Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00803

 

Т.Намууны нэхэмжлэлтэй

                    иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00767 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 873 дугаар магадлалтай, 

Т.Намууны нэхэмжлэлтэй,

Г.Ган-Эрдэнэд холбогдох, 

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, нэмэлт зардалд 8,116,872 төгрөг гаргуулах тухай үндсэн,

 Австрали улсад 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т.Намуунтай гэрлэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Одгэрэл, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч Т.Намуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Австрали улсад суралцан, амьдарч байхдаа 2017 оны сүүлээр Г.Ган-Эрдэнэтэй танилцаж, улмаар 2018 оны 04 дүгээр сараас эхлэн 2019 оны 07 дугаар сар хүртэл Австрали улсад хамт амьдарч байсан. 2019 оны 01 дүгээр сард бие давхар болсон. Монголд буцаж ирээд, Г.Ган-Эрдэнэ нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл холбоотой байснаа гэнэт холбогдохоо больсон. 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр охин Н.Төгсийг төрүүлсэн. Г.Ган-Эрдэнэ нь хамтран амьдрах боломжгүй болсноо нэгэнт эцэг, эхээрээ дамжуулан илэрхийлсэн, охин Н.Төгсийг төрсөн цагаас өнөөдрийг хүртэл огт санаа тавьж уулзаагүй, хараагүй, эцэг байх үүрэг, хариуцлагаа гүйцэтгээгүй байна. Иймд охин Н.Төгсийн нэмэгдэл хоол, өдөр тутамд хэрэглэж байгаа энгийн хэрэгцээ болох хүүхдийн живхний зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Тооцооллыг дараах байдлаар гаргасан. Үүнд :

1.Хүүхдийн сүүний тухайд охин нэг удаа 150 граммаар өдөрт 8 удаа, нийт 1200 грамм буюу 7 хоногт 1 хайрцаг, сард 4 хайрцаг нэмэлт тэжээл шаардлагатай болно. Нэг хайрцаг тэжээлийг 54,889 төгрөгөөр авдаг бөгөөд сард 4 хайрцаг тэжээлд 219,556 төгрөгийн зардал гаргаж байна.

2.Хүүхдийн живх өдөрт 4 удаа, /1 уутандаа 40 ширхэгтэй/ сард 120 ширхэг буюу 3 уут болж байна. Сард 120 ширхгийг хэрэглэж байгаа бөгөөд 1 уутандаа 40 ширхэг, сард гурван уутыг хэрэглэж байна. Нэг уут живхийг 39.559 төгрөгөөр, сард 118.677 төгрөг болж байна.

Үүнээс үзэхэд охинд зарцуулах сүү, живхэнд сард нийтдээ 338,300 төгрөгийг зарцуулж байна. Эдгээр зардлыг охиныг 2 нас хүртэл тооцоолж гаргахад 8,116,872 төгрөг гарч байна. Иймд Г.Ган-Эрдэнээс дээрх байдлаар тооцож хүүхдийн нэмэлт тэжээл, живх зэрэг зардлын сард гарах төлбөрт 8,116,872 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Төгсийн эцэг Г.Ган-Эрдэнэ мөн болохыг тогтоосон тул хүүхдийн тэтгэлгийг төлнө. Харин нэмэгдүүлсэн шаардлага болох 8.116.872 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хэрэв Т.Намуун хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд хүндрэлтэй байгаа бол хүүхдийг бид өөрсдийн асрамжид авахыг хүсч байна. Т.Намуун нь охиныг хөхөөр хооллож байгаа, эсхүл нэмэлт тэжээл хэрэглэж байгаа талаар баримт байхгүй байна. Түүнчлэн дээрх зардлыг 2 нас хүртэл гэж тооцсон нь бодитой биш зардал гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Г.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэлдээ: Т.Намуунтай 2018 оны 3 дугаар сард Австрали улсад сурч байхдаа Г.Ган-Эрдэнэ миний бие танилцсан. Тэрээр анх танилцахдаа сургуульдаа явахаа больсон, виз сунгагдахгүй байна гэж хэлдэг байсан. 2018.05.29-ний өдөр надад хандан чи Их сургуулийн оюутан, гэр бүлээ авчирч суралцах эрхтэй тул гэр бүлтэй гэсэн бүртгэлд орж, би чиний визний дагалдан болох хэрэгтэй байна, би сургуульдаа сураагүй учир виз сунгагдахгүй байна, хэрвээ надтай гэр бүлийн бүртгэлтэй болбол чамайг сургуулиа төгсөөд магистрт сурах үед чинь би сургалтын төлбөрийн 50 хувийг төлж өгье гэж цахим шуудангаар гуйсан тул би нилээд хугацаанд бодож байгаад зөвшөөрсөн. Ингээд нэг байранд орж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Австрали улсын хуулийн дагуу гэр бүлээ батлуулсан. Ингээд Т.Намуун нь миний визэд дагалдангаар /гэр бүлийн хүнээ дагаж хамт амьдрах эрх олж авах/ орохоор виз хүссэн боловч мөн л татгалзсан хариу авсан. Миний бие Т.Намууны хүсэлтийн дагуу түүнийг визтэй болгож, дараа нь магистрт сурах төлбөрийн 50 хувийг төлүүлэхээр шийдвэрлэн гэр бүлээ батлуулсан нь хууль бус байсан.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр Т.Намуунтай батлуулсан Г.Ган-Эрдэнэ бидний гэрлэлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Т.Намуун сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Г.Ган-Эрдэнэ нь Т.Намууны амьдардаг өрөөгөөр орж гарч явсаар сүүлдээ дотно харьцаатай болсон учир 2018 оны 05 дугаар сараас нэг байранд хамт амьдрах болсон. Т.Намуун нь үргэлжлүүлэн суралцах зорилгоор оюутны виз хүссэн боловч ижил түвшний зэрэглэлээр суралцахаар мэдүүлсэн байна, түвшин ахиулан суралцах шаардлагатай гэсэн шалтгаанаар татгалзсан хариу өгсөн тул үүнийг шийдвэрлүүлэхээр давах гомдол гаргасан байсан. Энэ гомдлын шийдвэрлэлтийн хариу гартал тухайн оронд 2-3 жил болдог. Нэгэнт нэг байранд хамтран амьдраад гэр бүлийн харилцаатай болсон учир амьдралын шаардлагаар нэг нь үргэлжлүүлж суралцах, нөгөө нь ажил хийж сургалтын төлбөр олох, хоол унд, байрны мөнгө олох зорилгоор ажил хийнэ гэсэн бодолтой байсны улмаас эр хүний хувьд чи эхлээд үргэлжлүүлэн суралц гэж хоорондоо ярилцаж байсан байна. Дээрх шалтгаанаас хоёр тал сайн дурын үндсэн дээр тухайн улс оронд бүртгүүлсэн байна. Мөн аль аль талаасаа хүүхэдтэй болохоор хүсч жирэмсэн болсон ба Т.Намуун нь дангаараа шийдвэр гаргаж жирэмсэн болоогүй байна. Иймд гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэхэд ямар нэг харшлах шалтгаан байхгүй байсан тул гэрлэлтийг хоёр хүн өөрсдийн сайн дурын үндсэн дээр гэрлэлтээ батлуулсан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00767 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Намууны Төгсийг эх Т.Намууны асрамжид байлгаж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Намууны Төгс /УО19292264/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Баасанжав овогт Ганпүрэвийн Ган-Эрдэнэ /УК92120311/-ээс гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Г.Ган-Эрдэнээс 149,337 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Намуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,967,535 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.Намуунд холбогдох Австрали улсад 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т.Намуунтай гэрлэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Г.Ган-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.Ган-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 112.361 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Намуунд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,888 төгрөг, хариуцагч Г.Ган-Эрдэнээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 873 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00767 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 гэснийг Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00767 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 873 дугаар магадлалыг хэсэгчлэн эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хүүхдийн тэтгэлэг төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Анхан болон Давж заалдах шатны шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний.., нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасан хуулийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Шүүхээс хэрэгт авагдсан бүх баримтыг бүрэн үнэлж дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийн заалт болох Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйл заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.

Хариуцагчийн зүгээс Т.Намууны цахим шуудангийн бичлэгийг хуулбарлан шүүхэд нотлох баримтаар өгсөн. Эдгээр баримтыг Намууны төлөөлөгч ерөөсөө татгалзаагүй байгаа. Т.Намуун нь Австрали улсад оршин суух ямар нэгэн виз сунгуулахын тулд буюу Тодорхой зорилгоо хэрэгжүүлэхийн тулд анх Г.Ган-Эрдэнэд би чамайг дагаж визэнд оръё, тэгээд сургалтын төлбөрийн 50 хувийг би төлж өгье гэж санал тавьснаар энэ хүмүүсийн хоорондын харьцаа эхэлсэн нь нотлогдож байгаа. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлээ батлуулсны дараа 2019 оны 1 дүгээр сарын 17-нд дахин виз мэдүүлсэн байгаа.

Энэ мэдүүлэгт 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Австралийн засгийн газрын эрх бүхий байгууллагаас татгалзсан хариу өгөхдөө Мэдүүлэгч нь оюутны визтэй этгээдийн гэр бүлийн гишүүн болохын хувьд жинхэнэ мэдүүлэгч гэдэгт... гээд харгалзах шаардлагуудыг үнэлээд визэнд татгалзсан байгаа. Энэ бүх баримт нь Т.Намуун нь Австрали улсын виз гаргуулахын тулд хуурамч баримт бүрдүүлж эхэлснийг нотолж байгаа. Т.Намуун нь гэр бүлээ хуурамч баримт бүрдүүлэн батлуулсан буюу Ган-Эрдэнийг танихгүй Лорин Кохх нэртэй Австрали иргэнд үг зааж цахим шуудангаар харилцан гэрлэлтийн гэрчийг олсон болох нь гэрлэлтийн гэрч хуурамч байсан нь гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нэг үндэслэл билээ. Шүүхээс Т.Намуун нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаад дүгнэлт хийгээгүй болно. Сөрөг нэхэмжлэлийнхээ тайлбар болгон бичсэн эдгээр үйл баримтад Т.Намууны зүгээс ямар нэгэн няцаасан баримт, тайлбар өгөөгүйд шүүхээс дүгнэлт өгөөгүйд мөн гомдолтой байна.

Эдгээрийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Т.Намуун нь Г.Ган-Эрдэнэд холбогдуулан ...хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, нэмэлт зардалд 8,116,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, улмаар гэрлэлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.  

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...хэрэгт авагдсан бүх баримтыг бүрэн үнэлж дүгнээгүй, хэрэглэх ёстой Иргэний хуулийн 56, 57 дугаар заалтыг хэрэглээгүй, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг няцаасан баримт, тайлбар өгөөгүйд шүүх энэ талаар дүгнээгүй гэсэн агуулга дурджээ.  

1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч талууд Австрали улсад сурч, ажиллаж байхдаа танилцаж, 2018 оны 3 дугаар сараас хамтран амьдарч, 2018.12.07-ны өдөр тус улсад гэр бүл болсон ба 2019.09.22-ны өдөр охин Н.Төгс төрсөн нь тогтоогдсон, энэхүү үйл баримтыг хэн аль нь үгүйсгээгүй байна.  

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019.12.30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Г.Ган-Эрдэнэ нь Төгсийн биологийн эцэг байх боломжтой, эцэг байх магадлал 99.99 хувь байна гэжээ /хэргийн 24 дүгээр тал/.  

Охин Төгс эхийн асрамжид байгаа ба хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.  

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэмэлт тэжээл, живхний зардлыг охин Төгсийг 2 нас хүртэл хугацаагаар тооцон нийт 8,116,872 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч бодит бус гэж маргажээ.  

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хүүхдийг эхийн асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар тогтоож, хариуцагчаас нэмэлт зардалд 149,337 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэр, магадлалд тодорхой дурдсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т нийцсэн, зохигч гомдол гаргаагүй байна.  

2.Хариуцагч нь гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ Т.Намуун нь Австрали улсын виз хүсэхэд гэр бүлийн бүртгэл шаардлагатай, гэр бүл болбол магистр суралцах төлбөрийн 50 хувийг төлж өгье гэсэн тул зөвшөөрсөн гэжээ.  

Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө нэхэмжлэгч ...хамт амьдраад гэр бүлийн харилцаатай болсон тул сайн дурын үндсэн дээр гэрлэлтээ бүртгүүлсэн, виз мэдүүлэхээс өмнө хамт амьдарч байсан, хэн аль нь хүүхэдтэй болохыг хүсч жирэмсэн болсон, хуримын аялал ч хийсэн... гэсэн тайлбар гаргажээ.  

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл, гэрлэгчид сайн дурын үндсэн дээр гэр бүл болсныг Австрали улсын Викториа муж 1996 оны гэрлэлтийн актын дагуу гэрлэлтийг бүртгэсэн нь тогтоогджээ /хэргийн 50-52 дугаар тал/.  

Гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, уг алдааг давж заалдах залруулж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 873 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

 Д.ЦОЛМОН