үүдэн түүнтэй маргалдсан тэр мөн согтуу халамцуу байсан юм. Надад ямар нэг нэхэмжлэx зүйл байхгүй, түүнтэй ярилцаж ойлголцсон, ямар нэг гомдол гэх зүйл байхгүй, энэ хэргийг хурдан шалгаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 16/

-Хохирогч Д.Шижиртулгын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт: Гэрэлт-Одын цохилтоос миний биед хөнгөн гэмтэл учирсан. Гэрэлт-Одоос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй. Бид эвлэрсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

-Гэрч М.Наранбаатарын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 09 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчимд байх би нэлээд согтуу байсан ба тухайн өдөр Замын-Үүд сумын 1-р сургуулийн маань 60 жилийн ой болж ангийн хүүхдүүдтэйгээ уулзаж баяр тэмдэглэн архи дарс уучихсан байсан ба орой баярын шоу төв талбай дээр болж байсан юм. Тэнд би 22 цагийн орчимд явж байгаад 10 жилийн сургуульд дээд ангид сурч байсан Шижиртулга ахтай таарч түүнтэй ярилцаад зогсож байхад манай ангийн Гэрэлт-Од намайг хайж ирсэн ба надтай хамт зогсож байсан Шижиртулга ахтай маргалдсан чухам юунаас үүдэн маргалдсаныг нь би хэлж мэдэхгүй байна. Гэрэлт-Од цамцаа уруулчихлаа гэж байсан би нилээд согтсон байсан болохоор зарим зүйлийг тодорхой сайн санахгүй байгаа юм. Энэ хоёр сургуулийн 60 жилийн ойг тэмдэглэж архи уусан байсан ба Гэрэлт-Од манай ангийн хүүхэд байгаа юм. Энэ хоёр архи дарс уусан байсан болохоор бие биенийхээ үгийг даалгүй маргалдсан байх гэж бодож байна өөр тэр хоёрт ямар нэг таарамжгүй харьцаа гэх зүйл байхгүй юм. Гэрэлт-Одтой би маргааш нь гудамжинд тааралдсан ба түүнийг харахад ил харагдах гэмтэл шарх гэх зүйл байгаагүй Шижиртулгатай тэр өдрөөс хойш тааралдаагүй гэжээ. /хх-ийн 16/

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 03-ны өдрийн шинжээч эмчийн 397 тоот дүгнэлт: 1.Д.Шижиртулгын биед зүүн хөмсөгний сүүл хэсэгт язарсан шарх, духны зүүн талд зулгаралт, баруун гарын ар хэсэг болон баруун шилбэний гадна хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдийн зүүн хөмсөгний сүүл хэсэгт язарсан шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба духны зүүн талд зулгаралт, баруун гарын ар хэсэг болон баруун шилбэний хэсэгт цус хуралт гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, дан дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 19/

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 03-ны өдрийн шинжээч эмчийн 394 дүгнэлт: 1.Ц.Гэрэлт-Одын биед зүүн хөмсөгний дээд талд зулгаралт, хүзүүний баруун талд зулгаралт, хүзүүний баруун талд цус хуралт, баруун бугалганы гадна талд цус хуралт, зүүн бугалганы дотор дээд талд цус хуралт, зүүн бөөр орчимд буюу нурууны зүүн доод талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2 Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь зүүн хөмсөгний сүүл хэсэгт язарсан шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба духны зүүн талд зулгаралт, баруун гарын ар хэсэг болон баруун шилбэний хэсэгт цус хуралт гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, дан дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 22 /

-Шүүгдэгч Д.Шижиртулгын Цагдаагийн хэлтэст гаргасан Миний бие 2016 оны 09 сарын 29-ний өдөр Гэрэлт-Од гэх залуутай харилцан зодолдож биедээ хөнгөн гэмтэл авсан. Нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 3 /

-Шүүгдэгч Ц.Гэрэлт-Одын Цагдаагийн хэлтэст гаргасан ...Миний бие иргэн Шижиртулгыг гараараа цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Одоо надад ямар нэгэн гомдол санал болон эд хөрөнгийн хохирол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 4/

-Шүүгдэгч нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 44/

-Шүүгдэгч нарын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-50/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 51/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Даваасүрэнгийн Шижиртулга, Цэвээндоржийн Гэрэлт-Од нар нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн орчимд Замын-Үүд сум 1-р багт байрлах төв талбайн орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалан улмаар харилцан зодолдож Ц.Гэрэлт-Од нь Д.Шижиртулгын биед зүүн хөмсөгний сүүл хэсэгт язарсан шарх, духны зүүн талд зулгаралт, баруун гарын ар хэсэг болон баруун шилбэний гадна хэсэгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Д.Шижиртулга нь Г.Гэрэлт-Одын биед зүүн хөмсөгний дээд талд зулгаралт, хүзүүний баруун талд зулгаралт, хүзүүний баруун талд цус хуралт, баруун бугалганы гадна талд цус хуралт, зүүн бугалганы дотор дээд талд цус хуралт, зүүн бөөр орчимд буюу нурууны зүүн доод талд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан болох нь шүүх хуралдаан дээр шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлийн шатанд гэрч М.Наранбаатарын ...Шижиртулга ахтай таарч түүнтэй ярилцаад зогсож байхад манай ангийн Гэрэлт-Од намайг хайж ирсэн ба надтай хамт зогсож байсан Шижиртулга ахтай маргалдсан чухам юунаас үүдэн маргалдсаныг нь би хэлж мэдэхгүй байна. Гэрэлт-Од цамцаа уруулчихлаа гэж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 16/, шинжээч эмчийн 397, 394 тоот дүгнэлт /хх-ийн 19, 22/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Гэрэлт-Од, Д.Шижиртулга нар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Улсын яллагч нь шүүгдэгч нарыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар ялаас чөлөөлөхгүй гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч нарыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримт нотлоогүй тул тэднийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Хохирогч Г.Гэрэлт-Од, Д.Шижиртулга нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх мэдүүлгийг өгсөн, нийгмийн хор аюул, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзээд шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэвээндоржийн Гэрэлт-Од, Анжгай овогт Даваасүрэнгийн Шижиртулга нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Цэвээндоржийн Гэрэлт-Од, Даваасүрэнгийн Шижиртулга нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ц.Гэрэлт-Од, Д.Шижиртулга нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Гэрэлт-Од, Д.Шижиртулга нарт урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Ц.Гэрэлт-Од, Д.Шижиртулга, хохирогч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА