Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Эт холбогдох эрүүгийн 1725003880211 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгч С.Эийг 2017 оны 10 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын  LG-G6 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1,232,750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: С.Э нь 2017 оны 10 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Т.Бийн гэрт байхдаа хамт архи ууж байсан хүмүүсийг гарсан хойгуур ширээн дээр байсан LG-G6 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч бусдад худалдаж 1,232,750 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Хохирогч Т.Бийн….”Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед намайг гэрээс гарахад М, Д, Ц гурав манай гэр рүү ороод гэрт ганц шил архи хувааж ууж байсан. Тэгэхэд М найз Б утсаар дуудсан. Тэгээд Б, Э нэг танихгүй залуу гурав манай гэрт ирсэн. Тэгээд Д, Б хоёр хоорондоо муудалцахаар нь манай эхнэр Нарангэрэл уурлаад Билгээ, Дамба, Цэвэлмаа тэд нарыг дагуулаад гэрээс гарсан. Тэгэхэд гэрт манай эхнэрийн дүү М унтаж байсан. Э гэрт үлдсэн. Эхнэрийг гарахад алга болсон утас том өрөөнийн ширээн дээр байсан. Энхцэцэгийг гэрээс гарахад манай охин Болорсайхан утсаа авах гэтэл ширээн дээр байсан утас алга болсон байсан. Тэгээд араас нь гартал Энхцэцэг таксинд суугаад явсан. Би охиндоо 9 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Мобикомоос 1,250,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн гэх мэдүүлэг....Гар утсаа хүлээн авсан, тэр талаар ямар нэгэн санал гомдол байхгүй, харин үнэлгээ хийлгэсэн 15,000 төгрөг, Энхцэцэг гэх хүнийг хайгаад хөдөө аав дээр нь очсон бензиний 20,000 төгрөг, нийт 35,000 төгрөг гаргуулан авах хүсэлтэй байна. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй”...... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/ -Эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/ -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/ -Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ОЦ /17-270 дугаартай “LG-G 6 загварын гар утас 1,232,750 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 27- 31-р хуудас/ -Иргэний нэхэмжлэгч Б.Нямдаваагийн “Би 2017 оны 10 сарын 29-ний өдөр LG-G6 загварын гар утсыг 250,000 төгрөгөөр худалдан авсан. Би зүс мэдэх Түмээ гэх хүнээс худалдан авсан. Тухайн үед намайг худалдан авах үед дэлгэцэн дээрээ 3 ширхэг цууралттай байсан. Би аваад яг хэвээр нь ашиглаж байсан. Тэгтэл хулгайн гар утас байна гээд цагдаа хурааж авсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би гар утас худалдан авсан Түмээ гэх хүнээр хохирлоо нөхөн төлүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/ -Гэрч Гантөмөрийн ....”Тухайн үед надад гар утсаа зарахдаа миний гар утас гэж хэлж байсан. Хулгайн гар утас гэж хэлээгүй, мэдсэн бол би авахгүй. Тэр хүүхэн шал согтуу байсан... ганцаараа явж байсан, мөнгөний хэрэг гараад байна гээд гар утсаа зарах гэсэн юм гээд надад зарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39,44-р хуудас/ -Гэрч Г.Нарангэрэлийн....“тэр үед нөгөө архи ууж байсан нөхдүүд маргалдаад байхаар нь би хөөж гаргаад тэгээд эргээд ороод ирэхэд гэрт үлдсэн Энхцэцэг том өрөө рүү ороод цонхны хажуу талд зогсож байсан. Тэгээд намайг гэртээ орох үед зөрөөд гараад явсан. Тэгтэл гар утас аваад явсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/ -Гэрч Ц.Эвтсанаагийн...”Энхцэцэг миний машин дээр ирээд таксинд явах уу гэж асуусан. Хаа хүрэх үү гэхэд Город орно, утас зарна гэж хэлсэн. Тэгээд нэг утас гаргаж ирсэн. Хар өнгийн дөрвөлжин хэлбэртэй утас байсан. Чи хүний утас зараад хэрэггүй асуудал үүснэ гэсэн зүгээр Санаа ах гээд байсан.” гэх мэдүүлэг/хх 48-49-р хуудас/ -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 59-76-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч С.Энхцэцэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хороололын эцэст явж байхад утасдаад тэр айлд очсон. Тэр эгч гэртээ байсан шүү дээ. Гараагүй. Тэнд байсан нэг танихгүй өндөр залуу миний карма руу утсыг хийсэн гэж бодож байгаа. Тэндээс гараад явж байхад миний карманд утас байсан. Би согтуу байсан. Утсыг зарсан буруугаа хүлээж гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтаар шүүгдэгч С.Энхцэцэг нь 2017 оны 10 сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн 40-18 тоот Т.Батсүхийн гэрээс LG-G6 загварын гар утас хууль бусаар нууцаар авч нийт 1.232.750 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч С.Энхцэцэгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, утсыг нууцаар авсан гэм буруугаа хүлээгээүй, хохирол нөхөн төлөгдсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн саналын дагуу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Хохирогч “...харин үнэлгээ хийлгэсэн 15,000 төгрөг, Энхцэцэг гэх хүнийг хайгаад хөдөө аав дээр нь очсон бензиний 20,000 төгрөг, нийт 35,000 төгрөг гаргуулан авах хүсэлтэй байна” гэж мэдүүлсэн байх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байх тул шийдвэрлэх боломжгүй байна. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бн овогт С Эийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эийг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар С.Э оногдуулсан ялыг өдөрт 4 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй,битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан зардалаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ