Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2018/01363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Б-д холбогдох 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2018/01129/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч А.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.М, Т.Б бид нар 2012 онд танилцаж, 2013 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 1 хүүхэд төрүүлсэн бөгөөд хүү маань одоо 1 нас 9 сартай болсон. Миний хувьд 1 дагавар охинтой. Одоо 19 настай. Т.Б бид нар 5 жил хамт амьдарч байгаа боловч Т.Б нь байнга архи уудаг. Архи уусан үедээ намайг ална гэж байнга айлган сүрдүүлдэг болсон. Намайг хүүхэд төрүүлдэггүй авгай гэж байнга харааж зүхдэг байсан боловч хүүгээ төрүүлснээс хойш мөн л архи ууж, ирэхээрээ зодож, элдвийн хүнтэй хардаж хүчирхийлэх байдал даамжирсан. Мөн намайг эзгүйд 2 удаа миний охиныг зодсон байсан бөгөөд энэ байдлыг ээждээ хэлсэн чинь Т.Б ингээд ээждээ хэлж утсаар хов ярь гээд миний Iphone маркийн гар утсыг минь дэвслээд хоёр хэсэг болгосон. Сүүлийн үед би хүн алах гэмт хэрэг үйлдэж олон жил шоронд суусан, чамайг алчихсан байхад яадаг юм” гэж байнга ална гэж айлган сүрдүүлж, заналхийлэх болсноос хойш миний болон 2 хүүхдийн минь амь нас, эрүүл мэнд ямар ч баталгаагүй эрсдэлтэй байдалд орчихоод байна. Мөн түүний энэ байдлаас болж хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж тайван байж чадахгүй байнга айсан, түгшсэн, цочсон байдалтай байх болсон. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, 1 нас 9 сартай хүү Б.Оыг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. 

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би А.Мтай 2012 онд  танилцан үерхээд 2013 онд гэрлэлтээ батлуулж нэг гэртээ амьдарч байгаа бөгөөд бидний дундаас хүү Б.О 2016 онд төрсөн болно. Бидний хамтын амьдрал өдийг хүртэл хэвийн сайхан байсан ч А.М нь хүүхдээ гаргасны дараа 1 жил гаруйн өмнөөс Онцгой байдлын газарт ажилладаг М гэх залуутай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, гэр бүлдээ хэрүүл авч ирсэн. Бидний болж бүтэж ирсэн амьдралыг завхай заваан явдлаасаа болж хэрүүлтэй болгож, 1 ой 9 сартай нялх хүүхдээс минь хагацуулж байгаад би харамсалтай байна ...Би А.Мд итгэж хайрлаж, ханилж суусан, түүний хүүхдийг ч өөрийн хүүхэд шиг бодож хайрлаж халамжилж, тэжээн тэтгэж ирсэн. Үүнийг манай болон А.Мгийн хамаатан садангууд гэрчлэх байхаа. Иймд худал зүйл бичиж, гэрлэлт цуцлуулах ноцтой шалтгаан байгаа мэтээр харагдуулах гэж намайг гүтгэсэнд би гомдолтой байна. Би А.Мгаас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү Б.Оыгаа нялх байгаа тул ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг А.Мтай харилцан тохиролцох хүсэлттэй байна. Ээж А.Мг хүүгээ асран хамгаалж, тэжээн тэтгэж байгаад би хяналт тавьж, намайг хүүхэдтэй минь саадгүй уулзуулж байхыг шүүхээс даалгуулах хүсэлтэй байна гэжээ. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Т.Бид холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан тайлбарт дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч тайлбар гаргаж байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  хамт амьдрах хугацаандаа 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Оыг төрүүлсэн болох нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн 6701.... дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.Оыг хүүхдийн нас, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан эх А.Мгийн асрамжид үлдээж, эцэг Т.Боос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Оыг А.Мгийн асрамжинд үлдээсэн нь эцэг Т.Бийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч А.Мгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Боос эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгох, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.О нь 3 нас хүрч байгаа тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийн тал хувь 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Т.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Б.От сар бүр төлөх 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 1.095.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөгийг, нийт 101.044 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Т.Бид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Т.Б, А.М  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.Оыг эх А.М-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.О-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Б-оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Т.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.М-д тус тус даалгасугай.

5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-оос 101.044 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН