Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0195

 

Х.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн Х.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний 96 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Д.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, Д.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0887/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.С-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн Х.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасныг тус тус баримтлан Х.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн Х.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Х.С нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14700 м.кв газрыг ногооны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/256 дугаар захирамжаар эзэмшиж эхэлсэн бөгөөд улмаар 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг 15 жилээр сунгуулсан байна.

            Нэхэмжлэгч нь эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон. Тухайлбал газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаагүй нь газар зохион байгуулалтын албанаас хийсэн хээрийн судалгаа болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон бөгөөд харин мод, бут сөөг тариалсан гэж тайлбарлаж байгаа нь газрыг зориулалтын дагуу ашигласан явдал биш бөгөөд хариуцагчаас газрын зориулалтыг өөрчилсөн шийдвэр гаргаагүй болно.

            Дээрх үйл баримтаар газрын гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт, болзлыг хангаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдож байхад шүүх “... Х.С  “Б х ж” ХХК-тай байгуулсан “Бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ”, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын ... тодорхойлолт, газарт хийж мод тариалж буй зураг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь зориулалтын дагуу ашигласан байхыг заавал шаардаж буй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасныг болон Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсгийг илтэд зөрчиж, буруу үнэлсэн.

            Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийлгэх талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд хэрэгт авагдсан фото зургийн тухайд нэхэмжлэгчийн эзэмшил газарт ногоо тарьсан үйл баримт байхгүй байхад зориулалтын дагуу ашигласан гэж үзэх боломжгүй.

            Нэхэмжлэгч нь газрын төлбөрт жилд 730 200 төгрөг төлөхөөс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гарах хүртэл буюу 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 1 400 536 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан нь Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байхад шүүх “... хариуцагчийн төлөөлөгчийн газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн нь илт хууль бус дүгнэлт болж, хууль зөрчин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг, мөн 106 дугаар зүйлийн 106.4-д заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг тус тус зөрчсөн.

            3.2. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07-гаас илүүгүй байна” гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан. Харин 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч газар эзэмшсэн бөгөөд энэ талаар шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хандаж асуулт асуухад дээрх хуулийн тодорхой зохицуулалт зөрчигдсөн болохыг зөвшөөрч байхад шүүх дүгнэлт хийхгүйгээр хууль зөрчсөн шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн хуульд заасан журам зөрчсөн ажиллагааг зөвтгөсөн үйлдэл болсон.

            Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 35 дугаар зүйлийн 35.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч нь зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогдож байхад хуулийн шаардлагыг зөрчиж, буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаснаар шийдвэр хууль ёсны болж чадсангүй.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Х.С-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн Х.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй 24 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Х.С-ын газар багтжээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/292 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой хэмээх газарт иргэн Л.Н-д 7600 м.кв, иргэн Х.С-т 7100 м.кв газрыг ногооны газрын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ. Улмаар 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Л.Н нас барсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 323 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээгээр эхнэр Х.С-т дээрх 7600 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/256 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.С ногооны газрын зориулалтаар нийт 14700 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

2.4. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар 14688 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийн хугацааг сунгаж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 000124902 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан үйл баримтууд тогтоогдлоо.

2.5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан 2 жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд уг зохицуулалт хэрэглэгдэх учиртай. Энэхүү маргааны үйл баримтын тухайд дээрх үндэслэл бүрдсэн гэж үзэхээргүй байна. Учир нь Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

2.6. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.С-ын газар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 01110-2020/10788 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан атлаа хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 15/1504 албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар мэдэгдсэн нь үндэслэлгүй байна.

2.7. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа хашаалсан, жимс жимсгэний мод тариалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан фото зургийн үзүүлэлтээр тогтоогдож буй энэ тохиолдолд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэх боломжгүй.

 

2.8. Мөн түүнчлэн хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа маргаан бүхий актад дурдагдаагүй өөр үндэслэл зааж буюу “газрын төлбөр төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж давж заалдах гомдолдоо тайлбарласныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН